Нийгэмд үнэ цэн бүтээж яваа компаниуд, бодлого шийдвэр гарган зохицуулж буй төр засаг, хэрэгцээт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж яваа олон улсын байгууллагуудад хамгийн их хэрэгтэй зүйл нь тоо байдаг. Энэ тоог үйлдвэрлэж, учир зүйг нь ойлгуулдаг газар бол судалгааны компани билээ. Судалгаа нь чанарын хяналтын олон улсын стандарт бүхий процесс, түүнийг дагасан систем програмчлалд суурилж байж үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий үнэн зөв үр дүнтэй гардаг. Энэхүү системийг хөгжүүлж олон улсын түвшинд хүргэхээр чармайн 17 дахь жилдээ ажиллаж байгаа “судлаачдын гэр орон” болсон MMCG-ийн хамт олонтой энэ удаа ярилцлаа. Тус компани судалгаа хийх чин эрмэлзэлтэй мэргэжилтнүүд хурдан өсөж хөгжих, өөрийн сонирхлын дагуу бизнесийн болон нийгэм, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах, дэвшилтэт аналитик загваруудад суралцах хамгийн таатай орчныг бүрдүүлжээ. Энэ удаа бид тоо статистик, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээж байдаг судлаачдын ажлын онцлог, арга барил, санаа бодлыг танилцуулахаар MMCG-ийг зорьсон юм.

Байршил: Монгол, Улаанбаатар
Хийсэн нийт төслийн тоо: 480
Судалгаа авсан иргэдийн тоо: 95,450 (зөвхөн 2018 онд)
Үндсэн судлаачдын тоо: 30
Гэрээт судлаачдын тоо: 200+
Вэб: www.mmcg.mn
Сошиал: Mongolian Marketing Consulting Group(Фэйсбүүк), @MMCG LLC(Твиттер)

ТА БҮХЭН ЯМАР АРГА БАРИЛААР АЖЛАА ХИЙДЭГ ВЭ?

Д.Амгаланбаатар

Манай байгууллага төслийн менежментийн зарчмаар ажилладаг. Судалгаа гэдэг өөрөө цаг нартай, хариуцлагатай, нэг ёсондоо үйлдвэрлэлийн үйл явц байдаг болохоор нэгэн зэрэг олон судалгаан дээр ажиллах үед тун хариуцлагатай байж, нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай ажиллах шаардлагатай. Үүнд төслийн менежмент яг тохирдог. Төсөл нэг хүний авьяас чадвараас бус олон хүний, олон ажлын нийлбэрээс хамаардаг. Үүний зэрэгцээ судалгаа гэдэг бүтээлч ажил учраас бүх юманд хатуу, хэвшмэл сэтгэлгээгээр ханддаггүй. Бид checkpoint-ууддаа хяналт тавихаас биш үе шат бүрд нь оролцоод байлгүй багууддаа итгэл хүлээлгэж ажилладаг. Энэ нь судлаачдад өөрийнхөөрөө, бүтээлч ажиллах боломжийг олгодог.

Цөөн хүний хүчээр олон ажлыг урагшлуулдаг болохоор уян хатан байх нь чухал байдаг. Хүн бүр янз бүрийн төсөл дээр орж ажиллах хэрэгтэй болно. Тиймээс бид менежментийг асар энгийн байлгах гэж л үздэг. Шинэ зүйлсээс хойш суугаад байлгүй, аливаа ололттой зүйлсийг үйл ажиллагаандаа хүндрүүлэлгүй шингээж явахыг зорьдог.

Судалгаа хийх арга барилын хувьд, эхлээд захиалагчдынхаа санаа зорилгыг, асуудлыг гүнзгий ойлгох ёстой. Гол асуудалд нь суурилан судалгаагаа загварчилбал захиалагчаа илүү шийдэлтэй, үр дүнтэй судалгаагаар хангах боломжтой. Нөгөө талдаа асуудалд хэрэглэгч, нийгэм ямар хандлагаар хандаж байна, учир шалтгаан нь юу байна гэдгийг гүнзгий ойлгосноор харилцагчдаа үнэ цэнтэй мэдээллээр хангаж, бизнесийн ялгарал, өрсөлдөх чадварыг нь сайжруулдаг. Судалгааны компани нь зах зээл, нийгэм байгууллагын хоорондын ойлголцлыг шинжлэх ухаанч байдлаар хангаж, нэг ёсондоо харилцан ойлголцлын гүүр болдог.

Д.Амгаланбаатар MMCG компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Ерөнхий захирлаар ажилладаг. Тэрээр МУИС-ийн 2002 оны шилдгийн шилдэг төгсөгчдийн нэг аж.

