Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 26, 2019

7 хоногийн тойм: Хаадын тоглоомын төгсгөл + Ерөнхий сайдын нулимс + Хуавэйн огцом хямрал

Ковер зургийн тайлбар: Гайхалтай аялал, сэтгэл хөдөлгөсөн түүх байлаа, баярлалаа!

Онцлох: HUAWEI-ИЙН ХЯМРАЛ

АНУ-Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайны магадгүй хамгийн эхний, хамгийн том золиос нь "Huawei" боллоо. Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Д.Трамп үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй гадаадад үйлдвэрлэсэн харилцаа холбооны хэрэгсэл худалдаж авахыг хориглох зарлиг буулгаснаар үйл явдал эхэлсэн. Хэдий тодорхой нэр заагаагүй ч, тагнуулын зорилгоор дата цуглуулдаг хэмээн буруутгагдсаар удаж буй Huawei-д чиглэсэн шийдвэр боллоо хэмээн ихэнх мэргэжилтнүүд үзэж байсан нь буруудсангүй.

Энэ шийдвэрийн дараагаар Google хамгийн эхний алхмыг хийж, өөрсдийн хөгжүүлдэг Android үйлдлийн систем ашиглах лицензийг цуцалж байгаагаа зарласан юм. Үүнээс гадна тэд Google Play болон Play Store луу нэвтрэх эрхийг нь хязгаарласнаа ил болгосон нь Huawei-ийн гар утсанд шинэ апдэйт хийгдэх боломжгүй боллоо гэсэн үг.

Үүнтэй зэрэгцэн Microsoft ч тэдний бүтээгдэхүүнийг өөрсдийн Windows Store-оос хассан нь анхаарал татав. Дэлхийн тэргүүлэх чип үйлдвэрлэгч Intel, Qualcomm, Broadcom ч тэднийг дагаж, бүтээгдэхүүн нийлүүлэлтээ зогсоож, гэрээгээ цуцлах шийдвэр гаргажээ. Германы чип үйлдвэрлэгч Infineon мөн нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлт хийх уулзалт хийх хүртэл нийлүүлэлтээ зогсоосон нь Европын Холбоо ч АНУ-г дагаж магадгүй нь гэсэн дүр зургийг үүсгэлээ.

Гэхдээ эдгээрээс хамгийн онцлох нь ARM гэрээгээ цуцалсан явдал байв. ARM-ийн бүтээгдэхүүн, дизайн, патент нийт ухаалаг төхөөрөмжийн 90 хувьд нь ашиглагдсан байдаг. Их Британид төвтэй, Softbank-ийн эзэмшдэг ARM-ийн хориг тэдэнд Андройдын лицензээ цуцлуулснаас ч хүндээр тусах магадлалтай.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Huawei өөрсдийн үйлдлийн системийг аль хэдийн хөгжүүлж эхэлсэн бөгөөд ирэх оны эхний улиралд багтаан танилцуулах зорилготой байгаа гэнэ. "Hongmen" нэртэй уг төслийн хүрээнд тэд Андройдоос хамааралгүй болох зорилготой байгаа гэнэ. Хятадын хэрэглэгчид ч Huawei-ийн талд зогсоно гэдгээ сошиал хуудсуудаар мэдээлж, Google, Apple зэрэг өрсөлдөгчдийнх нь бүтээгдэхүүнийг ашиглахгүй байх уриалга ч яваад эхэлжээ.

The Verge: Huawei-ийн Андройд, Windows-тэй өрсөлдөх оролдлого яагаад бүтэлгүйтэх вэ?
Techradar: Huawei-ийн хоригийг тайлбарлах нь

Huawei энэ дайнд тэсэж үлдэж чадах уу?

