Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 02, 2019

МЭДҮҮШТЭЙ: Тавдугаар сард заавал очих 5 арга хэмжээ

Хаврын урь хэдийн орж, байгаль, дэлхий өнгөө сэргээж эхэллээ. Энэ үед бидэнд ч бас амьдралдаа шинэчлэл, сэргэлт хийх сэдэл төрдөг билээ. Хэдийгээр хаврын ядаргаа, хавсарга салхи гээд биеийн эрч хүчийг бууруулах зүйлс тохиож байж болох ч урам зоригоо эргэн дуудаж, салбар бүрийн манлайлагчдаас эрч хүч, мэдлэг туршлага олж авах, алдаж боломгүй арга хэмжээнүүд ойрын үед ар араасаа болох нь. Ингээд шинэ санаа, урам зоригийг бадраах 5 арга хэмжээг танилцуулъя.

DEVSUMMIT 2019: ХӨГЖҮҮЛЭГЧДЭЭС ХӨГЖҮҮЛЭГЧДЭД

Дэлхий дахины хөгжлийг хүрдийг эргүүлж, бүх салбарын ирээдүйг хурдасгаж буй мэдээллийн технологийн салбарынхны хамгийн анхны, хамгийн том цугларалт болох DevSummit 2019 арга хэмжээ энэ тавдугаар сарын 5-нд болох гэж байна.

Энэхүү чуулган нь технологийн акулуудыг нэгэн дээвэр дор цуглуулдаг олон улсын WebSummit, QCon, AWS:reinvent зэрэг арга хэмжээтэй адил Монголын технологийн салбарын төрөл бүрийн мэргэжилтнүүдийг нэг тайзан дээр нэгтгэн, санаа бодлоо уралдуулах, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг олгохоос гадна салбарын хөгжлийн ирээдүйн хандлагыг ярилцах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах талбар байх юм. Технологийн тухай хөөрөлдөх бүтэн өдрийн чуулганд Монголын технологийн салбарын 600+ мэргэжилтэн цугларах бөгөөд гадаад, дотоодын технологийн компаниудад ажилласан туршлагатай экспертүүд, салбарын акулууд шигтгээ болон оролцоно. Мөн Airbnb, Uber,​ GitLab тэргүүтэй дэлхийн болон Монголын топ технологийн компаниудын хөгжүүлэгчид, инженерүүд нэгдэж, технологийн салбарт өрнөж буй халуун сэдвүүд, сүүлийн үед тренд бол буй чиг хандлага, ирээдүйн өөрчлөлт, хувьслын талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэх болно. Ингэснээр мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн харилцаа холбоог бэхжүүлэн, цаашдын хамтын ажиллагааны гүүр болж салбарын хөгжил, ирээдүйг хамтдаа бүтээх сэдэл болж өгөх юм.

Дэлгэрэнгүйг: www.devsummit.mn
Тасалбарыг: DevSummit 2019 - Хөгжүүлэгчдээс Хөгжүүлэгчдэд

hollywood in mongoliA

Дэлхийн кино урлагийн салбарт олон жилийн туршлагатай уран бүтээлчдээс туршлага хуримтлуулах, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж Монголын кино урлагийн салбарт хувь нэмэр оруулах зорилгод хөтлөх олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам "Hollywood in Mongolia" арга хэмжээ тавдугаар сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо эхлээд байна.

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд Холливүүдийн шилдэг кино найруулагч, жүжигчин, продюсер зэрэг нийт 16 эрхэм урилгаар хүрэлцэн ирж, дэлхийн шилдэг кино бүтээлийг хэрхэн амилуулж, олны хүртээл болгосон туршлагаас хуваалцаж байна. Арга хэмжээнд Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай А зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэн ирээд буй.

Мөн Кино урлагийн нэгдсэн форум болж зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө тавилт, дистрибьюшн, хуулийн орчин, кино фестиваль сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн Холливудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн “Мастер класс” сургалт болно. Мөн ‘’Монгол Кино Урлагийн Үзэсгэлэн” болон бусад олон арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Ингэснээр Монгол уран бүтээлчдийг дэлхийд сурталчлан таниулах, тэднийг чадавхжуулах, олон улсын уран бүтээлчидтэй цаашдын хамтын ажиллагааг бий болгох боломжийг бүрэн олгож буйгаар онцлогтой.

Дэлгэрэнгүйг: Hollywood in Mongolia
Тасалбарыг: Hollywood in Mongolia

tEDX MONGOLIA 

Дэлхийн 100 гаруй хэл дээр таван тивийн өнцөг булан бүрд зохион байгуулагддаг хамгийн том арга хэмжээ болох “TED” арга хэмжээний илтгэгчдийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан билээ.

