Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   04 сарын 27, 2019

"The Grit: The Power of Passion and Perseverance" номын тухай

Өнөөдөр бид Анжела Даквортын 2016 онд бичсэн "The Grit: The Power of Passion and Perseverance" (Хат: Хүсэл эрмэлзэл ба тууштай байдлын хүч) номыг танилцуулж байна. Энэ номыг нэг ёсондоо нэг хувийн авьяас, 99 хувийн хичээл зүтгэл гэдгийг судалгаа, баримтаар харуулсан бүтээл гэж хэлж болно. Бидэнд төлөвлөсөн ажил, зорьсон зорилго маань санаснаар болохгүй байх, тодорхойгүй байдалтай тулах үе зөндөө л тохиолддог. Ийм үед энэ номын агуулга, санаанууд танд тусална гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд удахгүй Balj & Purev паблишингаас монгол хэлнээ орчуулан хүргэх Нью Йорк Таймсын бестселлер энэхүү номыг танилцуулъя.  

Номын тухай

Анжела Дакворт нь Хятадаас АНУ руу цагаачилсан гэр бүлд төрж өсжээ. Багад нь түүнийг эрдэмтэн аав нь "гоц биш" хэмээдэг байж. Анжела мөн судлаач, профессор болсон бөгөөд бизнес консалтинг зэрэг хэд хэдэн салбарт ажилласан туршлага болоод өөрийн амьдрал, ажиглалтад тулгуурлан амжилт гэдэг бусдаас онцгойрох гоц чадвараас бус, хүсэл эрмэлзэл ба тууштай байдлын хослолоос буюу өөрийнх нь нэрлэснээр сэтгэлийн хатаас хамаардаг гэсэн санааг дэвшүүлжээ.

"Өдөөх, урагшлуулах, утга төгөлдөр зорилготой байж, түүндээ үнэнч байхыг сэтгэлийн хат гэнэ. Хатуужих нь өдөр өдрөөр, сараар, жилээр бий болдог хүч хөдөлмөр шаардсан зүйл. Жинхэнэ хатуужсан хүн бол долоо бүдэрсэн ч найман удаа сэхэж чадах хүнийг хэлнэ.”
Анжела Дакворт

13 бүлэг бүхий энэ номд олон чухал санаа байгаа ч өнөөдөр бид дараах санааг онцолъё.

ХАТТАЙ ХҮНИЙ ДӨРВӨН ЧАНАР

Сонирхол
Хүсэл тэмүүлэл нь хийж байгаа зүйлдээ дурлахаас эхтэй учраас чин сэтгэлээсээ дурлаж буй зүйлээ л хийвэл сэтгэл хангалуун амьдарна гэж бид ярьдаг. Гэтэл хамгийн хаттай хүмүүст ч гэсэн хийх дургүй ч заавал хийдэг нэгээс хоёр хүнд ажил байдгийг судалгаагаар тогтоожээ. Хэцүү ч байсан тэд хийж буй зүйлдээ сэтгэлээ зориулж чаддаг бөгөөд амжилт гэдэг хөлс хүчээ хэр их гаргаснаас хамаардаг гэдгийг ойлгодог байна.

Давталт
Тууштай байдал гэдэг нь өдөр тутмын сахилга бат бөгөөд өдөр бүр өчигдрийнхөөсөө илүү бүтээмжтэй амьдрах гэж хичээх явдал хэмээн номд тодорхойлжээ. Тууштай, хаттай хүнд өөртөө эрдэж бардамнах зан байдаггүй, өдөр бүр өөрийн дуртай, сайн хийж чаддаг зүйлийг давтан хийдэг учраас бусдаас илүү байдаг байна. Аливаа зүйлд хэчнээн сайн байсан ч хэсэг хугацаанд хийхээ болиход ур чадвар мууддаг шүү дээ.

Туйлын зорилго
Аливааг том зорилгогүйгээр зүгээр сонирхож хийдэг учраас бидний ихэнх нь тууштай байж чаддаггүй. Өдөр тутам хийж буй зүйл маань бидний сонирхлыг татах зүйл байх ёстойгоос гадна бусдын сайн сайхантай уялдсан тохиолдолд хүн тэсвэр, хатуужлаа гээдэггүй байна. Хаттай хүмүүсийн дийлэнх нь “хийж буй ажил минь надад болон эргэн тойрны хүмүүст маань чухал учраас би бууж өгдөггүй” хэмээн хариулдаг. Хийж буй ажил, тэмүүлж буй зорилго маань бусдын амьдралд эерэг нөлөө үзүүлж буй тохиолдолд хүн бууж өгөлгүй урагшилдаг байх нь.

Итгэл найдвар
Эхлэлийн цэгээс төгсгөл хүртэлээ итгэл найдвараа алдахгүй байх нь тууштай байдал, тэсвэр, хатуужлын үндэс юм. Долоо бүтэрсэн ч найм дахь удаагаа хөл дээрээ босоход хүнд итгэл найдвар л хэрэгтэй. “Итгэл найдвар гэдэг шантрахгүйгээр хөл дээрээ босох сэтгэлийн тэнхээг хэлнэ” хэмээн номын зохиогч тэмдэглэжээ.

