Энэ удаа бид “Gumuda Concept Store”-ийн үүсгэн байгуулагч Н.Хулангийн бичсэн “A Year to Remember” номыг тоймлон танилцуулж байна. Тэрээр нэг жил буюу 52 долоо хоногийн турш шинэ зүйлс туршсан, суралцсан тэмдэглэлээ буюу өөрийгөө сорьсон, адал явдлыг эрэлхийлсэн түүхээ энэхүү номоор дэлгэжээ. Тэдгээр туршсан зүйлс нь юу юу байсан, түүнд ямар сэтгэгдэл төрсөн талаар та "Дурсан санах нэг жил" хэмээн орчуулж болох энэ номоос олж мэдээрэй.

НОМЫН ТУХАЙ

“Чиний ертөнц дээрх бодит үнэ цэн бол сайн дадлуудаас чинь мууг нь хасаад үлдэх тэр зүйл” хэмээн Бэнжамин Франклин хэлсэн байдаг. Амжилтад хүрсэн хүмүүсийн хамгийн энгийн нууц бол ердөө л зөв дадал хэвшлийг бий болгож, өдөр бүрийг суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд зориулсан байдаг билээ. Гэхдээ зөв дадал хэвшил гэдэг нэг л өглөө бий болчихдоггүй. Таныг comfort zone буюу дассан орчноосоо гарч, сэтгэл зүйгээ өөрчилж, өдөр бүр суралцаж, өөртэйгөө тэмцэхийг шаарддаг. Гэхдээ энэ бүхэн хэцүү, халширмаар зүйл биш, харин ч хөгжилтэй, дурсамжтай, адал явдалтай аялал болохыг Н.Хулангийн 52 долоо хоногийн туршид шинэ зүйлс суралцсан тэмдэглэл гэрчлэх болно.

Зохиогч Н.Хулан нь сониуч зандаа хөтлөгдөн нэг жилийн турш, долоо хоног бүр шинэ туршилтуудыг хийж, гарсан үр дүнгээ хуваалцахдаа яг л дотнын найзтайгаа кофе уугаад сонин сайхнаа ярилцаж буй мэт дотно мэдрэмжийг төрүүлэхүйцээр бичсэнийг онцлох нь зүйтэй. Түүний долоо хоногийн турш хэрхэн огт хог хаяхгүйгээр амьдарсан тухай, өдөр бүр хүйтэн шүршүүрт орж өөрийгөө хэрхэн ялан дийлсэн тухай, мацаг барьж цагаан хоолтон болж үзсэн тухай, дохионы хэл сурч, үнэртэн хийж үзсэн тухай олон сонирхолтой түүхээр аялж болно.

Түүнээс гадна шинэ туршилт бүрийг дүрслэн харуулах 52 ширхэг гар зураг багтаасан нь уншигчдыг бодит төсөөлөлд хөтөлж, номын өнгө төрхийг чимж өгчээ. Бид том зорилго тавихдаа хүрэх уулын оргилыг л хардаг. Гэтэл том зорилгын эхлэх цэг уулын оргилоос биш бидний шигдэж суусан тухтай буйдангаасаа босох тэрхүү хормын шийдвэрээс эхэлдэг билээ. Энгийн амьдралаа өдөр бүрийн сорилтоор дүүргэж, тухтай буйдангаасаа үсрэн боссон түүний “экстрим” гэж хэлж болох ч эцсийн зорилго нь зөв дадлуудад хөтөлсөн түүхүүдийг уншаарай.

Номын хэсгээс       

Хог хаягдалгүй долоо хоног

Би хог хаяхгүй байхыг туршиж үзлээ. Мэдээж зорилго нь хогоо гаргаж хаяхгүйдээ биш харин хог үүсгэхгүй байх юм. Zero-waste гэдэг нь худалдан авах бараа болон хэрэглэх сав баглаа боодлоо үүрдийнх үү, зуурдынх уу гэдгийг ялгах салгахын л ухаан юм даа. Энэ чухал амьдралын хэмнэлийг мэдээж ганцхан долоо хоногт хэвшүүлнэ гэдэг хэцүү. Зах зухаас нь ойлгон суралцаж, цаашдын сонголтууддаа тусгахаар бодсон билээ. Бид хүссэн зүйлээ хэрэглэн долоо хоногт 2-3 удаа уут дүүрэн хог гаргаж хаяад л тэр тухайгаа мартдаг. Мэдээж хэн л гаргаж хаясан хогныхоо тухай бодож суухав дээ. Гэтэл бидний хогийн цэг рүү санаа амар шидэж орхисон тэр хог сансрын хар нүх рүү унаад алга болдог биш харин үзэсгэлэнт далайн эрэг, уул тал дээр шидэгдэж байдаг бол яах вэ? Нэг үзүүрт нь та гэрийн улавчтайгаа орцныхоо хогийн цэг дээр харин нөгөө өнцөг нь магадгүй Хөвсгөлийн гүн хөх далайн эрэг байвал сэтгэл тань зовних уу?

