Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   05 сарын 25, 2019

“YPG" хөтөлбөрийн менторуудын санал болгож буй номууд

Залуу мэргэжилтнүүдэд төрөл бүрийн санаа, сэдэл байвч түүнийгээ хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй ганцаардах, замын дунд зогсох тохиолдол бий. Яг ийм үед тухайн асуудлын шийдлийг олоход тусалж, урт хугацааны аялалд гарахад чиглүүлж чадах хүн бол менторууд буюу зөвлөхүүд билээ. Ийм хэрэгцээ байдаг учраас Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбараас (The Young Professionals' Group - Mongolia Chapter) нийгмийн салбар бүрийн манлайлагчдаас бүтэн жилийн турш суралцах боломжийг залуучуудад олгохоор "Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр"-ийг дөрөв дэх жилдээ зарлажээ. Энэ мэдээг дуулгахын ялдамд "YPG" менторшип хөтөлбөрийн энэ жилийн гурван менторын залууст санал болгож буй номуудыг онцолж байна.  

“ТЕРА ЭКСПРЕСС”-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ш.АЛТАНБАГАНА: “TRIBE OF MENTORS"

"Миний хувьд сүүлийн үед уншсан номуудаас Тимоти Феррисийн “Tribe of Mentors" номыг санал болгож байна. Салбар бүрийн алдартай энтрепренер, зохиолч, урлагийн од, хөрөнгө оруулагч зэрэг 130 гаруй ментороос хувийн зан чанар, дадал хэвшил, ажил мэргэжлийнх нь талаар 11 асуултыг асуун, хариултуудыг нь энэ номд багтаасан юм билээ. Менторууд өөрсдийн санал болгох номууд, амьдралдаа хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт, сүүлийн 5 жилд амьдралыг нь хамгийн их өөрчилж сайжруулсан дадал зэрэг сонирхолтой сэдвүүдээр өөрийн туршлага, санаа бодлоо хуваалцсан байдаг. Ихэнх номоос нэг хүний хэдэн санааг уншдаг бол энэ номоос амжилтад хүрсэн 100 гаруй хүний 1000 гаруй туршлага, санааг олж мэдэх боломжтой."

“NEWCOM”-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН, CLEAN ENERGY ASIA-ИЙН CEO Э.ОРЧЛОН: “WHEN BREATH BECOMES AIR”

"Би Пол Каланити хэмээх энэтхэг-америк, мэдрэлийн мэс засалч эмчийн “When Breath Becomes Air” номыг санал болгож байна. Энэхүү номд тун амжилттай яваа залуухан тархины мэс засалч хорт хавдартай болж, өвчинтэйгөө хэрхэн тэмцэж байсан, үхэл амьдралын тухай, өөрийн амьдралд юу хамгийн чухал, үнэ цэнтэй байсан тухай юу гэж эргэцүүлж байсан тухай бичсэн байдаг. Хүн жаргалтай байхад эрүүл мэнд, гэр бүлээс илүү чухал зүйл байдаггүй. Учир нь ямар ч хүний амжилт нь эрүүл мэнд ба гэр бүл дээр суурилдаг болохыг энэ номоос ойлгож авсан. Мөн хүн бусдын амжилтаар өөрийгөө дүгнэж голж болохгүй. Хүн болгон дор дороо өөрийн аз жаргал, амжилтыг бүтээгээд явдаг юм байна гэж бодогдсон."

IKON.MN-ИЙ ЕРӨНХИЙ РЕДАКТОР Ч.БОЛОРТУЯА: "FREAKONOMICS"

"АНУ-ын Чикагогийн их сургуулийн багш, эдийн засагч Стивэн Левит болон New York Times-ийн сэтгүүлч Стефен Ж.Дубнер нарын бичсэн "Freakonomics: A Rogue Economist Explores the Hidden Side of Everything" номыг санал болгоё. Орчин үед аливаа хувь хүн, баг хамт олон, байгууллага, төр засгийн шийдвэр гаргалтууд бидний бодож төсөөлдгөөс тэс өөр байдлаар гарах тохиолдол олон байдаг. Энэ номд аливаа шийдвэр гаргалтад юу юу нөлөөлдөг болох тухай өгүүлнэ. Мөн статистик, их өгөгдөл, мэдээлэл нь бүгд өнгөрсөнд болж дуусан, хуучирсан мэт боловч түүнийг боловсруулж чадвал бидний олж хараагүй олон шинэ, нуугдмал зүйлийг илрүүлэх боломжтойг энэхүү ном хэлж өгдөг. Номыг уншаад таны бодож байсан ихэнх зүйлс үнэн биш байх магадлалтайг олж мэднэ. Дараагийн цувралууд болох "Super Freakonomics", "Think Like a Freak", "When to Rob a Bank" номуудыг сонирхож үзээрэй. Мөн номын зохиолчид эдийн засгийн онолын төвэгтэй ойлголтуудыг тун сонирхолтой ажиглалт, жишээнүүдээр тайлбарладаг "Tell Me Something I Don't Know" подкастыг санал болгоё."