ТА БҮХЭН АЖИЛДАА ЯМАР ЯМАР АПП, ХЭРЭГСЛҮҮДИЙГ (TOOLS) АШИГЛАДАГ ВЭ?

П.Түвшинмандах

Судлаач хүн олон талын мэдээ, мэдээлэл, контентыг уншдаг. Pocket-д нийтлэлүүд хадгалж уншина, Medium-аас блогууд уншина. Мөн Soundcloud дээр подкаст сонсдог.

Мэдээж судалгааны гол гол програмуудыг ашигладаг. Эдийн засаг, статистик шинжилгээний IBM SPSS, Stata, Eviews зэргийг дурдаж болно. Мөн судалгааны тайлан бэлтгэхэд зориулсан Power BI, Q Research, судалгааны тоон мэдээллийг боловсруулж, анализ хийсэн үр дүнгээ визуал байдлаар харуулахдаа Powerpoint, Word, Excel зэргийг ашигладаг.

Судалгааны арга аргачлал, загварууд бол бидний гол "зэвсэг" байдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн судалгааны аналитик загваруудыг гаднын зөвлөхүүдтэйгээ хамтран хөгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байна. Өнөө цагт судалгааны компаниуд дижитал компани болон өөрчлөгдөж байгаа. Технологийн тусламжтайгаар хэрэглэгчдийн санаа бодлыг ойлгох боломж бүрдэж байгаа тул бид ч гэсэн энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна.

П.Түвшинмандах тус байгууллагын Бизнесийн судалгааны хэлтсийн даргаар ажилладаг. Тэрээр эдийн засаг, маркетингийн мэргэжилтэй бөгөөд 2012 онд MMCG-ийн гэр бүлд нэгджээ.

Г.Дашням

Бид мэдээлэл цуглуулалтыг таблет ашиглан тусгай мэргэжлийн програм хангамж дээр суурилан хийдэг. Судалгааны цуглуулагдсан мэдээлэл нь манай төв серверт 10-15 секундийн дотор интернэт сүлжээгээр дамжин хадгалагддаг. Мэдээллийн хяналтын ажилтан тэр дор нь мэдээлэл цуглуулалтын ажилтны авсан судалгааны дата болон аудиог сонсож нягтлах, GPS-ээр байршлыг бүртгэх, эргэн судалгаанд оролцогчтой утсаар холбогдох зэргээр хянадаг. Судалгааны түүвэрлэлтийг хэрхэн оновчтой зөв хийх тал дээр их анхаарч ажилладаг.

Бид чанарын судалгаандаа 2014 оноос зар сурталчилгааны контент урьдчилан тестэлдэг Eye Tracking төхөөрөмж ашиглаж эхэлсэн. Маш нарийн мэдрэгчүүдтэй уг төхөөрөмж нь хүний хүүхэн харааны шилжилт хөдөлгөөн бүрийг мэдэрч тухайн хүн сурталчилгааны контентын аль хэсэг рүү харсан, аль хэсэг рүү илүү төвлөрч харсныг хэмждэг.

Мөн Neurolab - EEG Brain Activity төхөөрөмжийг ашиглан хүмүүс видео контентыг үзээд ямар сэтгэл хөдлөл, хариу үйлдэл үзүүлж байгааг Facial coding аргачлалын тусламжтай хэмждэг. Дээрх төхөөрөмжүүдээр видео сурталчилгаа, зар сурталчилгааны постер, бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайн гэх мэт сурталчилгааны бүхий л контентыг урьдчилан тестлэх боломжтой тул төсөв мөнгөө дэмий гарздахгүй, үр дүнтэй ажил хийж чадна. Манай дотоодын бизнесийн байгууллагууд томоохон кампанит ажлын видео сурталчилгаагаа уг төхөөрөмжөөр тестлэн, сайжруулалт хийсний дараа олон нийтэд цацдаг.

Г.Дашням 2012 онд ХААИС-ийг маркетингийн менежментээр төгсөөд MMCG-д судалгааны туслах ажилтнаар оржээ. Үеийн залуучуудтай нь харьцуулахад нэг газраа тууштай, тогтвортой ажиллаж байгаад тооцогдоно. Г.Дашням нь ихэвчлэн олон улсын судалгааны төслүүдийг, тэр дундаа судалгааны салбарт дэлхийд тэргүүлэгч Nielsen, IPSOS, GFK компани, Япон улсын судалгааны тэргүүлэгч байгууллага болох Nikkei Research, ОХУ-ын MASMI зэрэг байгууллагуудын судалгааны төслүүдийг хариуцан ажилладаг байна.

