Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 04, 2019

Unread Retreat + Хотоос зайдуу байгууллагын уулзалтыг үр дүнтэй хийх нь

Аливаа хамт олонд дасал болсон ажлын орчноосоо түр холдож, сатааруулж буй ажлуудыг хажуу тийш нь тавьж, өнгөрснөө дүгнэн эргэцүүлэх, асуудлаа хэлэлцэх, ирээдүйгээ төлөвлөх шаардлага зайлшгүй гардаг. Хотоос гаран аль нэг амралтын газар уулзалт хийх (Retreat) нь хамт олныг сэргээхийн сацуу цөөн асуудлыг барьж аван хурдан шийдэл гаргах боломжийг олгодог билээ. Энэ үеэр баг хамт олон ойлголтоо нэгтгэж, үйл ажиллагаагаа цэгцлэх нь олон. Яг ийм шалтгаанаар манай Unread-ийн багийнхан байгууллагын уулзалт хийх газруудыг эрэлхийлэн судалж, эцэст нь Sky Resort-ийг сонгон хагас өдрийг тун үр дүнтэй өнгөрүүлсэн юм. Ингээд энэ туршлагаа хуваалцахын ялдамд энэ төрлийн уулзалт, хурлыг хийхэд анхаарууштай зөвлөмжийг хүргэе.

Бэлтгэл, БЭЛТГЭЛ, бас дахин бэлтгэл 

Сайн төлөвлөгөө бол ажлын гүйцэтгэлийн 50 хувь гэдэг. Байгууллагад Retreat хийх хэрэгцээ хэчнээн их байсан ч бэлтгэл, төлөвлөгөөгүйгээр хүссэн үр дүнгээ гаргах боломжгүй юм. Арга хэмжээний зорилго, ач холбогдол, болох газрын байршил, орчны тохижилт, оролцох хүмүүсийн тоо, хэрэглэх багаж, эд хэрэгсэл зэргийг урьдчилан төлөвлөх зайлшгүй шаардлагатай. Арга хэмжээнд оролцох ажилтнуудын үзэг, цаасыг бэлтгэхээс аваад жижигхэн хэрнээ багийн уур амьсгал, сэтгэл зүйд нөлөөлөх олон хүчин зүйлсийг бодолцох нь зүйтэй юм. Багийнхандаа эртнээс Retreat-ийн зар, хөтөлбөрийг түгээж, үнэ цэн, ач холбогдлыг нь ойлгуулан, дор дороо хувийн бэлтгэлээ ханган ирэх боломжийг олгох нь үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх урьдач нөхцөл болдог. Хөтөлбөрийг боловсруулахдаа аль болох интерактив, динамик хөтөлбөрийг боловсруулж, сандал дээрээ өдөржингөө суухгүй байх нөхцөлийг бүрдүүлж, бүтээлчээр сэтгэх нь зорилгоо биелүүлэхэд ихээхэн нөлөөтэй юм.

ГАЗРАА ЗӨВ СОНГОХ

Нэгэнт л орчноо солих гэж байгаа бол таатай сэтгэгдэл төрүүлэх, шинэ санаа сэдэл өгөх газрыг олох гэж хичээх нь зүй. Бид ч энэ асуудалд жигтэйхэн анхаарч, тохирох газруудыг судалсны эцэст Sky Resort цогцолборыг зорьсон юм. Одоогоос 10 жилийн өмнө олон улсын стандартын цанын баазыг нээж, түүнээс гурван жилийн дараа дэлхийн аваргын гольфын талбайг нээсэн Sky Resort нь 2016 оноос Клаб Хаус, АСЕМ гэр болон хотхоныг ашиглалтад оруулсан билээ. Ингээд бид тус цогцолборын Clubhouse Coworking-д төвлөрөн сууж, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцав. Сууж ажиллах, багаараа ярилцах хэд хэдэн янзын суудалтай, тохилог өрөө тасалгаатай, шинэхэн кофе, өглөөний цай, өдөр, оройн хоолоор үйлчилдэг нь таатай байлаа.

ТОО статистик тоочихоос илүү утга учиртай харилцааг үүсгэх


Аливаа ажлын үр дүнг тоон мэдээлэлд үндэслэн анализ хийж дүгнэлгүй яахав. Гэхдээ энэ төрлийг уулзалт хурлыг тэр чигт нь тоон мэдээлэл, анализ дүгнэлт болгож орхих нь оролцогчдыг бүр залхаачихдаг. Тиймээс энэ цаг мөчийг тодорхой хэмжээгээр нэг нэгнээ сонсох, утга учиртай амьд харилцааг тогтооход зориулах хэрэгтэй.

