Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   05 сарын 27, 2019

Онцлох бизнес: MCP - Тэмдэглэлт өдрүүдээр тантай хамт

Баяр... Aмьдралд ирсэндээ талархах төрсөн өдөр, ажил амжилтаараа бахархах байгууллагын ой ... Гэхдээ баяр дотор “нандин” баяр бас бий. Энэ бол хүссэн хүн бүр тэмдэглээд байдаггүй хуримын ёслол юм. Амьдралд магадгүй ганц тохиох энэ торгон мөч ч бас “онцгой” байх нь зүйн хэрэг. Энэ л онцгойг төгс цогцлоодог MCP компанийн үүсгэн байгуулагч Б.Энхсайхантай ярилцлаа. Хурим төдийгүй бүх тэмдэглэлт өдрүүдийг тэд жинхэнэ БАЯР болгон аз жаргалыг түгээдэг.

Бизнесийн нэр: MCP
Үйл ажиллагааны чиглэл: Арга хэмжээ зохион байгуулалт, чимэглэлийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2003 он
Үүсгэн байгуулагч: Б.Энхсайхан
Хаяг: Улаанбаатар Их Дэлгүүрийн зүүн талд, UB Town, 38 / 2
Сошиал хуудас: MCP (Фэйсбүүк)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би багын л чимхлүүр ажилд дуртай, цаг их ордогт нь хэзээ ч төвөгшөөдөггүй, бас анзаардаггүй байсан. Нягт нямбай төлөв шаарддаг энэ төрлийн ажлаас миний хобби болоод бизнес болсон нь чимэглэх урлал юм. Харин чимэглэл гэх энэ жижигхэн деталь зүйл бол асар том агуулга, утга санааг илэрхийлдэг гэдгийг сурахаар очсон Герман улсынхаа шинэ жилийн сүр жавхлант чимэглэлүүдээс ойлгож мэдэрсэн. Засал чимэглэл нь хэн энэ баярыг яагаад, юуны учир тэмдэглэж байгаа вэ гэдгийг шууд л “хүүрнэн өгүүлдэг”.

Баяраар угтаад, баяраар үдээд, баяртайгаар санагалзан дурсах үүрдийн торгон агшныг зүрх сэтгэлд бөхлөхүйц тийм чимэглэл заслыг монголчуудынхаа баярт хийх юм сан гэсэн хүсэл тэр үед үнэхээр надад төрсөн. Ирэнгүүтээ буюу бараг 12 жилийн өмнө “Chrismas Market” шинэ жилийн чимэглэл борлуулах үзэсгэлэн хийлээ. Санаснаас хавьгүй өргөн хүрээтэй том худалдаа өрнөсөн шүү. Хүмүүсийг л гэртээ чимэглэл авна гэж бодтол олон байгууллага шинэ жилийн чимэглэлээ манайхаас сонгож эхэлсэн. Үзэсгэлэнд маань ирсэн хүн болгоны асуулт бүрд хариулахыг хичээж байснаа санаж байна. Ийм нээлттэй байсан болохоор ялангуяа байгууллагууд баярын үйл ажиллагаа, засал чимэглэл зэргийн талаар төрөл бүрийн зөвлөгөө авч 6 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Тэгтэл нэг өдөр олон улсын сүлжээ нэр хүндтэй өндөр зэрэглэлийн “Кемпинский” зочид буудал хуримын чимэглэлийг биднээр гүйцэтгүүлэх жилийн гэрээ үзэглэж, бизнесийн маань өргөжин дэвших хаалгыг нээсэн юм даа. Эргээд дурсахад үнэхээр таатай байна.

Анхны хөрөнгө оруулалт санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?

Өөрөө л өөрийгөө санхүүжүүлсэн. Компанийн төсөөлөл бүтнээрээ харагдахуйц хөрөнгө оруулалт биш ч эхний захиалгын гүйцэтгэлийн зардлыг шийдэж байлаа. Ажлын гараа тухайн цаг үедээ амаргүй мэт байсан боловч эргээд санах тусам саад бэрхшээл биш байжээ гэдгийг ойлгодог.

Танай үйлчилгээний давуу тал юу вэ?