ТА БҮХЭН ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Б.Хангал

Манай байгууллагын хувьд сард 5-8 судалгааны төсөл хэрэгждэг. Төсөл эхлэх бүрд бид тухайн төслийн үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг гаргадаг. Төслүүдийнхээ явцын хяналтыг Trello дээр хянаад явах нь илүү амар байдаг. Мэдээж долоо хоног бүр төслийн багаараа хуралдана. Мөн төслийн багууд маань долоо хоногтоо хэд хэдэн удаа өглөөний уулзалт хийн тулгарч буй асуудлуудаа ярилцан дор дор нь шийдээд хурдан урагшилдаг. Судалгааны үндсэн ажлуудаас гадна компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөт ажлууд байдаг. Ажил тус бүрээ хэзээ эхлэх, хэзээ дуусахыг болон явцыг хэлэлцэх хуваарь гарган томоор хэвлээд бүх ажилтнуудад харагдах газарт байршуулчихдаг.

Бид 2019 оны байгууллагынхаа дотоод төлөвлөгөөт ажил болгон ERP систем нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн ERP системийг нэвтрүүлэхэд байгууллагууд бааз сууриа маш сайн бэлтгэсэн байх шаардлагатай байдаг юм билээ. Энэ үүднээс бид сүүлийн 2 жил ERP систем нэвтрүүлэхэд зориулан томоохон сервер суурилуулан, мэдээлэл хадгалах, хамгаалах асуудлаа бүрэн шийдсэн. Мөн ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэл, ур чадварын үнэлгээ, төслүүдээ удирдах процессын загвар, мэдээллийн бааз суурь болон түүнээс мэдээлэл хайх, удирдах зэрэг нэлээд олон томоохон ажил хийгдсэн болохоор энэ ондоо багтаад ERP системээ нэвтрүүлэхээр эрчимтэй ажиллаж байна.

Миний хувьд өөрийн ажлуудаа компьютерынхоо Notepad дээр тэмдэглэдэг. Энэ нь өдөр бүр хараад, тухайн ажлуудаа тэмдэглээд явахад хялбар санагддаг. Харин гадуур уулзалтад жижиг тэмдэглэлийн дэвтрээ байнга биедээ авч явж, тухайн үед төрсөн санаа болон уулзалтын үр дүнг тэмдэглэдэг.

Б.Хангал 2011 онд MMCG компанид судалгааны туслах ажилтнаар орж, ажилдаа өсөж дэвжин явсаар Маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ. Компани нь түүнийг ажилд орсон цагаас тасралтгүй өргөжин тэлж, бизнесийн байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд зөвлөж ажилладаг нь энэ хамт олны нэг хэсэг байх, ажиллах урам зоригийг Хангалд өгдөг.

ТА БҮХНИЙ ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ЮУ ВЭ?

С.Долгорсүрэн

Бид байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажлын арга барилаа алхам тутамд цаг хугацаа, энерги хэмнэхүйцээр боловсруулсан. Судалгаа нь нэг талаар үйлдвэрлэлийн процесс тул бүх юм хуваарийн дагуу саадгүй урагшилж байх учиртай. Судалгаа төлөвлөлтийн газар маань судалгааны ерөнхий аргачлал, арга зүй, асуулгаа боловсруулан төлөвлөөд манай Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар луу илгээдэг. Ингээд мэдээлэл цуглуулах чухал ажил өрнөж, мэдээллийн сангаа үүсгээд буцаан илгээнэ. Судалгаа төлөвлөлтийн хэлтэст судалгааны тайланг боловсруулаад захиалагч байгууллагад танилцуулдаг. Одоогоор манай газар 15 үндсэн судлаачтай, 200 гаруй гэрээт ажилтантай. Судалгааны цар хүрээнээс хамааран нэг судалгааны төсөл дээр 15-30 хүнтэй баг бүрддэг. Гэрээт ажилтнуудаа бид сурган дадлагажуулсан байдаг болохоор, дээр нь хяналтын процессоо технологиор шийдчихсэн учраас мэдээлэл цуглуулалтыг алдаагүй, чанартай хийж чаддаг.

С.Долгорсүрэн MMCG-д 2008 оноос ажиллаж байгаа бөгөөд хамгийн удаан ажиллаж буй компанийн гол ажилтнуудын нэг юм. Тэрээр МУИС-ийн МКС-ийг хэрэглээний статистикч мэргэжлээр төгсөөд мэдээлэл цуглуулагчаар анх ажилд орж байжээ.

