Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 24, 2019

МЭДҮҮШТЭЙ: Үл хөдлөх хөрөнгийн салбарын чиг хандлагыг тодорхойлох 10 тренд

Өнөө цагийн технологийн дэвшил хүмүүсийн ажил ба гэр хоорондын ялгааг багасгаж, хаанаас ч ажлаа хийх боломжийг олгодог болжээ. Энэ хэрээр бидний ажиллах орон зай олон янз болсоор, үл хөрөнгийн зах зээл ч энэхүү хандлагыг даган алхам тутамд өөрчлөгдсөөр байгаа юм. Технологийн дэвшлийн ачаар орон зай, цаг хугацааны хязгаар үгүй болж, нэг ч машингүй “Uber”, ганц ч зочид буудалгүй “Airbnb” зэрэг компаниуд тэсрэлт хийж, олон салбарыг ирээдүйг өөрчилж байна. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрд байрлаж буй 18 мянган хамтын оффисын тоо гурван жилийн дараа буюу 2022 он гэхэд 42 хувиар өсөх тооцоог “Global Coworking Growth” судалгаанд дурджээ. Өнөөдрийн нийтлэлдээ бид өөрчлөгдөн хувьсаж буй салбаруудаас үл хөдлөх хөрөнгийн салбарыг онцолж, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлох 10 трендийг тоймлон хүргэе.

1. Технологид суурилсан үл хөдлөх хөрөнгийн компаниудын тэсрэлт

Үл хөдлөх хөрөнгийн онлайн зуучлал, менежментийн Propertyme компанийн мэдээлснээр технологид суурилсан үл хөдлөх хөрөнгийн компаниудын хөрөнгө оруулалт жилд дунджаар 36 хувиар өсөж байна. Энэ хэрээр спартап компаниудын шинэ давлагаа үүсэж, технологийн салбарын томоохон акулууд үл хөдлөх хөрөнгийн салбарт орж, төрөл бүрийн аппликейшн, програм хангамжийг хөгжүүлж эхэлжээ. Онлайн худалдааны дэлхийн хамгийн том компани болох Amazon компани өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд орж буйгаа зарласан бол Facebook компани үл хөдлөх хөрөнгө борлуулах, түрээслэхтэй холбоотой аливаа мэдээлэл, сурталчилгааг илүү үр дүнтэй, цэгцтэй хүргэх зорилгоор зуучлагч компаниудтай хамтран ажиллах болсон билээ.

2. Big Data-г ашиглах нь

Дижитал шилжилтийн үндсэн суурь нь дата учраас технологийн гэлтгүй олон салбарын мэргэжилтнүүд Big Data буюу их өгөгдөлд анхаарлаа хандуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Тухайлбал, Amazon, Facebook, Uber, Netflix зэрэг компаниуд салбар бүрд цахиур хагалж буй нь Big Data-г үр дүнтэй ашиглаж чадаж байгаагийнх. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн салбарт Big Data-г ашиглан онлайн орчинд буй хэрэглэгчийн мэдээлэлд үндэслэн ямар байшин, орон сууц сонирхож байгааг нь судалж, түүнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна.

3. Үүлэнд суурилсан системийн ид шид

Үүлэн технологийн зах зээлийн үнэлгээ нь өнгөрсөн онд 40 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2020 он гэхэд 240 тэрбум ам.долларт хүрэх тооцоо байна. Forbes сэтгүүлийн тодруулсан шилдэг компаниудын Дижитал технологи хариуцсан захирлуудын 74 хувь нь үүлэн тооцоолол өөрсдийнх нь бизнесийн үйл ажиллагаанд ойрын ирээдүйд хамгийн чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ. Тэгвэл үүлэн технологид суурилсан энэ системийг ашиглан PropertyMe хэмээх үл хөдлөх хөрөнгийн онлайн менежментийн компани 7 хоног, 24 цагийн турш үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн мэдээллийг хүргэж байна.

3. Цаасгүй гэрээ, цахим худалдааг авчирсан блокчэйн

Хямд өртгөөр хурдтай мэдээлэл солилцох боломж бүхий блокчэйн технологийг өнөөдөр дэлхий даяар 20 гаруй сая хүн ашиглаж байна. Энэ хүрээнд блокчэйн технологийг интернетийн дараа орох технологийн хамгийн том шинэчлэл хэмээн ярьж, хүлээн зөвшөөрдөг болжээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд блокчэйн технологийг 2017 оноос нэвтрүүлж, Propy, Propify, Rentberry, ShelterZoom, Brickblock зэрэг компаниуд блокчэйнийг ашиглан орон сууц, байшин худалдаалдаг болсон байна. Тэд дундын зуучлагчийн үүрэг оролцоог багасгаж, цаасгүй гэрээ, цахим худалдааг нэвтрүүлээд байна.

5. AR, VR буюу виртуал хиймэл орчинд аялах нь

Програм хангамжийн тусламжтайгаар бүтээгдсэн аливаа график дүрслэлийг бодит байдалтай хослуулан хагас бодит орчинд оруулдаг AR технологи үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай нэвтрээд байна. Энэ хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд хүмүүс үзэхийг хүссэн орон сууц, байшингийн доторх тохижилтийг онлайнаар бүрэн үзэх боломжийг олгож байна. Мөн тохижуулж дуусаагүй байгаа орон сууц, барилгыг энэхүү технологийг ашиглан хиймлээр тохижуулж хэрэглэгчдэд илүү бодит төсөөллийг өгдөг болжээ.

