Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 12, 2019

7 хоногийн тойм: 511 өдрийн хүлээлт + Цэнхэр саран өөд + Нууцлал бол ирээдүй!

Онцлох

Google-ээс жил бүр хөгжүүлэгчдэд зориулан зохион байгуулдаг I/O арга хэмжээ энэ долоо хоногт явагдлаа. Тэдний өнгөрсөн жилийн турш ажилласан төслүүдээс хамгийн сонирхолтой бөгөөд онцлууштай нь энд танилцуулагддаг гэдгээрээ олны анхаарлын төвд байдаг. Google-ийн CEO С.Пинчай өнгөрсөн долоо хоногт Facebook-ийн онцолсончлон "хэрэглэгчийн нууцлал бол тэдний гол зорилго, өмнө нь ч тийм байсан, одоо ч тийм, ирээдүйд ч тийм байх болно" гэдгээр яриагаа эхлүүлсэн юм.

Энэ жилийн эхний онцлох бүтээгдэхүүн нь илүү хямд Pixel 3 гар утас байлаа. Хэдий утасгүй цэнэглэх боломжгүй болсон ч 5.6 инчийн дэлгэцтэй, 12.2 мегапикселийн камертай, 64 гб-ийн багтаамжтай шинэ загварын үнэ ердөө 399 доллар. 6.0 инчийн хувилбарыг нь 479 доллараар худалдаж авах боломжтой. Google энэ загвараа Энэтхэг, Хятад зэрэг хөгжиж буй зах зээлд амжилт олно гэж үзэж буй.

Google Home нэрээ сольж цаашид Nest Hub нэртэйгээр хөгжүүлэгдэх болсныг мөн энэ үеэр зарлав. Эзийнхээ царайг сольж нээгддэг, 10 инч хүртэлх хэмжээтэй, камер, микрофоноо хүссэнээрээ удирдаж болдог болсон зэрэг шинэчлэлүүдтэй энэ ухаалаг дэлгэц 229 доллараар зарагдана. Google 2014 онд тухайн үеийн ухаалаг төхөөрөмжийн зах зээлд тэргүүлэгч Nest-ийг 3.2 тэрбумаар худалдаж авсан ч үр дүнг нь гаргаж чадаагүй хэмээн шүүмжлүүлсээр өдийг хүрсэн билээ.

Google-ийн ухаалаг камерын апп Lens илт сайжирсан байна. Гадаад хэл дээр бичигдсэн текстийг шууд орчуулж, рестораны менюгээс хамгийн эрэлттэйг нь хүртэл хэлж чадна гэнэ. Google Assistant-ийн төхөөрөмжид эзэлж байсан хэмжээ бараг 2 дахин багассан ч дуу хоолой ойлгох, харилцан яриа өрнүүлэх, мэдээлэл боловсруулах хурд нь 2 дахин нэмэгдсэнийг тэд мөн онцлов.

Мөн Google Play Store дээрх апп-уудыг эрэмбэлдэг систем шинэчлэгдсэн нь хөгжүүлэгчдэд хэрэгтэй мэдээ байв. Өмнө нь тухайн апп-ийг оруулснаас хойш өгөгдсөн үнэлгээгээр дунджилдаг байсан чансаа одоо сүүлийн үед буюу хамгийн сүүлд шинэчлэгдсэнээс хойш өгөгдсөн оноогоор эрэмблэгддэг болжээ.

Android мөн цэнэг хадгалах "dark mode"-той болж, хадгалагдсан видео, подкаст зэргийн аудиог шууд хөрвүүлэх "Live Relay" нэмэлттэй болж байгаа гэнэ. Мөн хамгийн их сатааруулдаг апп-уудаа өөрөөсөө нуух "Focus Mode" ч их сонирхолтой санагдлаа. Google Map ямар ч үл мөр үлдээлгүй хайлт хийхэд зориулсан "incognito mode"-ийг идэвхжүүлж, AR технологийг илүү боловсронгуй байдлаар газрын зурагт шингээснээ жишээлэн харууллаа.

Google таны итгэж болох платформ болохыг хүсэж байна

дэлхий дахинд

Мьянмарт болж буй Рохингягийн хямралын талаар мэдээ бэлдсэнийхээ төлөө эрх баригчдын хараанд өртөн, улмаар зохиомол хэргийн хохирогч болж 7 жилийн ял авсан Ройтерсийн сэтгүүлчид суллагдлаа. 511 хоногийн дараа шоронгоос суллагдаж буй 2 сэтгүүлчийг Мьянмарын ерөнхийлөгч Вин Милнт өөр 6520 хүний хамтаар өршөөсөн байна. Сэтгүүлчдийн эрхэнд халдаж, хэвлэлийн эрх чөлөөг үл тоомсорлож буйг олон улсын байгууллагууд бүгд буруутгаж, хариу арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсаар байсан билээ.

