Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 05, 2019

7 хоногийн тойм: Ногоон Нобель + Шинэ Фэйсбүүк + Хөгжүүлэгчдийн цугларалт

Ковер зургийн тайлбар: #DevSummit2019 #TheFutureBegins

Онцлох

Facebook шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг "F8" арга хэмжээгээ явууллаа. Энэ жилийн үндсэн илтгэлдээ тус компанийн үүсгэн байгуулагч М.Зукерберг "ирээдүй бол аюулгүй байдал" хэмээн онцолж, хэрэглэгчдийн дата, түүний нууцлалыг хамгийн эхэнд чухалчлах болно гэж амлажээ.

Энэ жилийн гол танилцуулга нь Facebook дизайны том шинэчлэл хийж байгаа явдал байлаа. Тэд хэрэглэгчдэд илүү групп, эвентүүдийг хүргэхэд чиглэсэн байдлаар дизайнаа өөрчилж байна. Нүүр хуудасны бүтэц, харагдац болон фонт, стикер зэрэг дагалдах элементүүд бүгд өөрчлөгдөж байгаа нь энэ.
1.3 тэрбум хэрэглэгчтэй Messenger десктоп апп-тай болж байгаа нь мөн онцлох мэдээ байв. Facebook-ээс Mac болон PC-нд зориулсан мессенжер апп гаргаж байгаа гэсэн үг. Гар утасны апп нь ч урьдынхаас бага зай эзлэх, гэхдээ илүү хурдтай болон шинэчлэгдэж байгаа гэнэ. Үүнтэй холбоотой "Friends" цэсний дизайн шинэчлэгдэж, найзуудаараа хамт видео контент үздэг нэмэлт гарч байгаа гэнэ.

Өнгөрсөн жил анх танилцуулж байсан Facebook Dating эхний 14 оронд нээлттэй болсныг мөн зарлав. Энэ жилийн төгсгөл гэхэд Америкт нэвтэрснээр Tinder-тэй өрсөлдөхүйц уг нэмэлтийг ашиглаж болох орны тоо 19-д хүрэх аж. Энэ жилийн гол танилцуулга нь өөрийн таалагддаг 9 найзаа нэмж болох Secret Crush нэмэлт байсан юм. Хэрвээ 2 хэрэглэгч бие биенээ Secret Crush жагсаалтдаа нэмсэн тохиолдолд Facebook тэднийг холбож, мэдэгдэл илгээх аж.

Мөн тэд VR төхөөрөмж Oculus-ийн шинэ хувилбаруудыг зарласан юм. 5-р сарын 21-ээс эхлэн зарагдаж эхлэх Oculus Rift S, Oculus Quest-ийн үнэ 399 доллар байх гэнэ. Мөн Facebook-ийн ухаалаг дэлгэц Portal, Whatsapp зэрэг нэмэлт апп-уудыг дэмждэг болон хөгжиж, олон улсын зах зээлд борлуулагдаж эхэлжээ.

The Verge: Facebook-ийн танилцуулсан гол 5 зүйл

Facebook ингэж шинэчлэгдэнэ

Дэлхий Дахинд

Японы шинэ эзэн хаан Нарухито суудалдаа албан ёсоор заларч, Хэйсэйн эрин дуусаж, Рэйвагийн тоолол эхэллээ. Өмнөх хаан Акихито өөрийн хүсэлтээр хаан суудлаа хүлээлгэн өгсөн нь 1817 оноос хойших анхны тохиолдол болсон бөгөөд түүнийг орыг 59 настай хүү нь залгамжилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Япон улс даяар арав хоногийн амралт үргэлжилж байгаа юм.

Хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын чиглэлийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогдох Goldman Environmental Prize-ийг энэ жил Монгол хүн хүртлээ. "Ногоон Нобель" хэмээгддэг энэ шагналыг жил бүр тив тивийн төлөөлөлд олгодог бөгөөд "Ирвэс хамгаалах сан"-ийн тэргүүн А.Баяржаргал хүртжээ. 1989 оноос хойш олгогдож буй энэ шагналыг өмнө нь Монгол улсаас "Онги гол хөдөлгөөн"-ийг санаачлагч Ц.Мөнхбаяр 2007 онд хүртэж байжээ.