Сорилтын долоо хоног эхлэхээс өмнө сүүлчийн удаа KFC орж нэг салах ёс хийлээ, хоёрт хэр их хог хаягдал үүсгэдгийг нь анх удаа анзаарч гүн шоконд орлоо. Энэ бол бүх сүлжээ түргэн хоолнуудын газрын онцлог сул тал юм. Хоолны хэсэг тус бүрийг гялгар уутанд ууталж өгдөг. Кофе авлаа гэж бодоход цаасан аягатай, гарт барихад эвтэйхэн байг гэж зузаан картон бариултай, гадуураа ууттай, хуванцар тагтай, соруул нь тусдаа ууттай бас сахар нь хүртэл брошюр тараахыг нь яана. Нэг кофе уух гэж хэдэн мод устгах учиртай юм болоо.

Энэ долоо хоногийн хувьд би Zero-Waste амьдралын хэмнэлийн олон арван төрөл эхлүүлж болохуйц олон сорилтоос эхний ээлжид хоёрхон аргыг сонгон эзэмшихээр шийдсэн. Нэгдүгээрт, гялгар уутны мацаг барих буюу хэрэглээнээс ор тас хасах бол хоёрт түргэн хоол болон хөнгөн зуушнаас болж үүсгэдэг хог хаягдлаа танах билээ. Гялгар уутны хэрэглээгээ хориглох нь хамгийн хялбар бөгөөд өөрчлөлт хийхэд ойр дөт зам санагдсан. Миний хувьд гоёлын болон хэрэглээний зориулалтаар даавуун уут цуглуулдаг байснаа шүүгээний мухраас гарган ирж өдөр тутамдаа ашиглах болов. Дэлгүүр орох болгонд “Уут авах уу” гэх асуултад татгалзаж даавуун уутаа хэрэглэх боллоо. Онц их өөрчлөлт биш ч гэлээ энэ долоо хоногт том жижиг худалдан авалт нийлээд нийт 12 удаа дэлгүүр орсон байх юм. Тэр бүртээ уут аваад байсан бол санхүүгийн хувьд ч, хог хаягдлын хувьд ч хэр их сөрөг нөлөөл үүсгэх байсан бол доо. Та ч гэсэн хүсвэл Michelle&Amazonka брэндийн дэлгүүрт очоод 5000 төгрөгөөр ганган гэгчийн “Байгальд ээлтэй тор” худалдан авч байгальдаа ээлтэй, хариуцлагатай иргэн байж болно. Номингийн том шар ууттай явснаас л хөөрхөн харагддаг шүү.

Хоёрдугаар сорил бол онц хэрэгцээгүй бараа сонгож нэгт ходоод гэдсээ хоёрт хорвоо дэлхийгээ хордуулахаа болихоор шийдлээ. Түргэн хоолны газар үйлчлүүлэхээ бүр больсон бөгөөд мөн амны зугаа болгон элдэв чихэр жигнэмэг авахыг тас хориглов. Лаазтай ундаа, гялгар ууттай чихрээс эхлээд онц шаардлагагүй бол сав баглаа боодлоос нь шалтгаалж сонголтоо хийнэ. Нэг л мэдэхэд халаас чихрийн цаас, жигнэмгийн уутаар дүүрсэн байдгийг багасгах оролдлого хийлээ. Мөн ажлын өдрүүдээр хоол хүргэлтээр авах нь том хоолны сав, нэг удаагийн сэрээ, хутга, хоёр гурван ч багц салфетканы гарзтайг бодолцож зүгээр л өөртөө цаг гаргаад сууж хооллох нь энэхүү хог хаягдлыг даруй багасгаж болохыг бодолцов.

Ингээд даруухан эхэлсэн сорилын үр дүнд би өдөр тутамдаа даавуун уут хэрэглэдэг, хийжүүлсэн ундаа нэмэлт сахартай бүтээгдэхүүн иддэггүй их л эрүүл хариуцлагатай хүн болчих шиг. Зөвхөн хоёр хүчин зүйл дээр төвлөрөн өөрчлөлт гарахад ингэж байгаа юм чинь энэ хэмнэлээр улам Zero-Waste болох аваас эрүүл мэнд болон санхүүгийн хувьд их тустай болох шинжтэй. Дараа дараагийн долоо хоногуудад энэ амьдралын хэмнэлийн хэсэг бүрээс тус тусад нь сонгож турших төлөвлөгөөтэй байна.