Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 01, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - "Некстком" компанийн гүйцэтгэх захирал, орчуулагч Л.Саруултөгс

Өнөөдрийн дугаартаа бид нэг биш салбарт амжилттай ажиллаж яваа бүсгүйг урилаа. Тэр бол зарим хүний Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц” номын орчуулагч гэдгээр нь мэдэх Л.Саруултөгс юм. Энэ орчуулга түүний үндсэн ажилтай холбогддог. Зочин маань гоо сайхны бүтээгдэхүүн, салон, нүүр будалтын студи бүхий “Некстком" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, эмэгтэйчүүдийг гоё сайхан харагдуулах, амьдралыг нь хөнгөвчлөх бүтээгдэхүүн/үйлчилгээ, арга техникүүдийг судалдаг. Үүний зэрэгцээ Японд суралцах, түр ажиллах хүсэлтэй хүмүүсийг бэлдэх, сургалтад хамруулах агентлагийг ажиллуулдаг ажээ. Тэрээр 23-р сургууль, Японы Чиба их сургуулийг олон улсын харилцаа, япон соёл судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд Монгол дахь Япон Элчин сайдын Яаманд 10 жил ажиллаад 2013 оноос одоогийн компаниа удирдах болжээ. Ингээд Юнителийн дараа төлбөрт 8010 дугаарын

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Некстком” ХХК-ны гүйцэтгэх захирал, Монгол- Японы найрамдалын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13’
Сошиал хуудсууд: Saruul Tugs (Фэйсбүүк), Saruultgs (Инстаграм)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Сайн төлөвлөгөөтэй, ярьсан хэлсэндээ, хурдтай ажиллахыг эрмэлздэг. Гэнэтийн ажил аль болох гаргахгүй байхад анхаардаг. Японд боловсорч, байнга япончуудтай ажилладаг болохоор иймэрхүү арга барил суусан байх.

Мөн ажил, гэр гэсэн зааг гаргахгүйгээр, ажлыг ажил гэж тусад нь хүндрүүлж бодохгүйгээр аль болох хөнгөн ажиллахыг зорьдог гэж болно. Өөрөөр хэлбэл оффис дээр олон цагаар ажиллаад, орой гэртээ ирээд гэрийн ажилдаа анхаарахаас илүүтэй өдөр хийх юмнуудаа шахаад гэртээ эрт ирэхийг хичээдэг. Тэгээд хийх ажил дуусаагүй бол гэртээ завсар зайгаар нь, эсвэл хүүхдүүдээ сэрэхээс өмнө юм уу унтсаны дараа ажилладаг. Ер нь оффис дээр олон цаг байхаас илүү гэртээ сайхан ажиллах орчин үүсгээд зарим ажлаа хийгээд явчихвал хүүхэдтэй бүсгүйчүүдэд зүгээр гэж боддог шүү. Илүү бүтээмжтэй байдаг ч гэж боддог. Гэхдээ миний энэ арга барил цагт баригддаггүй ажил хийдэгтэй маань холбоотой гэдэг нь ойлгомжтой.

Ажлын өдрийн тухайд, гоо сайхны компанийнхаа ажилд ерөнхийд нь хяналт тавиад, сургалтын төвийн бичиг цаасны ажилд нэлээд их цаг зарцуулдаг. Косметикийн бизнес эрхэлдэг болохоор эмэгтэйчүүдэд хандсан ном материалуудыг уншиж яваад Мари Кондогийн номыг олж орчуулсан. Номыг маань уншигчид маш сайхан хүлээж авч, түүнээс хойш өдөр тутмын ажилд номтой холбоотой ажлууд орж ирдэг болсон байна. Үүндээ урамшаад өөр олон гоё зүйл хийх сэн гэж хүсэж байна даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Би гар утсаар их ажил амжуулдаг. Имэйлээ байнга ашиглан, их ярина, чатална. Харилцаа холбоонд Facebook, Line хоёрыг их хэрэглэдэг юм байна. За тэгээд ажил төлөвлөлт, тэмдэглэлийн аппууд байна. Өөр олон янзын апп нэг их ашигладаггүй.