Мурманскийг чиглэн хөөрсөн Аэрофлотын иргэний агаарын тээврийн онгоц ослын буулт хийсэн бөгөөд энэ үеэр 37 хүн аврагдаж, 41 хүн галд өртөн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ослын шалтгааныг зарим эх сурвалжууд аянганд цохиулсан холбоотой гэж мэдээлжээ. Онгоц хөөрснөөсөө 30 минутын дараа техникийн шалтгааны улмаас буцаж буусан нь тэр аж.

Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд, экспертүүдийн хамгийн том цуглаан DevSummit 2019 өнгөрсөн ням гарагт амжилттай явагдлаа. Нийт 600 гаруй оролцогчтой уг арга хэмжээний үеэр Airbnb, Uber, GitLab зэрэг олон улсын топ технологийн компанийн төлөөлөл бүхий 28 инженер мэдлэг, туршлагаа хуваалцав. Үүнээс гадна 7 төрлийн сургалт бүхий Knowledge Transfer, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог хөндсөн Women In Tech, робот, автоматжуулалтын дэвшлийг харуулсан Robozone зэрэг сонирхолтой хэсэг энэ эвентийг баяжуулсан юм.

Бусдыг бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхаж, бүр чулуугаар цохиж алах ял хүртэл оноох хуулийг баталсан Бруней улс олон нийтийн зүгээс ирсэн эсэргүүцлийн дараагаар хуулиа эргэн харах болсноо зарлалаа. Дэлхийн хамгийн баян улсын нэгийг удирдаж буй Султан Болкиа хуулийн зарим заалтыг өөрчилнө гэдгээ амлаад "буруу ойлголцсон" хэмээн тайлбарласан байна. Гэхдээ тэд шашны үзэл баримтлалын дагуу ижил хүйстнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй хэвээр үлдэх болно гэдгээ онцолжээ.

Ногоон Нобелийг Монгол хүн хүртэв

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Facebook-ийн F8 арга хэмжээний үеэр Instagram-д хэд хэдэн нэмэлт шинэчлэл хийгдэж байгаа нь тодорхой боллоо. Бидний өмнө мэдээлж байсанчлан зураг, видеоны лайкийн тоог нуух боломжтой болж байгаа нь хамгийн онцлох мэдээ байв. Үүнээс гадна Instagram-аас "түр завсарлага" авч байгааг илэрхийлэх "Away Mode"-ийг танилцуулсан байна. Эдгээр нь бүгд цахим ялгаварлалаас зайлсхийж, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зорилготойг тэд онцолжээ.

Дэлхийн хамгийн том дундын оффисын сүлжээ WeWork IPO хийж, нээлттэй компани болох хүсэлтээ гаргалаа. 47 тэрбум долларын үнэлгээтэй тэд оны эхээр бүтцээ өөрчилж, дундын оффисоос гадна академи, дундын байрыг багтаасан WeCompany болсон билээ.

BBC: WeWork үнэхээр 50 тэрбумын үнэ цэнтэй гэж үү?

Дэлхий даяар 17 мянга гаруй салбарт түргэн хоолны сүлжээ Burger King энэ ондоо багтаан Америкийн бүх ресторанууддаа ургамлын гаралтай махаар хийсэн бургер гаргана хэмээн зарлалаа. Тэд махгүй бургерын технологи хөгжүүлэгч Impossible Foods-тэй хамтран шинэ бүтээгдэхүүнээ амжилттай туршсан нь энэ. Impossible Foods-ийн өрсөлдөгч Beyond Meats өнгөрсөн долоо хоногт нээлттэй компани болсон билээ.

