Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 28, 2019

7 хоногийн тойм: Тэрбум долларын нээлт + Триллионы үнэлгээтэй компани + Тэрбумыг тэтгэх сүлжээ

Ковер зургийн тайлбар: Хэн нь хэн бэ?

Онцлох

Марвелын супер баатруудын ялгуусан түүхийн төгсгөлийн бүлэг "Avengers: Endgame" нээлтийн долоо хоногтоо 1,2 тэрбум долларын орлого олж, дээд амжилт тогтоолоо. Тэрбум долларын босгыг таван өдрийн дотор давсан нь тус киноны өмнөх анги "Avengers: Infinity War"-ийн амжилтыг 6 өдрөөр ахиулсан гэсэн үг юм.

"Endgame" Хойд Америкийн зах зээлээс 350 сая долларын орлого олж, бокс оффисийг итгэл төгс тэргүүлсэн юм. Олон улсад тэд үүнээс ч илүү амжилтыг үзүүлж, нийт 859 сая долларыг цуглуулж, Их Британи, Хятад зэрэг чухал зах зээлүүдэд түүхэн рекорд тогтоосон байна. Зөвхөн Хятадын зах зээлээс 330 сая долларын борлуулалт хийсэн нь өмнө нь ямар ч киноны үзүүлж байгаагүй амжилт болжээ.

2008 онд "Iron Man"-ээр эхэлсэн Avengers-ийн түүх нийт 22 киногоороо 19 тэрбум долларын борлуулалт хийжээ. Зөвхөн "Avengers"-ийн дөрвөн анги дангаараа 6,2 тэрбум долларыг Disney-д авчирсан байна. Сонирхуулахад Disney Marvel-ийг 2009 онд 4 тэрбум доллараар худалдаж авч байсан билээ.

Урьдчилсан үзвэрийн, нээлтийн өдрийн рекордуудыг мөн эвдсэн Avengers-ийн киноны эрэлт хэт өндөр байсан учраас зарим кино театрууд 96 цагийн турш тасралтгүйгээр ажиллаж, үзэгчид өглөө үүрээр ч кино үзэхээр ирж байсан гэнэ.

Бокс оффисийн 2-р байрт өөр нэг Марвелын кино "Captain Marvel" ердөө 8,1 сая долларын орлогоор бичигдсэн бол өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн "The Curse of La Llorona" 3-р байрт жагсчээ.

Reuters: Марвелын ертөнцөөр аялахуй
Unread: Спойлероос хэрхэн зугтаах вэ?

Avengers-ийн нээлт кино театр "нөлөөтэй" хэвээр байгааг батлан харуулав

Дэлхий дахинд

БНХАУ-ын Бээжин хотноо "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалт явагдлаа. Уг чуулга уулзалтын үеэр 64 тэрбум долларын үнэлгээтэй хамтын ажиллагааны хэлцлүүд явагдсан гэдгийг чуулганыг санаачлагч БНХАУ-ын дарга Ши Жинпин онцолсон байна. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга уг арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцсон билээ. 4-р сарын 25-27-нд явагдсан уг чуулга уулзалтад 150 орны 5000 орчим төлөөлөгч оролцжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас анх удаа таваас доош насны хүүхдүүдэд зориулан эрүүл мэндийн зөвлөмж гаргасан байна. Уг зөвлөмжийн агуулга нь дэлгэцтэй төхөөрөмжийн хэрэглээ, биеийн хөдөлгөөнд чиглэсэн байлаа. Зөвлөмжийн дагуу нэгээс доош насны хүүхдэд гар утас, таблет зэргийг үзүүлэх нь тохиромжгүй бол хоёр настнуудад өдөрт нэг цагаар хязгаарлахыг санал болгожээ. Мөн унтлагын цаг, хөдөлгөөн хийх цагуудыг тусгайчлан зааж өгсөн байна.

CNN: Хүүхэд хэдэн цаг унтаж, тогловол зохих вэ?

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ж.Байден 2020 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлалаа. Ардчилсан намын сунгаанд өрсөлдөх 20 дахь нэр дэвшигч болж байгаа тэрээр урьдчилсан санал асуулгыг шууд өнгөлж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Өдгөө 76 настай Байден 1973 онд анх сенатын гишүүн болсон бөгөөд 2009 онд Обамагийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2017 он хүртэл ажилласан юм.

