Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   05 сарын 21, 2019

Миний хэрэглэдэг аппууд: Гэрэл зурагчин О.Төмөрбаатар

"Апп тойм" булангийн энэ удаагийн зочноор бид гэрэл зурагчин О.Төмөрбаатарыг сонгосон юм. Тэрээр гэрэл зургийг чиглэлээр мэргэжил эзэмшээгүй ч өөрийн сонирхлыг хөгжүүлсээр, хөдөлмөрлөсөөр өдгөө Монголын хамгийн амжилттай яваа залуу гэрэл зурагчдын нэг болсон билээ. Голчлон загварын зураг авдаг О.Төмөрбаатар “Sisley”, “Pedro”, “Michel&Amazonka”, “93//Kidult” зэрэг олон брэндтэй хамтран ажилладаг бөгөөд Vice.com зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг онцолж байв. 

Нэр: Отгонцэцэгийн Төмөрбаатар
Салбар: Загвар, гэрэл зураг
Сошиал хуудсууд: @Tumurbaatar (Instagram), Tumurbaatar (Facebook) ,TUMURBAATAR (Tumblr)

Гэрэл зураг - VSCO

Миний хувьд энэ апп зургийн өнгийг янзлахад хамгийн тохиромжтой нь санагддаг. Энэ апп-ийг дөрөв таван жилийн өмнөөс тогтмол ашиглаж байна. Хэрэглээд сурчихсан болохоор ч тэр үү, ер нь л их таалагддаг. Энэ апп-аар зургийн дан ганц өнгө биш Sharpness, Exposure, Highlight, Shadow-т засвар оруулж болдог. Би бол VSCO-оор зураг янзлахдаа эхлээд Filter-ээ өгч ерөнхий өнгөө тогтоочихоод, дараа нь Explosure, Contrast-аа тохируулдаг. Бас зургаа тэгшлэх, Compositon-д засвар оруулах зориулалтаар ашигладаг. Би ер нь гар утсаар авсан ч бай, зургаа янзлалгүй үлдээнэ гэж бараг байхгүй. Таалагдсан зураг болгондоо ямар байдлаар, жижиг сажиг ч болтугай засвар заавал оруулдаг. Миний хамгийн дуртай VSCO Filter бол HB1, HB2, A6. Хар цагаан зураг болгохдоо бэлэн Filter ашиглахаасаа илүүтэй ялгарал, гэрэл сүүдрийг нь өөрөө Manual байдлаар янзалдаг. Далимд бяцхан зөвлөгөө хэлэхэд, зургаа янзлахдаа зөвхөн Filter-т баригдалгүй Split Tone цэсийг ашиглан зургийн өнгийг өөрөө гаргаж байгаарай. Гол нь сайн туршиж үзэх хэрэгтэй шүү.
Татах: iOS, Andriod

Хөгжим - SoundCloud

Soundcloud бол шинэ хөгжимчид, дуучдыг олж болох хамгийн тохиромжтой газар. Зураг янзалж удаан хугацаагаар суухад дуунуудаа давтаж сонссоор байгаад залхах тохиолдол их гардаг. Харин Soundcloud-д Youtube, Spotify, Apple Music дээр байхгүй дуунууд маш их бий. Хамгийн сүүлд "Silent Playlist" эвент дээр би хүмүүст шинэ дуу сонсгох зорилготойгоор Soundcloud-оос ихэнх дууг нь олж тавьсан. Энэ апп ер нь надад их мотиваци, сэдэл өгдөг. Монгол залуучуудын уран бүтээлүүд ч энд олон байдаг. Би SoundCloud-оос YOU MAN, Franc Moody, Shamefacedboi-г олж байлаа. Хамгийн сүүлд Peggy gou-ийн Mixmag-д зориулж хийсэн нэг цаг долоон минутын сетийг олсон. Ер нь урт миксүүд их сонсдог юм. Ихэнх тохиолдолд микслээд цаг гаруй болгосон дуунуудыг их сонсдог. Өөрийнхөө дуртай дууг тавиад дуусмагц гардаг Similar Artist буюу адил төстэй уран бүтээлчдийн дуунуудаас шинэ сайн уран бүтээлчдийг олдог. Тэгээд үнэхээр гоё дуу явах юм бол ажлаа зогсоож байгаад хэн гэдэг артист, ямар нэртэй дуу болохыг нь харж аваад Like дарчихдаг. Ингээд Liked Tracks руу оруулчихвал дараа нь хайж олоход амар. Энэ апп-ийг одоо зургаа долоон жил болж байна.
Татах: iOS, Andriod

