Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 17, 2019

Машингүй өдөрт: Автомашины хэрэглээг бууруулж буй олон улсын жишээнүүд

Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод маань маргааш автомашингүй өдөр тохиох гэж байна.  Бид 2007 оноос эхлэн жил бүр нийслэлийн төвийн хэсгийн замын хөдөлгөөнүүдэд хязгаарлалт хийж, автомашингүй өдрийг тогтмол зохион байгуулснаар Азидаа автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг таван улсын нэгээр бүртгэгджээ. Энэ өдрийг тохиолдуулан бүх нийтэд зориулан марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж, олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд болдог билээ. Тиймээс та бүхэндээ дэлхийн улс орнууд автомашингүй өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдгийг, автомашинаас татгалзах ямар бодлого хэрэгжүүлдгийг онцлон хүргэе.       

Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ныг албан ёсоор автомашингүй өдөр болгон зарласантай холбогдуулан олон улсад Сar Free Day, Mobility Week хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд автомашины хор уршгийн эсрэг тэмцэж, байгальд ээлтэй хандлагыг бий болгох зорилгоор унадаг дугуй унах, явган алхахыг дэмжих, нийтийн тээврийг түлхүү ашиглах зэргийг сурталчилдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй оронд автомашингүй өдрийг зохион байгуулж байна. Анх Нидерланд болон Бельги улсын нийслэлд 1956 оноос автомашингүй өдрийг зохион байгуулж эхэлснээр дэлхий дахинд түгэх болжээ.

Тэгэхээр автомашингүй өдрийг зөвхөн замын хөдөлгөөнийг хөдөлгөөнийг хязгаарлан, явган гүйж, дугуй унаж биш, автомашинаас үүдэн гардаг бүх сөрөг зүйлсээс татгалзахыг уриалан өнгөрүүлдэг. Дэлхийн нийт хотуудын хүн амын тоо 2050 он гэхэд одоо байгаагаасаа 70 хувиар өсөх тооцоо бий. Энэ хэрээр орчны дуу чимээ, бохирдол, төвлөрөл бий болж, байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд олон сөрөг үр дагавар бий болж буй. Тиймээс дэлхийн томоохон хотууд автомашинаас татгалзах хөдөлгөөнд нэгдэн, хууль эрх зүйн хүрээнд эрчимтэй арга хэмжээ авч эхлээд байна.

Энэ хүрээнд автомашины хөдөлгөөнийг тодорхой чиглэлд шат дараатай хориглож, унадаг дугуй, явган хүний замыг өргөтгөсөөр байна. Хүн төрөлхтөн анх 1886 онд автомашиныг зах зээлд гаргаснаас хойш өдгөө дэлхий дээр 2 тэрбум гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Гэвч автомашинаас ялгарах хорт утаа нь дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 20 хувийг дангаар эзэлж байгаа юм. Тиймээс та бүхэн дэлхийн зарим улс орон автомашины хэрэглээг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч буйг хүргэе.

МАДРИД ХОТЫН ТӨВД АВТОМАШИНТАЙ ЯВБАЛ ИЛҮҮ ТӨЛБӨР ТӨЛНӨ 

Испанийн нийслэл Мадрид хот нь Европын хамгийн бохирдолтой хотуудын тоонд багтдаг. Энэ хүрээнд хотын захиргаанаас шат дараатай олон арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, хотын төвөөс хоёр км-ийн дотор хуучин автомашин явуулахыг хагас жилийн өмнөөс хориглосон. 2000 оноос өмнө үйлдвэрлэгдсэн хийн хөдөлгүүртэй, 2006 оноос өмнө үйлдвэрлэгдсэн дизель хөдөлгүүртэй автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Цаашид 2020 он гэхэд хотын төв дэх автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар төлөвлөжээ. Мөн хотын төвийн авто зогсоолд дизель хөдөлгүүртэйбуюу бохирдсон автомашиныг байрлуулах бол 20 хувиар илүү төлбөр төлөх журмыг гаргасан байна.