ТА БҮХЭН КОМПАНИЙН СОЁЛ, ХҮНИЙ НӨӨЦ БОДЛОГООСОО ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Э.Мөнхжаргал

Компанийнхаа ажилтнуудыг яг л гэртээ байгаа мэтээр хамгийн тав тухтай, таатай орчинд ажиллуулахыг удирдлагын зүгээс зорьдог учраас ажилтнуудын маань ажилдаа хандах хандлага, ажлаасаа авах эрч хүч, тогтвор суурьшилтай ажиллах байдал зэрэг нь өндөр үзүүлэлттэй байдаг. Манай компанийн ажилтнуудын 70 орчим хувь нь компанидаа 5 болон түүнээс дээш жил ажилласан байдаг. Хүний нөөцийн сургалт хөгжлийн бодлогын хувьд ажилтнуудаа тасралтгүй сургаж хөгжүүлэх, тэдгээрийн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, боломж бололцоог бий болгон дэмжиж ажиллахыг бид эрхэмлэдэг. Жил бүр ажилтнуудынхаа ур чадварын үнэлгээнд суурилан ажилтан бүрийн ур чадварын түвшинг тодорхойлж, сайжруулах шаардлагатай ур чадваруудыг олгох зорилгоор бүтэн жилийн хугацаанд зөвхөн тухайн ажилтанд зориулсан хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг.

Бид компанидаа KPI-ийн үнэлгээ болон ур чадварын үнэлгээг маш нарийн стандарт, процессын дагуу нэвтрүүлснээр өрсөлдөхүйц цалин хөлс, гүйцэтгэлд суурилсан урамшуулал, карьер хөгжлийн бодлого зэргийг ажилтнууддаа маш нээлттэй бөгөөд тодорхой болгож чадсан. Бид KPI-ийн үр дүнд үндэслэн ажилтнууддаа Үндсэн цалин + Урамшуулалт цалин гэсэн бодлогыг баримталдаг. Улирал тутамд урамшуулалт цалин, хагас жил тутамд компанийн ашгийн хувийг ажилтнууддаа хуваарилдаг. Компанийн ажилтнуудад зориулсан хөнгөлөлт халамжийн журмын дагуу ажилтнуудынхаа нийгмийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, тухайн ажилтанд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулдаг. Ажилтан байр орон сууц худалдаж авах, эсвэл байр орон сууцаа томруулах, машин унаа худалдаж авах зэрэг хэрэгцээ шаардлага тулгарсан тохиолдолд удирдлагын зүгээс дэмжиж, шийдэж ажилладаг.

Э.Мөнхжаргал 2014 онд ШУТИС-ийн, хүний нөөцийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлддэгээрээ үнэлэгдсэн КТМС-ийг (хуучнаар) төгсөж MMCG-тэй карьераа холбожээ. Өдгөө байгууллагын үндсэн 30 ажилтан, гэрээт 200 гаруй ажилтны хүний нөөцийн бодлого, зохион байгуулалт, сургалт хөгжлийн ажлуудыг хариуцан ажилладаг.

Н.Адъяа

Би дөнгөж сургуулиа төгсөөд байгаа залуу мэргэжилтэн. Анх удаа л олон улсын стандартад нийцсэн судалгааны байгууллагад үндсэн ажилтнаар ажиллаж байгаа маань энэ. Оюутан байхдаа MMCG-ээс зохион байгуулсан уралдаан, тэмцээн, сургалтуудад хамрагдаж байгууллагын тухай ерөнхий мэдээлэлтэй болсон байсан нь анкетаа өгөхөд түлхэц болсон. Төгсөөд хэд хэдэн газар ажлын ярилцлагад орж бизнес, маркетингийн судалгаагаар мэргэшиж ажиллахаар шийдээд MMCG компанид судлаачаар орсон. Судалгааны хяналт, бүртгэлжүүлэлт зэрэг бүх л үе шатанд олон улсын стандартыг баримталж ажилладаг болохоор туршлага сайн хуримтлуулах юм шиг санагдсан.

Н.Адъяа нь MMCG компанийн залуу судлаач, Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн ангийн 2018 оны төгсөгч юм.

ТА БҮХЭН ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Д.Амгаланбаатар

Бидэнд хоёр сонголт байсан гэж болно. Нэг бол гадаадын томоохон судалгааны байгууллагын Монгол дахь салбар болох, эсвэл бие даасан Монгол судалгааны байгууллага байх. Бид харин үндэсний онцлогоо мэддэг, үндэсний судалгааны компани байх сонголтыг хийсэн. Гэхдээ олон улсад судалгаанд баримталдаг яг л тэр аргачлал, стандартыг мөрдөхөөр шийдсэн юм. Тэр ч утгаараа бид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх аргачлалаар ямар ч цар хүрээний, ямар ч салбарын судалгааг алдаагүйгээр, өртөг зардлын хувьд боломжийн түвшинд хийж чаддаг гэж хэлнэ.