Дэлхий дахинд

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Энэ долоо хоногийн эхээр түүний Brexit-ийн ээлжит төлөвлөгөө дэмжлэг авч чадаагүй нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөллөө хэмээн үзэж байна. Улсынхаа орчин цагийн түүхэн дэх хамгийн эгзэгтэй үед засгийн газраа тэргүүлж байсан тэрээр 6-р сарын 7 хүртэл намын дарга, ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх юм. Өдгөө 62 настай тэрээр мэдэгдлийнхээ үеэр энэ алба ямар үнэ цэнтэй, нэр төрийн хэрэг байсныг дурдаж, Brexit-ийн үйл явцыг бодит болгохын төлөө бүх хүчээ зориулсан гэдгээ нулимс дуслуулан онцолжээ.

BBC: Их Британийн дараагийн ерөнхий сайд хэн бэ?

Дэлхийн хамгийн өндөр цэг Эверэстийн оргилд энэ долоо хоногт л гэхэд долоон уулчин амь насаа алджээ. Энэ нь өнгөрсөн жилийн нийт тооноос давсан үзүүлэлт бөгөөд эрх баригчид оргилыг эзлэх зөвшөөрлийг хэт олноор гаргаж, "түгжрэл" үүсгэсэнтэй холбоотой хэмээн экспертүүд үзэж байна. Энэ хавар Непал улс тус бүр нь 11 мянган долларын үнэтэй 381 зөвшөөрлийг гаргасны улмаас оргилд хүрэх зам энгийн үеэс ачаалалтай болж, уулчид ядралт, хүчилтөрөгч дутагдлын улмаас ихээхэн хүндрэлтэй нүүр тулгарч байгаа нь энэ юм.

AP: Непал газарчин 24 дэх удаагаа Эверэстийг эзэлж, рекорд тогтоов

Англи улс 2020 оны 4-р сараас эхлэн хуванцар соруул, хутгагчийг хэрэглээнээс бүрэн хориглох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нь олон оронд жишиг болохуйц, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг далайцтай нөлөө үзүүлэхүйц үйлдэл боллоо хэмээн экспертүүд талархан хүлээж авч байна. Европ тив жил бүр 25 сая тонн хуванцар хаягдал гаргадаг бөгөөд ердөө 30 хувь нь л дахин боловсруулагддаг аж.

Холливудын хамгийн нөлөө бүхий продюсеруудын нэг Харви Вэйнштейн "бэлгийн хүчирхийлэл, дарамт" үзүүлсэн хэмээн буруутгасан нэр бүхий хохирогчидтой тохиролцоонд хүрсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. Нийт 44 сая долларын өртөгтэй уг тохирооны хүрээнд түүнд оноосон зарим хэрэг шүүхээс өмнө эргүүлэн татагдана гэсэн үг. Гэхдээ тэрээр ирэх 6-р сард Нью Йорк хотноо хамгийн эхний хоёр хохирогчийн асуудлаар шүүхэд дуудагдаад байгаа билээ.

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо 2022 оны ДАШТ-д оролцох багуудын тоог өмнөх жилүүдтэй ижил 32 байхаар тогтоосон шийдвэр гаргалаа. Катарт явагдах тус тэмцээн анхны 48 баг оролцсон дэлхийн аварга байх урьдчилсан төлөв гараад байсан ч улс төрийн болон ложистикийн асуудлаас шалтгаалан ФИФА эрсдэл гаргахыг хүссэнгүй. Гэхдээ 2026 онд АНУ, Канад, Мексикт явагдах ДАШТ 48 багтай зохион байгуулагдах өндөр магадлалтай байгаа юм.

Эверестийн оргилд хүрэх гэж хэчнээн их түгжирч байгааг хар даа?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

SpaceX дэлхийг өндөр хурдтай бөгөөд хямд үнэтэй интернетээр хангах Starlink төслөө эхлүүллээ. Тэд өнгөрөгч долоо хоногт хамгийн эхний 60 хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн нь том алхам болов. Сонирхуулахад, Starlink нийт 12 мянган хиймэл дагуул хөөргөж, жилд 30 тэрбум долларын зах зээлийг үүсгэх зорилготой байгаа юм. Элон Маскийн өөр нэг компани The Boring Company энэ хооронд Лас Вегас хотноо туннель барих 48.7 сая долларын тендерт ялалт байгуулжээ.

