Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   05 сарын 13, 2019

"Инновацын үзэсгэлэн 2019”-ийн онцлох 11 бүтээгдэхүүн

Бүтээлч сэтгэлгээ, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацын үйл ажиллагааны нийлбэр цогц гэж болох “Инновацын долоо хоног” тав дахь жилдээ, Улаанбаатар хотноо 5-р сарын 6-12-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэ долоо хоногийн хүрээнд “Инновацын үзэсгэлэн”-г зохион байгуулдаг уламжлалтай. “Хамтын инновац” уриатай энэ жилийн үзэсгэлэнд 100 гаруй байгууллага санал хүсэлтээ ирүүлснээс 60 орчим байгууллага 43 павильонд бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсон юм. 
Үзэсгэлэнгийн үеэр инновацын судалгаа хөгжүүлэх, зах зээлийн эргэлтэнд хэрхэн оруулах, үзэсгэлэнд оролцогчдын оюуны өмчийг хамгаалах талаар нээлттэй хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогч байгууллагууд тэмцээн уралдаан зарласан сонирхолтой үйл ажиллагаанууд их байлаа. “Инновацын үзэсгэлэн 2019”-ийн шилдэг бүтээгдэхүүнээр МУИС-ийн “Мазаалай” хиймэл дагуул, шилдэг үйлчилгээгээр “Мэксим Консалтинг”, олны таашаалд нийсэн байгууллагаар “Erxes” маркетингийн платформ тус тус шалгарав.

МУИС - “ТЭМҮҮЛЭЛ” ХИЙМЭЛ ДАГУУЛ 

МУИС-аас “Инновацын үзэсгэлэн 2019”-д Монголын нутаг дэвсгэрт газар зүйн хэрэглээний зориулалтаар бүтээх анхны хиймэл дагуулын төслийг танилцууллаа. Тодруулбал, эх орныхоо зургийг сансраас аван илгээх, алслагдсан газраас цаг уур, хөрс, орчны мэдээллийг цуглуулах, өндөр хүчдэлийн хагас дамжуулагч төхөөрөмжийг сансрын цацрагт эвдрэх магадлалыг шалгах зорилготой “Тэмүүлэл” хиймэл дагуулыг бүтээхээр зорьж байгаа юм. Монгол хүний гараар бүтсэн “Мазаалай” хиймэл дагуул одоогийн байдлаар задгай сансарт 22 сар болж байна. Харин “Инновацын Үзэсгэлэн 2019”-д зориулан МУИС-ийн Физикийн тэнхим болон “NANOSAT” Нано-хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн хамтарсан баг тус хиймэл дагуулын дуураймал загварыг бүтээн авчирсан байлаа. Тэд энэ үеэр “Мазаалай” хиймэл дагуулын хөгжүүлэлт, угсралт, тестийн зарим процессуудыг сонирхуулснаас гадна “Тэмүүлэл” хиймэл дагуулын төлөвлөгөөгөө танилцуулав. “Тэмүүлэл” хиймэл дагуулыг Мазаалайн нэгэн адил 10x10x10 см хэмжээтэйгээр бүтээх төлөвлөгөөтэй аж. Хиймэл дагуулыг Монгол улсад бүтээх нь сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, цаашлаад энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэж үзэж байна.

Шутис - БАГА ОВРЫН БҮРЭН ЦАХИЛГААН АВТОМАШИН

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Green Car” клубийн оюутнууд Монгол улсад бүтээсэн бага оврын бүрэн цахилгаан автомашины тав дахь загвараа танилцуулав. Цахилгаан автомашины тус хувилбар хянах самбартай болсноор цахилгаан болон механик утгыг боловсруулж чаддаг мөн хийц загварыг сайжруулснаараа өмнөх загваруудаас ялгагдах онцлогтой болсон гэдгийг оюутнууд дурдаж байлаа. Цахилгаан автомашиныг “International Student Car Competition” тэмцээнд зориулан бүтээжээ. Тэд өнгөрсөн жил тус тэмцээний гуравдугаар байранд шалгарсан аж. Түүнчлэн “Green Car” клубийн оюутнууд бага оврын бүрэн цахилгаан автомашины хийц загварыг өөрчлөн хэрэглээний зориулалтаар ашиглах боломжтой гэдгийг ч онцолж байв.

Intern shade - шилний ухаалаг хальс 

Хөшгөнд цугларах бичил тоос тоосонцрын багасгахын тулд гадны орнуудын ашигладаг, барилгын гадна ба доторх шилийг нэг ёсондоо ухаалаг проектор маягийн төхөөрөмж болгох чадвартай хальсыг Монголд бүтээх боломжтой болжээ. Тодруулбал, “Inter shade” компани нэг жилийн судалгааны дүнд БНХАУ, БНСУ-аас орж ирсэн түүхий эдийг ашиглан ухаалаг хальсыг Монголд боловсруулж байгаа аж. Ийм хальс наасан тохиолдолд шилэн хаалга, шилэн өрөө, гадна фасадны шил зэргийг дэлгэц болгон ашиглах, өрөө тусгаарлах хана болгох боломжтой юм. Түүнчлэн энэ нь нарны хэт ягаан туяанаас 98 хувь хамгаалдаг байна. Шилний ухаалаг хальсыг реклам сурталчилгаанд ашиглах боломжтой тул эдийн засагт ч, бүтээлч залууст ч бодит хөрөнгө оруулалт болно гэж үзэж байгаа аж.