NYTimes: Хэн сэтгүүлчдийг суллахын эсрэг байсныг мэдэх үү? Аун Сан Су Чи!

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадтай хийж буй худалдааны хэлэлцээр нь бүтэлгүйтсэн тухай жиргэн, улмаар 200 тэрбум долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүнд татвараа нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. 5-р сарын 10-аас эхлэн хүчин төгөлдөр болж буй шинэчилсэн журмын дагуу Хятадаас орж ирж буй зарим бүтээгдэхүүний татвар 10-25 хувь болон нэмэгджээ.

Twitter жил бүр гаргах болсон "Ил тод байдлын тайлан"-гаа гаргалаа. Энэ тайлангийн хамгийн онцлох хэсэг нь улс орнуудын засгийн газар, төрийн байгууллагаас ирүүлсэн хэрэглэгчдийн дата хүсэх, аккоунт хаах хүсэлтүүдийн тоо байдаг. Энэ хүрээнд тэд өнгөрсөн хагас жилийн хугацаанд 6904 хүсэлт хүлээн авснаа ил болгосон бөгөөд Монгол улсын засгийн газраас нэг ч хүсэлт ирээгүй хэмээн бүртгэжээ. АНУ хамгийн их буюу 2092 хүсэлтийг илгээсэн байна. Үүнээс гадна Терроризмтой холбоотойгоор нийт 166,513 аккоунтыг, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 458,989 аккоунтыг тэд тус тус хаасан хэмээн мэдээлжээ.

Сингапурын парламент "хуурамч мэдээний эсрэг" шинэ хуулийг албан ёсоор баталлаа. Энэ хуулийн дагуу хуурамч мэдээ гаргасан нь тогтоогдсон этгээдүүд 37 мянган доллар ба 5 хүртэлх жилийн ялаар шийтгүүлэх болж буй. Зарим талаараа засгийн газарт онлайн орчныг хорьж цагдах эрх мэдэл олгож буй энэхүү хуулийг зарим хүний эрхийн байгууллагууд, активистууд "хэвлэн нийтлэх болон дуу хоолойгоо илэрхийлэх эрх чөлөөнд" халдсан үйлдэл боллоо хэмээн буруутгасаар байгаа юм.

НҮБ-аас гаргасан тайлан 1 сая зүйлийн амьтан, ургамал мөхлийн ирмэг дээр ирж, байгалийн экосистемд онцгой аюултай нөхцөл байдал үүссэнийг санууллаа. Нийт 450 гаруй эрдэмтдийн гаргасан тайланд дурдсанаар аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хүний буруутай үйлдлийн улмаас хуурай газрын 75 хувьд, тэнгис далайн 66 хувьд ямар нэгэн өөрчлөлт гарсан гэнэ. Энэхүү тайланд үндэслэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн тэнцвэрийг хадгалах чиглэлээр улс үндэстнүүд нэгдсэн бодлого, төлөвлөгөө гаргах учиртай билээ.

Одоо тэд баатрын ёсоор гэртээ харьж байна

технологийн ертөнцийн эргэн тойронд

Amazon-ийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Бэйзосын сансрын стартап "Blue Origin" саран өөрсдийн хамгийн том, хамгийн хүчирхэг хэмээн тодотгосон "Blue Moon" хөлгийн загварыг танилцууллаа. Сүүлийн гурван жилийн турш хөгжүүлсэн, 6.5 тонн ачаа тээвэрлэх чадалтай, автомат удирдлагын системтэй уг хөлөг 2024 он гэхэд саран дээр газардах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүнээс гадна Бэйзос цилиндр хэлбэртэй хөвөгч байгууламжуудаар дамжуулан хүн төрөлхтнийг сансарт амьдруулах шинэ амбицаа ил болгожээ.

Facebook, Google-тэй зэрэгцэн Microsoft мөн адил хөгжүүлэгчдэд зориулсан "Build" эвентээ зохион, клоуд, AI, IoT технологи дээр ажиллаж буй гол төслүүдээ танилцуулав. Сүүлийн үед үүлэн тооцоолуурын зах зээл дээр хүч түрэн орж ирж буй Azure улам сайжирч, хэд хэдэн шинэчлэлийг танилцуулснаас гадна шинэ хэрэглэгчээрээ Starbucks-ийг нэмж, хэрэглэгчдийн өмнөх сонголтод үндэслэн кофег нь санал болгохоор зэхэж байгаагаа зарлалаа. Мөн Word ухаалаг алдаа шалгагчтай болж, хиймэл оюунд суурилан бичсэн кодыг засаж сайжруулах хэрэгсэл IntelliCode-ийг танилцууллаа. Үүнээс гадна ухаалаг туслагч Cortana нь ажлын орчинд чөлөөтэй яриа өрнүүлэх чадвартай, улам хүчирхэг болж байгааг демогоор харуулжээ.