"Цагаан орон зай" үүсгэх

Хөтөлбөрийн агуулгын тэр чигт нь нарийн задаргаатай дэлгэх шаардлагагүй байдаг. Гол арга хэмжээ, ярилцах зүйлсийг цөөн түлхүүр үгээр тусгаад, завсар болгон оруулсан "цагаан орон зай"-д гэнэтийн мэдээ, бэлгийг задлах нь тухайн өдрийг илүү сонирхолтой, дурсамжтай болгоно.

Хөгжилтэй байх 

Энэ төрлийн уулзалтад ирсэн хүн бүр л "хөгжилдөх" хүлээлт, төсөөлөлтэй ирдэг. Түүнийг нь мэдэрч, сонирхолтой арга хэмжээ, тоглоом наадгайг зохиох хэрэгтэй юм. Бидний хувьд багийнхаа төрсөн өдөр нь ойрхон тохиосон хоёр гишүүнд бэлэг өгсний зэрэгцээ бүх хүний багын зургийг таалган бие биеэ илүү танин мэдэж, хэсэгтээ л хөл хөгжөөн болов. Хөгжилдөх хэмжээ ч яг таарсан гэж найдаж байгаа. Хэтэрхий ихдүүлчихвэл зүгээр л нэг зугаалга болчих учраас тунг нь тааруулах чухал байх.

Тайван ярилцах цаг олгох 

Хамтдаа хэлэлцэх олон байвч асуудал бүрийг барьж авах албагүйг сануулах юун. Уулзалт, ажил хэт сунжирвал "агаарт гарсан" догдлол алга болчихно шүү дээ. Тэгэхээр багийнхандаа кофе ууж, гадуур алхаж, бусадтайгаа ярилцах цаг олго. Sky Resort цогцолборын уулзалтын өрөөнүүд нь төрөл бүрийн хэлбэр, тохижилттой байсан тул бид хэд хэдэн хуваагдан ярилцаж, харин үндсэн уулзалтаа хэмжээний хувьд яг бидэнд таарсан өрөөнд хийсэн юм.

Асуудлаа ярилцаж, шийдэлд хүрч, зорилгоо нэгтгэсэн бол арга хэмжээний төгсгөлд хамтдаа цагийг хөгжилтэй, үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжууд олон бий. Бидний зочилсон Sky Resort цогцолборт Богд Хан уулын нэрээр нэрлэсэн “Маунт Богд Гольф”-ын талбай байрладаг аж. Монголын анхны, дэлхийн аваргын стандартын 18 нүхтэй Шотландын линкс хэв маягтай талбай дээр хамт олноороо гольф тоглож үзвэл сонирхолтой юм билээ.

Мөн цэвэр агаарт гольфын цэлгэр талбай, алган дээр тавьсан мэт харагдах нийслэл хотоо тольдонгоо Европ, Ази, Япон, Солонгосын төрөл бүрийн зоогийг амтлах боломжтой нь сэтгэгдэл төрүүлсэн шүү. Бид тэдний амтат шарсан төмсийг ам олохгүй уралдан идсээн :)

Энэ ташрамд манай багийнхны уулзалтыг тун үр дүнтэй болгож өгсөн энэ цогцолборт ирэх сонирхолтой багууд, хүмүүст зориулан ямар ямар нэмэлт боломжууд байгаа талаар товчхон мэдээлэл хэлье. Хэрвээ зуны улиралд хамт олноороо ирсэн бол цанын баазаас явган аяллаа эхлүүлж, Тэмээн хад, Цэцээ-Гүн хүртэл алхаж болохыг тэднийхэн хэлж байв. Харин гэр бүлтэйгээ явж буй бол явган аяллын төгсгөлд Япон маягийн халуун спа, эсвэл алжаал тайлах спагаар үйлчлүүлж болох аж. Алжаал тайлах шилдэг арга бол боргилон ундрах халуун ус бүхий Японы уламжлалт халуун спа гэдэг. Нүүр, гар, хөл, бүтэн биеийн төрөл бүрийн эрүүлжүүлэх, гоо сайхны, алжаал тайлах иллэгийг байгалийн эрдэст бүтээгдэхүүнүүдийг ашиглан хийдэг юм билээ. Мөн бие халаах болон богино хугацаанд кардио хийхэд тохиромжтой дасгалын өрөөтэй байсныг онцолъё.

Retreat хийсний ДАРАА

Зөв сайн зохион байгуулж чадвал Retreat-ийн дараа багийн гишүүд тун сэтгэл өндөр, урам зориг дүүрэн болцгоодог. Сэтгэл зүйн тэр байдлыг хадгалан, эрч хүчийг нь сулруулахгүй байхад Retreat-ийн дараах өдрүүд чухал юм. Энэ үед ажил ярьж хэлэлцсэн төлөвлөгөөний дагуу ажил урагшлах учиртай.

Энэ л "амжилт" дээрээ дөрөөлөн байгууллагын уур амьсгалыг улам таатай болгож, нэгдмэл дотоод соёлыг бүрдүүлэхэд анхаараарай хэмээн эцэст нь уриалъя.

11857   4


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.