Facebook 2020 оны эхний улиралд багтаан блокчэйнд суурилсан криптовалют гаргах тухай эх сурвалжууд мэдээлж байна. "GlobalCoin" хэмээн нэртэй уг цахим валютыг тэд 2 тэрбум илүү хэрэглэгчтэй платформ дотроо илүү аюулгүй, хялбар байдлаар худалдаа ба гүйлгээ хийхэд ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм.

Хятад улс дэлхийн хамгийн хурдан галт тэргийг бүтээж, туршиж эхэлснээ зарлалаа. 2021 онд зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж буй уг галт тэрэг 600 км/цагийн хурдтайгаар хэрэглэгчдийг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд Бээжин, Шанхай хотуудын хооронд зорчих хугацааг нэг цагаар урагшлуулж, 3 цаг 30 минутын аялал болгох зорилготой гэнэ. Сонирхуулахад, 2015 онд япончууд галт тэргээ 603 км/цаг хурдлуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан юм. Тэд Токио, Нагояа хотуудын хооронд 505 км/цагийн хурдтай зорчих галт тэрэгний шугамыг 2027 онд ашиглалтанд оруулахаар зэхэж байгаа билээ.

Тэгвэл Атлантад төвтэй Hermeus хэмээх стартап дуунаас хурдан зорчигч тээврийн онгоц бүтээх санхүүжилтийг босгосноо зарлалаа. Mach 5 хэмээх нэртэй уг загвар цагт 5300 км/цагийн хурдтаар нисэх чадалтай бөгөөд Нью Йоркоос Лондон хүрэхэд ердөө 90 минутыг л зарцуулна гэнэ. Өнөөдөр аялагчид энэ чиглэлд зорчиход 7 цагийг зарцуулдаг бөгөөд 3000 долларын үнэтэй борлуулагдах уг аялал тээврийн салбарт хувьсгал хийх боломжтой хэмээн экспертүүд үзэж байна.

Ухаалаг нүдний шилний зах зээлд анхдагч болон танилцуулж байсан Glass-ийн шинэ хувилбараа Google зарлалаа. Гэхдээ тэд энэ удаа Google Glass-ийг "туршилтын" гэсэн статусгүйгээр гаргаж, үндсэн бүтээгдэхүүнийхээ цэсэнд нэмсэн нь анхаарал татав. "Мэс засалчид, үйлдвэрийн ажилчид болон бусад нарийн мэргэжлийнхэнд" зориулсан гэсэн тодотголтой уг шил 999 доллараар зарагдах бөгөөд илүү хүчирхэг, илүү сайн камертай болсноос гадна USB-C орогчтой болсон байна.

Starlink-ийн цуваа олон хүнийг UFO-г харчихлаа хэмээн эргэлзэхэд хүргэв

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Бразилын Natura компани 133 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн алдартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэндүүдийн нэг Avon-ийг 2 тэрбум доллараар худалдан авлаа. Ингэснээр Natura салбарынхаа 4 дэх том тоглогч болж байгаа нь энэ. Тэд 2013 онд Aesop, 2017 онд The Body Shop-ийг мөн эгнээндээ нэгтгээд байсан билээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ал Горийн үүсгэн байгуулсан Generation хөрөнгө оруулалтын фирм 1 тэрбум долларын шинэ сан үүсгэснээ зарлалаа. Тэд хүрээлэн буй орчин, эрүүл мэнд болон хүртээмжтэй санхүүжилт гэсэн чиглэлүүдээр ажиллаж буй стартапуудад 50-150 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна. Одоогоор тус сангийн портфолиод Asana, DocuSign, Andela тэргүүтэй стартапууд багтдаг.

