Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 30, 2019

МЭДҮҮШТЭЙ: Подкастын эрин үе + Дэлхийн шилдэг 10 подкаст

Сүүлийн үед дэлхий дахинд хүчээ авч буй контентын төрөл бол подкаст. Подкаст хийхэд интернет, бичих төхөөрөмж буюу микрофон байхад л хангалттай байдаг тул өөрийн санаа, хийж буй ажлаа бусдад хүргэхийг хүссэн хувь хүмүүс, байгууллагууд подкаст бүтээж цацах нь олшроод байна. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрд байрлах сонсогчид зөвхөн “Apple”-ийн iTunes-ээс л гэхэд 2018 онд 50 тэрбум таталт хийжээ. Өнөөдрийн нийтлэлдээ интернетэд суурилсан аудио блог буюу подкастын үүдэл түүх, өнөөгийн хэрэглээ болоод хамгийн их сонсогчтой, алдартай подкастуудыг танилцуулах болно.

ПОДКАСТЫН ТҮҮХ БА ХЭРЭГЛЭЭ

Өнөөдөр дэлхийн 227 сая хүн өдөр бүр подкаст сонсож байна. АНУ-д гэхэд нийт хүн амын 26 хувь нь сард дор хаяж нэгээс хоёр удаа удаа подкаст сонсдог аж. Аудио блог буюу бидний сайн мэдэх подкастын үүсэл 2000 оноос эхлэлтэй юм. Тухайн үед “MTV” сувгийн програм хөгжүүлэгчид дуу хураагуураар бичсэн контентыг интернетэд суурилуулан хүссэн хүн бүр сонсож болох програмыг бичжээ. Ингээд интернетэд холбогдсон бол ухаалаг гар утас, таблет, компьютертоо шууд татаад хэзээ ч сонсож болох шийдлийг гаргаж, “iPodder” хэмээн нэрлэсэн аж.

Ийнхүү подкастын үндсэн суурь бий болсны дараа “BBC” агентлагийн сэтгүүлч Бен Хаммерслэй iPod болон Broadcast хэмээх үгний товчлолыг нэгтгэн “Podcast” хэмээх үгээр нэрлэхийг санал болгосон нь дэлхий дахинд түгжээ. Дээрх явдлаас сэдэл авсан “Аpple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс 2005 онд iPhone утсанд суурилсан подкастын концептоо танилцуулсан бөгөөд хоёрхон хоногийн дотор хоёр сая гаруй хүн тус Podcast аппликейшныг татаж байжээ. Өдгөө Podcast апп нэг тэрбум давсан сонсогчтой болоод байна.

Statista” судалгааны байгууллагаас мэдээлснээр 2021 онд гэхэд подкаст сонсогчдын тоо дэлхий даяар 100 саяар нэмэгдэнэ гэх тооцоог гаргажээ. Өдгөө Apple-ийн Podcast аппликейшнд гэхэд бүртгэлтэй 550 мянган подкаст 100 гаруй хэл дээр нийт 18.5 сая дугаарыг гаргаад байна. Агуулгын хувьд бизнес, хошин шог, нийгэм соёл, цаг үеийн мэдээ, эрүүл мэндийн талаарх контентууд хамгийн хандалт өндөртэй байдаг аж.

Ийнхүү дэлхийн хамгийн олон сонсогчтой подкастын жагсаалтыг АНУ-ын контентууд тэргүүлсээр байна. "Эдисон" судалгааны төвөөс АНУ-ын подкаст хэрэглэгчдийн талаарх судалгаа хийсэн нь хамгийн дэлгэрэнгүй судалгаа болжээ. Тухайлбал, судалгаагаар АНУ-ын подкаст сонсогчдын 49 хувь нь гэртээ, 22 хувь нь машинд явж байхдаа, 11 хувь нь ажил дээрээ, дөрвөн хувь нь нийтийн тээврээр зорчиж байхдаа байхдаа сонсдог байна.

Сонирхолтой нь, тэдгээрийн 35 хувь нь подкастыг эхнээс нь дуустал бүрэн сонсдог бол 45 хувь нь 80-90 хувь хүртэл нь сонсдог гэжээ. Тэд дунджаар 6 подкастыг дагаж, долоо хоногт ойролцоогоор 6 цаг 37 минутыг зарцуулдаг байна. Подкаст сонсогчдын тоо нэмэгдэхийн хэрээр зар сурталчилгааны орлого дагаад өссөн нь тодорхой. Тухайлбал, 2015 онд АНУ-д подкастаас зар сурталчилгааны орлого 69 сая ам.доллар байсан бол одоогийн байдлаар жил 514 сая ам.доллар болж ес дахин нэмэгджээ. Энэ хүрээнд ухаалаг утсаараа подкаст сонсох хэрэглэгчдийн тоо 2014 онтой харьцуулахад 157 хувиар өссөн байна.