Ажил болон Загвар - Pinterest

Pinterest-ийг сүүлийн гурван жил ашиглаж байна. Энэ апп-ийг хамтрагчид, үйлчлүүлэгчидтэйгээ зургийн ерөнхий уур амьсгал, байршил, нүүр будалт, үс засалт зэргийг ямар байлгах тухай ярилцахдаа ашигладаг. Зарим үйлчлүүлэгчид өөрийн бодсон зүйлийг үгээр гүйцэд илэрхийлж чадахгүй байх нь, зарим зүйлс санаанд нь шууд буухгүй байх нь бий. Тиймээс үл ойлголцлоос сэргийлэн, үйл явцыг хялбарчлахын тулд энэ апп-ийг ашигладаг. Мөн хувьдаа давхар загварын тал дээр ашигладаг. Fashion Week-үүдийн үеэр залууc яаж хувцасласныг эндээс харахад их тохиромжтой байдаг. Pinterest дээр миний Fashion гэж нэрлэсэн боард бий. Тэндээс миний загварын тал дээр санаа сэдэл авдаг Style Inspiration-үүдийг харж болно. Бас график дизайн болон интерьер дизайны боард байдаг.
Татах: iOS, Andriod

Collect

Collect бол файл илгээх илгээх зориулалттай "Wetransfer.com" сайтын апп юм. Би энэ апп-ийг ашиглан хийсэн ажлуудаа илгээдэг. Имэйлээр хийсэн ажлаа хүлээлгэж өгөхөд зургуудын хэмжээ хэт том байдаг тул Gmail-ийн хурдан дүүрэх гээд байдаг. Тиймээс Collect-ийг сүүлийн үед байнга ашиглаж байгаа. Захиалагчдадаа ажлаа явуулахаас гадна гар утас руугаа зураг татаж авахад ашигладаг. iMac, Macbook гэсэн компьютерууд, Samsung-ийн гар утас барьдаг болохоор iPhone руу Airdrop-оор файл илгээдэг шиг амархан шидчихэж болдоггүй. Ийм нөхцөлд Collect-ийг хамгийн сайн шийдэл болоод байдаг юм. Өнгөрсөн жилээс ашиглаж буй энэ апп их таалагдаж байгаа.
Татах:
iOS, Andriod

Спорт - Priemer League


Хөлбөмбөг бол миний хамгийн дуртай спорт. Дэлхийн хөлбөмбөгийн лигүүдээс хамгийн өрсөлдөөнтэй нь одоогийн байдлаар Английн дээд лиг. Би Manchester United багийг дэмждэг. Гэхдээ тоглолт бүрийг нь үзээд суух зав байдаггүй л дээ. Бас бусад том багуудын тоглолтуудыг тэр болгон үзэж чаддаггүй. Тийм болохоор энэ апп-аас тоглолтын дүнгүүдийг хардаг. Орсон гоал болон тоглолтын дүнгүүд сонордуулга байдлаар ирдэг болохоор амар. Бас апп нь тун сайн хийгдсэн санагддаг. Хэдэн жилийн өмнө Priemer League брэндингээ шинэчилсэн нь апп дээр нь ч тод харагддаг. Одоо лигийн тоглолтууд дуусчихсан болохоор тоглолтын үр дүнгийн тухай биш тоглогчдын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллүүдийг авч байна.
Татах: iOS, Andriod

18684   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Номинжаргал




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.