сeo клубийн ерөнхийлөгч  В.ГАНЗОРИГ:  "a little history of economics"

"Монголын өнөөгийн нийгэмд үүсээд байгаа мэдлэг, мэдээллийн зөрүү, сошиал медиагийн галзуурал, популизм, хоосон аархал хэрээс хэтэрч иргэд нь бухимдалтай, төр нь тогтворгүй, хувийн салбар хүртэл ажлаа хэвийн явуулахад хүндрэлтэй болоод удаж байгаатай та бүхэн маргахгүй байх. Би нийгмээ боловсрол, мэдлэг, чанартай мэдээллийн өлсгөлөнд орсон гэж дүгнэдэг. Ялангуяа, эдийн засаг, бизнесийн энгийн ойлголттой хүмүүс улам л цөөрөөд байгаа мэт санагддаг. Тиймээс манай хамт олон Йэйлийн их сургуулийн хэвлэлийн газартай холбогдон, эдийн засгийн түүхийг энгийн үгээр, товчхон, маш сонирхолтой хэлбэрээр өгүүлсэн A Little History of Economics номыг монгол хэлээр орчуулан хэвлэх онцгой эрхийг өнгөрсөн жил авсан. Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Роберт гуай ковер сэтгэгдэл бичсэн энэхүү номыг санал болгож байна. Удахгүй бид монгол хэлээр хэвлэн гаргана.

Тэртээ 2000 жилийн өмнөөс л философичид, сэтгэгчид, нийгмийн түүчээ судлаачид, эдийн засгийн онолчид, хувьсгалчид, нийгмийн эсэргүү бүлгийнхэн, шашны янз бүрийн урсгал, төлөөллүүд хэрхэн хүн төрөлхтөн аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч, ямар үйлдэл хийх ёстой вэ гэдэг асуултад хариулахыг зорьжээ. Энэ нь явсаар тоогоор амархан хэмжигддэгээр нь эдийн засагчдын үндсэн сорилт болжээ. Харамсалтай нь, орчин цагийн эдийн засагчид өнөөдрийг хүртэл мөнөөх 2000 жилийн өмнөх асуултад хариу олоогүй л байна".

МЕНТОРЫН ТУХАЙ

Фэйсбүүкийг үүсгэн байгуулаад удаагүй, хэрхэхээ сайн мэдэхгүй байх үед нь Марк Зукерберг-д Стив Жобсын зөвлөгөө их хэрэг болсон гэдэг. Энэ утгаараа Марк Зукербергийн ментор нь Стив Жобс байсан гэж хэлж болох мэт. Мөн Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс Berkshire Hathaway-ийн эзэн, тэрбумтан, алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффетыг өөрийн ментор гэж үздэг бөгөөд чухал асуудлууд дээр түүнээс зөвлөгөө авдаг гэдэг.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн алдартай компаниудыг удирддаг хүмүүс ч гэсэн ментортой байж, бусдын туслалцааг авдаг байх нь. Тэгвэл ажлын талбарт гараад удаагүй залуу мэргэжилтнүүд менторын туслалцаа ямар чухал болох нь ойлгомжтой билээ.

Ийм хэрэгцээ байгаагаас үүдэн Монгол Улсад 2016 оноос "Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр" хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засаг, банк санхүү, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, уул уурхай, олон нийтийн харилцааны салбарын 36 лидер тус хөтөлбөрийн ментор болж, 36 залуу мэргэжилтнийг нэг жилийн турш сургаж, хөгжүүлжээ. Ташрамд дурдахад, энэ жил уг хөтөлбөрт дараах менторууд оролцох болжээ.

Дэлгэрэнгүйг: Young Professionals Group Mentorship Program application

14911   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.