Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   04 сарын 30, 2019

"Game of Thrones"-ийн фенүүдийн туршиж үзэх 3 апп

"Game of Thrones" цувралын сүүлийн бүлгийн анги бүр үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлж, уулга алдуулж, баахан таамаг дэвшүүлэхэд хүргэж байгаа билээ. Фэнүүдэд одоо үнэхээр сайхан байгаа хэдий ч сар орчмын дараа цуврал бүрмөсөн дуусна гэхээр хөнгөн гунигтай. Яг л энэ мөчид энэ агуу цувралыг хамгийн дээд хэмжээгээр мэдэрч, авч болох бүх л зүйлсийг нь өөртөө шингээмээр санагдах. Ийм л бодол сэтгэлээр бид цувралыг бүрэн дүүрэн мэдрэхийг хүсэж буй уншигчдадаа гурван апп санал болгож байна. Киногоо үзэнгээ туршаад үзвэл сонирхолтой байх болно.

MAP FOR GAME OF THRONES - ХААДЫН ТОГЛООМЫг БҮРЭН ЗУРАГЛАХУЙ

Хэдийгээр "Game of Thrones" цувралын талаар мэдээлэл өгөх хангалттай олон аппликейшн байгаа ч энэхүү апп-ийг хамгийн шилдэг нь гэхэд буруудахгүй болов уу. Энэ аппаас GoT-ийн ертөнцийн газрын зургууд болон хаана ямар үйл явдал болсон буюу болж байгаа гэдгийг нарийн тайлбартайгаар харах боломжтой. Өмнөх 7 бүлгийн ангиуд дээр болсон үйл явдлуудыг газрын зурган дээр дүрслэн харуулж, товч тайлбарласан нь цувралын үйл явдлуудыг богино хугацаанд сонирхолтой байдлаар сэргээн санах боломжийг олгосон байна. Одоо гарч буй сүүлийн бүлгийн ангиуд ч шинээр нэмэгдэн орж буй. Мөн дүр болгоны намтар, эшлэл зэргийг оруулснаас гадна улс, хот, чухал газруудын тайлбаруудыг нэмж өгсөн нь энэ цувралын талаарх бүрэн төгс мэдээллийг өгөх болно.

Татах: Android, iOS

Balto: Game of Thrones Dead or Alive Pool - ТААМАГЛАХУЙ

Balto бол спортын фантази тэмцээн зохион байгуулдаг веб аппликейшн юм. Тэд "Game of Thrones" цувралын фенүүдэд зориулан нэгэн шинэ тэмцээнийг эхлүүлжээ. “Game of Thrones Dead or Alive Pool” нь анги болгонд зориулан шинээр таавар зохиодог бөгөөд та киногоо үзэхийн хажуугаар тааварт оролцож, кино үзэх үйл явцаа илүү сонирхолтой болгох боломжтой. Киноны анги болгонд дүрүүдийн амьд үлдэх, үхэх, үхээд амилах эсэхийг сонгоно. Мөн кинонд гарч магадгүй гэсэн үзэгдэл, таамаглалуудын үнэн үү, худал уу гэдгийг таан нэмэлт оноо авах боломжтой. Та бүхэн энэхүү тааварт тэмцээнд GoT-ийн фен найзуудыгаа уриалан өрсөлдөөрэй.

Татах: Web

throne fantasy - ДОТОР НЬ ОРОХУЙ

Та GoT-ийн талаар бүгдийг мэддэг гэж бодож байна уу? Энэ аппликейшнийг ашиглан фэйсбүүк найзуудтайгаа Throne Fantasy лигийг үүсгэн өрсөлдөх боломжтой юм. Та багаа бүрдүүлэхдээ хаан юм уу хатан, шилдэг арми, зөвлөх улс төрч, хүлэг баатар зэрэг нийт 13 дүрээс сонголт хийх юм. Дүр болгон нь үхэл, яриа, шагнал, байлдаан, улс төр, аллага, секс, бусад гэсэн ангиллуудад ямар үйлдэл хийснээс хамааран оноо авдаг. Тухайлбал, таны сонгосон дүр нойрондоо алуулах юм уу ичгэвтэр байдлаар үхвэл -100 оноо, хот юм уу шилтгээн эзэлбэл +250 оноо, хааны суудалд суувал +500 оноо авна гэх мэтээр онооны системтэй бөгөөд цэсний зүүн дээд буланд буй зааврыг сайтар уншин сонголтоо хийхийг зөвлөе. Зөв хариулт бүр нэмэлт оноо авчирч, анги бүрийн төгсгөлд оноонууд автоматаар шинэчлэгдэнэ. Мөн хоцорч бүртгүүлсэн гэж оноо хасдаг тул аль болох хурдан бүртгүүлээрэй. Өөрийн багийг бүрдүүлээд, найзуудыгаа нэмээд, хэн нь "илүү" фен болохоо үзээрэй.

Татах: Android, iOS

10058   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.Ханд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.