Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   04 сарын 22, 2019

Онцлох бизнес: Beeco - Дайж, дайгдаж цаг ба мөнгөө хэмнэе

Хэрэглэгчдэд ч, хүрээлэн буй орчинд ч ээлтэй замын унааны апп Beeco-г бид энэ удаа онцолж байна. Тэд ердөө жил гаруйн хугацаанд 13 мянга гаруй хэрэглэгчтэй болж, өнгөрсөн өвөл л гэхэд сард 100 машиныг замын хөдөлгөөнд оруулалгүй ачааллыг бууруулж чаджээ. Нэгэнт хязгаартай нөөц болох цаг хугацаа, хөрөнгө шатахуун үрэн үрэн зам дээр түгжирч байгаа тул нэг машинд цуглан түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү апп-ийг санаачилжээ. Ингээд үүсгэн байгуулагч Б.Очирбат, А.Ууганбаатар нартай ярилцсанаа хүргэе. 

Бизнесийн нэр: Beeco - Замын унааны апп
Хаяг: Төв Бассейны урд, HUB Инновацийн төв, 10 тоот
Үйл ажиллагааны чиглэл: IT программ хангамж
Үүсгэн байгуулагч: Б.Очирбат, А.Ууганбаатар
Үүсгэн байгуулагдсан: 2017 он 5-р сар
Цахим хуудсууд: www.beeco.mn (Вэб), Beeco - Замын унаа апп (Фэйсбүүк)

Зүүн гар талаас А.Ууганбаатар, Б.Очирбат

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Гадаадад ажиллаж байгаад Монголдоо ирэхэд замын түгжрэл, утаа зэрэг тулгамдсан асуудал их болсон байв. Тиймд технологийн хүмүүсийн хувьд бид ямар хувь нэмэр оруулж болох, ямар шийдэл байж болох талаар нэлээн ярилцсан. Улмаар Beeco замын унаа апп-ийг бий болгосноор зам дээр хоосон явж буй машины тоог бууруулж, улмаар түгжрэл, утааг давхар давхар багасгах боломжтой юм байна гэж хараад бизнесээ эхлүүлсэн.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Асуудлуудаа хэлэлцэж ярилцаж, хэрхэн шийдэх талаар санал бодлоо солилцож байсан олон хүн бий. Яг Beeco замын унаа апп-ийг бий болгохоор гар, сэтгэл нийлсэн нь бид хоёр.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Анхны хөрөнгө оруулалтаас эхлээд өдийг хүртэл бүх санхүүжилтээ өөрсдөөсөө гаргаад явж байна. Компани маань хөл дээрээ тогтож хэрэглэгчийн баазаа чанартайгаар өргөтгөөд явж байгаа энэ үед хөрөнгө оруулагч болон бусад төрлөөр хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Бид зорчигчид нэмэлт унааны сонголтыг бий болгож байгаа юм. Beeco маань ижил чиглэлд явж байгаа иргэдийг нэгнээ дайгаад, нэгэндээ дайгдаад явах боломжийг олгодог. Тэгснээр жолооч шатахууныхаа мөнгийг хялбархан олж, зорчигч хямд, тохилог, аюулгүй унаагаар зорьсон газраа очих боломжтой болж байгаа юм. Манай апп хэрэглэгчид өглөө ажил эхлэхэд, орой ажил тарахад маш их хэрэглэдэг. Харин өдрийн цаг болон амралтын өдрүүдээр хэрэглээ буурдаг. Үүнээс үзэхэд бид яг түгжрэлийн оргил үеүдэд иргэдэд унааны нэмэлт сонголт бий болгож байгаа юм.

Хэрвээ хэрэглэгч хүн дайх бол гар утасны дугаар, машины дугаар гэх мэт шаардлагатай мэдээллийг заавал оруулах тул дайгдаж буй хүнд аюулгүй, хариуцлагатай, ямар нэг зүйлээ орхилоо гэхэд холбогдох боломжтой гээд хэрэглэгчид үүсэх давуу талууд бий.

Ижил цагт, адил чиглэл рүү ганцаараа явж буй хоосон машины тоог бууруулснаар замын түгжрэлд алдагдаж байгаа маш их цаг ба мөнгийг хэмнэнэ. Гэртээ үлдэж байгаа машины тоогоор утааг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа болохоор байгальд орчинд ээлтэй сонголт гэсэн үг.

ойрын болон хэтийн зорилго?