Үйлчилгээ гэдэг бол хүмүүсийн “Баяр” гэж төсөөлж байгаа төсөөллийг нь хөрсөн дээр буулгаж, эргээд тэрхүү биежсэн төсөөллөөр төрөл төрлийн мэдрэмжийг төрүүлэн сэтгэл зүрхийг нь хөглөхөд чиглэсэн цогц хөдөлмөр юм. Тэгэхээр манай давуу талууд үйлчилгээний онцлогоосоо хамаараад төрөлжихөөс өөр аргагүй л дээ.

Манай компанийн гол давуу тал бол туршлага. Ажилдаа тууштай зорьж, тухайн салбарт туулах ёстой замаа гар, биеэрээ туулж, мэдэх ёстой бүхнээ мэднэ гэдэг бол бүх төрлийн бизнесийн ганхашгүй суурь, амжилтын батлагдсан арга болохоор бид туршлагаараа үнэхээр түрүү барьдаг. Бид байнгын үйлчлүүлэгчтэй болох гэж 10 гаруй жилийн хугацаанд реклам сурталчилгаа хийж байгаагүй нь манай үйлчилгээг үнэлэх том үнэлэмж гэж боддог. Баярын бэлтгэл ажил их стресс дагуулдаг. Байхгүй юм хайж цагаа үрнэ, яах вэ гэсээр цагаа тулгана. Тиймээс манай компани үйлчлүүлэгчдийнхээ баярт бэлтгэх ажлын цагийг зөв зохион байгуулдаг. Стресстүүлдэг гол ажлыг нь өндөр түвшин зохион байгуулах үед л хосууд хорвоод ганц тохиох чухал өдрөө цаанаасаа гэрэлтэж аз жаргалаар бялхдаг.

Бид ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага хувь хүмүүстэй бус өөрсдийн урьд өмнө хийсэн чимэглэлтэйгээ өрсөлддөг. Төгс төгөлдөрт ойртсон, сэдэл сэтгэлгээний хувьд дахин давтагдашгүй, материалын зөв сонголт болоод үргэлжилд шинэ байх гэсэн амбицаар ажилдаа хандаж, сэтгэсэнтэйгээ дүйцэхүйц гүйцэтгэлийг санал болгодог. Манай чимэглэл бол нэг ч илүү дэл сул юмгүй, байх ёстой газраа тодруулж, товойлгож болох бүх ач холбогдлыг жигд нэгэн зэрэг илэрхийлж, тансаг, эрхэмсэг хэрнээ зөөлөн дотно уур амьсгалыг өгдөг. Зарим хүмүүс ганган хүүхэнд гархи нэмэр гэдэг шиг засал сонирхдог л доо. Гэхдээ тухайн зүйл чимэг болон гоёж чадаж байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлохын тулд бүх өнцгөөс харах буюу харсан мэт төсөөлөх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл хүмүүс нэг л газар бүгдээрээ давхралдаад суухгүй шүү дээ. Ер нь их нарийн чимхлүүр ажил гэдгийг дахин дахин тодотгомоор байна.

Энэ бүх давуу талыг хамгийн гол ажилдаа сэтгэлтэй хандаж байж л бий болгодог. Ажил мэргэжилдээ хайртай, торгон мэдрэмжтэй хүмүүс нэг дор цуглана гэдэг ховор тохиол. Товчхондоо бид ажил хийдэггүй, баярыг цогцлоогчид. Энэ ажил сэтгэлгүйгээр урагшаа нэг ч алхахгүй. Сэтгэлтэй зүтгэлтэй баг хамт олон маань манай том давуу тал.

Танай компанийн ойрын болон хэтийн зорилго юу вэ?