Өнгөрсөн хугацаанд бид "саваа сайн бэлдсэн". Өөрөөр хэлбэл, өргөн хүрээтэй судалгааны мэдээллийг богино хугацаанд чанартай цуглуулах аргачлал, техник технологи, хүний нөөцийг бүрдүүлж чадсан. Одоо аналитик ур чадвараа улам хөгжүүлж, цуглуулсан мэдээллээс мөн чанарыг нь илүү гүнзгий ойлгож, дүгнэлт хийх түвшинд хүрэхээр зорин ажиллаж байна.

Д.Бум-Эрдэнэ

Манайх үндсэн бизнесийнхээ хүрээнд маркетингийн судалгааны хөгжлийг олон улсын түвшинд хүргэхийн тулд зах зээл, хэрэглэгчийн судалгааны олон улсын кодыг таниулах, үндэсний стандарт болгох ажлыг ESOMAR олон улсын судалгааны нийгэмлэг, APRC, Ази Номхон Далайн судалгааны хороотой хамтран хэрэгжүүлж байна. Бид бизнесийн судалгааны брэндийн үнэ цэнийг тодорхойлох, шинэ бүтээгдэхүүн, шинэ бизнес хөгжүүлэлт, зар сурталчилгаа коммуникацын үр нөлөөг тооцох олон улсын загварчлалыг нэвтрүүлсэн нь томоохон давуу байдлыг олгосон гэж бодож байна. Олон улсын аргачлал, загварчлалуудад суралцаад, Монголын хувийн хэвшлийг хөгжүүлэх, нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулна гэдэг судлаач хүмүүст сайхан боломж, нэр төртэй ажил хэрэг.

MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнийг бид өмнө нь "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагадаа урьж байсан билээ. Сонирхолтой, сургамжтай олон мэдээллийг багтаасан, уншигчдын талархлыг хүлээсэн тус ярилцлагыг та эндээс уншаарай.

ТА БҮХНИЙ АЖЛЫН ОНЦЛОГ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Б.Цэнддулам

Судлаач хүний онцлог гэвэл цаанаасаа л сониуч, нягт нямбай, хариуцлагатай, шинийг эрэлхийлэгч шинж чанартай байдаг. Судалгааны ажил гэдэг ямар нэгэн салбараар хязгаарлагддаггүй. Бизнесийн судалгаан дотор л гэхэд маш олон төрлийн судалгаа бий. Судалгаа бүрд л бид маш их мэдээлэл, материал цуглуулж, тухайн сэдэв буюу салбарын талаар гүнзгий ойлголттой болдог. Судалгааны менежер нь харилцагчийн асуудлыг тодорхойлж, судалгаагаа загварчилж, үйл явцыг нь хянаж удирдана. Миний хувьд судалгааны хэрэгцээг тодорхойлохоос эхлээд асуулга гаргах, үр дүн боловсруулах, тайлан бичих, танилцуулга хийх зэрэг бүх үе шатуудыг хийдэг. Төслүүд тун богино хугацаатай орж ирдэг учраас шахуу ачаалалтай ажилладаг. Гэхдээ түүнийгээ дагаад цагийн менежмент, олон ажлыг зэрэг амжуулах чадвар дагаад сайжирдаг юм билээ. Сайн сууж байж л ажил дээрээ үр гаргана. Ер нь тэвчээргүй хүний ажил биш л дээ.

Нэлээд удаан хугацааны туршид судалгааны ач холбогдлыг дутуу үнэлэх хандлага байсан. Мөн гадаадын байгууллага, судлаачид гэхээр л хавьгүй илүү мэтээр боддог нэг өрөөсгөл хандлага бий. Гэхдээ бид хийж байгаа ажлууд, төслүүдээрээ дамжуулан эдгээр ойлголтуудыг өөрчилж, нөхцөл байдлыг сайжруулж байгаа шүү.

Б.Цэнддулам МУИС-ийн эдийн засгийн онолын ангийг төгсөөд MMCG-д 2017 онд оржээ. Эхэндээ бэрхшээж байсан төслүүдийнхээ ард гарах бүрийд ажилдаа бараг л донтдог хэмээн ярих тэрээр судалгаа, менежментийн ажлыг хослуулан хийдэг.

Н.Батзориг

Миний хувьд 2017 оны сүүлээр компанидаа ороод Нийгмийн судалгааны хэлтэст хамаарагдан ажиллаж байна. Өмнө нь судалгаа нь дагалдах үйл ажиллагаа байсан байгууллагад ажиллаж байсан болохоор "цэвэр" судалгааны компанид ажиллах үнэхээр өөр байдаг. Эхлэхээс төгсгөл хүртэлх бүх үе шатанд оролцоод, хувь нэмрээ оруулах нь судлаачийг хөгжүүлэхийн сацуу сонирхолтой байдаг. Олон улсын тогтсон аргачлал, стандартын дагуу ажиллах нь социологич хүнийг хөгжүүлэх том боломж.

