Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   04 сарын 16, 2019

Апп тойм: Breathe - Түр зогс, гүн амьсгал, төвлөрч бод!

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Өдрөөс өдөрт улам хурдсах, улам бүр завгүй болох амьдралын хэв маяг дунд хөл алдаж, бүрэн эморч хамаг ажлаа баллачихгүй байх нь залуу мэргэжилтэн бүрийн толгойны өвчин болсон байх. Бөөн стресс, ажлын дарамт, уур уцаар, шалтаг шалтгаан. Эморол, гүн ухаарлууд, ялих шалихгүй асуудлууд.

Гэхдээ технологи, түүн дотор гар утсны апп ашиглан илүү зөв, сайн сайхан дадлыг хэвшүүлэх боломж үүссэнийг мартаж болохгүй. Бидний хувьд ч ажилдаа илүү төвлөрч, үр бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн апп туршиж үзэн, хамгийн боломжийн-сайн апп-уудыг олох нь ажил үүргийн маань гол чиглэлүүдийн нэг болсон байдаг юм.

Тэгвэл өнөөдөр танилцуулж буй Breathe апп бол танд хувь хүний зүгээс илүү сайжирч, бясалгалын арга техник суран, төвлөрөх чадвараа сайжруулах боломж олгох апп. Та өөрийгөө ямар нэгэн байдлаар стресст автсан гэж бодож байвал, ажил амьдралыг хойш нь татаад байгаа ямар нэгэн асуудал-бэрхшээл байсаар байгаа бол, ямар нэгэн аргаар бүх асуудал-зовлонгоо тайлж, өөрийгөө чөлөөлмөөр байгаа бол энэ апп танд яг тохирох болно.

Breathe таныг бүх юмаа хойш тавьж түр зогсоод, хаана ч байсан гүн амьсгал аван анхаарлаа төвлөрүүлж, эргэн тойрон нөхцөл байдлаа эхнээс нь сайтар тунгаан бодохыг санал болгож байна.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Breathe бол баясалгал-төвлөрлийн апп. Өдөр бүр таныг "Check in" буюу бүртгүүлж, өөрийнхөө сэтгэл санааны байдалд тохирсон дасгалуудыг хийхийн санал болгох болно. Өдөр бүр хийж байгаа ажлаа хойш тавин, 10хан секунд нүдээ анин орчноосоо тасрахыг тэд эхлээд санал болгоно. Бодоход багахан хугацаа юм шиг атлаа яг цагаа тулахаар бид өөрсдөдөө өдөрт 10 секунд ч гаргадаггүй байсан юм гэдгийг анзаарах болно. Цагийг дутуу үнэлж болдоггүй юм байна шүү гэдгийг бас ухааруулна.

Үүний дараагаар та өөрийн "бие болон сэтгэл санааны байдлаа дүгнэх" учиртай. Тодорхой хугацааны дараагаар та том зургаар нь үнэлгээнүүдээ дүгнэхэд их сонирхолтой төсөөлөл гардаг юм билээ. Хэзээ ядарсан байна, яахаар сэтгэл санаа сэргэг байна гэдгээ харах завшаан гарч байгаагүй юм шиг.

Ингэснээр энэ апп-ийн хамгийн сонирхолтой хэсэг болох "сэтгэл хөдлөлөө тодорхойлох" хэсэг эхэлнэ. Та бараг 100 гаруй төрлийн сэтгэл хөдлөлөөс сонгож, өөрийнхөө одоогийн нөхцөл байдлын зураглалыг гаргах ёстой. Аз жаргалтай, амар амгалан, энгийн, жаахан тиймхэн, нэлээн муу гэсэн 5 ангилалд хуваагдсан бараг бүх төрлийн сэтгэл хөдлөлүүд энд бий.

Харин дараа нь таны сонголтоос үндэслэн тэд яг одоо хийвэл зохих бясалгал, төвлөрлийн дасгалыг санал болгодог. Хамгийн багадаа нэг минут, ихдээ 20 минутын дасгалыг та сууж байхдаа, хэвтэнгээ, эсвэл алхаж явахдаа ч хийх боломжтой. Бусдад талархах, стрессээ гадагшлуулах, сайн сайхныг бодох, мэдрэмжээ цэгнэх зэрэг бараг 200 гаруй дасгалын сан эдэнд бий. Талаас их нь үнэгүй учир шууд сонсоод дагаад хийгээрэй.

Эдгээрээс та эрэгтэй, эмэгтэй хүний хоолойгоор шууд сонсож, зааврын даган дуурайж хийх боломжтой. Нойр хүрэхгүй бол, бухимдлаа дарж чадахгүй бол, гараасаа юу ч гаргаж чадахгүй гацчихаад байгаа бол танд Breathe яг тохирно. Ерөөс удаан хийгээд байхаар өөрөө өөртөө орон зай үүсгээд, амьсгалаа удирдан төвлөрлийн дасгал хийгээд дадчихдаг юм билээ. Өөрөө сангаас нь сонгоод хийчихэж болдог нь их амар. Маш энгийн дасгалуудаас нэлээн мэргэжлийн хүртэл сонголттой.

"Feed" хэсгээр нь өдөр бүр зочилбол танд маш сонирхолтой зөвлөгөөнүүд, эшлэлүүд өгөх болно. Жаахан унасан үедээ орохоор сэргээд л явчихдаг юм. "Progress" хэсэг рүүгээ орж өөрийнхөө явцыг хянаж болно. Ямар дасгал тохиромжтой байна, ямар сэтгэл хөдлөл их давтагдаж байна зэргээ харах боломжтойгоос гадна хэдэн минут бясалгал хийсэн, хэр их цаг зарцуулснаа ч хянаж болно. Нийт 46 стикер цуглуулах даалгавар өгч таныг урамшуулна, би одоогоор 19-ийг нь цуглуулчихаад байгаа юм байна.

ямар сул талтай вэ?

Англи хэл дээр гэдгийг нь л хэлэхгүй бол үнэхээр өөлөх зүйл байхгүй. Гэхдээ бүх бясалгалууд, хичээлүүд нь богинохон, бас энгийн үг хэллэгтэй, удаан бас зөөлнөөр хэлэгддэг учир анхан шатны мэдлэгтэй байхад л хангалттай байх. Хэлээ ч сайжруулах боломж гээд харчихаж болно шүү.

Хэрвээ та нэмэлт төлбөр төлөн премиум багцыг нь авах боломжтой. Гэхдээ бусад ижил төстэй апп-уудтай харьцуулахад үнэгүй багцад нь үнэхээр хангалттай зүйлс багтсан байдаг учраас том асуудал үүсгэхгүй болов уу.

Unread-ийн үнэлгээ

Асар олон янзын бясалгал, төвлөрлийн апп туршиж байсны хувьд Breathe бараг хамгийн "төгс" апп байлаа. 10 оноо өгчихвөл буруудахгүй болов уу. Заавал туршиж үзэх апп.

Татаж авах

9260   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.