Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 26, 2019

"Avengers", "Game of Thrones"-ийн спойлероос хэрхэн зугтаах вэ?

Киноны хорхойтнуудын хувьд туйлын зугаатай, бараг мөрөөдлийн гэмээр өдрүүд үргэлжилсээр. Хоёр жилийн турш арай ядан хүлээсэн "Game of Thrones"-ийн сүүлийн бүлэг саяхан эхэлж, түүхэн дэх хамгийн том тулааны өмнөтгөлөө амжилттай хийж дуусгав. Үүнтэй зэрэгцэн Марвелын супер баатруудын түүх "Avengers"-ийн эцсийн анги дэлгэцнээ цацагдаж, 3 цагийн түүхээрээ магадгүй бидний үзсэн хамгийн "төгс" түүхийн эцсийн цэгийг хатгалаа.

Гэхдээ энэ өнөөдөр бидний хөндөхийг хүссэн сэдэв биш. Энэ бол одоо цагт магадгүй хүн бүрийн хамгийн "үзэн яддаг" зүйл болсон спойлер юм. Өөрөө түрүүлж үзчихээд үзээгүй байгаа нэгэндээ үйл явдлыг нь ярьж, амт шимтгүй болгох үзэгдлийг бид спойлер гэж нэрлэнэ. Спойлер олон янзаар илэрнэ. Яриан дундаа гайхуулж хавчуулах, стори, сошиалдаа сайрхаж оруулах, хэлсэн үгс, өрнөлийг нь эш татах гээд үй түмэн аргаар таны урмыг хугалж чадна.

Ядаж байхад GoT нь яг ажлын цагаар, тун завгүй байдаг даваа гарагийн өглөө цацагддаг. Endgame-ийнх нь тасалбар бараг олдохгүй, бөөн дараалалтай байгаа сонсогдоно. Сошиалын хэн нэгэн найз тань, эргэн тойрон дахь нөхдөөс чинь ч зорьж үзэж таарна. Үүнээс бид үнэхээр зугтаах аргагүй гэж үү?

Тэгвэл бүү санаа зов. Спойлердуулахгүй байх хамгийн энгийн аргуудыг бид тантай хуваалцъя. Та доорх аргуудыг хэрэглэж, хэн нэгний санаатай ба санаандгүй байдлаар нууц дэлгэхээс сэргийлж чадна. Зөвхөн одоо гэлтгүй дараа хит болох бусад кино, цувралуудын үеэр ч ашиглаж болно. Догь байгаа биз дээ? :)

ИнтернЭтэд орохгүй гүрийх

Хамгийн амархан бөгөөд үр дүнтэй арга бол интернетэд орохгүй байх. Шинэ ангиа үзтэлээ, киноны тасалбараа автлаа гүрийх. Интернэт бол яг ийм үед хамгийн "айдас хүйдэстэй" газар. Мэдээний гарчиг, сторины ая, зурагны арын фон гээд л спойлдох зүйл бишгүй.

Удтал "зүтгэсэн" толгойгоо амраах, дэлгэцээс холдох, ядаргаагаа тайлах сайхан завшаан биш гэж үү? Интернэтгүй газар очиж хэд хоносон ч яадаг юм.

Харамсалтай нь өнөө цагт энэ арга даанч бүтэхгүй нь тодорхой учир ингээд зогсъё. Санаа зоволтгүй ээ, өөр аргууд бас бий.

Веб хөтчүүдэд зориулсан Extension ашиглах

Хэрвээ та Firefox, Chrome ашиглаж веб рүү нэвтэрдэг бол Spoiler Protection 2.0-ийг санал болгоё. Суулгасны дараа түлхүүр үгүүд оруулж, түүнтэй холбоотой зураг, видео, нийтлэлүүдийг хаах боломжтой. Доор үзүүлсэнчлэн зарим нэг линкийг эс тооцвол ихэнхийг нь далдалж чаддаг. Маш "хүчтэй" extension учир зорилгоо биелүүлснийхээ дараа устгахаа битгий мартаарай.

Эс бол Unspoiler ч сайн сонголт. Spoiler Protection-ийг бодвол арай "нөхөрсөг" байдлаар спойлеруудыг нуудаг. Аль аль нь өөр өөрсдийн давуу бөгөөд сул талтай. Заримдаа броузерыг хэт ачаалуулж, компьютер удаашруулах гээд байж магад. Мөн зөвхөн англиар л бичигдсэн үгсийг ойлгодог учир кириллээр бичсэн спойлеруудыг ялгаж чадахгүй шүү.