Нийгмийн судалгааны ажил хийхэд тендерүүдэд их оролцдог. Тендер боловсруулах нь үндсэн ажлын нэг том хэсэг болдог. Тендер бичиж сурна гэдэг том чадвар шүү дээ. Мөн нийгмийн судалгааны тайлан бичих нь судлаачаас эрэл хайгуул, ур чадвар их шаарддаг. Үүнд суралцаж чадвал төсөл бичих, бүх төрлийн баримт бичиг боловсруулах бүрэн чадвартай болно гэсэн үг.

Н.Батзориг МУИС-ийг социологич мэргэжлээр 2008 онд төгсөөд, Хэвлэлийн хүрээлэн, Мастер Пропертиз зэрэг байгууллагуудад судлаачаар ажиллаж байжээ. Тэрээр одоо “Монгол хүн”-ий талаар анх удаа хийгдэж байгаа суурь судалгаа болох "Монгол хүний эрхэм чанар, зан суртахууны судалгаа"-н дээр төвлөрөн ажиллаж байгаа аж.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Ч.Даваасүрэн

Бид салбартаа тэргүүлэгч байгууллагын хувьд Монголын судалгааны салбарт шинэ дэвшилтэт арга аргачлал, стандартуудыг нэвтрүүлэх тал дээр байнга анхааран ажилладаг. Бид судалгааны олон улсын ISO 20252 стандартыг үндэсний стандарт болгон батлуулсан нь энэ оны хоёрдугаар сард шинэчлэгдлээ. Тэгэхээр энэ шинэчлэгдсэн стандартыг дагаж мөрддөг гэдгээ олон улсын гэрчилгээжүүлэлтийн байгууллагаар баталгаажуулах нь энэ жилийн зорилт болж байна.

Манай гурван захирал төслүүдээ хуваагаад авчихдаг. Миний хувьд олон улсын байгууллагуудын төсөл дээр голлон ажилладаг. Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээс өмнө суурь судалгаа, хэрэгжүүлэх явцад дунд, төгсгөлийн шатны мониторинг үнэлгээ хийгддэг. Эдгээр судалгааны ажлыг бид хийнэ. Миний хувьд энэ ажлуудын аргазүй, судалгааны дизайнд голлон анхаарч ажилладаг.

Манай нийгэм-эдийн засаг, улс төр, бизнесийн судалгааны хэлтсүүд өөр өөрийн чиглэлийн төслүүдийг хариуцан ажилладаг. Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн захиалгаар "Монгол хүний эрхэм чанар, үндэсний ижилслийн судалгаа”-ны ажлыг 21 аймаг ба Улаанбаатар хотыг хамруулан хийж байна. Энэ судалгаагаар монгол хүний онцлог, шинжүүдийг эрт дээр үеэс эхлэн 5 үе шаттайгаар судалж, монгол хүн гэж хэн болохыг тодорхойлох юм. Өөр томоохон төсөл гэвэл Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа 3” төслийн хүрээнд орон нутгийн төсвийн төлөвлөлт дэх иргэдийн оролцоо, төсвийн төлөвлөлтийн гүйцэтгэлийг үнэлэх үнэлгээний ажил юм. Бид 13 аймгийн 100 гаруй суманд төсвийн төлөвлөлт нь хууль дүрмийн дагуу байна уу гэдэг мониторинг хийж, үүний дагуу сайн ажилласан сумдад нэмэлт урамшуулал олгох юм.

Мөн Дэлхийн банкны Боловсролын чанарын шинэтгэлийн төслийн судалгаа хийгдэж байна. Өмнө нь олон улсын байгууллагууд Монгол Улсад сургууль, цэцэрлэг барихад их анхаардаг байсан бол одоо боловсролын чанарт анхаарахгүй бол болохгүй нь гэдэг дээр санал нэгдэх болсон. Тэр дундаа бага боловсролын чанарт анхаарч, цаашдаа олон чадварт хөтөлдөг унших чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм. Би өөрөө нэгдүгээр ангийн хүүхэдтэй учраас энэ асуудлын чухлыг бас сайн мэддэг.

Статистикч –эдийн засагч мэргэжил эзэмшээд судалгааны салбарт 17 жил ажиллаж яваа Ч.Даваасүрэн захирал бол компанийн нэгэн тулгуур багана болсон эрхэм юм. Тэрээр өмнө нь Үндэсний Статистикийн Хороо, Авлигатай Тэмцэх Газар зэрэг байгууллагад судлаачаар ажиллаж байсан бөгөөд өдгөө MMCG компанийн Судалгаа хөгжил хариуцсан захирлаар ажилладаг.

ТА БҮХЭН ХЭРХЭН СУРАЛЦАЖ, ХӨГЖДӨГ ВЭ?

