Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 02, 2019

7 хоногийн тойм: Шинэ өвчин + Шинэ нэгдэл + Шинэ төсөв

Дэлхий дахинд

31 настайдаа Австрийг удирдах болж, дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүдийн нэг болсон Себастьян Курц эвсэлтэй нь холбоотой скандалын улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх боллоо. Түүний дэд канцеллор Х.Штрахегийн Оросын олигархын үеэл бүсгүйтэй төрийн тендер, худалдан авалтын гэрээ наймаалцах тухай ярилцаж буй нууц бичлэг ил гарсан нь үүний шалтгаан. Улмаар Австрийн нийслэлд 5000 гаруй хүний эсэргүүцлийн жагсаал болж, парламентийн олонх Курцийн засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх саналыг өгчээ. Ээлжит бус сонгууль 9-р сард явагдана.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 194 гишүүн орон "burn-out" буюу "ажлын хэт ачаалалд орох" үзэгдлийг албан ёсоор "өвчин" хэмээн хүлээн зөвшөөрлөө. Ажлын орчинтой холбоотой хэт дарамтанд орох, сэтгэл зүйн өөрчлөлт мэдрэх, бүтээмж буурах, хэт ядралтанд орох зэрэг шинж тэмдгүүд нь "цөмрөлтийг" илэрхийлэх бөгөөд тухайн хүний эрүүл мэндийн дэвтэрт бичигдэх ёстой талаар зөвлөмж гарсан байна.

Үүнээс гадна Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага "видео тоглоомонд донтох"-ыг албан ёсоор өвчин хэмээн үзлээ. Тоглоомонд илүү ач холбогдол өгөх, урт хугацаанд тасралтгүй тоглох, бусад өдөр тутмын үйлдлүүдээ умартах зэргийг уг өвчний үндсэн шинж чанар хэмээн тодорхойлсон байна. Гэхдээ зарим шинжээчид, ялангуяа тоглоом бүтээгчид энэ шийдвэрт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа нуухгүй байгаа юм.

АНУ өөрийн улсад зорчих хүсэлт гаргасан виз мэдүүлэгчдийг сошиал медиа аккоунтын мэдээллээ хавсаргахыг шаардаж эхэллээ. 2017 онд Д.Трампын гаргасан шийдвэрийн дагуу жил бүр виз мэдүүлдэг 14 сая зорчигч сошиал мэдээллээ хуваалцах шаардлагатай болж байгаа нь энэ юм.

Шинэ Зеландын ерөнхий сайд Я.Ардерн өмнө нь амалж байсанчлан "сайн сайхан байдлын төсөв"-өө өргөн барилаа. Нийт 1,2 тэрбум долларыг тэрээр сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн эсрэг кампанит ажил, боловсрол, эмчилгээний зориулалтаар зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү үйлдлийг олон нийт ихэд өөдрөгөөр хүлээн авч, бусад улсууд ч жишиг болгон дагах төлөвтэй байгаа билээ.

Шинэ Зеланд руу нүүх үү?

технологийн ертөнцийн эргэн тойронд

Таталт, хэрэглээгээрээ дэлхийг байлдан дагуулж буй TikTok апп-ийг бүтээгч ByteDance өөрсдийн нэрийн гар утас бүтээж байгаа гэнэ. 75 тэрбум долларын үнэлгээтэй тус стартап саяхан Feilao нэртэй чат апп, Lark нэртэй байгууллагын харилцааны хэрэгслийг танилцуулснаас гадна өөрсдийн хөгжмийн стриминг апп ч гаргаад амжсан билээ. Эдгээр апп-уудыг урьдчилан суулгасан төхөөрөмж тэдэнд үнэнч хэрэглэгчдийг нь татах боломж олгоно хэмээн зарим экспертүүд үзэж байгаа юм.