15 сая идэвхтэй хэрэглэгчтэй, график дизайн, бүтээлч ажлын платформ Canva 2.5 тэрбум долларын үнэлгээтэйгээр шинэ хөрөнгө оруулалт татсан байна. Canva үүнээс өмнөхөн үнэгүй, чанартай зураг түгээгч Pexels болон Pixabay-ийг худалдан авснаа зарлаад байсан билээ. Уг санхүүжилт нь мөн технологийн салбарын хамгийн алдартай тайланг эрхлэн гаргагч Мэри Микерийн хөрөнгө оруулалтын Bond сангийн анхны ажил болсноороо онцлогтой юм.

АНУ-ын тэрбумтан Роберт Смит Morehouse College-ийн төгсөлтийн баярын үеэр 2019 онд сургуулиа төгсөж буй бүх 396 оюутны сургалтын төлбөрийн өрийг төлөх болсноо зарлаж шуугиан тарив. 40 сая долларын энэхүү амлалт нь Америкийн өнөөгийн нийгмийн хамгийн чухал асуудлуудын нэг болоод буй боловсролын өртөг рүү олны анхаарлыг хандуулах завшаан болов. 4.4 тэрбум долларын хөрөнгөтэй, 65 мянган ажилтантай Vista Equity Partners-ийн үүсгэн байгуулагч Р.Смит өнгөрсөн жил Опра Уинприг гүйцэн, АНУ-ын хамгийн баян өнгөт арьст эрхэм болсон билээ.

Америкийн үүрэн телефоны зах зээлийн топ тоглогчид болох T-Mobile ба Sprint-ийн нэгдлийг зөвшөөрнө гэдгээ Холбооны Харилцааны Комисс мэдэгдлээ. 26 тэрбум долларын өртөгтэй уг нэгдэл нь ирэх гурван жилд Америкийн зах зээлийг 5G сүлжээнд холбох боломжийг үүсгэж байгаа нь энэ шийдвэрийн гол агуулга гэдгийг тэд онцолжээ.

Төгсөлтийн баярын төгс бэлэг!

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Сүүлийн 9 жилийн хугацаанд телевизийн хамгийн эрэлттэй бөгөөд алдартай цуврал байж, үзэгчдийг байлдан дагуулсан "Game of Thrones" өндөрлөлөө. Сүүлийн бүлэг, сүүлийн ангийн өрнөл олон үзэгчдийн урмыг хугалсан байж болох ч тус кино "уламжлал ёсоор" дээд амжилтууд тогтоосоор дуусаж байна. Сүүлийн ангийг нийт 19.3 сая үзэгч шууд үзсэн нь өмнөх ангийнхаа тогтоосон дээд амжилтыг 900 мянгаар ахиулсан үзүүлэлт болжээ. 8-р бүлгийн нэг ангийг шууд болон стриминг, ухрааж болон давталтаар 44.3 сая үзэгч үзсэн нь мөн дээд амжилт болсон байна.

Vox: "Game Of Thrones"-ийн сүүлийн ангийн ялагчид ба ялагдагчид

72 дахь удаагийн Каннын кино фестивал өндөрлөж, шилдэг бүтээлийн шагнал болох "Алтан далдуу мод"-ын эзнээр БНСУ-ын найруулагч Бон Жон Хогийн "Parasite" кино тодорлоо. Сенегалын найруулагч, жүжигчин М.Диопын "Atlantics" Гран При шагналын эзэн болсноос гадна Netflix-тэй түгээлтийн гэрээ байгуулсан байна. Шилдэн эрэгтэй жүжигчнээр алдарт Антонио Бандерас, шилдэг эмэгтэй жүжигчнээр Эмили Бичам нар тодорчээ.