Тэрээр "Амьдралыг өөрчлөх эмх цэгц" номын дараагаар "Шик хатагтайн зөвлөгөө" номыг орчуулжээ.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Аль болох ашиггүй хөдөлгөөн хийхгүй байх үүднээс сайн төлөвлөдөг. Сүүлийн хэдэн жил хувийн бизнес удирдаад явж байгаа болохоор өөрийнхөөрөө цагаа зохицуулж, цагийн менежмент хийдэг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх зүйлсээ гар утасныхаа Note болон Kanban board апп дээр хөтөлдөг. Note дээр илүү урт хугацаанд хийх зүйлсээ бичдэг. Мөн ширээний календарь дээр бичиж тэмдэглэдэг юм байна.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Ой тогтоолт сайтай. Адгуу талдаа болохоор юмыг хурдан, зэрэг зэрэг хийх гэж л үзнэ. Хүмүүсийг чиглүүлэх, зохион байгуулах тал дээр гайгүй байх. За тэгээд мэдээж орчуулсан номуудаасаа эмх цэгцтэй, хэмнэлттэй байхыг сайн сурсан гэж боддог. Номоос сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх тусам илүү сайн ойлгож ухаарч байгаа шүү.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Гоо сайхны салбарт ажиллахын нэг сайхан зүйл нь ажлын үр дүн амархан харагддаг. Монгол эмэгтэйчүүддээ илүү сайн бүтээгдэхүүн хэрэглүүлэх юм сан, өөртөө санаа тавьдаг, байнга л гоё харагддаг байгаасай гэж хүсэж ажилладаг.

Агентлагийн тухайд, би Япон оронд 1994 онд буюу харьцангуй эрт хөл тавьж, гүнд нь нэвтэрсэн тул хүмүүсийг япон соёл, япон бүтээгдэхүүнүүдтэй илүү сайн танилцуулах юм сан гэж их хичээдэг. ЭСЯ-нд ч ийм бодол сэтгэлтэй ажилладаг байсан, одоо ч тийм. Японд суралцах, түр хугацаагаар ажиллах хүсэлтэй хүмүүст туслаад, хэсэг хугацааны дараа мэдлэг боловсрол, мэргэшил туршлагаа дээшлүүлээд амьдралаа сайхан авч явааг харахад тун таатай байдаг. Тэдний дунд шинэ бизнес, үйлдвэрлэл эхлүүлсэн олон хүн байдаг.

Япон руу гэрээт ажилтан илгээдэг энэ ажлын талаар хүмүүс хоёр янзын санаа бодолтой байгаа нь анзаарагддаг. Тодорхой хугацаанд Японд ажиллаад, тэндхийн соёл, арга технологитой танилцаад ирвэл хожно л гэж боддог. Мэдээж бид хүмүүсийг Японд үүрд үлдээрэй гэж захидаггүй, сурсан мэдсэнээ эх орондоо ашиглаж хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг. Бид сонирхсон хүмүүсийг япон хэлний болон бусад сургалтанд суулган сайн таниж, сайн бэлдсэний үндсэн дээр гэрээт ажилтнаар явуулдаг. Зараар хандсан хүн болгоныг шууд явуулчихаж болдоггүй. Бид тухайн хүний арыг 3 жил даадаг буюу 3 жилийн баталгаа өгдөг учраас тун хариуцлагатай хандах ёстой. Энэ бол наанадаж байгууллага, цаанадаж улсын нэр гардаг асуудал.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Үндсэн ажлууд дээрээ л төвлөрөн ажиллаж байна даа. Гоо сайхны компани маань өнгөрсөн хугацаанд бид голдуу л бэлэн бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан бол одоо өөрийн гэсэн брэндийг бий болгохоор зорьж байгаа. Косметикийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагадаа үндэслэн, монгол хүнд илүү зохидог бүтээгдэхүүн, найрлага бүхий шинэ брэндийг япон технологиор бүтээлгэхээр Японы топ косметикийн компаниудын гүйцэтгэгч Toyo Beauty хэмээх компанид захиалга өгөөд байна. Мөн амаржсан эмэгтэйчүүдийн дотуур хувцасны Wacoal брэндийг Монголдоо оруулж ирэхээр ажиллаж байна.

