Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 08, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Steppe группийн гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа

Ярилцлагын маань энэ удаагийн зочин бол математик, инновац, энтрепренершип, тогтвортой хөгжлөөр мэргэшсэн, олон улсад амжилттай ажиллаж яваа Б.Гэрэлмаа юм. Тэрээр ШУТИС-ийн лицейг дүүргэж, бакалавраа Солонгосын KAIST их сургуульд математик, инновацын менежментээр, магистраа 2014 онд Версалийн их сургуульд эко инновацын менежментээр хамгаалжээ. Тэрээр 2015 онд Нью Йоркт Steppe Tech компаниа байгуулахаас өмнө Солонгост atDusk судалгааны стартапд санхүү хариуцсан захирал, Парист Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагад (OECD) бодлогын шинжээчээр ажиллаж байжээ. Өдгөө түүний үүсгэн байгуулалцсан Truss Chain блокчэйний компани Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Ингээд англи, солонгос, франц, орос хэлтэй Б.Гэрэлмаагийн ажлын арга барилтай танилцацгаая.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Steppe группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone XS
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 13'
Сошиал хуудсууд: Gerelmaa Batchuluun (LinkedIn), trussqueen (Instagram)

ТА ЭХЛЭЭД ӨӨРИЙН АЖЛЫН НАМТРЫГ ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Би Солонгост KAIST-д сурч байх үедээ сургуулийн Network Computing Lab-д хамт дадлагажиж байсан оюутнуудтай хамтран стартап байгуулж, санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан юм. Энэ судалгааны стартап маань тун амжилттай ажиллаж, Солонгосын засгийн газраас 100 сая вонны санхүүжилт авч байсан. Уулзалт хурал, үдэшлэгт орж буй хүмүүст мэдрэгчтэй чип суулгаад, хөдөлгөөн байршлыг нь ашиглан, хүмүүсийг холбодог, мэдээлэл өгдөг апп хөгжүүлж байсан юм.

Ингэж бизнес, технологийн салбар луу орсон ч инновацыг яаж хүрээлэн буй орчинд ээлтэйгээр хийх вэ гэдэг асуулт сонирхол татаж, Францад Версалийн их сургуульд эко инновацын менежментээр магистрт сурч 2014 онд төгссөн. Үүний дараа хэдэн сар Парист Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгуулагын бизнес, үйлдвэрлэлийн зөвлөх хороонд бодлогын шинжээчээр ажиллаад 2015 онд Нью Йорк руу нүүсэн. Тэнд миний мэргэжилтэй хамгийн тохирох ажил нь Уолл Стрийтэд шинжээч хийх байв. Гэвч өдөржин компьютер ширтэх энэ ажил таалагдаагүй тул KAIST-д хамт сурсан найзтайгаа Steppe Tech хэмээх инновац, дизайны зөвлөгөө өгдөг стартапыг байгуулсан юм. Энэ компани маань яван явсаар одоо Солонгост 20-иод хүнтэй, Монголд 7-8 хүнтэй, АНУ, Канадад багтай, 4 охин компани, 50 шахам хүн бүхий групп компани болсон байна. Манай компани Barclays банкны дэргэдэх финтек хурдасгуурын компаниудад, Солонгосын засгийн газрын АНУ-руу гаргахаар сонгосон стартапуудад зөвлөж байсан.

Одоо би манай компанийн оролцоотой Truss Chain хэмээх төсөл дээр идэвхтэй ажиллаж байна. Энэ компани маань хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг дижитал хэлбэрээр гаргах зорилготой. Бид дан ганц блокчейн биш AI, machine learning, deep learning ашигласан шинэ платформыг бүтээгээд байгаа. Платформынхоо эхлэл цэг болгон Монголыг сонгоод, энд үйл ажиллагааны тэлээд явж байна. Төсөл маань амжилттай хэрэгжвэл бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг гаргах боломжтой.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Нэгэн зэрэг олон зүйл дээр ажилладаг. Гурван цагийн бүсэд, гурван өөр багтай ажилладаг учраас өглөө 6 цагаас шөнийн 01 цаг хүртэл хооронд ажлын холбогдолтой зүйлсийг хийж таардаг. Гэхдээ мэдээж тасралтгүй биш л дээ, дунд нь ар гэрийн ажлаа амжуулж, амарна. Миний голлон байрладаг Сөүлийн оффис харин Монголоос цагийн зөрүү багатай. Ер нь анх Солонгосыг сонгохдоо Монголд ойрхныг нь бодолцсон юм. Бас АНУ-ыг бодвол хөгжүүлэгчдийг ажиллуулахад чадварын хувьд адил буюу илүү хэрнээ өртөг зардал багатай байдаг.

Би уулзалтыг 30 минутаас хэтрүүлэхгүй байхыг боддог. Чухал хүмүүс, партнеруудтайгаа уулзахдаа хамт хоолонд орох мэтээр нэг сумаар хоёр туулай буудахыг эрмэлздэг. Ажлын онцлогоос шалтгаалан төлөвлөгөө өөрчлөгдөхөд тавгүйтээд байдаггүй.