Unique Power Tech - ВИРТУАЛ КОНТЕНТ

Үзэсгэлэнгээс дараагийн онцлох бүтээгдэхүүн нь технологийн дэвшлүүдийн цогц бүхий 3D технологид суурилсан 360 градусын виртуал контент байлаа. Unique Power Tech компани 360 градус болон 4k чанартай камер, VR толгойн өмсгөл, дрон зэргийг ашиглан виртуал контент бүтээдэг аж. 3D зураглалтай дүрс бичлэг олон үйлдэл хийх боломж олгодог бол 3D, 360 хоёрыг хамтад нь хэрэглэх нь илүү бодит мэт үр дүнтэй гэж ярьж байсан юм.

Beelog - Бэлгэвчний автомат машин 

Одоогоор 30 гаруй төрлийн бактери, вирус, шимэгч бэлгийн замаар дамжиж байна гэдэг судалгаа байдаг. Beelog Tech компани нийгмийн эрүүл мэндэд тус хүргэхээр зарим оронд ашиглагддаг бэлгэвчний автомат машиныг зохион бүтээжээ. Ингэснээр иргэд ичиж санаа зовохгүйгээр бэлгэвч авах боломж бүрдэх аж.

МУБИС - ахлах ангийн дизайн технологи хичээлийн сургалтын багц хэрэглэгдэхүүн

Ухаалаг хөгжмийн самбар, ухаалаг ТҮЦ зэрэг төслийг хэрэгжүүлж байсан МУБИС-ийн баг энэ удаа “Роботын дизайнчлал” төслөө танилцуулж, жижиг хэмжээний 19 робот загварыг дэлгэв. Эдгээр нь ахлах ангийн сурагчдад механик ба электрон шийдлийг загварчлан зурж, хийцийг зохион бүтээх, турших, гүйдлийн бичил мотороор удирдан ажиллуулах, цаашид хөгжүүлэх зэрэг боломжийг олгож, зохион бүтээх дур сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус роботуудыг arduino микро удирдлагыг ашиглан бүтээсэн гэдгийг тэд онцолж байлаа.

Мэксим Консалтинг - Ухаалаг таблет

“Инновацын үзэсгэлэн 2019”-д боловсролын салбарт зориулсан инновацын бүтээлүүд нэлээд байсны нэг нь ухаалаг таблет дээрх шалгалтын аппликейшн юм. Цаасан шалгалтыг халах зорилготой тус апп практикт суурилсан эрүүл мэндийн, ЭЕШ-ын, жолооны шалгалтуудыг бичлэг, текст, зурагны тусламжтайгаар авах боломжтой аж. Ухаалаг таблет нь шалгалт авч байх үед өөр зүйл рүү оруулахгүйгээр түгжих, алсын зайн сургалтын програмыг интернетгүй нөхцөлд ч ашиглах боломжийг олгох юм.

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль - ЛАЗЕР ГЭРЛЭЭР ШУВУУ ҮРГЭЭХ ТӨХӨӨРӨМЖ

Монголд газар тариалангийн талбайд дуу чимээгээр шувуу үргээх төхөөрөмж ашиглаж байснаас ийм төрлийн төхөөрөмж байгаагүй болохоор тэр үү, энэ бүтээл сонирхогчдыг анхаарлыг татаж байсан юм. Лазер гэрлээр шувуу үргээх “Агро” нь 360 градусаар эргэн, 1 га хүртэлх талбайд тусах, 80-260 см өндөртэй, дуу чимээгүй, усны хамгаалалттай төхөөрөмж юм. Байгаль орчин, бусад амьтдад ямар ч сөрөг нөлөөгүй гэдгийг ХААИС-ийн “Агро Энержи” стартапынхан онцолж байв. Тус төхөөрөмж төвийн цахилгаан, сэргээгдэх эрчим хүчийн аль алинаар ажиллах боломжтой.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль - АВТОМАТ УСЖУУЛАЛТЫН СИСТЕМ

ШУТИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Т.Мейрамбек “Инновацын үзэсгэлэн”-д автомат усжуулалтын системээрээ оролцжээ. Энэ систем нь тариалангийн талбайн эзний гар утсанд хөрсөн дэх чийгний мэдээллийг илгээх боломжтой аж. Мөн нарны хавтан нь нар дагаж эргэдэг гэдгээрээ сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бусад усжуулалтын системээс ялгарч байгаа хэмээн сонирхуулав.

Мал аж ахуйн, эрдэм шинжилгээний хүрээлэн - Ямааны хуурай сүү

“Инновацын үзэсгэлэн 2019”-г сонирхогчид Альпин ямааны үр хөврөлийг микроскопоор харж болж байсан нь сонирхолтой байв. Тус хүрээлэнгээс үзэсгэлэнд тэжээлийн зориулалттай олон наст ургамлын үр, альпин болон монгол ямааны хуурай сүү, нунтагласан бяслаг, малын уурагт тэжээл зэрэг 13 төрлийн бүтээлийг авчирсан байв. Тэд Франц технологиор ямааны бяслаг хийсэн байснаас гадна монгол ямаа, альпин ямаа хоёрыг харьцуулсан судалгааны үр дүнд малын ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор цөмийн физикийн туршилтаар ямааны хуурай сүүг гарган авчээ.

Ногоодой - хүнсний нэмэлт бэлдмэл 

Өнөө цагт хүмүүс ажлын хэт ачааллаас үүдэн хоол хүнснээс хангалттай шим тэжээл авч чадахгүй байх нь элбэг болсон. Энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх зорилгоор “Ногоодой” компани Монголд тарьж ургуулсан хүнсний ногооны шүүсийг танилцуулав. Тэр дундаа дахин боловсруулах боломжтой савлагаа бүхий хүрэн манжингийн шүүсний хэрэглээ сүүлийн үед нэмэгдэж буй аж.

24083   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун

Гэрэл зургийг:

Э.Төгөлдөр (TheUlaanbaatar)




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.