Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   04 сарын 29, 2019

Онцлох бизнес: Язгуур контент - Язгуур уламжлалаа шинэлэг хийцээр

Монгол ёс заншил, түүх соёлоо хүүхэд багачуудад богино хэмжээний анимэйшн, комик ном байдлаар хүргэдэг, эцэг эхчүүдэд зориулан хүүхэдтэйгээ хамт үнэгүй хамрагдах “Язгуур” үндэсний сургалт, хүмүүжлийн хөтөлбөрийг зохион байгуулдаг “Язгуур контент” компанийг бид онцолж байна. Тэд энэ онд “Язгуур” хэмээх хүүхэлдэйн киноныхоо эхний таван ангийг олны хүртээл болгохоор зорин ажиллаж байгаа аж. Ингээд тус төслийн удирдагч Г.Ганчулуунтай хийсэн ярилцлагаа хүргэе.  

Бизнесийн нэр: “Язгуур контент” ХХК
Хаяг: HUB Инновацийн төв, 9 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Зурмал контент бүтээх
Үүсгэн байгуулагч: Г.Ганчулуун
Үүсгэн байгуулагдсан: 2018 оны 4-р сар
Цахим хуудас: Язгуур контент (Фэйсбүүк)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ? 

Боловсролтой хүн өвөг дээдэс, соёл уламжлалаа тодорхой хэмжээгээр мэддэг байх ёстой гэдэг. Ялангуяа хурдтай даяаршиж буй өнөө үед монгол хүн бусад орны иргэдээс юугаараа өөр, өвөрмөц вэ, үнэт зүйл нь юу вэ гэдгийг бодох ёстой санагддаг. Болж өгвөл энэ бүхнийг хүүхэд байхаасаа ойлгож суралцдаг, хэн бэ гэдгээ мэдэж өсдөг байвал зүгээр шүү дээ. Өнөөгийн технологийн эрин зуунд хүүхдүүд утас, таблет, зурагт их үздэг болж, анхаарал нь маш амархан сатаардаг болсон байна. Иймээс л хүүхдэд нөлөөлөх нэг үр дүнтэй арга нь хит хүүхэлдэйн кино бүтээх юм байна гэж бодсон юм. “Урлагаар хүмүүжүүлэх” гэж ярьдгийг хэрэгжүүлбэл яасан юм бэ гэж санасан хэрэг. Улмаар уламжлалыг хадгалсан шинэлэг контент хийх зорилгоор 2016 онд “Хүн болох багаасаа” нэртэй төслийг санаачлан эхлүүлсэн нь одоогийн ажлын маань эхлэл болсон.

БАГАА ХЭРХЭН БҮРДҮҮЛСЭН БЭ?

Анимэйшн зураач, хүүхдийн зохиолч, дижитал уран бүтээлчид манай улсад ховор. Дэлхийд өрсөлдөхүйц хүүхэлдэйн кино хийхэд хүний нөөц, мэдлэг туршлага их хэрэгтэй. Ийм нөхцөлд сайн багийг бүрдүүлнэ гэдэг амаргүй шүү. Гэхдээ санааг маань ойлгосон, ирээдүйн боломж нөөцийг маань харсан уран бүтээлч хамтарч ажилладагт баяртай байдаг.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ? 

Анхны хөрөнгө оруулалтыг өөрөөсөө гаргасан. Дүүгийнхээ хашаа байшинг хүртэл зарж байлаа.

ТАНАЙ БИЗНЕСИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Манай “Язгуур” хүүхэлдэйн киноны үйл явдал 200 жилийн дараах дэлхий дээр өрнөдөг. Өөрөөр хэлбэл, бид уламжлал, ирээдүй цаг хоёрыг хослуулсан хүүхэлдэй киног одоо цагийн хүүхдүүдэд хүргэхээр зорьж байгаа гэсэн үг.

Пороро, Тобот хоёрыг мэдэхгүй хүүхэд ховор болов уу. Хүүхдүүд хүүхэлдэйн киног нь алгасахгүй үзэж, тоглоом, ундаа зэрэг дагалдах, холбоотой бүх л бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсэж байна. Нэг ёсондоо хүүхдүүд тухайн брэндээр өвчилж байна гэсэн үг л дээ. Бид ч мөн адил “Язгуур” хүүхэлдэйн киноныхоо хүрээнд одоогоор комик ном, эвлүүлдэг тоглоом, рубикийн шоо гаргаад байна. Үндсэндээ брэнд бүтээхийг зорьж байна. Гадаадын контент хүчтэй байгаа ийм үед дотооддоо контент бүтээнэ гэдэг оюун санаа, үнэт зүйлийн хувьд болоод эдийн засагт оруулах хувь нэмрийн хувьд үнэ цэнтэй үйл гэж итгэдэг.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бизнес итгэлцэл дээр тогтдог гэж би боддог. Тэгэхээр хэлсэн үгэндээ эзэн байж, хамтрагчдынхаа болон хамт олныхоо итгэлийг алдахгүй байхыг л зорьж ажилладаг даа.

АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Манай байгууллага хүүхэд бүрийг үндэсний үнэт зүйлсээ өвлөн хөгжүүлэгч монгол хүн болгох хэтийн зорилготойгоор ажиллаж байна.

Харин ойрын гурван жилийн хугацаанд 100 ангитай “Язгуур” хүүхэлдэйн киногоо хийж дуусгах төлөвлөгөөтэй. Энэ ондоо багтаад эхний таван ангийг нь олны хүртээл болгоно, чадвал 10 ангийг ч бэлэн болгох санаа байна.

ТАНАЙХ ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? 

Барааны тэмдэгтгүй жижиг, дунд үйлдвэрүүд олон байгаа шүү дээ. Иймээс бид хүүхэлдэйн киногоороо дамжуулан хит дүрүүдийг бүтээн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Түрүүнд хэлсэнчлэн одоогоор комик ном, эсгий болон соронзон эвлүүлдэг тоглоом, рубикийн шоо гаргасан. Үргэлжлүүлэн “Хүүхдийн хамгаалагч сахиус Явуубаатар” брэндийн оймс, “Болор Иннотек” компанитай хамтран нуралтын эсрэг тос, гарын саван, спиртийн агууламжгүй гар ариутгагч, нойтон салфетка, сэнгэнэсэн үнэртэй хүүхдийн дархлааг дэмжих адууны тос зэргийг худалдаанд гаргахаар зэхэж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БОЛООД ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

Бизнесийн санаагаа үзүүлэхэд ямар гоё юм бэ, сайхан санаа байна гэж хүлээж авах хүмүүс, дэмжих эцэг эхчүүд олон байдаг. Эцэг эхчүүд мэдээж хүүхдэдээ дандаа гадаад контент үзүүлж харуулаад байхыг хүсдэггүй, сайн чанартай монгол контент гараасай гэж хүсэж хүлээж байдаг юм билээ.

Гэхдээ хүүхэлдэйн кино бүтээнэ гэдэг бол үнэхээр амар ажил биш. Маш өндөр зардлаар бүтдэг. Жишээ нь 1994 онд “Walt Disney” компанийн “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног 800 хүний бүрэлдэхүүнтэй баг бүтээсэн гэдэг. Тийм болохоор нэг талаас дэмжигчид олон байвч манай улс хүүхэлдэйн кино хийх түвшинд хүрээгүй байгаа шүү дээ гэдэг шалтгаанаар эдийн засгийн хувьд дэмжихгүй байх хүмүүс бас олон таардаг.

ТАНАЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД ХАМГИЙН ИХ НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН?

Комик номыг уншсан хүмүүс тун ам сайтай байдаг. Монголчууд эрт үеэс явуунд ерөөл шившиж хүүхдэдээ сахиус болгон өгдөг уламжлалтай байсан юм. Иймд бид “Язгуур” хүүхэлдэйн киноны эхний цуврал “Хүүхдийн хамгаалагч сахиус Явуубаатар” комик номдоо явуу дагалдуулан өгдөг. Манай комик номыг авсан хүүхдийн ээжүүд бидэнтэй холбогдож “Манай хүүхэд явуундаа хүслээ шивнэж, дэрлэж унтаж байгаа” гэх мэт зурвас ирүүлдэг. Саяхан нэг ээж “Манай хүүхэд явуугаа алга болгочихоод уйлаад болдоггүй ээ” гээд холбогдож байсан шүү.

Залуу эцэг эхчүүдэд ХАНДАН ТА ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Хүнээр хүн хийнэ гэдэг маш гайхалтай, бас маш чухал үйл. Монголчууд хүүхэд хүмүүжүүлэх нарийн арга ухаантай ард түмэн. Бүүвэйн дуугаар хүмүүжүүлэх, үлгэрээр хүмүүжүүлэх гэх мэт шат дараатай олон нарийн зүйл бий. Хүүхэд ямар мэдээллийг их авна, түүгээрээ тэтгэгдэж хүн болдог.

Тэгэхээр ээж аавууд өөрсдөө сайн судалгаа хийж, хүүхдийнхээ насны онцлогт тохирсон тоглоом, контентууд хэрэглүүлэх хэрэгтэй юм. Гадны сайн контентуудыг мэдээж хүссэн хүсээгүй хүүхдүүд үздэг. Үүний зэрэгцээ дотоодын контент, монгол агуулга шингэсэн бүтээгдэхүүнтэй танилцуулдаг байх нь тал талын ач холбогдолтой гэж боддог. Бас ийм бүтээгдэхүүн, контент хийх гэж зүтгэж буй хүмүүсийг дэмжээрэй гэж хүсэж уриалъя.

9683   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.