FiveThirtyEight: Ж.Байден хэрхэн ялалт байгуулах вэ?

Дэлхийн хамгийн алдартай судалгааны байгууллагуудын нэг Gallup жил бүр эрхлэн гаргадаг "Дэлхий нийтийн сэтгэл хөдлөлийн байдал" тайлангаа танилцууллаа. Дэлхий нийт урд өмнө байгаагүй гунигтай, ууртай бас айдастай байгаа нь судалгааны үр дүнгээр илэрхийлэгдсэн байна. 10 хүн тутмын гурав нь стресстэй, дөрвөн хүн тутмын нэг нь гунигтай, 22 хувь нь ууртай байдаг дүн гарсныг онцолъё. Хамгийн сөрөг улсаар Чад, Ирак, Нигер улсууд тодорсон бол хамгийн эерэг нь Парагвай, Панам, Гветамал улсууд байжээ. Судалгаанд 140 орны 151 мянган хүн хамрагдсан гэнэ.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан Лондоны Марафон явагдаж, түүхэнд хамгийн олон буюу 42905 хүн оролцсон, хамгийн олон эмэгтэй гүйгч оролцсон марафон болон түүхэнд бичигдлээ. Мөн 39 жилийн түүхт уралдаан үүсгэн байгуулагдснаасаа хойш босгосон хөрөнгийн хэмжээ нь нийт 1 тэрбум фунтын босгыг давсныг зохион байгуулагчид зарлажээ. 2019 оны Лондоны марафоны үеэр Гиннесийн нийт 38 рекорд тогтоогдсон гэнэ. Үүн дотор амьтны хувцастай, хосоороо гүйсэн, эмчийн хослолтой уралдсан, зомбигийн дүртэй байсан зэрэг "марзан" амжилтууд багтжээ.

Байден видеогоор дамжуулан нэр дэвшихээ зарлалаа

технологийн ертөнцийн эргэн тойронд

Алслагдсан бүс нутгуудад интернетийн үйлчилгээг түгээх зорилготой стартапууд нэгдэж, хамтран ажиллах боллоо. Өнгөрсөн жилээс эхлэн дрон ашиглаж 5G цацах технологи хөгжүүлж буй Softbank-ийн эзэмшдэг HAPSMobile Google-ийн Loon төсөлд 125 сая долларын хөрөнгө оруулж буй нь энэ. Loon 2013 оноос хойш агаарын бөмбөлөг ашиглаж сүлжээ цацах туршилт хийж байгаа билээ. SoftBank энэ долоо хоногт үүнээс гадна Германы финтек стартап WireCard-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулж, Азийн зах зээлд нэвтрэхэд нь туслах болсноо мэдэгджээ.

Tesla 2020 онд багтаан роботакси зах зээлд нэвтрүүлнэ хэмээн мэдэгдлээ. Одоогоор нарийн мэдээлэл цацаагүй ч тэд жолоочгүй машины технологийг такси дуудлагын үйлчилгээтэй хослуулан орлогын шинэ эх үүсвэр үүсгэх зорилгоо ил болгосон нь энэ. 700 сая долларын алдагдалтай ажиллаж байгаагаа зарласан Tesla үүнээс гадна өөрсдийн хөгжүүлсэн чипээ ашиглах болсноо мөн мэдэгджээ. Энэ нь өмнө ашиглаж байсан Nvidia-ийнхаас 2 дахин хүчирхэг болсон гэдгийг Э.Маск онцолжээ.

2009 онд байгуулагдсан махгүй бургер бүтээгч Beyond Meat энэ долоо хоногт IPO хийх гэж байна. "Хүн төрөлхтний хоолны экосистемийг засах" амбицтай хэмээн өөрсдийгөө тодорхойлсон тэд ургамлын гаралтай мах ашиглан бургерээ хийдэг бөгөөд 1,2 тэрбумын үнэлгээтэйгээр 189 сая доллар босгох зорилготой байгаа юм. Тэд өнгөрсөн онд 87,9 сая долларын борлуулалттай ажилласан нь өмнөх оноос 2,5 дахин өссөн үзүүлэлт болжээ.

