Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 22, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Рэппэр, продюсер Big Gee (Т.Мөнх-Эрдэнэ)

Ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт бид тун удахгүй бие даасан томоохон тоглолтоо толилуулах гэж буй “Real” лэйблийн продюсер, рэппэр Big Gee-г (Т.Мөнх-Эрдэнэ) урилаа. Тэрээр 2005 онд РТДС-ийг сэтгүүлч, зураглаач мэргэжлээр төгсөж, тэр үеэс уран бүтээлээ эрчимтэй хийж эхэлжээ. Big Gee энэ хугацаанд олон арван хит дуу, өөрийн ба хамтарсан 9 цомог гаргаад байгаа бөгөөд 2012 онд нөхдийн хамт АНУ-ын нэрт Оnyx хамтлагийг Монголд урьж, хамтран тоглолт хийж байв. Мөн 2016 онд Spotify-ийн 10 жилийн ойн тоглолтонд Ази тивийг төлөөлсөн цорын ганц рэппэр болон оролцож байв. Продюсерээр нь ажиллаж, гол дүрд нь тоглосон "Боссын босс" киноныхоо идэвхжүүлэлтэд анхаарч, 6-р сарын 7-нд Төв Цэнгэлдэхэд болох “Зогсохгүй” тоглолтынхоо бэлтгэлийг шаргуу хийж байгаа Big Gee-тэй бид гэрийнх нь студид очиж ярилцлаа.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Real" лэйблийн продюсер, рэппэр
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Сошиал хуудсууд: Big Gee (Фэйсбүүк), Big Gee (Инстаграм), Big Gee (Youtube)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө охиноо сургуульд нь хүргэж өгч өдрийг эхлүүлдэг. Түүний дараа фитнесстээ яваад 11.30 үед тараад бусад ажлууддаа ордог юм. Би фитнессээ яг л ажил гэж авч үздэг. Тэгээд л шинэ дуу, клип дээр ажиллах, хүмүүстэй уулзах, зураг авалтад орох гэх мэт ажлуудаа хийж байгаад охиноо орой сургуулиас нь авдаг. Гэртээ хүргэж өгсний дараа эргээд л ажилдаа гарах нь олон. Оройн цагаар тоглолтод орох, дуулах ажлууд нэлээд гардаг.

Ер нь цаг наргүй ажилладаг даа. Миний хувьд хийнэ гэж бодсон зүйлээ яаж ийгээд л хийчихээд байдаг онцлогтой. Янз бүрийн зүйлд шантраад байх нь бага.

Дуу бүтээх тухайд, эхлээд дууны санаа орж ирнэ. Тэр үед ийм дуу байх юм байна гэсэн хэлбэр, стилийг нь бодож олдог. Ингээд beatmaker-тээ санаагаа хэлж бичүүлдэг. Beatmaker-ээс жишээнүүд ирэхээр нь сонсож байгаад, ая хэмнэлдээ тааруулан дууныхаа үгийг бичдэг. Би өөрөө хөгжмөө зохиодоггүй, анх хэсэг оролдож байгаад миний хийх зүйл биш юм байна гээд орхиж, мэргэжлийн хүмүүст нь итгэж хамтран ажилладаг болсон. Beat дээр Лууяа, дуу бичлэг дээр Chinhustle нартай баг болон ажилладаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Сошиал медиагаар их ажил амжуулдаг. Тэр дундаа Инстаграм, Фэйсбүүк дээр идэвхтэй, олон ч дагагчтай. Бүх л ажлаа тайлагнаж, оролдож, оролцож буй бүхнээ хуваалцахыг хичээдэг юм. Дагагч нартаа ч урам зориг өгч чаддаг байх гэж итгэдэг. Аяллын тэмдэглэлүүдээ видео хэлбэрээр хийгээд iMovie дээр монтажлан нийтэлдэг. Vlog гэдэг нэр томьёог нэг их ашигладаггүй байх үеэс л ингэж тэмдэглэл хийгээд сурчихсан юм.