6. Эргэх холбоо үүсгэх Push technology

Үл хөдлөх хөрөнгийн компаниуд бүртгэлтэй хэрэглэгчдийн гар утас руу шаардлагатай мэдээллийг сонордуулга (notification) хэлбэрээр мэдэгдэл болгон явуулж, аппликейшн руу орох сэдлийг төрүүлэх замаар эргэх холбоо үүсгэхийг оролдож байна. Энэ бол Push Technology бөгөөд дэлхийн дахинд 10 жилийн өмнөөс ашиглаж эхэлжээ.

7. Ухаалаг роботууд үргэлж таны хажууд

Технологийн дэвшил өдөр бүр урагшлан хөгжихийн хэрээр хүмүүс улам л амар хялбар шийдлийг хүсэмжилдэг болсон. Тиймээс бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг цаг тухайд нь хүлээн авч, дор бүр нь хариулт өгч байхын тулд Chat bot, Voice bot, Virtual assistant зэрэг технологийг ашиглаж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт худалдаа арилжаа хийхийг хүсэж буй хэн бүхэнд зориулсан Holmes, ChatFuel, CRIBZ гэх мэт чатботуудыг хэрэглэгчидтэй шууд харьцах хөтөч болгон ашиглаж байна.

8. Enhanced Mobility-г ашиглах нь

Дэлхий дахинд өдгөө ухаалаг утас ашиглаж буй 3 тэрбум хүн байгаагаас 2 сая гаруй нь манай улсад байгаа билээ. Бизнесээ өргөжүүлэхийг хүссэн компани бүр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү хялбарчлах гар утасны аппликейшнийг бүтээдэг болоод байна. Үл хөдлөх хөрөнгө сурталчлах, худалдаалах бүх төрлийн мэдээллийг багцалж, борлуулагч, худалдан авагч нарыг холбосон аппликейшнүүд олноор гарсаар байна.

9. Хэсэгчилсэн хөрөнгө оруулалтын платформ

Үл хөдлөх хөрөнгө бол зардал өндөртэй, ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг учраас худалдан борлуулах, худалдан авахын аль аль нь тийм ч амар биш. Тиймээс аливаа үл хөдлөх хөрөнгийг олуулаа эзэмшиж, түрээсийн орлогыг тэгш хуваан хүртэх боломжийг BRICKX, DomaCom, CoVESTA зэрэг платформууд олгож эхэлжээ.

10. Автоматжуулалт

Технологийн автоматжуулалт нь үл хөдлөх хөрөнгийн салбар гэлтгүй технологитой холбогдсон бүх салбарын онцлох тренд болж байна. Бизнесийн байгууллагууд онлайн чат, олон нийтийн сүлжээ, вэбсайтын хэрэглэгчидтэй холбогдох хэсгийг автоматжуулж болохоос гадна албан захидал явуулах, татвар, нэхэмжлэх зэрэг санхүүгийн олон үйл явц, менежментийн ажлуудыг автоматжуулан шийдэх боломжтой болжээ.

Ийнхүү технологийн дэвшил үл хөдлөх хөрөнгийн салбарт хувьсгал хийж, орон сууц худалдах, худалдан авах үйл явцыг хоол захиалахтай адил амар хялбар болгосоор байгаа нь гайхалтай. Манай улсад үл хөдлөх хөрөнгийн салбар хөгжөөд 20 жил болж байгаа бөгөөд технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахаар урагш тэмүүлсээр байна. Энэ хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын олон улсын франчайз болох “RE/MAX” компани 36 салбарын 600 гаруй ажилтандаа зориулан дижитал шилжилт ба үл хөдлөх хөрөнгийн салбарын ирээдүйн чиг хандлагыг талаарх сургалтыг зохион байгуулжээ.

Дэлхийн 100 гаруй оронд 7000 гаруй оффис, 120 мянга гаруй агенттай үл хөдлөх хөрөнгө зуучлалын “RE/MAX” компани технологийн трендийг дагаж үйл ажиллагаагаа түргэн шуурхай, цогц хүргэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө “Ид Шидийн Орон” төслийн сайн үйлсийн аянд нэгдсэн байна. Энэ хүрээнд дээрх сургалтын арга хэмжээний үеэр бяцхан зүрх бүхэнд гэрэл гэгээ өгөхөөр 10 сая төгрөгийн хандивыг цуглуулсан аж. Цаашдаа RE/MAX Foundation нь гүйлгээ бүрээсээ 1 ам.долларыг бяцхан үрсийн сайн сайхны төлөө зориулж, ид шидтэй агентууд болохоо амлажээ.

RE/MAX Mongolia мөн саяхан Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг тодруулдаг “Bloomberg Awards2018”-ийн шилдэг компаниар шалгарчээ. Шагналыг олгогчдын зүгээс тус компанийн өнгөрсөн онд 350 хувийн өсөлт үзүүлэн Азидаа тэргүүлсэн бизнесийн өсөлтийг үнэлснээс гадна компанийн засаглал, этик ёс зүй, технологийн хөгжил зэргийг нь харгалзан үзэж энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан байна.

15363   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.