Amazon-ий хөрөнгө оруулсан цахилгаан машины технологи хөгжүүлэгч Rivian ахин өөр нэг топ тоглогчоос санхүүжилт татлаа. Автосалбарын гигант Ford нийт 500 сая долларыг Rivian-д оруулж, хамтарсан загвар хөгжүүлэх болсноо зарлав. Ford нийт 11 тэрбум долларыг цахилгаан технологид зарцуулахаа мэдэгдээд байгаа бөгөөд 2020 оноос эхлэн бүрэн цахилгаан машинаа нийлүүлэхээр зэхэж байгаа билээ.

Онлайн сургалтын хамгийн том платформ Coursera шинээр 103 сая долларын хөрөнгө оруулалт татснаар үнэлгээ нь 1 тэрбумыг давж, юникорн стартап боллоо. 40 сая хэрэглэгчтэй, эгнээндээ топ их сургуулиудын 3200 гаруй сургалтыг багтаасан Coursera уг санхүүжилтээр цар хүрээгээ тэлж, илүү олон улсын хэрэглэгчдийг онилж байгаа аж.

Агаарын бөмбөлгөөр интернет цацах уу?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Улирлын борлуулалт нь 30,6 тэрбумд хүрснээр Microsoft шинжээчдийн таамгаас давсан амжилт үзүүлж, Amazon,Apple-ийг гүйцэн дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Тэдний клоуд үйлчилгээ Azure-ийн орлого 73 хувиар нэмэгдсэн нь онцлох үзүүлэлт байв. Мөн Linkedin-ий борлуулалт 24 хувиар, Surface-ийнх 21 хувиар тус тус өсчээ. Хувьцааны үнэлгээ нь 3,1 хувиар өссөн Microsoft үүсгэн байгуулагдснаасаа 44 жилийн дараа 1 триллион долларын үнэлгээний босгыг давсан нь энэ юм.

Тэгвэл Facebook ч хэрэглэгчид болон орлого нь өсч байгааг зарласнаар хувьцааны үнэлгээ нь 7 хувиар нэмэгдсэн байна. Facebook-ийн хэрэглэгчдийн тоо 2,5 хувиар өсч, 2,38 тэрбумд хүрснээс гадна борлуулалт нь 15,1 тэрбум байсан нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт байлаа. Тэдний сториг өдөр бүр 500 сая хүн хэрэглэж байгаа нь хуулбарлах санаагаа авсан Snapchat-ийн нийт хэрэглэгчдээс 2 дахин илүү гэсэн үг. Үүнээс гадна тэд хэрэглэгчдийн аюулгүй байдал, дата нууцлалтай холбоотойгоор хууль сахиулагчдаас олгох торгуульд 3 тэрбум долларыг нөөцлөсөн гэдгээ мэдэгджээ.

Uber 2014 оны Alibaba-аас хойшхи хамгийн том IPO-г хийхэд бэлэн болоод байна. Тэд нэгж хувьцаагаа 44-50 доллараар борлуулах төлөвтэй байгаа нь зах зээлийн үнэлгээ нь 80-90 тэрбум доллартай тэнцүү байгаа гэсэн үг. Гол өрсөлдөгч Lyft-ийн IPO төсөөлснөөс муу амжилт үзүүлсэн нь тэдний үнэлгээнд ч нөлөөлснийг экспертүүд онцлов. Uber 2018 онд 11,2 тэрбум долларын борлуулалт хийжээ. Үүнтэй зэрэгцэн PayPal Uber-т 500 сая долларын хөрөнгө оруулж байгаагаа зарлажээ.

Snapchat сүүлийн таван улирлыг нийлүүлснээс ч илүү их хэрэглэгчдийг нэмснээр 190 сая хэрэглэгчтэй болж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв. 320 сая долларын борлуулалт хийсэн тэдний амжилтын гол нууц нь шинэ дизайнтай болсон андройд апп болон оригинал контентууд нь хэмээн экспертүүд үзэж байна.

Techcrunch: Snapchat хэрхэн хуулбарлагчидтай тэмцэхээр шийдсэн бэ?