Гар утасны Note дээр тэмдэглэл, дууны үгүүдээ оруулдаг. Өмнө нь дууны үгийг гараараа дэвтэр дээр бичдэг байснаа iPad руу шилжиж, одоо дандаа утасныхаа Note дээр бичдэг болсон байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Яг цаг хэмнэе гэсэн нарийн ширийн арга байхгүй дээ. Би хийх ёстой, амжуулах ёстой гээд л дайрчихдаг. Өөрөөс шалтгаалах ажлыг хойш тавина гэж бараг байдаггүй. Ажил бүтэхгүй байх, муу мэдээ дуулах үе бишгүй тохиолдоно. Тэр болгонд донслоод, хэмнэлээ алдаад байдаггүй. "Real" лэйблийнхэн маань багаараа сайн ажилладаг болохоор асуудал нэг их гардаггүй.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Өдөр тутам хийх зүйлсийг менежер Мөнхсайхан маань хөтлөөд, надад мэдэгдээд явдаг. Тэдээс уулзалттэй, тэнд тоглолтуудтай гэх мэтээр. Мэдээж өөрийн хувийн ажлууд, уран бүтээлээ дотроо бодоод, тэмдэглээд явна.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Амьдрал дээр би сайн найз байж чаддаг байх. Гэр бүлийнхэн, хүүхдүүд, найзууд, дүү нарынхаа итгэж найддаг хүн нь байхыг хичээдэг.

Ажилтай холбоотой гэвэл тайзан дээр лайв тоглолт хийхдээ өөрийгөө дажгүй сайн байх гэж боддог шүү. Тайзан дээр өөрөө кайф авч байж л үзэгч, сонсогчдод кайф өгнө шүү дээ. Дуугаа, уур амьсгалаа мэдрээд, мэдрэмжиндээ хөтлөгдөн уран бүтээлээ хүргэдэг. Энэ тал дээр 2012 онд хамтарч тоглолт хийсэн Onyx-оос үлгэр жишээ авч байсан. Одоо бол ёстой л "биесийг гаргуунд нь гаргадаг" ш дээ.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Артист, рэппэр хүний онцлог бол хэлэх гэсэн санаа, мессежүүдээ хүмүүст санаандаа тултал хүргэж чаддаг. Тэр нь эерэг өөрчлөлт түгээхэд, бодит нөлөөлөл авчрахад артист хүн их урамшдаг. Гудамжаар явахад таарсан хүний "Таны энэ бүтээл надад ингэж нөлөөлсөн шүү" гэх мэт үгсийг, Youtube-д "Задарч явахдаа Gee-ийн дууг сонсоод засарч явлаа" гэх мэт сэтгэгдлийг сонсоход, харахад сайхан байдаг юм.

Сөрөг тал нь хэл ам л юм даа. Артистуудыг хүссэн хүсээгүй л хэл ам дагадаг. Санаатай санаагүй зохиосон худлаа зүйлсийг нялзаадаг. Гэвч энэ бол гомдоллох зүйл биш ээ. Сонгосон ажил мэргэжлийн маань л онцлог гэж хүлээж авдаг. Үүнийг туулаад л гарах ёстой.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Саяхан 5 сарын 10-нд нээлтээ хийсэн "Боссын босс" киноны маань идэвхжүүлэлтийн ажил ид явж байна. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн энэ киноны зураг авалт гуравдугаар сар хүртэл явагдаж, пост продакшны ажил ч нэлээд удаан хугацаанд хийгдсэн. Миний бие продюсерээр ажиллаж, гол дүрд нь тоглосон бол "Real" лэйблийнхэн маань киноны бүрэн хөгжмийг хариуцан бүтээлээ. Энэ кино урьд урьдын ангиудаа бодвол илүү action тал руугаа болсон. Урьд нь инээдтэй байдал нь давамгайлдаг байсан бол энэ удаа адал явдал нь түлхүү гарна. Киногоо бид орон нутгуудаар үзүүлээд эхэлсэн. Тоглолтынхоо дараа 6 сарын 8-нд киногоо АНУ-д гаргахаар нисэх төлөвлөгөөтэй байна.