Spotify төлбөр төлдөг 100 сая хэрэглэгчтэй болсноо зарлалаа. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 32 хувиар өссөн гэсэн үг. Гэхдээ 1.5 тэрбум долларын борлуулалт хийж буй тэд 190 сая долларын алдагдалтай ажилласан хэвээр л байгаа юм. Ташрамд дурдахад Amazon мөн хөгжмийн стримингийн зах зээлд өөрсдийн үйлчилгээгээ хөгжүүлж байгаа мэдээ гараад байгаа билээ.

Дэлхийн хамгийн том зочид буудлын сүлжээ Marriot International байр түрээсийн зах зээлд нэвтэрч, Home & Villa нэртэй үйлчилгээгээ танилцууллаа. Тэд илүү тансаг зэрэглэлийн 2000 байрыг хамгийн эхэнд санал болгож байгаа нь Airbnb-ийн IPO-ийн өмнөх "муу" мэдээ болов. Marriot-ийн мэдэлд дэлхий даяар 1.29 сая өрөө байдаг гэнэ.

Энэ жилийн юникорн стартапуудын IPO жагсаалтыг WeWork үргэлжлүүлнэ

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Apple өнгөрсөн улиралд 58 тэрбум долларын борлуулалт хийснээ зарласнаар хувьцааны үнэлгээ нь 5 хувиар өсжээ. Хэдий өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад борлуулалт 5 хувиар буурсан байсан ч үйлдвэрлэгч бус интернэт үйлчилгээ үзүүлэгч болох зорилгодоо хүрэхэд онцгой ахиц гаргасан нь үүнд нөлөөлсөн байна. Хятадын зах зээлд өсөлт ажиглагдахгүй байгаа ч нийт борлуулалтын 61 хувийг олон улсаас бүрдүүлжээ.

Тэгвэл Google-ийн толгой компани Alphabet-ийн борлуулалтын орлого 36 тэрбум доллар байсан нь шинжээчдийн таамагт хүрээгүйн улмаас хувьцааны үнэлгээ нь 7.35 хувиар буурав. Гэхдээ энэ нь Youtube болон Cloud-ийн өсөлтийн ачаар өнгөрсөн жилийнхээс 17 хувиар өссөн үзүүлэлт юм. Гол нь Европын холбооноос 1.7 тэрбумын торгууль хүлээсэн, цаашдаа ч өөр өөр зах зээлээс "шахагдах" магадлалтай байгаа нь ийм дүнд хүргэсэн бололтой. Сонирхуулахад, Google-ийн өсөлтийн үед CEO-оор ажиллаж байсан Э.Шмидт компанийг орхиж, зөвлөхийн үүрэгтэй ажиллах болжээ.

Өнгөрсөн улиралд 702 сая долларын алдагдал хүлээсэн Tesla шинэ технологи хөгжүүлэлтэд зориулж, 1.5 тэрбум долларын санхүүжилтийг босгож байгаагаа зарлалаа. Үүний хүрээнд тус компанийг үүсгэн байгуулагч Э.Маск 10 сая долларын үнэлгээтэй хувьцааг нэмж авах болсон байна. Энэ мэдээний дараа тус компанийн хувьцааны үнэлгээ 5 хувиар өсжээ.

Америкийн хамгийн том медиа группүүдийн нэг Sinclair Broadcasting Group эгнээндээ 21 сувгийг багтаасан орон нутгийн спортын сүлжээг 10 тэрбум доллараар худалдан авлаа. Уг сүлжээг Disney 21st Century Fox-ийг 71 тэрбумаар авсан гэрээний хүрээнд өөрийн болгоод байсан ч үргэлжлүүлэн хөгжүүлэх сонирхолгүй байсан учир ийн зарж байгаа юм. Энэ хэлэлцээрт MLB, Big 3, Liberty Media зэрэг топ компаниуд мөн оролцож, өрсөлджээ.

Энэтхэгийн аяллын захиалгын үйлчилгээ үзүүлэгч платформ OYO Европын зах зээлд нэвтэрч, @Leisure Home-ийг 415 сая доллараар худалдан авлаа. OYO өдгөө 5 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд дэлхийн 6 дахь том зочид буудлын захиалгын сүлжээ болоод байгаа билээ. Сонирхуулахад, өнгөрсөн сард OYO-д тэдний хамгийн том өрсөлдөгч Airbnb 150 сая долларын хөрөнгө оруулсан билээ.