600 мянган байгууллагын 10 сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэсэн Slack IPO-ийн өмнөх санхүүгийн үзүүлэлтүүдээ ил болголоо. 2014 онд байгуулагдсан тус стартап өнгөрсөн жил 400 сая долларын борлуулалт хийсэн ч 138 сая долларын алдагдалтай ажилласан байна. Сонирхуулахад, Slack 2018 оны Spotify-ийн адилаар уламжлалт бус direct-listing хийж нээлттэй компани болж байгаа юм.

BI: Slack Microsoft-той өрсөлдөж чадах уу?

Microsoft 1 триллион долларын босгыг давлаа

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Супер агент 007-ийн 25 дахь киноны зураг авалт албан ёсоор эхэллээ. "Bond 25" хэмээх код нэрээр нэрлэгдэж буй тус кино Д.Крэйгийн хувьд тав дахь бөгөөд сүүлийн Бонд байна гэдгээрээ онцлогтой. 2020 оны 4-р сарын 8-нд нээлтээ хийх тус киноны эсрэг талын баатрын дүрд Оскарын шагналт Рами Малек тоглох болжээ.

Өрөө, буудлын захиалгын үйлчилгээ үзүүлэгч Airbnb шинэ хэрэглэгч татах зорилгоор контентийн бизнес рүү нэвтэрч байна. Тэд оригинал телевизийн цувралууд болон богино хэмжээний видео контентууд хэрэглэгчдэд илүү аялах сэдэл төрүүлж, улмаар апп хэрэглэх хөшүүрэг болно хэмээн үзэж байгаа юм. Airbnb Apple-ийн шинэ стримингд зориулан "Home" нэртэй баримтат цувралаа хөгжүүлээд эхэлжээ.

Netflix-ийн гол өрсөлдөгчдийн нэг Hulu-г Disney бүрэн эзэмших магадлалтай боллоо. Тус стриминг платформын 30 хувийг эзэмшигч Comcast өөрийн хувьцаагаа 5 тэрбумаар үнэлж зарахад бэлэн байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Disney 21st Century Fox болон AT&T-ээс тус бүр 30,10 хувийг нь худалдаж авснаар Hulu-ийн 70 хувийг эзэмших болсон билээ. Олон улсад хүрээгээ тэлэх зорилготой Hulu 2024 он хүртэл алдагдалтай ажиллах төлөвтэй гэнэ.

1992 онд хамгийн анхны хувилбараа гаргаж байсан Mortal Kombat тоглоомын шинэ анги энэ долоо хоногт худалдаанд гарлаа. Өнгөрсөн 1-р сард анх зарлагдсан цагаасаа хойш хүлээлт дагуулсан "Mortal Kombat 11" илүү түүхэд суурилсан, стратегийн тоглоом болон хувирсан байна. Тоглоомын өмнөх буюу 10-р анги "Mortal Kombat X" 2015 онд гарч, улмаар 11 сая хувилбар зарагдан дээд амжилт тогтоож байсан билээ.

БНХАУ-ын Бээжин хотноо явагдаж буй буудлага спортын Дэлхийн Цомын тэмцээнээс манай 2 тамирчин "Токио 2020" -д оролцох эрхээ авлаа. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд ОУХМ Ц.Анударь, эрэгтэй гар бууны 10 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү нар тус бүр олимпийн наадмыг зорих эрхтэй болжээ.

Ямар сэтгэгдэл төрж байна?

Алдалгүй унших арван мэдээ

Variety: Game of Thrones - Винтерфеллийн тулаанд хэн хэн амь үрэгдэх вэ?
Twitter: Шинэ подкаст - М.Зукербергтэй хамт технологи, нийгмийн тухай ярилцъя
BBC: Индонезийн сонгуульд ажилласан 270 хүн нас баржээ
Konbini: Prince-ийн шинэ цомог 14 дуутайгаар 6-р сард гарна
QZ: Теслагийн Хятад өрсөлдөгчийн хувьцааны үнэлгээ 632 хувиар өсчээ
Techcrunch: Sony Японд такси үйлчилгээ гаргалаа
CNN: Испанийн сонгуулийн эргэн тойронд
The Verge: Японы хөлөг тэслэлтийн зургаа илгээжээ
Vox: Каннын кино фестивалийн өмнө

16411   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.