Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   05 сарын 06, 2019

Онцлох бизнес: Snog Froyo - Дурсамж бүтээх эрүүл амттан

Гоё амттан гэдэг тухайн үед мэдрэгдэх амтыг төдийгүй хайртай, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлсэн сайхан мөчийг хүний ой тойнд үлдээж байдаг билээ. Ийм сайхан цаг мөчүүдийг бүтээх нэгэн амттан их хотод маань бий болжээ. Тэр бол Snog Frozen Yogurt буюу хөлдөөсөн тараган амттан юм. Хүн бүр өөр өөр амтыг хүсэж байдаг болохоор Snog танд төрөл бүрийн амттан, бүрдэл хэсгүүдийг хүссэнээрээ, уран сэтгэмжээрээ холин мартагдашгүй амтыг гарган авах боломжийг олгоно. Ингээд дотоодын бүтээгдэхүүнүүдээр органик фрозен иогуртын брэндийг бий болгосон Snog-ийн үүсгэн байгуулагч Э.Баярбат, Ч.Ган-Инж нартай хийсэн ярилцлагаа хүргэе.

Үйлчилгээний нэр: Snog Frozen Yogurt
Хаяг: Шангри-Ла худалдааны төвийн 4-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Хөлдөөсөн тараг болон жимсний амттан
Үүсгэн байгуулагдсан: 2019 оны дөрөвдүгээр сар
Үүсгэн байгуулагч: Э.Баярбат, Ч.Ган-Инж
Цахим хуудсууд: Snog Froyo (Фэйсбүүк), snog.froyo (Инстаграм)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Ч.Ган-Инж: Би 2008 онд Лондон хотод амьдарч байхдаа анх хөлдөөсөн иогурт идэж үзсэн юм. Хэт нялуун биш, исгэлэн хэрнээ зөөлөн ч юм шиг амттай байсан нь миний дуртай амт болсон юм. Харин Монголд ирээд яг тэр гоё амтыг олж чадахгүй л байлаа. Тэгээд надтай адил иймэрхүү амтыг эрэлхийлдэг хүмүүс байгаа байх гэж санаандаа тээж явсаар, дотоодын бүтээгдэхүүнээр эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл амттан хийе гэж зориглосон хэрэг.

БАГАА ХЭРХЭН БҮРДҮҮЛСЭН БЭ?

Э.Баярбат: Гэр бүлийн хоёр хүн хамтарна гэдэг давуу талтай. Хамгийн сайн санаа нийлдэг хүмүүс болохоор бизнес дээр нэг нэгнийгээ дэмжин ажиллаж чаддаг юм шиг санагдсан. Харин багтаа хүн авахад аль болох хийж байгаа зүйлдээ сэтгэл гаргаж чадах хүнийг сонгохыг хичээдэг.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Э.Баярбат: Инжээ импортын бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үйлчилгээ эхлүүлэн, амжилттай явж байгаа. Харин би найзуудын хамтаар “Goodberry” гэдэг дөрвөн улирлын турш хүлэмжинд тарьж ургуулсан Монгол гүзээлзгэнийн брэндийг үүсгэхээр зорин ажиллаж байна. Иймд тус тусын хувийн бизнесийн эргэлтийн ашгийг нийлүүлэн Snog-ийн анхны хөрөнгө оруулалтыг хийсэн.

ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Э.Баярбат: Бид чихэр, химийн бодис, будагч бодис холиогүй эрүүл амттан гаргаж байгаа. Манай бүтээгдэхүүний 90 хувь нь дотоодын сүү, таргаар хийдэг. Түүнчлэн өмнө хэлсэнчлэн, бид өөрсдийн тарьж ургуулсан жимсээр чимэглэж байгаа юм. Бас эрүүл ахуйг бүрэн дүүрэн хангахын тулд ажилчид, ажлын байрны орчин нөхцөлдөө аль болох өндөр шаардлага, дэг журам баримтлахыг хичээдэг.

Ч.Ган-Инж: Яг одоогоор манайхаас өөр хөлдөөсөн тараган амттаны монгол брэнд байхгүй. Бид хоёр өөрсдийн гэсэн өнгө төрх, амт чанар, орц найрлагыг гарган,технологийн дагуу зохион бүтээсэн нь бас нэгэн онцлог болов уу.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО?

Э.Баярбат: Ойрын хугацаанд томоохон худалдааны төвүүдэд шинэ салбараа нээх төлөвлөгөөтэй байна.