Мөн зөвхөн Game of Thrones-д зориулан гаргасан GameofSpoilers-ийг туршаад үзээрэй. Цаанаасаа таны зовлонг мэдэх хүмүүс бараг бүх зүйлийг тань бэлдээд өгчихсөн гэж ойлгоход болно :)

СУУЛГАХ: Spoiler Protection 2.0 (Firefox, Chrome)
СУУЛГАХ: Unspoiler (Chrome)

Гар утсанд зориулсан апп-уудыг турших

Турших гэж онцолж бичсэн нь санаандгүй хэрэг биш. Гар утасны апп дотор төгс ажилладаг, таны хүслийг биелүүлэх апп тийм ч их байгүй учир ингэж орууллаа. Гэхдээ хамгийн сайн апп нь Spoilers Blocker нэртэй апп. ТВ шоу, кинонд тусгайлан зориулсан учраас нэрийг нь бичмэгц өөрөө хаах түлхүүр үгсийг санал болгодог. Бусад апп-ууд дээрх тийм үгс орсон нийтлэл, пост, зураг, видеог бүгдийг нь блоклоно. Гэхдээ 3, 4 үнэлгээтэй, янз бүрийн сэтгэгдлүүд орсныг харчихад илүүдэхгүй. Бас нэг асуудал нь энэ апп зөвхөн Андройд дээр ажилладаг.

Хэрвээ iOS дээр апп туршмаар байгаа бол дээр дурдсан Spoiler Protection 2.0-ийг iOS-ийн Firefox-ийг суулгаад ашиглаж болдог гэнэ шүү.

Сошиал медиа хэрэгслүүд ашиглах

Мэдээж Facebook, Twitter, Instagram-гүйгээр амьдралаа төсөөлж чадахаа байсан өнөө үед бид чухам энэ платформууд дээр л асуудлаа шийдэх ёстой.

Хамгийн эхний зөвлөмж бол спойлердоод байгаа, өмнө нь спойлердож байсан, спойлердох магадлалтай найзуудаа "түр хугацаанд" блок хийх, дагахаа болих, эсвэл бүр hide хийх.

Twitter их хэрэглэдэг бол Settings дотор байх Muted Words нэмэлтийг ашиглан түлхүүр үгсээ оруулан, тэдгээрийг агуулсан бүх контентыг харагдахгүй болгож болно. Хамгийн таалагдсан нь, түлхүүр үг бүрээ хэр удаан "нуухаа" тохируулж болдог аж. 24 цагаар, 7 хоногоор, сараар, эсвэл үүрд гэсэн сонголтууд танд бий.

Харин Facebook дээр бол шинээр нэвтрээд байгаа Keyword Snooze нэмэлт танд хэрэг болж магад. Тухайн постын баруун дээр байрлах товчийг дарж, дор үзүүлсэнчлэн түлхүүр үгээр нь шууд блок хийх боломжтой.

Хэрвээ энэ ч танд хангалттай санагдахгүй байвал Social Fixer-ийг санал болгоё. Chrome, Firefox-д extension хэлбэрээр суух Social Fixer зөвхөн түлхүүр үгээр Facebook дэх контентыг хаахаас гадна таны хэрэглээний хугацааг, дэлгэцэнд үзэгдэх зургийг хязгаарлах зэргээр ахисан түвшинд хэрэглээгээ хянах боломжийг олгоно. Ашиглахад жаахан төвөгтэй байж мэднэ. Гэхдээ л спойлердуулахгүйн тулд иймэрхүү зүйл байх шүү дээ.

Төгсгөлд нь: Спойлертой эвлэрэх

Үнэхээр яах ч аргагүй болох үе бас тохиолддог. Энэ үед гүнзгий амьсгаа аваад нөхцөл байдалтайгаа эвлэрэх нь хамгийн сайн сонголт ч байж магадгүй.

Гэхдээ юу гээч, спойлердуулах заримдаа САЙН байдаг гэнэ шүү. Спойлердуулсан хүн тухайн контентдоо улам татагдаж, улам ихээр үзэх гэж тэмүүлдгийг судалгаагаар баталсан гэнэ.

Хэрвээ танд спойлероос зугтаах өөр арга байгаа бол бидэнтэй сэтгэгдлээр дамжуулан хуваалцаарай.

13458   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.