Японд 2020 онд олимп болох гэж байгаатай холбоотойгоор гаднаас ажиллах хүч авах их сонирхолтой байгаа. Тиймээс энэ чиглэлд ажил ихтэй байгаа. Сургалтын төвөө хэлний сургалтаас гадна харилцаа, соёлын сургалтууд хийдэг болгохоор өргөжүүлж байна. Мөн би өөрөө үйлчилгээний салбарт нэлээд туршлага хуримтлуулсан болохоор өөрийн ажилтнуудаас эхлээд үйлчилгээний соёлын сургалт хийж эхлэх санаатай байгаа.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Мишель Обамагийн ном авснаа уншиж эхэлж байна. Ер нь ихэнх номуудаа япон хэлээр авчихдаг. Минималист амьдралыг сонирхдогоо одоо бүр нарийсган салбар салбарт минималист хэв маяг хэрхэн буудгийг уншиж мэдэх хүсэлтэй болсон. Жишээ нь интерьертэй минимализм хэрхэн уялдаж байна вэ гэх мэтээр.

Ойрын хугацаандаа номын орчуулга оролдохгүй байх. Гэхдээ ийм чиглэлийн ном орчуулна даа гэсэн санаа төрсөн. Хэсэг хугацааны дараа эхлүүлнэ дээ.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Ялангуяа орчуулга хийх үедээ хөгжим сонсох дуртай. Японоос монгол хэл рүү орчуулах үедээ япон хөгжим тавьж тухайн хэлээ илүү мэдрэхийг хүсдэг гэх юм уу. Сонгодог урлаг, сонгодог хөгжимд дуртай. Гэхдээ ер нь төрөл бүрийн л хөгжим сонсчихно.

 ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Дотогшоо тал руугаа хүн. Анх удаа олон нийтэд хандсан ажил хийсэн нь ном орчуулсан явдал байлаа. Үүний дараагаас номынхоо агуулгыг ярьж өгөөч, номын хэлэлцүүлэг хийе гэсэн санал хүсэлтүүд нэлээд ирдэг болсон. Тэр хэрээр олон хүнтэй харилцаж, олны өмнө гарч, өөрийгөө илүү нээж байх шиг байна. Өмнө нь би залуу хүн өөрөө сурахад л анхаарах ёстой гэж боддог байлаа. Одоо бол аливааг бүрэн төгс сурсныхаа бусдад хуваалцана гэх биш, суралцах явцдаа ч гэсэн бусдад хуваалцах хэрэгтэй юм байна гэж бодох болсон.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хүүхдүүдээ орой 22 цагт унтуулж хэвшсэн. Өөрөө 23 цагийн үед унтаад өглөө 7 цагт босдог. Ер нь тогтсон цагт унтаж босдог байх нь их зөв юм билээ. Ингэснээр бусад ажлуудаа ч тогтсон цагтай болгох боломж бүрдэж байгаа юм. Бүх зүйл тодорхой, зохион байгуулалттай болохоор бүтээмж дагаад дээшилдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Охинтойгоо балет хийдэг. Мөн драм, дуурь, кино үзэх дуртай. Би чинь байнга имэйл шалгаж, утаснаасаа их ажилладаг хүн болохоор зав чөлөөтэй үедээ дэлгэцээс холдож, толгой тархиа сайн сэргээх юм хийхийг хүсдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Гэр бүл, хүүхдүүдээсээ эрч хүч авдаг. Тэднийхээ том болж буйг харах үнэхээр сайхан.
Мөн гэрээ, ажлын орчноо өөрийн гараар аятай тухтай, гоё сайхан болгож, түүнээсээ өдөр тутам эрч хүч, цэнэг авч байхыг боддог.