Өглөө хийх ажлаа төлөвлөж, хүүгээ цэцэрлэгт нь өгөхөөс ажлаа эхэлдэг дээ. Ямар ч их ажил байсан, өдрийн аль нэг хоолоо халуун ам бүлээрээ идэхийг хичээдэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Gmail, Slack хоёрыг хамгийн их хэрэглэдэг. Сүүлийн үед ажлын төлөвлөлт, харилцаа холбоондоо Monday.com-ийг идэвхтэй ашиглаж байна. Мөн Telegram, WhatsApp, KakoaTalk зэрэг чат аппууд байна. Сошиал медиагаас гэвэл арай идэвхтэй байдаг нь Инстаграм.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлаа төлөвлөж эрэмбэлэх, зарим ажлыг нэгэн зэрэг амжуулах нь мэдээж цаг хэмнэнэ. Бас хурдан ярьдаг маань өөрийнхөө ч бусдын цагийг ч хэмнэхэд нэмэртэй байдаг (инээв).

Бас ийм хоёр арга ашигладаг юм байна. Би тухайн долоо хоногт хийх өглөө, өдөр, орой хоолны бүх цэсээ урьдчилан гаргаад, дэлгүүрээс бүх хоолныхоо материалыг авч, шилэн савнууд дотор сайхан бэлдээд хийчихдэг. Тэгж их цаг, энерги хэмнэдэг.

Нөгөө нь имэйлээр урт thread (харилцан яриа) үүсгэх дургүй. Зарим хүн нэг имэйлдээ Reply хийгээд л төрөл бүрийн сэдвээр бичээд байдаг шүү дээ. Үүнээс болж мэдээллийн алдагдал үүсдэг. Тиймээс шинэ зүйл, шинэ сэдэв ярих үедээ заавал имэйлээ шинээр явуулдаг юм.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасныхаа Note-дээр, бас Rocket book гэх тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэдэг. Энэ дэвтрийг угаагаад бичсэн зүйлсийг нь арилгаад байж болдог. Бас дээрх тэмдэглэлийг нь цахимаар харж болдог.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Би өөрийгөө хүнтэй хэл амаа сайн ололцчихдог, шулуухан, өөрийнхөөрөө байж чаддаг гэж боддог. Бусдыг ч бас байгаагаар нь хүлээж авдаг. Партнерууд маань намайг хэлэлцээр хийхдээ сайн гэж үнэлдэг. Энэ нь хөрөнгө босгох зэрэгтэй холбогддог байх.

Мөн аливаа зүйлд бүх хүмүүсийн оролцоог хангахыг (inclusive), хүний эрхийг дээдлэхийг хичээдэг хичээдэг. Бас овоо хэдэн гадаад хэл мэднэ.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Өөрийн төлөвлөгөөгөөр, бүтээлчээр ажиллах боломжтой байдаг нь таатай. Хийж байгаа зүйлсээсээ өдөр бүр шинэ зүйлсийг суралцаж байдаг. Мөн гурван багтай ажиллаж, ажилтнуудаа идэвхжүүлэх, ажилдаа дур сонирхолтой байлгахын тулд сайн ойлгодог, ярилцдаг байх ёстой байдаг. Ажил маань ажилтнууддаа ч, хөрөнгө оруулагчдадаа ч нээлттэй, шулуун шударга байхыг шаарддаг гэж болно.

Харин нэг ажил руу орохоор түүнээсээ гарахад хэцүү болдог нөхцөл байдал нь намайг сорьж байдаг.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Сүүлийн үед Truss Chain төсөл дээрээ төвлөрөн ажиллаж байна. Санхүүгийн технологи буюу финтек нь Монголд шинэ салбар учраас энэ чиглэлээр ажиллаж буй компаниуд төрийн байгууллагуудтай хэл амаа ололцдог, тоглогчид нь нэгдмэл дуу хоолойтой байх зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид Монголын Финтекийн Холбоог байгуулалцан, энэ салбарын суурийг анхнаас зөв тавихад их анхаарч байна.

Энэхүү холбооноос Санхүүгийн Зохицуулах Хороо, Гадаад Хэргийн Яамтай хамтран энэ хагас сайн өдөр буюу 5-р сарын 11-нд Frontier Fintech Summit нэртэй томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Монголд финтек салбар хөгжөөд байдаг, гэтэл түүнийг дагаад хууль эрх зүйн зохицуулалтууд нь бий болохгүй байна. Финтекийн оролцогч талууд цуглан бидэнд ямар боломжууд, ямар бэрхшээлүүд байгаа тухай, түүнийг хэрхэн шийдэх тухай ярилцах юм. Арга хэмжээн гадаадын хөрөнгө оруулагчид, Хонгконг, Сингапурын финтек холбооныхон ирж туршлагаа хуваалцана. Бүр Бразилын конгрессын гишүүн хүртэл ирж, Монголын туршлагыг судална гэж байгаа. Бид төрийн албан тушаалтнуудыг урин нэг ширээн дээр сууж, энэ салбарын тухай ярилцахад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Дэлхийд ч гэсэн харьцангуй шинэ байгаа энэ салбарт манай улс бодлоготой орвол их боломж харагдаж байгаа юм.