Тэмдэглүүштэй өдрөө мартаж цагийг нь тулгаж бидэнд хандах тохиолдол их байдаг. Баярыг агуулгаар нь тэмдэглэнэ гэдэг том соёл. Баяр гэдэг зөвхөн тэмдэглэлт өдрүүдээр хязгаарлагдахгүй шүү дээ. Анх танилцсан өдөр, анх хайр мэдэрсэн өдөр гээд амьдралыг эд материалаас илүү тэтгэх олон дурсамжийг баяр болгох боломж дүүрэн байдаг. Энэ ч учраас бид бизнесээ өргөжүүлэн гишүүнчлэлийн хэлбэрийг нэвтрүүлэхээр зорьж байна. Манай гишүүд өөрийнх нь аз жаргал, амжилттай холбоотой чухал өдрийг хэзээ ч мартахгүй. Яагаад гэвэл бид урьдчилан тэдэнд сануулж, тэмдэглэх зохион байгуулалтыг нь хийх юм. 2020 оноос хэрэгжүүлнэ. Хэн нэгэнд чи үнэ цэнтэй давтагдашгүй гэдгийг илэрхийлж баярлуулна гэдэг хайрын дээд хүндлэл шүү дээ.

Танай бизнесийн гол зарчим юу вэ?

Нэгдүгээрт итгэл. Хүмүүс амьдралынхаа хамгийн чухал мөчийг бидэнд даатгадаг. Би дээр хэлсэнчлэн баяраа төсөөлсөн хүний төсөөллийг биежүүлдэг. Шууд харуулах, бариулах зүйлгүй ч тайлбар сонсоод сайхан болох юм байна гэсэн итгэл манай үйлчлүүлэгчдэд төрдөг. Үүнийг алдахгүй байх нь бидний тулгуур зарчим. Хоёрт үүрэг хариуцлага, ёс зүй. Бидний ажил бол хүн баярлуулах. Тухайн хүний сэтгэлд нийцсэн хэлбэр, арга замыг олж, зөв мэдээ мэдээллээр хангах, аль болох эрсдэлгүй, үргүй зардал гаргалгүй үйлчлэх нь бидний үүрэг хариуцлага, ёс зүй юм.

Та одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Хуримын сар хараахан эхлээгүй ч бид аль хэдийн хуримын захиалгад дарагдчихаад байна. Хуримын хөтөлбөрт оруулж болох сэтгэл хөдөлгөсөн өвөрмөц санаа уралдуулан явж байна. Урьд нь би чимэглэлийн ажилдаа биечлэн оролцдог байсан бол одоо материал сонголт болон гүйцэтгэлийн хяналт, баг хамт олныхоо сургалт хөгжил, үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөгөөнд илүү анхаарч ажиллахаар шийдсэн. Ер нь зав тун хомс явна даа.

Энэ талын бизнесийг эрхлэхийн давуу тал бас хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

Бидний ажил бол дандаа баяр баясал, эрч хүч, шинэ санаа, итгэл найдвар, нэр хүнд, аз жаргалыг хүнд өгөх явдал. Хүмүүсийн нүднээс сэтгэл дүүрэн баяр харна гэдэг миний амьдралаас авахыг хүсдэг “тэжээл”. Зорьж эзэмшсэн мэргэжлээ орхиод энэ бизнесийг хийсэн нь үүнтэй л холбоотой. Бэрхшээлтэй талууд бол багассаар л байгаа. Зарим тулсан үед нэг хоёр хоног нойргүй ажиллана. Энэ бол бэрхшээл биш, бизнес-мэргэжлийн онцлог юм даа.

Хэрэглэгчдээс ямар сэтгэгдэл хамгийн их ирдэг вэ?

Зүрхэн лайк их ирдэг шүү. Ингэнэ гэдэгт ч би эргэлздэггүй. Үйлчлүүлэгчид маань бас нэг баяр нь тулсан, сандарсан найзаа авчирна. Тэд бас зүрх илгээнэ. Ингээд л зүрхэн хэлхээ улам бүр өргөжсөөр өнөөдрийг хүрлээ. Итгэл, сэтгэл байгаа цагт бүх зүйл амжилт дагуулна. Би маркетингийн шинжлэх ухаанаас их хол л доо. Тэдний түлхүүр хэрэглэгч, түлхүүр харилцагч зэрэг мэргэжлийн үг хэллэгийг логикоор хөөгөөд бодохоор гарцаагүй дээр хэлсэн итгэл, сэтгэл хоёр дээр л зангилагддаг юм билээ. Энэ далимд манай компанийг сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдэдээ баярлаж явдгаа хэлье.

6072   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Номинжаргал




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.