Криптовалютын хамгийн том арилжааны бирж Binance хакеруудын халдлагад өртөж 40 сая долларын үнэ цэн бүхий биткойныг алдсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Компани энэ халдлагын хариуцлагыг бүрэн хүлээж, хэрэглэгчдийг хохирлыг бүрэн барагдуулахаас гадна аюулгүй ажиллагаа, нууцлалын асуудал дээр бүрэн шинэчлэл хийхээ амлажээ. Ташрамд дурдахад, биткойны ханш энэ долоо хоногт оргил үеэ санагдуулам огцом өсөж, 7300 долларт хүрээд байна.

Twitter "retweet" хийхэд зөвхөн тект биш зураг, GIF, видео зэрэг нэмэлт медиа форматуудыг ашиглах боломжийг нээлээ. Шинэчлэл өнөөдрөөс эхлэн бүрэн хэрэгжиж эхлэх аж. Харин Instagram зохисгүй зураг, нийтлэл оруулсан хэрэглэгчийг мэдээлэх, улмаар контент устгах боломж олгох цэсийг шинээр нэвтрүүллээ. Сүүлийн үед Instagram-аар дамжуулан хүчирхийлэл, садар самуун, ёс бус зүйлсийг сурталчилсан контент ихээр гарах болсон нь тэднийг ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Volkswagen анхны цахилгаан машиныхаа нэрийг зарлаж, урьдчилсан борлуулалтаа эхлүүллээ. 2025 он гэхэд 1 сая цахилгаан машин борлуулах зорилгын хүрээнд тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн тэдний эхний загварын нэр "ID" байх гэнэ. ID-ийн 44 мянган еврогийн үнэтэй, 2020 оны дундуур худалдаанд гарах тусгай загварын захиалга ердөө 24 цагийн дотор 10 мянга давсан нь хэрэглэгчдийн хүлээлт өндөр байгааг илтгэв. Сонирхуулахад, 2016 онд Tesla-ийн "Model 3" долоо хоногийн дотор 325 мянган захиалга авч байжээ.

Volkswagen цахилгаан машины зах зээлийг эзлэхийг хүсэж байна

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн тэргүүлэх такси дуудлага, хүргэлтийн үйлчилгээг үзүүлэгч стартап Uber нээлттэй компани боллоо. Энэ жилийн хамгийн өндөр хүлээлт дагуулсан IPO-д тооцогдож байсан тэдний нэгж хувьцааны үнэлгээ 45 доллараар арилжаалагдаж, 82 тэрбум доллараар үнэлэгджээ. Энэ нь 100-120 тэрбум доллараар хэмжигдэнэ хэмээж байсан зарим экспертүүдийн таамгаас буурсан үр дүн болсон ч 2014 оны Алибабагаас хойших хамгийн том IPO болоход хангалттай байлаа. Хамгийн сонирхолтой нь, Нью Йоркийн хөрөнгийн биржийн уламжлал болсон хонх цохих арга хэмжээнд Uber-ийн үүсгэн байгуулагчид болох Г.Кэмп болон Т.Каланик нар оролцоогүй аж.

Хятадын зах зээл дээр Starbucks-тай ширүүн өрсөлдөөн үзүүлж буй кофе шопын сүлжээ Luckin Америкийн зах зээлд нээлттэй компани болох хүсэлтээ гаргалаа. 2 жил хүрэхгүй хугацаанд 2370 салбар байгуулж, энэ жил 2500 шинэ салбар нээх амбицтай байгаа тэд 600 сая долларыг босгох зорилготой аж. Өнгөрсөн сард 150 сая долларын хөрөнгө оруулалт татахдаа тэд 2.9 тэрбум долларын үнэлгээтэй болсон билээ.

Хиймэл оюун, түүний дотор царай таних технологиороо дэлхийд тэргүүлж буй Хятадын стартап Megvii 4 тэрбум долларын үнэлгээтэйгээр 750 сая долларыг босголоо. 8 жилийн өмнө Цинхуагийн их сургуулийн төгсөгчдийн байгуулсан уг технологийг Хятадын засгийн газар олон нийтийн газруудад байршуулсан камертай хослуулан хэрэглэж, эрэн сурвалжлагдаж буй гэмт этгээдүүдийг таних, хулгайн хэргийг илрүүлэх зэрэгт амжилттай ашиглаж байгаа юм.

Сахлын татуурга, түүнтэй холбогдох гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Harry's 1.3 тэрбум долларын үнэд хүрч, салбарын акул Edgewell-ийн мэдэлд шилжлээ. 2013 онд Warby Parkers-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ж.Райдерийн эхлүүлсэн тус брэнд үйлдвэрээс шууд хэрэглэгчдэд хүрдэг D2C моделийг хамгийн сайн ашигласан жишээнд тооцогддог билээ.