Тоглолтын тухайд, 3 дахь бие даасан "Зогсохгүй" тоглолт маань 6-р сарын 7-нд Төв цэнгэлдэхэд болно. Бэлтгэлээ базаагаад тун ч шахуу хуваарьтай явна. Рэппэрийн хувьд Монголын хамгийн том энэ тайзан дээр тоглолтоо хийх мөрөөдөлтэй явдаг байсан. Өнгөрсөн намар Төв Цэнгэлдэхэд болсон "ХХХ" хип хоп фестивальд оролцож тайзан дээр гарсны дараа бие даасан тоглолтоо хийх итгэл, хүсэл улам нэмэгдсэн юм. Олон дуу дуулсан ч үзэгчид дахиулаад л, уур амьсгал нь ч үнэхээр гайхалтай байв. "Зогсохгүй" тоглолтон дээр би 25-30 дуу дуулна. Энэ хүртэл яваад эргээд харахад бас ч гэж сонсогчдод хүрсэн олон дуу хийжээ, олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж дээ гэж бодогдсон. Тиймээс Төв Цэнгэлдэхэд болох тоглолтоо фестивалийн уур амьсгалтай, олон артист тайзнаа гарсан тоглолт болоосой гэж хүссэн. Надтай хамтарч дуу хийсэн рэппэрүүд Буриад, Өвөр Монголоос урилгаар ирнэ.

Ер нь өнөөдөр Монголын хөгжмийн салбарт хип хоп урсгал л хамгийн идэвхтэй, өөрчлөлт шинэчлэлтэй ихтэй, эрч хүчтэй хөгжиж байгаа гэж боддог. Үүнийг шинэ гарч буй дуунуудаас харж болно. Тэгэхээр үе үеийн рэппэрүүдийн уран бүтээлийг сонсох, шинэ үеийнхэнтэй танилцах боломжийг тоглолт маань давхар олгоно.

Тоглолтынхоо "Урилга" видеог гаргасныг зарим уншигчид харсан байж магадгүй. Тоглолтоос маань үлдэж хоцрох дурсамжит зүйлсийн нэг нь болох байх. Тоглолт бүрдээ ийм видео хийж байгаа болохоор олон жилийн дараа үзэхэд сонирхолтой зүйлс харагдах болов уу.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Үнэнийг хэлэхэд ойрд ёстой ном уншаагүй шүү. Баримтат кино л үзэж байна. Ер нь унших дуртай зүйлс гэвэл түүхэн баримтууд, дурсамж тэмдэглэлүүд. Санаа бодлоо шүлгээр илэрхийлсэн ном гаргах санаатай байсан ч намтрын холбогдолтой зүйл орж ирэх гээд байхаар нь орхичихсон байгаа. Өөрийн намтрыг бичихэд дэндүү эртдэх байх.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

R&B, Soul, Jazz гээд харьцангуй бүх л төрөл жанрын хөгжим сонсдог. Гэхдээ мэдээж рэп хөгжмөө түлхүү сонсоно. Сүүлийн үед хамгийн их сонссон дуу гэвэл country хөгжим, хип хопыг хослуулсан Lil Nas X-ийн "Old Town Road" байна. Анх iTunes-д тренд болж орж ирснээс нь эхлээд л сонссон доо.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Өдөрт дунджаар 6 цаг унтдаг. Фитнессийн багш маань сайн унтаж амрах ёстой гэдэг л юм. Гэвч ийм хэмнэлээр амьдраад сурчихсан. Орой 23, 24 цагийн үед унтахыг хичээдэг ч ажлын онцлогоос шалтгаалан оройтох, бага нойр авах үе зөндөө.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хэчнээн ажилтай байсан ч гэсэн гэрийнхэндээ аль болох цаг гаргахыг зорьдог. Охиноо бол аль болох байнга л сургуульд нь хүргэж өгч, авна. Манай эхнэр ч гэсэн их ажилтай. Бид хоёрын ид ажиллах, хийж бүтээх нас учраас аль аль талдаа хичээгээд ажил амьдралаа зохицуулаад явдаг. Өдийд л хийж бүтээхгүй бол өөр хэзээ сайн ажиллах билээ дээ.