Д.Амгаланбаатар

Судлаачдын гол онцлог нь ерөөс танин мэдэх, мэдлэгээ ахиулах явдал байдаг. Тийм ч учраас манай байгууллага судлаачдынхаа энэ хэрэгцээг эн тэргүүнд тавьдаг юм. Бид бүс нутаг, олон улсын мэргэжлийн судалгааны холбоодод гишүүнээр элсэж, APRC, ESOMAR зэрэг байгууллагын Монгол дахь төлөөлөгч байгууллага болсон. Энэ хүрээнд бид байнга сургалт, хурал чуулганд оролцож, вебинарт хамрагдаж, судалгааны салбарт дэлхий дахинд юу өрнөж, ямар ахиц байгаа талаар байнгын мэдээлэлтэй байдаг. ESOMAR-ийн Research World зэрэг сэтгүүлийг тогтмол захиалж уншина. Манай байгууллага сүүлийн 5 жил олон улсын зөвлөхүүдийн тогтмол урьж ажиллуулж байгаа нь бас мэдэгдэхүйц ахиц дэвшлийг авчирсан.

Сүүлийн үед судалгааг Gamification байдлаар сонирхолтой хэлбэрээр хийх, сэтгэл судлалын арга техникүүдийг ашиглах зэргээр цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байна. Энэ бүх тренд, өөрчлөлтийг соргогоор мэдрэн, ирээдүйд явах чигээ эртнээс харж явахыг манай компани байнга эрмэлздэг.

ТА БҮХЭН ЯГ ОДОО ЯМАР НОМ УНШИЖ БАЙГАА ВЭ?

Д.Бум-Эрдэнэ

Зөвлөх үйлчилгээний байгууллага тул жил бүр номын төсөв гаргаж, ажилд, багуудад шаардлагатай ном хэвлэлүүдийг худалдаж авдаг. Өнгөрсөн жилээс бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн NPD, Innovation шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн олон улсын загвар нэвтрүүлсэнтэй холбоотой энэ чиглэлийн сегментчлэлийн болон бүтээгдэхүүний үнэ цэн, брэнд хөгжүүлэлтийн талын номуудыг нэлээд уншиж байна. Ер нь бид чинь бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаагаас, брэнд хөгжүүлээд байгаа юм алга л даа. Тэгэхээр энэ чиглэлд өөрсдөө мэдлэгээ тэлэх, харилцагчдаа боловсруулах ёстой.

Үүний зэрэгцээ бид Naresh Malhortra-ийн "Marketing Research" гэх академик суурь боловсролын номыг бид монгол хэл рүү орчуулж, их дээд сургуулиудаа маркетингийн судалгааны сурах бичигтэй болгохоор эрхийг нь албан ёсоор аваад байна. Энэ ажлыг бид компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд салбарынхаа хөгжилд нэмэр хандив болох, хойшдын олон сайн судлаачдыг бэлдэх зорилгоор хийж байгаа гэж болно.

ТА БҮХЭН УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧИЙГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Б.Цэнддулам


Өөрийнхөөрөө, бие дааж ажиллах боломжтой байдаг нь надад их урамтай байдаг. Ажил дээрээ шинэ арга барил, нөү-хау нэвтрүүлэх чөлөөтэй байдаг. Би нэг судалгаан дээрээ хийгдэхгүй яваад байсан үнийн шинжилгээний загвар, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бие даан оруулсан нь тун амжилттай болж байсан. Миний бодлоор, манай компанид орсон залуу судлаач шантралгүй эхний жилдээ тэсэж (инээв) ажилдаа дадвал, компанийн нөөц боломжууд, анализ загваруудад суралцаад хурдтай өсөх боломжтой. Миний хувьд бизнесийн судалгаан дээр нэлээн ажилласан, одоо нийгмийн судалгаан дээр ажиллаж эхэлж байна. Хэдийгээр нарийн деталь, ажиллагаа нь бага ч гэсэн, тухайн салбартай холбоотой уншиж судлах зүйл нь ихсэж байна. Ер нь том ажлуудыг эхлэхдээ нэлээн айж бэргэдэг. Чадахгүй байх даа гээд эхэлдэг ч нэг л мэдэхэд ард нь гарсан, маш их урам аваад, ажилдаа улам донтоод байдаг (инээв).

Ийм залуухан хэрнээ судалгааны үр дүнгээ танилцуулан том компанийн удирдах ажилтнуудад зөвлөмж өгч явна гэдэг нэг бодлын маш хариуцлагатай, нөгөө бодлын маш таатай ажил байдаг. Ер нь дарга захирлууд маань сайн байна гэж магтахаас илүүтэй харилцагч, үйлчлүүлэгчдийн талархал, "Сайн тайлан болжээ" гэх мэт үгс л хамгийн их урам өгдөг дөө.