Подкаст нь тодорхой сэдвийг дагнаж, тогтмол хэрэглэгчийг бүрдүүлдгээрээ олон нийтэд зориулсан радиогийн өргөн нэвтрүүлгээс ялгарч чадсан. Мөн контентыг шууд дамжуулахгүйгээр өмнө нь бичиж, дуу, хөгжим оруулан янзлах боломжтойгоороо давуу талтай. Бид подкаст хийхийн тулд радио өргөн нэвтрүүлэг шиг тусгай зөвшөөрөл авах гэж бичиг, цаас бүрдүүлэн хөөцөлдөх шаардлагагүй учраас өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд хэдэн мянган хүн гэрээсээ подкаст бичиж, олны хүртээл болгож байна.

Одоо та бүхэнд “Time” сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг оны шилдэг топ 10 подкастын 2018 оны жагсаалтыг танилцуулъя:

10. "30 FOR 30": BIKRAM 

Спорт сонирхогчдод зориулан төрөл бүрийн спортоор хичээллэдэг тамирчдын сэтгэл хөдөлгөм түүх, сургамж, туршлагуудыг хуваалцах энэхүү подкаст нь хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, тасралтгүй хөдөлмөрлөх гэж юу болохыг нүдэнд харагдтал хүүрнэн өгүүлдэг. Түүнээс гадна бикрам иогийн талаарх цуврал подкаст бэлтгэснээрээ олон улсад танигдаад байгаа билээ. Спортын уралдаан тэмцээнд бэлтгэх үе шатууд, олимп, дэлхийн аваргын шалгаруулалтад оролцох мөч, амжилт ба бүтэлгүйтэл нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг "30 for 30: Bikram" подкастаас сонсоорой.

Дэлгэрэнгүй сонсох

9. "EVERYTHING IS ALIVE"

Эргэн тойронд байх материаллаг зүйлс бидний дотор олон дурсамж, түүхийг үлдээсэн байдаг. Энэхүү подкастын зочин урьсан зочидтойгоо тухайн хүний сэтгэлд хоногшсон аливаа эд зүйлтэй холбоотой дурсамжийг ярилцдаг. Ярилцлагын туршид зөвхөн тэрхүү эд зүйлийг онцолж, түүхийг нь хүүрнэдгээрээ сонирхолтой. Гол онцлог нь урьдчилан бэлтгэлгүйгээр ярилцдаг учраас дугаарыг хөгжилтэй, хөнгөн болгодог ажээ.

Дэлгэрэнгүй сонсох

8. GETTING CURIOUS WITH JONATHAN VAN NESS

Үсчний мэргэжилтэй нэгэн америк залуу сониуч зан, хошин шогийн мэдрэмж, алиа хөгжилтэй байдлаараа богино хугацаанд олны танил болжээ. Тэрбээр “Netflix”-ээс гаргасан “Queer Eye” цувралын гол дүрүүдийн жагсаалтад багтан, гурван улирлын турш тоглосон юм. Тэрээр подкастдаа алдартай оддын амьдрал, хов жив, хайр дурлал, мөнгө зэрэг төрөл бүрийн сэдвүүдээр зочидтой чөлөөтэй, нээлттэй ярилцдаг. Одоогоор подкастынх нь “Ким Кардашян интернет ертөнцөд хэрхэн од болсон бэ” хэмээх дугаар хамгийн өндөр хандалт авчээ.

Дэлгэрэнгүй сонсох

7. "THE WILDERNESS"

“Ардчилсан үзэлтнүүд Америкийг аврах уу” хэмээн асуултаар эхлэх уг подкастыг АНУ-ын кино найруулагч, продюсер Жон Фавро хөтлөн явуулдаг бөгөөд Америкийн улс төрийн намуудын тогтолцоо, бодлого, өнөөгийн нөхцөл байдлын талаар элдэв хачир, албан хэллэггүйгээр ярилцдаг нь олны сайшаалыг хүлээдэг. Тэрээр 100 гаруй улс төрч, стратегич, түүхч, сонгогч, идэвхтнийг урьж, Франклин Рузвельтээс аваад үе үеийн ерөнхийлөгчдийн улс төрийн бодлого, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хүрээнд олон асуудлыг хөндөн ярилцжээ.

Дэлгэрэнгүй сонсох

6. "THE DREAM"

“Peabody” болон “Emmy Award”-ийн шагналт сэтгүүлч Жэйн Мэри санхүүгийн пирамидын талаар цуврал сурвалжилгыг бэлтгэн хүргэдэг. Гэртээ хүүхдээ сахиж, ар гэрийн ажлаа амжуулж буй гэрийн эзэгтэй нар хэрхэн санхүүгийн пирамидад элсэж, хэдэн сая ам.долларын ашиг олж буйг сурвалжилсан сонирхолтой дугааруудыг нь сонсоод үзээрэй.

