Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   05 сарын 07, 2019

Технологийн тойм: Хөгжим зохиодог 5 топ програм

Ямар нэг дуу сонсоод аянд нь ийм чимэг нэмчихвэл гоё, энийг нь хасчихвал давгүй ч юм уу гэж бодож байсан уу? Шинэ үеийн хөгжмийн зохиолч нар, хөгжим бичигчид ийм л хүсэлд хөтлөгдөн гараагаа эхэлсэн гэдэг. Иймд ая зохиох хүсэлтэй залууст зориулан хөгжмийн мастеруудын суралцахдаа ашиглаж байсан, одоо ч хэрэглэсээр байгаа таван програмыг онцлон тоймлоё. Энд хөгжмийн продюсингийн програмуудаас ая хийхэд илүү тохиромжтойг нь шилж сонголоо. Оролдлогын үр дүнд л хүн өөрийгөө тухайн зүйлд сайн муу, дуртай дургүй эсэхийг мэддэг болохоор ая хийх хүсэлтэй явдаг залуучууд CPU, RAM сайтай компьютер, чанартай дуугардаг чихэвчээ базаагаад эдгээр програмуудыг туршиж үзээрэй. Мөн ая зохиохыг хэн нэгнээр заалгах үр дүнтэй ч Youtube бол тун сайн багш шүү гэдгийг энэ далимд дурдъя.

Fruity loops studio

Хэрэглээнд нэвтэрсэн он: 1997
Сүүлийн загвар: Fruity Loops 20
Ашиглах боломжтой үйлдлийн систем: Windows, MacOS / Апп татах

Татаж авахад амархан буюу олдоц сайтай, графикал интерфэйсд суурилсан замтай учир харахад ойлгомжтой, хэрэглэхэд хялбар програм юм. Хип хоп болон electronic dance music урсгалын уран бүтээлчид түлхүү ашигладаг. Бусад хөгжим зохиодог програмын нэгэн адил ая зохиохоос гадна дуу бичих, хөгжмийн найруулга хийх боломжтой. Гэхдээ микс мастеринг хийхэд Fruity Loops-д чанарын тал дээр үл ялиг битүү дуугарах сул тал ажиглагддаг.

ABLETON LIVE

Хэрэглээнд нэвтэрсэн он: 1999
Сүүлийн загвар: Ableton Live 10.0.6
Ашиглах боломжтой үйлдлийн систем: Windows, MacOS

Шууд тоглолт ба шууд бичлэгийн үед тохиромжтой байхаар төлөвлөн бүтээсэн учир нэг зам дээр бичлэг, чимэг, микс гэх мэт бүх зүйлээ өрөх боломжтой. Мөн хоёр аяын хэмнэлийг автоматаар тааруулах, уусган нийлүүлэхэд хялбар болохоор DJ нар түлхүү хэрэглэдэг. Шууд бичлэг хийх бүх төрлийн холбогч хүлээж авах боломжтой. Ableton Live-ийн хамгийн гол давуу тал болох Wavetable нь дуугаралтын хэмжээсийг тоо бичихгүйгээр, зурган байдлаар өөрөө тохируулах боломжтой нэмэлт тохиргоо юм. Ableton Live нь C++ буюу компьютерын програмын хамгийн түгээмэл хэллэгээр (босоо шугаман хэлбэрээр) бичигдсэн учир харж ойлгоход төвөгтэй байдаг.

logic pro 

Хэрэглээнд нэвтэрсэн он: 1993
Сүүлийн загвар: Logic Pro 10.4.4
Ашиглах боломжтой үйлдлийн систем: MacOS

Logic Pro нь Apple компанийн утсанд үнэгүй дагалддаг аппликейшнүүдийн нэг болох Garage Band-ийн софтвер хувилбар л гэсэн үг. Хөгжмийн эффектүүд сайтай учир sample ая урлахад илүү тохиромжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Тус програмын бусад програмаас ялгарах давуу тал нь LAN холбогчоор дамжуулан бүх төрлийн төхөөрөмжийг хүлээж авч болдог. Logic Pro-ийн сүүлийн загварыг мэргэжлийн хүмүүст зориулахад анхаарсан тул дүрсний Final Cut Pro мөн Cubase-ийг давхар суулгаж өгсөн байна. Иймээс Logic Pro-г хэрэглэх нь үндсэндээ нэг дор гурван програм сурах боломж юм.

STEINBERG CUBASE 

Хэрэглээнд нэвтэрсэн он: 1989
Сүүлийн загвар: Cubase 10.0.15
Ашиглах боломжтой үйлдлийн систем: Windows, MacOS / Апп татах

Cubase хамгийн чадварлаг продюсинг програмуудын тоонд багтдаг. Нотны задаргаатай учир илүү мэргэжлийн түвшинд, томоохон бүтээлүүдэд ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, найрал хөгжим юм уу киноны ая зохиох зэрэгт илүү тохиромжтой гэж үздэг. Англи, герман, япон, франц, испани, хятад, португал, орос, итали гэх есөн өөр хэлээр ашиглаж болдгоороо бусад продюсинг програмуудаас ялгардаг. Гэхдээ анхлан суралцагчдад хүнд тул өөр програм дээр ажиллаж дадчихаад Cubase ашиглаж эхэлбэл дээр гэж үздэг.

Reason

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2001
Сүүлийн загвар: Reason 10.2
Ашиглах боломжтой үйлдлийн систем: Windows, MacOS

Хамгийн залуу програмуудын нэг Reason нь миксинг боард, эффект процессор зэргийг бодит мэт зурагчлан дүрсэлсэн байдаг болохоор ойлгоход тун хялбар програмуудын тоонд багтдаг. Бас Logic Pro, Protools, Fruity Loops зэрэг бусад продюсинг програмтай шууд холбогдох боломжтой. Гэхдээ тус програмын зохиогч хөгжмийн програм хангамжийн Propellerhead компани бусад програмтай холбогдоход гол анхаарлаа хандуулжээ. Иймд Reason багтаамж багатай програмын тоонд ордог сул талтай юм.

10743   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.