Ажиллаагүй үедээ бид хувьд бусад гэр бүлүүдийн л адил агаар салхинд гарна, үзвэр үзнэ, тоглоомын төв орно. Өнөө орой эхнэр бид хоёр "John Wick 3" үзэх болзоотой (инээв). Би action кинонд их дуртай юм л даа. Action хөдөлгүүнүүд нь их бодитой болохоор "John Wick"-ийг алдахгүй үздэг . Мөн сагс тоглох хоббигоо даган найзуудтайгаа тэмцээнд ордог ч сүүлийн үед үнэндээ тоглож амжихгүй байна. Сүүлд "Бүх оддын тоглолт" гэж зохиогдоход л тоглосон юм байна. Мөн Playstation тоглох дуртай. Тархи сайн амраадаг юм шиг санагддаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Бүх л юмнаас урам зориг авдаг. Ер нь хүний харах өнцөг их чухал шүү дээ. Ямар ч сөрөг зүйлийг дарамт, зовлон биш, туулах ёстой зам, илүү хичээх сэдэл болгон харж болно. Яг л ийм зарчмаар би аливаа зүйлийн эерэг талаас нь харахыг хичээдэг. Мэдээж хүүхдүүд, хайртай хүмүүс минь надад их баяр баясгаланг өгдөг.

За тэгээд мэдээж хүмүүсийн урмын үгс байна. Найз нар, хамтрагчид, дүү нарынхаа өсөж хөгжиж, сайн уран бүтээлчид болж байгааг харах сайхан. Продюсер, DJ болсон Гэзэг, Chinhustle нар маань ачаа ч даана, ажил ч даана, үг ч даана. Архи дарс амсахгүй байх зэрэг миний зөв сайн дадлуудыг сураад, ажлаа сайн хийгээд явж буй дүү нараараа бахархдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Амьдралд маань олон зүйл нөлөөлсөн. Ар гэрийн хүмүүжил, найзуудын нөлөөлөл, надад итгэсэн, чиглүүлсэн уран бүтээлчид гээд олныг дурдаж болно. Уран бүтээлийг ч би янз бүрийн арга хэлбэрээр хийж, туршиж ирсэн. Эргээд бодоход хийсэн алдаануудаасаа л би ихийг сурдаг юм билээ. Алдаа өвтгөдөг учраас ахиж өвдөхгүйн тулд түүнээсээ суралцах ёстой шүү дээ.

Хийж байгаа цомог, тоглолт бүрээ би амьдралын нэг хуудас гэж боддог. Алийг нь ч би илүү, дутуу гэж хэлэхгүй. Одоо хийх тоглолт маань миний амьдралын энэ л үеийн үзэл санаа, мэдрэмж. Өмнөх цомгууд бол тухайн цаг үеийнхээ хуудас болж үлдсэн. Хийсэн бүтээлүүдээс маань миний хөгжил дэвшил, өөрчлөлтүүд харагдана байх. Уран бүтээл чинь өөрчлөгдөөд байна гэж шүүмжлэнгүй аястай хэлдэг хүмүүс бий. Би тэр өөрчлөлтийг сайн зүйл гэж боддог. Өөрчлөгдөх, урвах хоёр бол шал өөр хоёр зүйл шүү дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Хүн хэлсэндээ л хүрдэг байх ёстой. Ялангуяа эр хүний мөн чанар нь аархуу, хүчтэй байхдаа биш хэлсэндээ хүрдэг байхдаа гэж боддог. Чадна гэсэн бол чадах л хэрэгтэй. Чадахгүй бол эртхэн хэлэх хэрэгтэй. Үүнийг л би эргэн тойрны хүмүүстээ сайн захидаг юм. Уран бүтээл дээр ч адилхан.

Өөр нэг бодогддог зүйл бол хүмүүс өөрийгөө хайрцаглах хандлагатай байдаг. Би ийм л юм сонсдог, энэ нь л гоё гэх мэтээр. Тэгээд зогсохгүй тэр үзэл санаагаа тулгаад байдаг. Энэ хандлага надад их харамсалтай санагддаг юм.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Видео мэйкер BRONZEHERO's Entertainment-ийн Хүрэлбаатарыг санал болгоё. Өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай, гараасаа дандаа чанартай бүтээл гаргадаг артист. Бид олон жил гар нийлэн ажиллаж байна.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

47116   6

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.