Дэлгэрэнгүй сонсох

5. "THE HABITAT"

АНУ-д зургаан залуу санаа нэгдэн Хавай мужид орших нэгэн нууцлаг уулын хажууд Ангараг гарагийн амьдралыг дуурайлган хиймэл орон зайг бий болгожээ. Тэд бүтэн нэг жилийн турш сансрын нисэгчийн дүрээр хамтдаа амьдарч, дэлхий дээр биш Ангараг гараг дээр оршиж буй мэт байх юм. Гол зорилго нь хэрвээ хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гараг дээр амьдарвал хэрхэн хоорондоо дасан зохицож, ямар бэрхшээлийг даван туулах вэ гэдэг асуултад хариулах ажээ. Энэхүү туршилт нь NASA-ийн судалгааны ажилд тус болно хэмээн тэд үзэж буй аж. Энэ хүрээнд туршилтын өдрүүдэд тохиолдож буй зүйлсээ подкастаар дамжуулан хүмүүст хүргэж эхлээд байгаа юм.

Дэлгэрэнгүй сонсох

4. "BINGE MODE: HARRY POTTER"

Английн зохиолч Ж.К.Роулингийн алдарт “Harry Potter” зохиолд дуртай хүмүүсийн заавал сонсож үзэх подкаст бол “Binge Mode” юм. Урлаг, соёл, спортын сонирхолтой мэдээлэл түгээдэг “The Ringer” вэбсайтын хоёр уран бүтээлч хамтран Харри Поттерын хамгийн эхний зохиолоос эхлэн задлан хийж, бүлэг тус бүрээр нь тоймлон ярилцдаг. Ингэхдээ тус бүлгээс хамгийн таалагдсан хэсгүүдийнхээ талаарх сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцан, зохиолын гол дүрүүдийн харилцаа, үйл хөдлөлийг хүүрнэх болно.

Дэлгэрэнгүй сонсох

3. "IN THE DARK"

Гэмт хэргийн талаар эрэн сурвалжлах бүтээл туурвидаг АНУ-ын сэтгүүлч Мэйдлейн Баран өөрийн подкастаар дамжуулан ээдрээтэй, нууцлаг гэмт хэргийн араас хэрхэн мөшгөж буйгаа олон нийтэд хүргэдэг. Америк-Африк гаралтай, 49 настай Куртис Фловерс хэмээх залуугийн 1996 онд дөрвөн хүнийг буудан амь насанд нь халдсан хэргээр олон жилийн турш сэжиглэгдэн, шүүхийн шатанд шийдэгдэхгүй явсаар байгаа түүхийг тэр онцлон цуврал дугааруудыг бэлтгэсээр байгаа юм.

Дэлгэрэнгүй сонсох

2. "SLOW BURN"

АНУ-ын сэтгүүлч Леон Нейфах АНУ-ын улс төрийн ээдрээтэй түүхүүд, алдарт "Watergate"-ийн хэрэгтэй холбоотой улс төрийн дуулиан шуугианууд, Билл Клинтон, Жон Кеннеди зэрэг АНУ-ын улс төрчдийн хувийн амьдрал, улс төрийн карьерын талаар сонирхолтой дугааруудыг бэлтгэн хүргэдэг. “Slow burn” нь АНУ-ын улс төрд өрнөж буй халуун үйл явдлуудыг хүүрнэдэг хамгийн өндөр хандалттай подкаст юм.

Дэлгэрэнгүй сонсох

1. "SERIAL"

Бодит амьдралд тохиолдсон аливаа түүх, гэмт хэрэг, үйл явдлыг бүтэн нэг цувралын турш задлан хийж, үйл явдлын зангилаа, учир шалтгааныг тайлахаар олон баримт, бичгүүдийг цуглуулан, сурвалжилга бэлтгэдэг нь энэхүү подкастыг маш сонирхолтой болгожээ. Одоогоор гурван хэргийн талаар гурван цуврал дугаарыг гаргаад байгаа юм. Нэг цувралын 12 дугаарын турш дурдсан баримт, мэдээллийн эх сурвалж, газрын зураг, нэмэлт материалуудаа өөрсдийн вэбсайт дээрээ нэг бүрчлэн тавьсан нь хэрэг явдлыг сонсогчдод зөвхөн чихээр сонсох бус дүрс бичлэг, гэрэл зургийг үзэх боломжийг олгожээ.

Дэлгэрэнгүй сонсох

24153   1


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.