Ч.Ган-Инж: Одоогийн байдлаар бид фрозен иогуртанд амттан нэмж, дээр нь чимэглэл тавих концептийг боловсруулж байна. Цаашдаа бэлэн савлагаатай үйлдвэрлэл эрхлэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчид улам ойртуулах зорилготой байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Ч.Ган-Инж: Эрүүл, чанартай бүтээгдэхүүн хийж, хэрэглэгчдээ баяртай байлгахыг хүсдэг. Энэ зарчмаа бүх л үйл ажиллагаандаа шингээн хэрэгжүүлэхийг зорьж байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? 

Э.Баярбат: Одоогоор гурван төрлийн хэмжээтэй саванд, өөрийн хүссэн гурван төрлийн 18 амттанаас сонгон чимэглэж, зургаан янзын соуснаас сонгоод түрхэх боломжтой фрозен иогуртыг санал болгож байгаа. Үүнээс гадна 10 төрлийн жимсний цуглуулга, тараг, овьёос, самар, жимстэй цуглуулга гэх мэт амттанууд гаргаж байна. Бас смүүти, милк шэйк, тараган суурьтай милк шэйк зэргийг бэлтгэн үйлчилж байна.

Яг одоогоор хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хэрхэн сонирхолтой, гоё байдлаар хүргэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд, байнгын хэрэглэгчдийн урамшуулал, ваучер гаргахаас гадна хэн хэндээ дэмжлэг болох үүднээс бусад бизнес эрхлэгч нартай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Бас улирал бүр чимэглэл, амттанаа сольж, бүтээгдэхүүнээ нэг хэвийн биш байлгахад анхаарна.

БИЗНЕС ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ ЮУ ВЭ?

Ч.Ган-Инж: Бодож явсан санаагаа бодит болгож, хүссэн бизнесээ эхлүүлнэ гэдэг мэдээж сайхан зүйл. Харин Монголд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд
нийтлэг тулгардаг асуудал нь төр засгийн дэмжлэг болон санхүүгийн бэрхшээл болов уу. Бүх зүйл багагүй ээдрээтэй, удаан үйл явцаар явж байж бүтдэг. Иймэрхүү зүйлээс шалтгаалан бизнес удаашрах асуудлууд цөөнгүй гардаг.

Э.Баярбат: Энэ төрлийн бизнес эрхлэгчдийн гол асуудал нь хүний нөөц юм шиг санагддаг. Бид харилцааны соёлтой, ажилсаг, хичээнгүй ажиллах хүчин олоход их хүндрэлтэй байсан. Тогтвортой ажиллах хүч олох нь үйлчилгээний бүх байгууллагад тулгардаг бэрхшээл байх.

ХЭРЭГЛЭГЧДЭЭС ямархуу сэтгэгдлүүд ирж байна?

Э.Баярбат: Иймэрхүү төрлийн амттан тун ховор байдаг болохоор хэрэглэгчид тун ам сайтай байгаа шүү. Гэр бүлүүдэд, найзуудад, хамт олонд чөлөөт цагаараа хийх зүйлсийн сонголтыг манайх нэгээр нэмж байгаа. Өнгөлөг болохоор хүүхдийн анхаарлыг их татаж байгаа. Резинэн чихрийг уутаар нь, шоколадыг дангаар нь авч өгснөөс ингээд эрүүл амттантай холиод хүүхдэдээ авч өгөх нь эцэг эхчүүдэд их таатай байгаа шүү.

ШИНЭ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ, ДӨНГӨЖ ЭХЛҮҮЛЭЭД БУЙ ХҮМҮҮСТ ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Э.Баярбат: Өөрийн туршлагаас харахад, эхний ээлжинд дотроо сайн төсөөлөх хэрэгтэй санагддаг. Ямар нэгэн бизнесийн санаа төрсөн бол хэрхэн олон хүнд нөлөөлж, хүрэх боломжтой вэ гэдгийг сайн бодох ёстой болов уу. Тэгээд үнэхээр бодитоор төсөөлөгдөж, боломжтой мэт санагдвал маш сайн судалсны үндсэн дээр зоригтой хөдлөх хэрэгтэй гэж боддог доо. Ер нь хүний яг одоо юу хийж байгаа нь биш, хэрхэн өсөж хөгжиж чадах нь чухал юм шиг санагддаг.

33781   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.