Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 20, 2019

Онцлох бизнес: Print Pro - Таны ажил бизнесийн нүүр царай

Энэ удаагийн дугаараар бид чатботд суурилсан захиалгат онлайн хэвлэлийн үйлчилгээ эрхэлдэг Print Pro-г онцолж байна. Тэд хиймэл оюун ашиглан хэрэглэгчдэдээ хэзээ ч, хаанаас ч хэвлэлийн захиалга өгөх, цагаа хэмнэн хүргүүлэх боломжийг олгодог. Ингээд нэрийн хуудас болон дагалдах хэрэгслүүдийг хийсэн шиг хийж, бэлэг болгон барьдаг Print Pro-гийн үүсгэн байгуулсан Б.Эрхэмбаяр, Ц.Гантулга нарын ярианд анхаарлаа хандуулна уу.

Бизнесийн нэр: Print Pro
Хаяг: Business Tower-ийн 19-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Онлайн хэвлэлийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2018 оны долоодугаар сар
Үүсгэн байгуулагч: Б.Эрхэмбаяр, Ц.Гантулга
Цахим хуудсууд: Print Pro (Фэйсбүүк), Printpromongolia (Инстаграм)

Зүүн гараас: Б.Эрхэмбаяр, Ц.Гантулга

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Анх тун санаандгүй байдлаар энэ санааг олсон. Бид нэг захиалгаа гүйцэтгэж байгаад алдаа гаргаж, түүнийгээ дахин хэвлэх шаардлагатай болсон юм. Хэрэглэж болохуйц хоёр хуудас илүү гарсан байхаар нь нэрийн хуудас хэвлэхээр шийдээд фэйсбүүктээ зар тавьтал маш олон хүн захиалдаг юм байна. Ингэж завгүй хүмүүсийн нэрийн хуудасны хэрэгцээг хангах бизнесийн орон зай байгааг олж харсан. Улмаар фэйсбүүк чатаар нэрийн хуудасны загварыг гаргуулах санааг бодож олсон юм. Ийм чатбот үйлчилгээ хүмүүст хүссэн үедээ, хаа байгаа газраасаа нэрийн хуудас захиалах боломжийг олгоно. Дээр нь захиалга нь бэлэн болмогц хүргэж өгөн хэрэглэгчийн цагийг их хэмнэж байгаа юм. Мэдээж хэрэг нэрийн хуудас хийдэг газар тоймгүй олон бий. Тэрхүү уламжлалт модель дээр бид мэдээллийн технологийн “чимх давс” нэмээд л хэрэглэгчдэдээ илүү ашигтай, хүртээмжтэй бизнесийг бий болгосон нь энэ.

Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

Бид хоёр арван жилийн нэг төгсөлтийн хүүхдүүд. Аль 2010, 2011 оноос л IT чиглэлээр хамтарч юм хийх гэж оролдож эхэлсэн. Print Pro бид хоёрын бүр тав дахь оролдлогын үр дүн. Нэг нь IT, нэг нь хэвлэлийн салбарынх болохоор сайн хоршил болсон. Тэгээд өмнө нь харилцаатай байсан компанийн хэвлэлийн экспертийг багтаа авсан. Харин дизайнер олох гэж нэлээн их ажил болсон. Одоо байгаа дизайнерууд маань анхнаасаа энд бэлтгэгдсэн хүмүүс.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэж байсан бэ?

Бидэнд код бичиж, дизайн гаргахын тулд хурдтай компьютерууд хэрэгтэй. Тиймээс өөрсдийн компьютерууд, гэртээ байсан хуучин дэлгэцүүдийг нийлүүлж “волтрон” босгосон (инээв). Манайхыг хүмүүс хэвлэх үйлдвэртэй гэж андуурдаг. Өмнө нь хэвлэлийн зах зээл дээр цаас импортлон зардаг байсан тул тухайн үед хамтарч байсан олон компаниар бүтээгдэхүүнээ хэвлүүлж, бид дизайн, захиалгадаа гол хүчээ хаядаг. Хэвлэлийн үйлдвэр барихын тулд таван зуун саяас нэг тэрбумын хөрөнгө хэрэгтэй. Тэгээд ч Монгол хэвлэлийн үйлдвэрүүд хангалттай олон, хамтраад ажиллачих боломжтой учраас өөрсдөө хэвлэх шаардлагагүй гэж үзсэн.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Юуны түрүүнд хэрэглэгч нэрийн хуудсаа онлайнаар хаанаас ч, хэзээ ч захиалаад хүргэлтээр авчихна. Үүнээс гадна манай гаргадаг дизайнууд сайн гэж хэлнэ. Дизайн дээрээ эмэгтэйлэг, албаны зэрэг бэлэн категориуд гаргасан тул хэрэглэгчдийн цагийг хэмнэдэг. Мөн хэрэглэгчтэй текстээр харилцдаг болохоор алдаа гарах магадлал маш бага.