ОСЛО ХОТЫН ТӨВИЙН ХЭСГҮҮДЭЭР АВТОМАШИН ЯВАХЫГ ХОРИГЛОСОН 

Норвегийн нийслэл Осло хотын удирдлага 2020 оноос хотын төвийг ямар ч хувийн тээврийн хэрэгсэлгүй бүс болгохоо зарлаж, 2050 он гэхэд газ, нүүрс, түлш зэрэг агаарт хортой бодисын хэрэглээнээс бүрэн татгалзахаар зорьж байгаа аж. Энэ хүрээнд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, явган хүний зам талбай, унадаг дугуйны талбайг нэмэх бодлого баримтлах болжээ. Дээрх шийдвэрийн хүрээнд тус улсын цахилгаан машины хэрэглээ жилээс жилд нэмэгдэн, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

КОПЕНГАГЕН ХОТ АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТЫГ БУУРУУЛНА

Дани улсын Копенгаген хотын хүн амын тал хувь нь унадаг дугуйг өдөр тутамдаа хэрэглэдэг. Копенгаген 1960 оноос явган зорчигч, унадаг дугуй унагчдад ээлтэй хот төлөвлөлтийг хийснээр Европын хамгийн эко нийслэл болж чаджээ. Тус улс 2030 оноос эхлэн автомашины борлуулалтыг зогсоохоор төлөвлөж буй юм.

ХАМБУРГ ХОТ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТАЛБАЙГАА ӨРГӨТГӨНӨ

Германы Хамбург хот 2030 он гэхэд нийт газар нутгийн 40 хувийг явган хүн болон дугуй унагчдад зориулан өөрчилж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэргийг барихаа мэдэгдсэн билээ. Мөн насжилт өндөртэй дизель хөдөлгүүрт автомашиныг зарим гудамжинд зорчихыг хориглож, Евро-6 стандартын шаардлага хангасан автомашиныг хөдөлгөөнд оруулна хэмээсэн юм.

ПАРИС ХОТ САР БҮРИЙН ЭХНИЙ НЯМ ГАРАГИЙГ АВТОМАШИНГҮЙ ӨДӨР БОЛГОСОН 

Францын нийслэл Парис хот Европ тивийн хамгийн агаарын бохирдолтой хотуудын нэгт тооцогддог. Хотын захиргаанаас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 1997 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машиныг хотын төвөөр ажлын өдрүүдэд явуулахыг 2016 оноос эхлэн хориглосон юм. Хэрэв явсан тохиолдолд торгууль төлөх шаардлагатай. Мөн сар бүрийн эхний ням гарагийг автомашингүй өдөр болгон, өглөөний 10-аас 18 цаг хүртэл автомашин явахыг хязгаарлажээ.

ЛОНДОН ХОТ БАЙГАЛЬД ЭЭЛГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БҮХЭНД ТАТВАР НОГДУУЛНА

Лондон хот Парис хотын адил 2020 он гэхэд хотын төвөөр дизель хөдөлгүүртэй автомашиныг бүрэн хориглохоор болсон. Тус хот 20-р зуунд агаарын бохирдлын улмаас олон мянган иргэнээ алдсан гашуун түүхээ санаж, хотын төвийн замын хөдөлгөөнд орсон дизель хөдөлгүүртэй автомашин ба жижиг таксинуудаас өндөр татвар авч эхэлснээр замын хөдөлгөөний ачааллаа 30 хувиар бууруулжээ.

Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрд автомашинаас татгалзах хөдөлгөөн давлагаалсаар байна. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд дээрх жишээг өөрсдийн онцлогт тохируулан нутагшуулж чадвал олон асуудлыг шийдэх магадлалтай. Бид ядаж л автомашингүй өдрийг зохион байгуулахдаа түгжрэл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчны асуудлыг онцлон хөндөж, хүүхэд залууст зөв хандлага, шаардлагатай мэдээллийг түгээх хэрэгтэй болов уу.

12873   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.