2024 он гэхэд саран дээр ахин очих зорилго тавиад буй NASA үүнээс өмнөх судалгааны төслийн хүрээнд арилжааны гурван компанийг сонгон хамтран ажиллах болсноо зарлалаа. Astrobotic, Orbit Beyond, Intuitive Machines гэсэн компаниуд өөрсдийн робот төхөөрөмжийг хөгжүүлэн улмаар сарны хөрс, гадаргын судалгааг хийх учиртай. Уг төсөл 2020-21 онд хэрэгжих бөгөөд 300 сая долларын төсөвтэй аж.

Италийн автомашин үйлдвэрлэгч Ferrari анхны цахилгаан машины загвараа танилцууллаа. SF90 Stradale нэртэй уг машин нь 769 морины хүчин чадалтай бөгөөд 100 км-ийн хурдыг 2,5 секундэд авдаг, мөн 340 км/цаг хүртэл хурд авдаг нь энэ төрлийн машинууд дунд дээд амжилт юм. Формула 1-ийн уралдааны машинаас санаа аван бүтээсэн дизайнтай Stradale одоогоор ямар үнэтэй байх, хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна.

Apple 2015 оноос хойш шинэчлээгүй байсан iPod-ийн шинэ загварыг танилцуулсан нь гэнэтийн үйл явдал боллоо. 199 доллараас эхлэн борлуулагдах iPod Touch нь илүү хүчирхэг болсноор FaceTime-ийг ашиглах боломжтой болсон гэнэ.

Цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч стартап SoFi 530 сая долларын шинэ хөрөнгө оруулалтыг татлаа. Энэ санхүүжилтийг Катарын хөрөнгө оруулалын сан тэргүүлж, 4,4 тэрбум доллараар үнэлсэн нь энэ. Ташрамд дурдахад, SoFi NFL-ийн Лос Анжелес Рамс багийн цэнгэлдэх хүрээлэнг ивээн тэтгэн, өөрийн нэрээр нэрлэх хүсэлтээ гаргажээ.

iPod одоо хүртэл 'амьд' гэж үү?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчид компаниуд Fiat Chrysler болон Renault нэгдэхэд ойрхон байна. Хэрвээ Renault гол өрсөлдөгчийнхөө саналыг хүлээн авбал жилд 8,7 сая машины борлуулалтаараа дэлхийд 3-т орох нэгдлийг үүсгэх боломжтой болно. Fiat Chrysler шинэ нэгдэл нь 2 талд жилд 5,6 тэрбум долларын хэмнэлтийг авчирч, цахилгаан машины технологи хөгжүүлэлтэнд өрсөлдөх давуу тал үүсгэнэ хэмээн онцолжээ. Сонирхуулахад, дэлхийн автомашины зах зээлд эзлэх хувиараа Volkswagen, Toyota, General Motors тэргүүлдэг аж.

Amazon-ий үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын экс эхнэр Маккензи Бэйзос өөрийн хөрөнгийн тал хувийг сайн үйлсэд хандивлана хэмээн амлалт өглөө. Тэрээр В.Баффет, Б.Гэйтс нарын санаачлан улмаар Э.Маск, М.Зукерберг, М.Блүүмберг зэрэг томчуудын нэгдсэн Giving Pledge-д элссэн нь энэ. Түүний хөрөнгө одоогоор 37 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм.

Alibaba Хонгконгийн хөрөнгийн зах зээлд давхар бүртгэл хийн, 20 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 2015 онд 25 тэрбум долларын алдарт IPO-оо хийхдээ тэд эхлээд Хонгконгийн биржийг онилсон ч шаардлага хангаагүй шалтгаанаар "гологдож" байсан удаатай.

