Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 25, 2019

МЭДҮҮШТЭЙ: Бизнесээ үүлэн технологи руу шилжүүлэх 5 шалтгаан + Amazon Web Services Монголд


"Үүлэн технологи" нь мэдээллийн технологийн салбарт эрчимтэйгээр хөгжиж буй ойлголт бөгөөд таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш хоорондоо нягт холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байрлуулах, үр дүнд нь таны бизнесийг байнгын тогтвортой бөгөөд хамгийн үр өгөөжтэй байдлаар явуулах зорилго бүхий технологийн инновацлаг шийдлүүд юм. Технологийн салбар сүүлийн жилүүдэд урд урдныхаас илүү хурдацтай хөгжиж эхэлсэнтэй зэрэгцээд дэлхий даяар олон амжилттай гарааны бизнесүүд төрөх болсон бөгөөд энэ амжилтыг үүлэн технологитой холбож тайлбарладаг. Өнөөдөр гарааны бизнесийн компаниас эхлээд АНУ-ын Fortune 500 жагсаалтын компаниуд ч бизнесийн үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн дэд бүтцээ “үүл” рүү шилжүүлж үр шимийг нь хүртсээр байна.

Анх Amazon компанийн инженерүүд өөрсдийн технологийн шийдлүүдийг олон нийтэд хүртээмжтэй болгох буюу бүтээгдэхүүн болгож зарснаар өдгөө энэ салбарт ноёлж буй Amazon Web Service-ийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Үүлэн технологийг бид өдөр бүрийн амьдралдаа хэрэглэж байгаагаа сайн мэддэггүй. Тухайлбал, Gmail-ээр шуудан илгээх, Youtube ашиглах, Google Doc дээ файл хадгалах үйлдлүүд нь үүлэн технологийн тусламжтай бий болдог байна. Ингээд та бүхэнд уг технологийг хэрэглэх таван гол шалтгааныг танилцуулья.

1. Хэрэглэснээрээ төлбөр төлөх

Харанхуй өрөөнд байрлах, нэгэнт хэрэглэхээ больсон сервер, төхөөрөмжүүдийг яах вэ гэж санаа зовох шаардлагагүй болно. Хэрэглэгч мэдээллийн технологийн үйлчилгээ ба дэд бүтцийн төлбөрийг хэрэглэсэн хэмжээгээрээ л төлдөг. “Үүлэн технологи” нь хэрэглээнд тулгуурладаг бөгөөд хэрэглээгээ хүссэнээрээ ихэсгэх, багасгах боломжтой. Мөн компьютерын програм хангамж, нэмэлт хард диск худалдан авах зэрэг зардал гарахгүй.

2. Үнэтэй тоног төхөөрөмж хэрэггүй

Багагүй мөнгөөр худалдаж авсан тоног төхөөрөмжүүд элэгдэж, өдрөөс өдөрт үнэлгээ нь унаж байдаг. Компьютерын програм хангамж болон тоног төхөөрөмж, сервер худалдаж авах, тэдгээрийг угсарч зохион байгуулах нь ярвигтай бөгөөд хөрөнгө, хугацаа их шаардсан ажил билээ. Харин үүлэн технологи нь хэрэглэгчдэд хүссэн хэмжээний хүчин чадалтай дэд бүтцийг нь хормын дотор бий болгох, хэрэглэх шаардлагагүй бол байхгүй болгох боломжийг олгодог.

3. Аюулгүй байдал

Компьютер вирусдэх буюу хард диск гэмтвэл бидний дотор нь хадгалсан, одоо хийж буй зүйлс хамт устах эрсдэлтэй байдаг. Харин үүлэн технологийн тусламжтай онлайнаар ажлаа амжуулж, цахим хаягаараа нэвтрэн хийж байсан, хадгалсан файлуудаа үргэлжлүүлэх буюу хэрэглэж болно. Мөн зөөврийн компьютероо алдсан тохиолдолд үүлэн технологид хадгалсан бүх зүйлсээ устгаж бусдад алдахаас сэргийлэх боломжтой.

4. Технологийн зардлыг бууруулна

Технологид бус зөвхөн үр дүнд мөнгө төлөх болно гэсэн үг. Уламжлалт нөхцөлд бол хэрэглэгч өөрийн системийг бий болгохын тулд технологи сонгож, лиценз худалдан авах гэх мэтээр бүтэн хөгжүүлэлтийн баг цалинжуулах болдог. Үүлэн технологийг үр дүнтэй ашигласнаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөцийг их хэмжээгээр хэмнэх боломжтойгоос гадна интернэттэй орчинд хүссэн газраасаа ажлаа амжуулах боломжтой. Америкт хийсэн нэг судалгаагаар оффисийн ажилчдын 42 хувь нь ажлаа технологийн тусламжтай амжуулах боломжийг нэмэгдүүлбэл цалингаа зургаан хувиар бууруулахад бэлэн байна гэж хариулжээ. Үүлэн технологи нь ажлын бүтээмжийг давхар нэмэгдүүлэх үр дүнтэй юм.

5. Харилцан солилцож буй файлын хяналт

Үүлэн технологи нэвтрэхээс өмнө ажилчид хоорондоо цахим шуудангаар файл илгээх болон явуулах гэсэн хоёр талт харилцаан дээр тулгуурлаж ажлаа явуулдаг байсан. Тухайн үед комьпютерээр дүүрэн татаж авсан файлууд овоорч, хаана хийснээ ч мартах тохиолдол гардаг байсан бол шинэ технологи нэвтэрснээр хүссэн хүнтэйгээ файлаа хуваалцаж, компьютерийн цаанаас нэг цагт, зэрэг ажиллах боломжтой болжээ. Үүлэн технологиийн тусламжтай бүх файл төвлөрсөн системт хадгалагдаж хэн хамгийн сүүлд засвар оруулсныг хянах боломжтой учраас асуудал гарах нь бага.

AWS технологи МОНГОЛД 

Амазон веб үйлчилгээ буюу Amazon Web Service нь хувь хүмүүс, албан байгууллага, засгийн газруудад хэрэгцээтэй үүлэн тооцоологч платформ юм. Бүх хэрэгцээт програм хангамж, өгөгдөл, мэдээллээ интернэт дэх сервер дээр байрлуулах боломжтой энэхүү технологийн хэрэглэгчид дэлхий дахинд нэмэгдсээр байна. Энэ платформыг Монголын харилцаа холбоо, технологийн топ компаниудаас аваад жижиг, дунд бизнесүүд ч ашигладаг болжээ. Amazon Web Services-ийн Монгол дахь хэрэглэгчдийн албан ёсны бүлгэм байдаг бөгөөд тэд үүлэн технологийн давуу талуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх, програм хөгжүүлэгч инженерүүдэд хоорондоо туршлага хуваалцах, хамтдаа хөгжих боломжийг олгох зорилгоор өнгөрсөн 1-р сараас эхлэн Hub Innovation Center-т тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Ташрамд дурьдахад AWS Mongolian User Group нь Ази тивээс 17 дахь улс болж Amazon сайтын жагсаалтад оржээ. Ингэснээр цаашид AWS-ийн гадны экспертийг Монголд урьж авч ирэх, AWS ашигладаг компаниудаа дэмжин олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг маш олон давуу талуудтай болж байгааг дуулгахад таатай байна.


Facebook групп: AWS Mongolian User Group

17376   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.