Нэрийн хуудас хийлгэхээр холбогдож байгаа зарим хүмүүст компани, байгууллагын лого байхгүй тохиолдолд бид логог нь хурдан, хямд хийж өгдөг. Түргэн хоол амттай бөгөөд боломжийн үнэтэй байдагтай л адил. Хэн нэгэнд нэрийн хуудас хэрэг болж байна гэдэг нь тэр хүн ажил, бизнесийн харилцаанд орох гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүнд дугтуй, албан бланк зэрэг бусад дагалдах эд материалууд бас хэрэг болох магадлалтай. Тиймд бид нэрийн хуудасных нь дизайнаас санаа авч бусад бүтээгдэхүүний загвар гаргадаг.

Цаг нь тулсан захиалгыг ч гэсэн бид гаргаж өгдөг. Ихэнх хэвлэх газрууд ямарваа материалыг олон тоогоор л хэвлэнэ гэдэг бол манайх 100, 200 байсан ч хэвлэж өгдөг. Хэвлэлийн газар очоод эхээ батлуулна гэх мэт төвөгтэй процесс манайд байдаггүй.

Танай бизнесийн ойрын болон хэтийн зорилго юу вэ?

Бидний ойрын зорилго бол бүтээгдэхүүний багцдаа улирал тутам нүүр бардам санал болгож чадах нэг бүтээгдэхүүн нэмэх. Хэтийн зорилго бол Монгол орон дахь интернет хүрсэн бүх газарт хэвлэлийн үйлчилгээг хүргэх. Манайд хөдөө орон нутгаас бас их захиалга орж ирдэг.

Танай бизнесийн үнэт зүйл, баримталдаг зарчим юу вэ?

Хамгийн гол нь хэрэглэгчээ сэтгэл ханамжтай байлгах. Орчин үед хүмүүсийн амьдралын хэмнэл асар хурдан болоод байгаа шүү дээ. Тэр хурдтай хөл нийлүүлэн, хүмүүст хүрч үйлчлэх нь бидний үүрэг. Бид өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж урагшлахыг зорьдог.

ЯГ ОДОО ЯМАР АЖИЛ ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Програмын хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа. Одоохондоо нэрийг нь нууцалъя. Хэвлэлийн үйлчилгээний хувьд өмнө нь ихэвчлэн хувь хэрэглэгчидтэй хамтарч ажилладаг байсан бол одоо байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Байнгын харилцагчид ч нэмэгдэж байна. Дунд тушаалын менежерүүд олонтой банкууд, томоохон байгууллагууд чатботоор захиалах сонирхолгүй байдаг тул ийм шинэ аргачлалыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

Нэрийн хуудас гэдэг бол ажил хэрэг, бизнесийн ертөнцийн нэг чухал хэрэглүүр, соёл шүү дээ. Хүмүүсийн энэ хэрэгцээг хангаж, хаана, хэнд ч барихад нүүр улайхааргүй нэрийн хуудсыг нэн шуурхай, зардал чирэгдэлгүй гаргаж өгдөг нь тухайн хэрэглэгчид төдийгүй бидэнд өөрсдөд урам өгч байдаг. Энэ бизнесээ сайжруулах, шинэ санаанууд гаргах боломж бидэнд их байгаа гэж боддог. Хийж бүтээж буй хүмүүст асуудал бэрхшээл гарах нь тодорхой ч адилхан хүн болгонд л тохиолдож байгаа, даваад гарах л ёстой гэдэг үзэл хандлагатай байх ёстой гэж боддог.

ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭЭД БУЙ, ЭХЛҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ХҮМҮҮСТ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Ажил бизнестээ орчин үетэйгээ хөл нийлүүлсэн ухаалаг технологиуд ашиглаарай, битгий шантраарай гэж хэлнэ. Монголчууд бид угийн цөөхүүлээ, хүний нөөц багатай учир аль болох технологиор асуудлыг шийдэх хэрэгтэй гэж боддог. Өөрсдөө болгож болохоор байвал заавал бусдаас хөрөнгө оруулалт авах шаардлагагүй гэж боддог. Өөрсдийгөө зөв үнэлж, өрсөлдөх давуу талаа тодорхой гарган ирэх шаардлагатай. Тэр нь хямд үнэ байх албагүй. Жишээ нь хамгийн хурдан нь, эсвэл хамгийн бүтээлч нь байж болно шүү дээ.

ХЭРЭГЛЭГЧДЭЭС ИРДЭГ ЗАРИМ СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Хэрэглэгчид маань сүүлийн үед нэрийн хуудасныхаа зургийг дарж сошиал медиад тавьдаг болсон байна лээ. Бид өөрсдөө хүсээгүй, гуйгаагүй байхад ийн талархлын үгтэйгээр сошиал хуудсандаа оруулж байгаа нь үнэхээр сайхан санагддаг. Түгээгчээсээ сонсоход, ялангуяа эмэгтэй хүмүүс нэрийн хуудсаа “Бэлэг юм уу” гээд жигтэйхэн догдолж хүлээж авдаг гэсэн.

16629   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Номинжаргал

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.