Сүүлийн үед хүн байгаа зүйлдээ сэтгэл ханаж талархаж байх ёстой юм байна гэж боддог болсон. Хүн ямар ч өндөрт гарлаа гэсэн байгаа зүйлээ байнга чамладаг бол амьдрал утгагүй шүү дээ. Хүн ер нь өөртэйгөө сайн ажиллаж, өөрийгөө дотроосоо хөглөж явах хэрэгтэй гэж боддог.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хийж буй ажлынхаа эцсийг нь үзэх ёстой гэдэг итгэл үнэмшлийг би ээжээсээ олж авсан. Ээж минь "Болохгүйг нь хүртэл яваарай" гэж байнга хэлдэг. Тууштай байх, хүссэн зорьсон зүйлийнхээ ард гарах тэмүүлэл юм даа. Холхон зорилго тавиад, түүнийхээ араас зүтгэдэг л байхгүй бол өдөр тутмын ажил амьдралдаа хайрцаглагдчихна.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Манай нийгэмд нэг дутагдалтай байгаа зүйл бол хариуцлагатай байдал гэж боддог. Уг нь хариуцлагатай байна гэдэг нийгмийн амьдралд оролцогч хүн бүхний санах, хэрэгжүүлэх ёстой энгийн л дүрэм. Ямар ч ажил хийлээ гэсэн түүндээ хариуцлагатай ханддаг байхад юмс аяндаа бүтэж, сайн сайхан тал руугаа явдаг гэж итгэдэг.

Бас орчин үед бүтээлч сэтгэлгээ их чухал. Японд шат шатны сургуульд сурч үзэхэд хүүхдийн нас насанд тохирсон, бүтээлч байлгах хичээл сургалтууд их ордог юм билээ. Хүн бүр зохион бүтээгч байх албагүй ч шинийг сэдэх чадвар хаана ч, юу ч хийсэн хэрэг болно.

ХҮҮХДҮҮДЭЭ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АНХААРДАГ ЗҮЙЛСЭЭС ХУВААЛЦВАЛ?

Хүүхдээ багаас нь ажилсаг болгоход их анхаардаг шүү. Бага байхад нь хичээгээд сургачихвал амьдралд нь их хэрэгтэй. Бас өөрийнхөөрөө өсөж хөгжих боломжийг олгоход буюу бусад хүүхдүүдтэй харьцуулахгүй байхад анхаардаг. Монголчууд хүүхдүүдээ бусад айлын хүүхэдтэй их харьцуулах гэдэг шүү дээ. Өөрийн онцлогийг гаргасан хүн болоосой, сонирхлыг нь мохоохгүй дэмжих юм сан гэж хүсдэг.

Мэдээж байгаа зүйлсээ хайрлаж гамнах сэтгэлтэй болгохыг хичээнэ. Энэ минимал сэтгэлгээ бол нэг ёсондоо монголчуудын мартагдсан соёл. Нүүдэлчин соёлд, юм ховор байх үед монголчууд бид цөөхөн зүйлээ хайрлаж гамнадаг, юмхнаар юм хийдэг байсан. Энэ соёлоо бид эргэн сэргээх хэрэгтэй санагддаг. Цөөн юмтай цомхон амьдрах нь чухал зүйлсийн ач холбогдлыг илүү сайн тодотгож өгдөг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Японд арома эмчилгээний чиглэлээр суралцаж байхдаа танилцсан, хүндэлдэг эгчийгээ санал болгоё. Саяхан "Бүсгүйн зөн сэрэхүй" номынхоо нээлтийг хийсэн, "Зохист дорно" хэвлэлийн газрын Х.Эрдэнэцэцэг гэдэг хүн бий.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

41715   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.