Apple зөвхөн iPhone-ийн борлуулалтаас хамааралтай биш гэдгээ батлав

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

"Avengers: Endgame" ердөө 2 долоо хоногийн дотор 2 тэрбум долларын орлого олж, ийм амжилтад хамгийн хурдан хүрсэн дээд амжилтыг тогтоолоо. Titanic-ийг гүйцэн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтанд 2-р байрт бичигдэж эхэлсэн тэд урдаа бичигдэж буй ганц кино "Avatar"-ийн 47 хоногт хүрсэн амжилтанд 11 өдөрт л хүрсэн нь энэ. Тэд зөвхөн Хятадын зах зээлээс 570 сая долларыг, олон улсаас 1.5 тэрбум долларыг цуглуулаад байгаа юм.

BBC: Avengers хэрхэн чартыг байлдан дагуулав?

Fortnite-ийг бүтээгч Epic Games цахим ертөнцийн хамгийн алдартай тоглоомуудын нэг Rocket League-ийг худалдан авлаа. 57 сая тоглогчийг нэгтгэсэн Rocket League-ийг хөгжүүлэгч 132 инженер бүгд Epic-ийн харьяанд орж байгаа нь энэ наймааны гол үнэ цэн хэмээн экспертүүд үзэж байна.

Sony 28 жилийн өмнө анх гаргаж, улмаар залуусын хамгийн хайртай дүрүүдийн нэг болсон Sonic-ийн киног гаргаж байгаагаа зарлалаа. Киноны анхны трэйлэр хэдий хэрэглэгчдээс төрөл бүрийн үнэлгээ авсан ч Жим Кэрри, Бен Шварц нарын тоглосон уг кино энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй бүтээл болох нь тодорхой юм. Уг кино 11-р сард нээлтээ хийнэ.

Блоггеруудын хамгийн алдартай платормуудын нэг Tumblr шинэ эзэнтэй болж магад. 2013 онд Yahoo-д нэг тэрбумаар зарагдаж, улмаар өдгөө Verizon-ий мэдэлд шилжсэн тэднийг дэлхийн хамгийн том насанд хүрэгчдийн контент түгээгч Pornhub худалдан авах сонирхолтой байгаа гэнэ. Өнгөрсөн жил Tumblr насанд хүрэгчдэд зориулсан агуулгыг хориглосноос хойш хандалт нь 40 хувиар унаад байгаа юм.

Солонгосын топ хамтлагуудын нэг BTS 2019 оны Billboard Music Awards-ийн шилдэг хамтлагаар тодорлоо. Энэ нь түүхэнд анх удаа KPop хамтлаг Billboard-ийн топ шагналуудын нэгийг авч байгаа хэрэг юм. Тэд мөн өмнө нь хүртэж байсан сошиалын топ хамтлагаар ахин нэрлэгджээ.

алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Google I/O-оос хүлээх зүйлс юу вэ?
BBC: Уур амьсгалын өөрчлөлт хэрхэн баячуудыг улам баяжуулж байна вэ?
Vox: Ухаалаг төхөөрөмжүүдээр хүрээлсэн амьдралыг тайлбарлах нь
QZ: В.Баффетийг хэн залгамжлах вэ?
CNN: Ши Жинпин яагаад оюутнуудаа хөдөө рүү илгээх болов?
Recode: Amazon хэрхэн нэг өдрийн хүргэлтийг бүтээсэн бэ? (сонсох)
Atlantic: Трамп яагаад гэнэтхэн бурханы талаар яриад эхлэв?
Empire: "Fantastic Beats 3" 2021 он хүртэл хойшлогдлоо
TNW: Судалгаа - Цахилгаан машин агаарын бохирдолд хэрхэн нөлөөлөх вэ?
Polygon: 2019 оны хамгийн шилдэг телевизийн цувралууд

9642   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.