Uber нээлттэй компани болсноосоо хойш анхны тайлангаа зарлалаа. Тэд өнгөрсөн улиралд 14.6 тэрбум долларын борлуулалттай ажилласан ч 1 тэрбумын алдагдал хүлээсэн хэвээр байна. Сонирхуулахад хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч UberEats-ийн өсөлт үндсэн бизнесээсээ давсан нь хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ болов

Спортын хамгийн алдартай медиа брэндүүдийн нэг Sports Illustrated шинэ эзэнтэй боллоо. Тэднийг М.Али, Э.Преслигтийн өмчийг удирдаж, Nautica, Juicy Couture-ийг эзэмшдэг ABG 110 сая доллараар худалдан авчээ. Өмнөх эзэх Meredith SI-ийг 2018 онд Time-ийг 1.8 тэрбумаар авахдаа дагалдуулан авч байсан юм.

Их нэгдэл үүсэх эсэхийг хөрөнгө оруулагчид шийднэ

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногийн бокс оффисийг "Godzilla: King of The Monsters" 49 сая долларын орлогоор тэргүүллээ. Legendary-ийн бүтээж буй MonsterVerse-ийн гурав дахь бүтээлийн төсөв 200 сая давсан учир экспертүүд илүү өндөр амжилтыг хүлээж байсан нь тодорхой. Тус кино олон улсын зах зээлээс 130 сая долларыг мөн олсон байна. 3-р байрт Э.Жоны намтраас сэдэвлэсэн "Rocketman" орсон бол 2-р байрт өнгөрсөн долоо хоногийн лидер "Alladin" бичигджээ.

Harry Potter-ийн зохиолч Ж.Роулинг энэ сард багтаан дөрвөн шинэ ном гаргах гэж байгаагаа зарлалаа. Хогвартсийн сургуульд заадаг хичээлүүдээс сэдэвлэн, тэдгээрийн үүсэл, гарал болон хөгжлийн тухай сонирхолтой баримтууд, үйл явдлуудыг багтаан гарах уг ном нь цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл болох аж.

Marvel дижитал контент бүтээгч Dreamscape-тэй хамтран зарим алдартай комик бүтээлүүдээ сонсдог буюу аудио ном хэлбэр лүү шилжүүлж байгаа гэнэ. 9-р сараас эхлэн зах зээлд борлуулагдаж эхлэх эхний жагсаалтанд X-Men, Spider-Man, Wolverine, Daredevil зэрэг бүтээлүүд багтжээ.

Disney удтал хүлээлгэсэн "Оддын дайн"-аас сэдэвлэсэн энтертэйнмент паркаа нээлээ. Нийт дөрвөн жилийн турш баригдан Galaxy's Edge нэртэй уг парк нь 1 тэрбум долларын өртөгтэй босчээ. 5,7 га хэмжээтэй уг парк нь Калифорнийн Анахэймд байрлах бөгөөд энэ онд багтаан Флоридагийн Орландод өөр нэг салбар нь нээгдэх аж.

Английн Ливерпүүл клуб Аваргуудын лигийн аваргаар 6 дахь удаагаа тодорлоо. Мадрид хотноо тэд нутаг нэгт Тоттенхэмийг 2:0-ээр хожиж, Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнд 2005 оноос хойш анх удаа түрүүлсэн юм. Клубын баярын параданд нийт 175 мянга гаруй фенүүд нь оролцжээ.

Ливерпүүл Европыг байлдан дагууллаа

алдалгүй унших арван мэдээ

Vanity Fair: Rihanna LVMH-ийн тансаг зэрэглэлийн брэндийг тэргүүлнэ
CNN: BTS түүх бүтээсээр
BBC: Тив алгасах 12 мянган км-ийг туулсан тэмээчин бүсгүй
Vox: В.Барр vs Р.Мюллерийн кэйзийг тайлбарлах нь
Variety: iTunes-ийн үе хэдийн дууссан гэж үү?
The Verge: Google-ийн хайлтанд AR ашиглах нь
Al Jazeera: Меркелийн их эвсэл хүнд байдалд оров
NYTimes: Wikipedia юунд ундууцав?
Axios: Tesla Хятадад хямдралтай үнээр зарагдаж эхэллээ
Recode: М.Кюбан хиймэл оюуны талаар

7676   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.