Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   05 сарын 14, 2019

Гүйлтийн чадамжаа ахиулахад туслах 5 апп

Энэ долоо хоногт “Улаанбаатар Марафон 2019” тохионо. Хотын гол замуудаар машин явахаа больж, иргэд чөлөөтэй зугаалдаг энэ өдөр уг марафонд өөрт тохирох зайгаа сонгон гэр бүл, найз нөхөд, баг хамт олноороо гүйвэл маш сайхан байдаг шүү дээ. Тиймээс бид уншигч та бүхнийг гүйхийг уриалангаа гүйлтийн 5 апп-ийг онцлон танилцуулж байна. Бидний сонгосон апп-ууд таныг гүйлтийн явцаа хянахад, идэвхжүүлэхэд, тодорхой үр дүнд хүрэхэд туслах болно.

Pacer

Энэ апп надад хамгийн цэгцтэй, бусдаасаа давуу тал олонтой санагдсан. Pacer зөвхөн гүйлтийн апп биш бөгөөд дотроо алхалт, авиралт, гүйлт, дугуй унах гэсэн ангилалтай гэдгийг сануулъя. Мөн дасгалын хэсэг ч байдаг. Гүйлтээ хянах хэсэгт таны хэр хугацаанд хэдэн алхмаар, ямар зайг туулсан, ингэхдээ хэдэн калори зарцуулсныг харуулна. Таны явсан зам онлайн бус үед ч GPS-ээр тэмдэглэгдэнэ. Бас энэ бүгдийг нэгтгэсэн мэдээллийг та долоо хоног, нэг сар, гуч хоног, зургаан сар, нэг жилээр нь авах боломжтой. Мөн профайл үүсгэж хүмүүстэй найз болон өөрийгөө идэвхжүүлж, амжилтуудаа тэмдэглэж болно. Үүнээс гадна гүйлтийн хөтөлбөр, бүлэг хүмүүстэй нэгдэн гүйж, өөрийн бүлгийг шинээр үүсгэсэн ч болно.

Татах: IOS, Andriod

Nike Run Club

Nike-аас гаргасан энэ апп хэрэглэгчдээ идэвхжүүлэхэд чиглэсэн байдаг. Та энд өөрийн профайлыг нээн гүйлт бүрийнхээ түүхийг үүсгэх, тэр дундаас хамгийн хурдан гүйсэн, хамгийн хол зай туулсан гэх мэт амжилтуудаа тэмдэглэх боломжтой. Бас энэ апп-д гүйгчийн түвшин гэж байдаг бөгөөд энэ нь таныг их урамшуулах болно. Та энэ апп-ийг ашиглан ойрын, холын, хурдан гэсэн ангиллуудаас сонгон цаанаас боловсруулсан хөтөлбөрийн дагуу хичээллэх боломжтой. Мөн өөртөө зорилт тавиад сорилт үүсгэх ч боломжтой. Nike-аас гаргасан апп болохоор та гүйлтийн пүүзээ тэмдэглэн, хэр зайг туулснаа бүртгэж болно.

Татах:
IOS, Andriod

Runtastic

Энэ апп-ийг Adidas-аас гаргасан. Тиймээс спорт хувцасны брэнд ямар гүйлтийн апп гаргах ёстой, яг л тийм загвартай. Ерөнхийдөө Nike-ийнхтай төстэй хэдий ч Newsfeed нь илүү цэгцтэй. Бас шилдгүүдийн самбартай нь таныг улам хурцлан урам зориг өгөх байх. Энэ апп-ийн сарын сарын 9.99$ төлбөртэй хувилбар нь хэрэглэгчид зориулж дасгалын хуваарь гарган, жин хасахад зориулсан хөтөлбөр боловсруулж өгдөг гэнэ.

Татах: IOS, Andriod

Zombies, Run

Надад энэ апп хамгийн их таалагдсан. Та хэрвээ багаасаа л спортод сонирхолгүй байсан, эсвэл зүгээр л зорьж гүйх дургүй бол “Zombies, Run”-ийг заавал туршаад үзээрэй. Энэ апп таныг гүйлгэхийн тулд зомбигоор дүүрсэн ертөнцөд амьд үлдэхээр тэмцэж яваа хүн шиг сэтгэгдэл төрүүлнэ. Чихэвчээр тань станц дуугаран зааварчилга өгч, зугтаарай хэмээн хүмүүс орилолдох болно. Гэхдээ зүгээр л зомбиноос зугтаж гүйхгүй, дотроо зохиолтой, даалгавар бүхий үе шатуудтай, тодорхой хэмжээний урамшуулалтай. Та гүйхдээ уух ус, өөрийгөө хамгаалах цохиур гэ мэт олон юмыг олж авах болно. Мэдээж гүйлтийн апп учир дан зомбигоор айлгаах байх биш, дасгалууд санал болгоно. Гэхдээ энд таны гүйсэн зам гарахгүй, зөвхөн хэдэн минутанд хэдэн алхам гүйсэн тань гарна. Хэрвээ та явсан замаа газрын зураг дээр харахыг хүсвэл сарын 3.99$ төлөн Pro хэрэглэгч болж болно. Ингэснээр та нэмэлт 300 даалгавар, гүйлтийн статистик гэх мэтийг авах боломжтой юм.

Татах:
IOS, Andriod

Endomondo

Энэ апп бусдыгаа бодвол харьцангуй энгийн. Өөрийн профайлыг үүсгэж, гүйлтийн түүхээ тэмдэглэх боломжтой. Гэхдээ бусад апп-аас ялгаатай нь хооллолтын хэсэгтэй. Та MyfitnessPal гэдэг аппыг татан холбосноор хооллолтоо хянан хурдан зорилгодоо хүрч чадна. Нэмэлтээр гүйлтийн статистик болон дасгалын төлөвлөгөө зэргийг авахыг хүсвэл сарын 5.99$ төлөх гэнэ.

Татах: IOS, Andriod

16762   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Номинжаргал




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.