АНУ-ын хамгийн том иргэний агаарын тээврийн компаниудын нэг Delta 5-р сарын 13-аас эхлэн үнэгүй интернетийн үйлчилгээгээ турших гэж байна. Хэдий хэд хэдэн авиа компаниуд онгоцон дотор Wi-Fi санал болгодог ч ихэвчлэн өндөр үнэтэй борлуулдаг байсан юм. Delta дотоодын 55 нислэгтээ өдөр бүр үнэгүй интернет цацах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Анхны ажилтнууд, удирдах ажилтнууд, жолоочид, хүргэгчид, үйлчлүүлэгчдийн төлөөлөл!

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

"Avengers: Endgame" 62 сая долларын орлогоор Хойд Америкийн бокс оффисийг 3 дахь долоо хоногтоо тэргүүллээ. Энэ долоо хоногт нээлтээ хийсэн "Detective Pikachu" хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн ч 55 сая долларын борлуулалтаар 2-р байрт бичигджээ. "Avengers" одоогооор дэлхий даяар 2.3 тэрбум долларыг цуглуулсан нь "Avatar"-ийн 2.7 тэрбумын амжилтын дараа хоёрт бичигдэх үзүүлэлт болж байна.

Формула 1-ийн бүх цаг үеийн хамгийн алдартай тамирчдын нэг Михайл Шумахерын тухай баримтат кино гарах гэж байна. Цанаар гулгаж байхдаа авсан гэмтлийн улмаас сүүлийн 6 жилийн турш ухаангүй байж, эмчилгээ хийлгэсээр буй түүний 50 насны ой, анхны түрүүгээ хүртсэний 25 жилийн ойд зориулан энэ кино гарах гэж байгаа гэнэ. Шумахер түүхэнд 7 удаа аваргын цом хүртсэн цорын ганц тамирчин билээ.

Хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийн лиг Английн Премьер лиг өндөрлөж, Манчестер Сити клуб түүхэндээ 4 дэх удаагаа түрүүллээ. Ялагчийн хувь заяа сүүлчийн тойрогт шийдэгдсэн бөгөөд Ливерпүүл клуб 97 оноо авсан ч Ситигээс нэг оноо дутан 2-р байрт орлоо. Сүүлийн 14 тойрогтоо дараалан ялалт авсны эцэст ийн түрүүлж буй Сити сүүлийн 10 жил дэх 2 дараалан түрүүлсэн анхны баг болжээ.

Бүх цаг үеийн хамгийн алдартай кино цувралуудын нэг "Matrix" үргэлжилж магадгүй гэнэ. Энэ тухай "John Wick 3"-ийн найруулагч Ч.Стахелски ам алдсан бөгөөд бүтээгчид болох Ваковскийн эгч дүүс аль хэдийн ажлаа эхлүүлсэн байж магад гэнэ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар шинэ кино нь өмнөх гурвалын үргэлжлэл хэлбэрээр бичигдэж байгаа аж.

The Walt Disney өнгөрсөн улиралд 14.9 тэрбум долларын борлуулалттай ажилласан нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болов. Өмнөх улирлаас 3 хувиар давсан орлого олсон тэд энэ үеэр "Оддын дайн"-ы шинэ кино цуврал 2022 оноос эхлэн гарах болсныг дуулгаж, "Avatar"-ийн шинэ анги, "Cruella" зэрэг кинонуудыг танилцуулжээ. Мөн энэ үеэр тэд 2017 онд 500 сая долларын санхүүжилтээр, 21 хувийг нь нь эзэмших болсон "Vice Media"-ийн хөрөнгө оруулалтыг үнэ цэнгүй болсон хэмээн үзэж, тайландаа бууруулж бүртгэсэн нь олны анхаарлыг татав.

алдалгүй унших арван мэдээ

Polygon: Final Fantasy VII 5 жилд хэрхэн өөрчлөгдөв?
The Verge: Samsung 64 мегапикселийн камер гаргана
CNN: 1.2 сая хүн сурч буй зохиомол хэлийг мэдэх үү?
Vox: 179 ном хэвлүүлсэн эмэгтэйтэй танилц!
Techcrunch: GM Cruise 19 тэрбумаар үнэлэгдэн шинэ хөрөнгө оруулалт татлаа
MIT Technology Review: М.Зукерберг ажлаа өгөх таван шалтгаан
Bloomberg: 195 доллараар нисдэг тэргэн такси дуудах уу?
BBC: Үр хөндөлтийг хориглосон хуулийн эсрэг хөдөлгөөн эрчээ авлаа
Time: Английн хатан хааны гэр бүл шинэ гишүүнтэй боллоо
QZ: В.Путин 66 насандаа улам бүр гялалзаж, 8 шайбыг нэг тоглолтонд хийв

13478   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.