CNN: Каннын наадмын ялагчид баг ялагдагчид

Lionsgate Хятадын Жухай хотын Хэнчин хэмээх арал дээр өөрсдийн хамгийн алдартай кино, дүрүүдээс сэдэвлэсэн амралт, зугаа цэнгэлийн парк байгуулах болсноо зарлалаа. 7-р сард ашиглалтанд орох уг паркийн гол тоглоомууд нь "Twilight", "Hunger Games" зэрэг хит бүтээлүүдийнх байна гэнэ. Disney, Universal зэрэг өрсөлдөгчдийнхөө араас ийнхүү парк байгуулж буй Lionsgate жилд 1.5 сая зочин хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.

Видео тоглоомын зах зээлийн хамгийн том өрсөлдөгчид болох Sony, Microsoft хамтран ажиллах болсноо зарласан нь салбарыг донсолгосон мэдээ боллоо. Тэд Microsoft-ийн Azure буюу клоуд дээр суурилсан тоглоом, контентын шинэ платформ хөгжүүлэхэд хамтрах юм. Xbox, Playstation төхөөрөмжүүдээрээ өрсөлдөж байсан тэд Google, Amazon, Apple-ийн хүч түрэн орж ирж буй зах зээлд давуу байдлаа алдахгүйн тулд нэгдэж буй нь энэ. Сонирхуулахад, Sony өнгөрсөн долоо хоногт хувьцаа эзэмшигчдийн хурлынхаа үеэр Playstation 5-ийн анхны загвар, үзүүлэлтүүдийг ил болгожээ.

The Verge: Microsoft, Sony-ийн нэгдлийг тайлбарлах нь

Disney-ийн хамгийн алдартай дүрүүдийн нэг Алладины түүхээс сэдэвлэсэн шинэ кино бокс оффист 100 сая долларын орлого олон, нэгдүгээр байрыг эзэллээ. Уг түүхийн эхний анимэйшн хувилбар 1992 онд гарч, дэлхий даяар 500 сая долларын орлого олон, хоёр ч Оскарын шагналыг хүртэж байсан удаатай. Өнгөрсөн долоо хоногийн лидер "John Wick 3", "Avengers: Endgame", "Detective Pikachu" дараагийн байруудыг эзэлжээ.

Lionsgate-ийн паркаар хэн аялахыг хүсэж байна?

алдалгүй унших арван мэдээ

QZ: Улаан бурханы тархалтыг зураглах нь
Бидний бүрэн ялчихлаа гэж бодсон өвчин гэнэт тархаж эхэлснийг та анзаарсан уу?

Techcrunch: Криптог юу аврах вэ?
Хүн болгонд эргэлзээ төрүүлсэн хэвээр буй крипто эргэн ирж чадах уу?

NYTimes: Google-ийн AI туслах Duplex-ийн ард заримдаа хүн байдаг
Нийт дуудлагын 25 хувийг жинхэнэ хүн хийдэг гэвэл та итгэх үү?

FB: IRI-д ажиллахыг хүсэж байна уу?
1992 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагад ажиллахыг хүсэж байна уу?

Forbes: Apple-ийн WWDC-ээс юу хүлээх вэ?
6-р сарын 3-нд Apple iOS13, MacOS, Dark Mode-ийг танилцуулах нь баттай хэдий ч...

Variety: А.Лэвайн 16 улирлын дараа The Voice-ийг орхилоо
Maroon 5-ийн дуучин энэ шоуны хамгийн алдартай, хамгийн амжилттай шүүгч байв

Gizmodo: Соникийн кино 2020 он хүртэл хойшиллоо
Бүтээгчид фенүүдийн шахалтаар соникийн дүрд "засвар" хийх болжээ

CNN: Боб Марлигийн охин хэрхэн Ямайкийн хөлбөмбөгийн аврав?
Эмэгтэйчүүдийн ДАШТ 6-р сарын 7-нд эхэлнэ

The Verge: Huawei-ийн дараа DJI-ийн дроныг хорих уу?
DJI-ийн дронууд дата цуглуулдаг байж магад гэнэ

BI: Индонезид сошиал медиа хэрэглээг хязгаарлалаа
Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал хэд хэдэн хүний аминд хүрчээ

12231   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.