Анзаараад байхад манай Монголын нийгэм бэлэн мөнгөгүй нийгэм болчихсон юм шиг. Бүх юм нь зээлээр шийдэгддэг. Энэ түгжээг мултлах зүйл нь финтек байх өндөр магадлалтай гэж бид үзэж байгаа.

Вэбээр нь зочлоорой: www.frontierfintech.org

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Цаг заваас шалтгаалаад цаасан номоос илүү Audible-оор аудио ном их сонсдог болсон байна. Сэтгэл санаагаа амгалан тайван байлгах, өөрийгөө хөгжүүлэх, шинжлэх ухааны зөгнөлт гээд төрөл бүрийн номыг л сонирхож уншдаг даа. Нэлээн удаан машин барих болбол Game of Thrones-ийн цувралыг тавьдаг. Нэйл Стивенсоны номуудад бас их дуртай. Сүүлд Муракамигийн "Hard-Boiled Wonderland and the End of the World"-ийг, ажлын шаардлагаар "Breaking Banks" номуудыг уншсан юм байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим сонсож анхаарлаа төвлөрүүлдэг шүү. Шуберт, Рахманиноф зэрэг сонгодгуудаас эхлээд хүнд металь, Скандинавын прогрессив хөгжмийг ч сонсоно. 80-аад оны Пинк Флойд, Лед Зепелин нарын классикууд байна. Стресстэй үед Slayer-ийг тавих дуртай. Мөн хөрөнгө оруулагчдад питч хийх, илтгэл тавихын өмнө 2pac-ийг сонсдог.

 ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Экстроверт тал руугаа байх. Гэхдээ мэдээж хувийн асуудлуудаа хүнд яриад явахгүй.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хүү маань жаахан байгаа болохоор тогтсон цагт унтаж босоход хэцүү л дээ. Ажлын бүтээмжид нойр чухал учраас хэзээ ч унтсан 7 цагийн нойр авахыг хичээдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үеэ хүүтэйгээ л өнгөрөөнө дөө. Хүүхдийн музей, хүүхдийн кафе гэх мэт газруудаар явна. Бас гэрээрээ байгальд гарах дуртай. Долоо хоногт ядаж нэг удаа гарын хоолоо тухтайхан хийх гэж хичээдэг. Янз янзын шинэ жор турших дуртай.

Бас нэг хобби гэвэл би улс улсын домгуудыг их уншдаг. Домгийн баатрууд нь хаанаас яаж гарч ирэв гэх мэтээр сонирхдог юм. Их завтай бол зөгнөлт зохиол маягийн юм бичмээр ч юм шиг санагдаад байдаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Мэдээж хайртай хүмүүс, ойр тойрныхон, хамт олноосоо урам зориг авна. Өндөр дүнтэй хэлэлцээр бүтээчихээд гэртээ ирж, хүүхдийнхээ живхийг солих нь амьдралыг сайхан баланслуулдаг. Бүх юмыг шүүж дүгнэхгүйгээр, айдасгүйгээр хийж туршдаг охиноосоо суралцдаг шүү. Багт маань өөр өөр улсаас ирсэн сонирхолтой хүмүүс бий. Тэдний зан заншил, соёл, ажлаа хийж буй арга барилаас урам зориг авдаг даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би түрүүнд хэлсэн дээ, нэлээн өөрийнхөөрөө, бодсон санаснаа шулуухан хэлчихдэг хүн гэж. Үүнээсээ болоод алдаж байсан тохиолдол бий. Тэрийг маань мэдэх өвөө минь намайг анх гадагшаа явахад "Гадагшаа гарахдаа үгээ, гэртээ байхдаа сэтгэлээ цэнэж байгаарай" гэж захисан юм. Өвөөгийнхөө энэ захиасыг байнга бодож явдаг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Залуучуудыг тууштай, туйлбартай байгаасай л гэж хүсдэг. Хамт сурч байсан, хамт ажиллаж байсан хүмүүсээс ажиглахад энэ зан чанар л бидэнд дутагдалтай байх шиг. Энэ нь мэдээж өөрийгөө олох, өөрийгөө танихтай холбогдоно. Тэгэхээр хүчин чармайлт гарган өөрийгөө туршиж, өөрийгөө олох гэж хичээх хэрэгтэй болов уу. Гадаад партнерууд маань ч гэсэн "Монголчууд аливаа зүйлийг эхлүүлэхдээ эрч хүчтэй байх юм, яг гүйцэтгэл дээр харин цөөхөн нь үлдэх юм" гэдэг. Тэгэхээр сахилга баттай, зарчимтай ажиллахад суралцаарай л гэж хэлнэ дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

АНУ-ын улс төрд цахиур хагалан гарч ирж буй, Конгрессын 30 настай гишүүн Александриа Оказиа-Кортезыг санал болгоё.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

66171   2

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.