Манай апп хэрэглээнд гараад жил гаруй болж байна. Өнгөрсөн намраас одоог хүртэлх хугацаанд нийт 13 мянга орчим удаа манай апп-ийг ашиглан хүн дайж явсан байна. Харин чиглэл, цаг нь таарсан 370 тохиолдолд дайгдаж явжээ. Зөвхөн энэ үзүүлэлтээс харахад л бид сард 100 машиныг хөдөлгөөнд оролцуулаагүй байна.

Ойрын төлөвлөгөө бол энэ тоог хоёр дахин нэмэх. Бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн тоо 2500 байгаа, өдөр бүр 500 гаруй хэрэглэгч хүн дайж явахаар бүртгүүлдэг гэх мэтээр хүмүүсийн хэрэглээ улам бүр нэмэгдсээр байгаа.

Хэтийн зорилго бол хязгаарлагдмал зүйлийг хамтдаа хуваалцаж хэрэглэдэг оюун санааг бий болгох. Дэлхийн чиг хандлагыг харахад хувийн машины хэрэглээ жил ирэх тусам буурч байна. Манайд ч энэ хувийн машины хэрэглээ ирээдүйд буурах болно. Харин тэр хүртэл Beeco хүмүүст нэмэлт сонголт гаргаж өгч байгаа юм.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бидний тавьсан зорилго их энгийн. Энгийн байгаа болохоор түүнд хүрэх зам тодорхой байгаа. Бидний хийж буй бүхий л ажил хүмүүст, байгальд эерэг нөлөө үзүүлээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч асуудал нэмдэг биш шийддэг байх гэсэн зарчмыг баримталдаг. Хэрвээ чадна гэсэн бол хэрэглэгчид хамгийн оновчтой шийдлийг санал болгож, чадахгүй бол чадахгүй гэж шууд хэлдэг байхыг эрмэлздэг.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Яг одоо бид Beeco апп-ийн шинэ нэмэлт дээр ажиллаж байна. Хэдийгээр амжилттай хэрэгжиж, хүмүүсийн өдөр тутмын нэмэгдэж байгаа ч шинээр сайжруулалт хийх, хэрэгцээг нь зөв тодорхойлох хэрэгтэй байгаа. Өвлийн хүйтэнд хэнийг ч автобусанд хоцроолгүй, такси барих гэж хөлдөх шахам хүлээлгэдэггүй байхад туслах нэмэлт функцууд хөгжүүлж байна. Мөн хотын захиргааны зүгээс хүүхэд тээвэрлэх буюу сургууль хүргэлтэд тохируулан турших санал ирсэн. Бид хамтраад энэ ажлыг эхлүүлээд явж байгаа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД ЮУ ВЭ?

Бид монголдоо анхдагч байх нь нэг талаас давуу тал ч нөгөө талаас бэрхшээлтэй зүйлсийг дагуулдаг. Шинэ болохоор бидэнд хэрэглэгчид, зах зээл байгаа. Харин манай улсад дайх, дайгдах гэдэг өөрөө шинэ ойлголт болохоор хүмүүст аюулгүй байдлыг тань бүрэн хангасан, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй шүү гэдгийг ойлгуулж, хэвшүүлэхэд цаг их орж байна.

Бид дайх үйлчилгээ үзүүлж буй жолоочдоо өөрийн явах чиглэл, цаг хугацааг төлөвлөхийг шаарддаг. Харин бүх зүйл төлөвлөснөөр болохгүй тохиолдол байдаг болохоор зорчигчид хүлээх, орхигдох гэх мэт тохиолдлууд гарна. Тиймээс хэрэглэгчдэдээ хандаж зөвлөхөд заавал утсаар холбогдож баталгаажуулаарай гэж хэлье.

Техник технологи ашиглан бидэнд тулгарч байгаа ихэнх асуудлыг илүү хурдан шийдэж болох чадамж, санаа, санаачилгууд гарааны бизнесийн компаниудад бий. Бүгд л өөрийн чадамж хүрэх үе шат хүртэл асуудлын шийдлийг нь олчихсон байдаг болохоор төрөөс бага зэргийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй харагддаг.

Гарааны бизнес эХЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ, ЭХЛҮҮЛЖ БУЙ БУСАД ХҮМҮҮСТ ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Манай Монголын хувьд технологийн компаниуд ажиллах хүчээ маш сайн бэлдэх хэрэгтэй байдаг. Аль болох хажуудаа аваад сургаад, ажиллах хүмүүсээ бэлдэх ёстой юм шиг байгаа юм. Хэдийгээр Монголын нийгэмд сөрөг асуудлууд олон харагдаж байгаа боловч зүрх сэтгэлээ зориулаад ажиллавал боломжоор дүүрэн байгаа гэж боддог.

18514   7


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.