НОМЫН ХЭСГЭЭС

Тэр үед Майк хатуу хөтүү нөхцөл байдалд тэсэж үлдэх ийм хандлагын талаар надад хэлсэн ганц хүн байсангүй. Амжилтын сэтгэл зүйн талаар судалж эхэлсэн магистрын оюутны хувиар би бизнес, урлаг соёл, спорт, сэтгүүл зүй, боловсрол, анагаах ухаан, хуулийн салбарын манлайлагчидтай уулзаж “Танай салбарын хамгийн шилдгүүд хэн бэ? Тэд ямаршуу хүмүүс байдаг вэ? Чухам юу тэднийг гоц гойд болгодог вэ?” гэж асууна.

Ийм ярилцлагын үеэр дурдагдсан зарим зан чанар нь зөвхөн тухайн салбартаа л үйлчилдэг байв. Жишээ нь, нэг бус бизнес эрхлэгчид санхүүгийн эрсдэл үүрэх дадлыг онцолж “Олон сая доллароор хэмжигдэх шийдвэр гаргасан ч шөнө нь тайван унтаж чаддаг байх ёстой” гэж хэлж байлаа. Гэтэл бүтээж туурвих хүсэл эрмэлзлийг илүүд үздэг урлагийн салбарт ийм асуудал үгүй. Уран бүтээлчид “Би бүтээл туурвих дуртай. Яагаад гэдгийг нь мэдэхгүй” гэнэ. Харин тамирчид ялалт байгуулах хүслийг илүүд үзэж “Ялагчид бусад хүмүүсийн эсрэг өрсөлдөх дуртай, ялагдахыг жигшдэг” гэж байв.

Тэрхүү эрхмүүд үүнээс өөр хэд хэдэн нийтлэг шинжийг онцолсон нь миний сонирхлыг хамгийн их татсан юм. Мэдээж, аль ч салбарт хамгийн өндөр амжилтад хүрсэн хүмүүст аз, авьяас хоёр зэрэг заяасан байдаг. Өмнө нь энэ талаар олон удаа сонсож байсан би үүнд ер эргэлзсэнгүй.

Гэвч амжилтын түүх үүгээр дууссангүй. Миний уулзаж ярилцсан цөөнгүй хүн нэрд гарч явсан ч өөрийн нөөц боломжийг таньж мэдэхээсээ өмнө шантарсан эсвэл хүсэл тэмүүллээ алдсан хүмүүсийн талаар хэлж байлаа.Тэгвэл бүтэлгүйтсэний дараа өмнөх ажлаа үргэлжүүлэх амаргүй ч тун чухал байж таарах нь. Зарим хүн ажил үйлс нь бүтэмжтэй үед гялалздаг ч таагүй цаг үед тэмцэх чадвараа алддаг нь үнэн. Миний ярилцлагад нэр дурдагдсан амжилтын эзэд өмнөх зорилгоосоо няцдаггүй дадалтай хүмүүс байв: “Нэгэн танил маань эхэндээ сайн зохиолч байсангүй. Бид түүний зохиолыг уншаад эв хавгүй дүрслэл, хэт уянгын халилыг нь шоолж инээлддэг байлаа. Гэсэн ч тэр ур чадвараа бага багаар дээшлүүлсээр өнгөрсөн жил Гуггенхаймын нэрэмжит шагналын эзэн болсон.” Ийм хүмүүс мөн ур чадвараа цаг үргэлж хөгжүүлж байдаг: “Түүний сэтгэл ханана гэж үгүй. Өдий төдий амжилтад хүрсэн хүнтийм биш байх гэж бодож магад. Тэр одоо ч өөрийнхөө хамгийн хурц шүүмжлэгч хэвээр байгаа”. Өндөр амжилт гаргасан хүмүүс тууштай байдлын бодит жишээ байдаг.

Ийм амжилттай хүмүүс яагаад зорьсноосоо буцдаггүй юм бол? Учир нь тэдний ихэнх нь өөртөө дэндүү том зорилго тавьсан байх тул хүссэндээ хүрлээ гэж ер боддоггүй. Өөртөө сэтгэл ханадаггүй ийм хүмүүс сэтгэл хангалуун бус байхдаа таатай байдаг гэж болно. Дор бүрнээ дахин давтагдашгүй хүсэл сонирхол, санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө хөөцөлддөг боловч ерөнхийд нь авч үзвэл өөрийн баяр баясгалангийн араас хөдөлмөрлөж буй нь тэр юм. Уйтгартай, цөхөрмөөр, бүр сэтгэл өвдмөөр зүйл хийх ёстой болсон ч тэд болих талаар огт боддоггүй. Учир нь тэдний хүсэл эрмэлзэл буурна гэж үгүй.

Аль ч салбарт амжилттай яваа хүмүүсийн оргилсон хичээл зүтгэл хоёр янзаар илэрдэг. Нэгт, тэд ер бусын илүү тэсвэртэй, хөдөлмөрч.
Хоёрт, сэтгэлийнхээ гүнд юу хүсэж байгаагаа мэддэг. Ийм хүмүүс хичээл зүтгэлтэйн дээр хааш зорьж тэмүүлж буйгаа сайн мэднэ. Амжилттай хүмүүс хүсэл эрмэлзэл, тууштай байдлаараа онцгойрдог. Эдгээр цогцолборыг ХАТ гэе.

Нэгдүгээр бүлгийн хэсгээс

13605   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Л.Санаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.