Уйтгартай оршил үг, асуулт хариултын хэсэггүй, богино хэмжээний “час хийсэн” илтгэлүүд, шинэлэг урлагийн тоглолт бүхий "TEDxUlaanbaatar 2019" арга хэмжээ 5-р сарын 4-нд "Positive Now" гэсэн уриатайгаар зохион байгуулагдах гэж байна.

Илтгэгчид өөрсдийн сонирхолтой түүх, туршлага, мэдлэгээ 18 минутад багтаан илэрхийлэх нь залууст урам зориг, эрч хүч, сэдлийг төрүүлэх хамгийн тохиромжтой талбар болох юм.

Шинэ санаа, өнцөг, үнэ цэнэтэй туршлагыг бусадтай хуваалцаж, нийгмийн олон талт асуудлыг шийдэх гарц, шийдэл, санаачилгын гарааны цэг болсон TED үйл ажиллагаанд нийгэмдээ эерэг бүхнийг бүтээж буй 24 сэтгэгч илтгэгчээр уригдсан байна.

Дэлгэрэнгүйг: TEDxUlaanbaatar 2019

grow mongolia ethics conference 

Ёс зүй нь өндөр хөгжилтэй улс орны нийгмийн үндэс суурь байдаг. Тиймээс Монгол улсын онцлогт тохирсон, хувь хүн болон хувийн сектор, түүнчлэн бусад улс оронд шалгарсан хүчирхэг ёс зүйн арга туршлага, шийдлүүдийг ярилцах “Grow Mongolia Ethics Conference” арга хэмжээ 5 сарын 3, 4-нд болох гэж байна.

Энэ үеэр АНУ-д төрийн удирдлага болон хувийн хэвшлийн салбаруудад ёс зүйн чиглэлээр мэргэшсэн, өндөр туршлагатай илтгэгч нарэнгийн боловч амьдрал дээр хэрэгжихүйц чухал сэдвүүдийг илтгэл, асуулт хариулт, хэлэлцүүлэг, кэйс дээр тайлбарлаж, Монголын нөхцөлд тохирсон өдөр тутмын амьдралд хэрэгжихүйц арга замуудыг санал болгох ажээ.

Тус арга хэмжээ нь төрийн бүх шатны тангараг өргөсөн албан хаагчдад зориулагдсан бөгөөд хувь хүн өөртөө болон ажлын талбар дээрээ өөрчлөлтийг авчрах үр өгөөжтэй юм.

Түүнчлэн өрнө, дорнын сэтгэлгээ төдийгүй Монголын уламжлал, соёлын онцлогт тохирсон орчин цагийн онол арга зүй болон практик сайн туршлагыг хослуулсан илтгэлийг танилцуулна.

Дэлгэрэнгүйг: Grow Mongolia Ethics

Frontier Fintech Summit 2019

Санхүүгийн үйлчилгээг технологийн дэвшлийг ашиглан илүү хялбар болгосноор төлбөр, тооцооны үйлчилгээнд хувьсал хийж буй финтекийн хөгжил асар хурдтай дэлхийн дахинд тархаж байна.

Монгол Улсад гурван жилийн өмнө мобайл банкаар гүйлгээ хийдэг хүний тоо 300 мянган хүрэхгүй байсан бол одоо давхардсан тоогоор гурван сая хүн мобайл банк ашигладаг болжээ.

Энэхүү технологийн дижитал шилжилтэд Монгол Улс хөл нийлүүлэн алхаж, банк, санхүү, технологийн мэргэжилтнүүд нэгдэн, цаашдын чиг хандлага, боломж, ирээдүйгээ хэлэлцэхээр Олон улсын “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээн дээр цуглах гэж байна.

Олон улсын “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг “Fintech Innovation in Frontier Market” сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа Монголын Финтекийн Холбоо, Гадаад Харилцааны Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран 5 сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

Чуулганд дэлхийд финтекийн үйлчилгээгээрээ тэргүүлж буй энтрепренерүүдээс гадна Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид цугларч, финтекийн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, сайн туршлага, түүхийг хэлэлцэнэ. Ингэснээр цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ санал, санаачилгуудаа нэгтгэх хамгийн том боломж юм.

Энэ хүрээнд урилгаар Хонг Конгийн “Input Output” компанийн гүйцэтгэх захирал Чарлез Хоскинсон, БНСУ-аас “Truss Chain Korea” компанийн гүйцэтгэх захирал Хан Санг Вү, АНУ-аас “Steppe Tech” компанийн үүсгэн байгуулагч Марк Вайтинг нар оролцож, санхүүгийн технологийн өнөөгийн хөгжил, цаашдын төлөв байдлын талаар дэлгэрэнгүй ярилцана.

Дэлгэрэнгүйг: Frontier Fintech Summit 2019
Тасалбарыг: www.frontierfintech.org

11542   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.