ТА БҮХНИЙГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Э.Мөнхжаргал

Оюуны, бүтээлч ажил хийдэг тул бид дасгал хөдөлгөөн сайн хийж эрч хүчтэй байхыг эрмэлздэг. Иймд ажил дээрээ гантел, роллер, түрник зэргийг байршуулсан. Мөн ажил дээрээ ширээний хөлбөмбөг тоглох нь биднийг сэргээж өгдөг. Байгууллагын эрэгтэйчүүд маань жил бүр уламжлал болгон Асралт хайрхан, Шилийн богд, Бурхан Халдун зэрэг хайрханд гарч цэвэр агаар амьсгалан эрч хүчээ сэлбэдэг.

Миний хувьд ажиллаагүй үедээ өөрийгөө хөгжүүлэх тал дээр л түлхүү анхаардаг. Wallstreet English сургалтын төвд суралцаж, өглөө 7-8 цагийн хооронд бассейнд явж, мөн салса бүжгийн дугуйланд явж байна. Шинэ зүйлсийг сурах нь бүтээлч байхад их нэмэртэй санагдсан. Мөн бага насны хүүхэдтэй тул гэр бүлдээ өдөрт заавал 2-3 цагийг зарцуулах зарчимтай. Тэр цагийг охинтойгоо хамт тоглох, үлгэрийн ном уншиж өгөх, нөхөртэйгөө кино үзэх, гадуур зугаалах зэргээр өнгөрүүлдэг.

ТА БҮХЭН БУСДАД ЯМАР САНАА ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Д.Энх-Амгалан

Судалгаа бол таны цагийг үрэх таван минут биш, эргэн тойрноо илүү сайхан болгох, үзэл бодлоо илэрхийлэх таван минут байдаг. Энэ судалгаа надад ямар ашигтай юм, эсвэл энэ судалгааг хаана хэзээ ашиглав л гэж гэсэн хандлагаар хардаг хүмүүс цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл шууд харагдах үр дүн нэхдэг. Мэдээж хүний цаг үнэтэй байх ёстой, судалгаа үнэлгээтэй байх ёстой. Цагаа үнэлэхийн сацуу судалгааны үр дүнгүүд дам утгаараа нийгэмд үр өгөөжтэй байдаг гэдгийг ойлгоосой, нэг ч гэсэн бизнес үйл ажиллагаагаа сайжруулна, нэг ч гэсэн зөв бодлого гарна гэж бодоосой гэж хүсдэг шүү.

Д.Энх-Амгалан 2014 оноос эхлэн MMCG компанид гэрээт судлаач, судалгаа хянагчаар ажиллаж байгаа аж. Хүүхдүүддээ нэлээд цаг гаргах шаардлагатай байдаг ээжүүдийн хувьд гэрээт судлаачийн ажил тун ч сайн нийцдэг. Орон нутгийн судалгаан дээр түлхүү төвлөрдөг түүний хувьд ажлын далимаар газар үзэж, энд тэндхийн ард иргэдийн аж амьдралтай танилцдагтаа олзуурхдаг аж.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Д.Бум-Эрдэнэ

"Азгүйдлээс алхмын цаана амжилт байдаг” гэдгийг одоо ч ойлгосоор явна. Анх компани байгуулаад явж байхад хүнд мэдэхгүй, тодорхойгүй зүйл их тулгардаг учраас өөртөө итгэлгүй байх, шантрах үе зөндөө. Өөрийн болон бусдын туршлагаас харахад, дор хаяж 10 жил өөрийгөө золиод зүтгэе гэсэн итгэл үнэмшилгүй бол бизнес эхлээд хэрэггүй гэж боддог. Манайх шиг зах зээл хөгжиж дэвжиж байж, түүнийг дагаж өсөлт ирдэг. Компанийн бизнес процессыг өөрчилж байж байршдаг үйлчилгээний хувьд аливаа зүйлийн өөрчлөлт, үр дүнг урагшаа хойшоо ядаж 5 жилээр харж, тэрхүү ирээдүйн өсөлтөд чиглэж ажиллах шаардлагатай байдаг. MMCG компанийг урагшлуулдаг соёлын үнэт зүйлийг хоёр үгээр хэл гэвэл "тууштай байдал", "сахилга баттай гүйцэтгэл" гэж манай ямар ч судлаач хэлнэ. Бид судлаач хүн өсөж хөгжих, амьдрах хамгийн таатай байгууллага, системийг бүтээхийг төлөө 17 жил борви бохис хийлгүй ажилласан. Одоо л ММСG жинхэнэ судлаачдын гэр орон байх нөхцөл бүрдэж байна. Судлаачид та бүгдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Ажлын байрны талаар дэлгэрэнгүйг эндээс