Орчин цагийн Япон улсыг үндэслэгчдийн нэг гэгддэг, тус улсын хамгийн том дэвсгэрт болох 10,000 иений дэвсгэрт дээр хөрөг нь заларсан Фүкүзава Юкичигийн "Эрдмийг эрхэмлэх ухаан" хэмээх энэ бүтээл бол "хүчтэй Япон улс" бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан сурвалж юм. Япончууд энэ номыг шимтэн уншиж, бие даасан шинэ төр улсаа байгуулахын тулд иргэн хүн ямар байх ёстой, яаж амьдрах ёстойд суралцжээ. Уг номыг Самуэл Смайлсийн "Өөртөө туслах ухаан", Шиба Рёотарогийн "Тал нутгийн тэмдэглэл" зэрэг олон чухал бүтээлийг орчуулсан О.Жаргалсайхан орчуулжээ. Ингээд 130 гаруй жилийн өмнө бичигдсэн ч өнөө хэр үнэ цэнээ алдаагүй уг бүтээлийг танилцуулъя.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

Фүкүзава тухай үедээ нутаг нэгтнүүдийнхээ явцуу сэтгэлгээ, бүдүүлэг ёс суртахууныг халж өөрчлөхийн тулд нөр хөдөлмөрлөж, Европын соёл иргэншил, чөлөөт үзэл бодол, хүний эрх, ардчилал, боловсон ёсыг номлож байжээ. Нийгмийн бүх салбарыг хамарсан үлэмж өргөн мэдлэг боловсролтой хүн байсан тэрээр Японы улс төр, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны салбарын дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.

Тэрээр япон хүмүүс шинэ зүйлсийг сурахад шинжлэх ухаан, нийгэм судлалын үг хэллэгүүд дутагдалтай байсан учир маш олон үгийг шинээр зохиож, япон хэлнээ орчуулжээ. Цаашлаад англи хэлний толь бичиг, физик, газарзүйн сурах бичиг, цагаан толгойнуудыг зохиожээ. Мөн 23 насандаа Кэйоо Их Сургуулийг эхлэлийг тавьсан гавьяатай нэгэн.

"Эрдмийг эрхэмлэх ухаан" хэмээх энэ сонгодог бүтээлдээ хүний төлөвшил, боловсролыг шинэ утгаар дэвшүүлэн тавьж, эрдэм ном сурахын мөн чанар, ач тусыг ухуулан таниулжээ. Тэрээр энэ зохиолдоо хувь хүн биеэ даахын чухлыг
"Тэнгэрээс бүх л хүн адилхан төрдөг байхад хүнээс доогуур явж муу үзэгдэх нь уг хүний биеэ даах чадвар үгүйгээс болдог бөгөөд хүн биеэ даахын тулд эрдэм ном шамдан сурч, соёлжиж гэгээрэх нь чухал" хэмээн тайлбарлажээ. Улмаар тусгаар тогнолын мөн чанарын тухайд "Хувь хүний тусгаар тогтнол нь улс орны тусгаар тогтнолын үндэс болдог" хэмээн сургасан байна.

НОМЫН ХЭСГЭЭС

Хүнд элдэв зиндааны ялгал үгүй, харин суралцсан, суралцаагүйн ялгал их

"Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй" юм. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүх хүнд адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон бөгөөд үүнийг төрөлхийн эрх тэгш гэдэг билээ.

Язгууртан, харц хэмээх зэрэг зиндаа, дээр доорын ялгал гэж угаасаа байхгүй.

Хүмүүн нь түмэн зүйл бодисын дотроос хамгийн хөгжсөн амьтны хувьд бие сэтгэлийн үйлдлээр тэнгэр газрын хооронд буй бүхий л юмсыг өөрийн тулд ашигламу.

Эл юмсаараа хувцас хунар, хоол хүнс, байр сууцныхаа хэрэгцээг хангаж эрх төгөлдөр, дур хангалуун амьдарч болно, тиймээс ч бусдын амьдралд халдах ёсгүй билээ. Тиймд амар жимэр, баяр баясгалантайгаар энэ хорвоог туулъя хэмээх нь тэнгэр бурханы хүсэл зориг агаад түүнээс хүмүүнд оноосон итгэл найдвар нь бөлгөө.

Ингэж бодлоо ч гэсэн хүмүүний нийгмийг өргөнөөр ажихуйяа цэцэн мунхаг, баян хоосон, цаашлаад язгууртан, харц гээд хүний амьдралд газар тэнгэр мэт ялгаа харагддаг. Яагаад тэр билээ?

Түүний учир жанцан ерөөс тов тодорхой. Эртний нэгэн сударт "Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг" гэж буй. Өөрөөр хэлбэл, ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан, эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ.

Ертөнцөд бэрх хэцүү ажил ч буй, хялбар амар ажил ч гэж бий. Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн, амар хялбарыг оролддог нь зиндаа доогуур хүн юм.

Үүн дээр хэлвээс, оюуныг чилээх сэтгэхүйн хөдөлмөр хэцүү бэрх, гар хөлийг чилээх биеийн хөдөлмөр хялбар хэмээгддэг.

Тиймээс эмч домч, эрдэмтэн мэргэд, төрийн түшмэл, том компанийн бизнес эрхлэгчид, олон зарцыг хөдөлгөх газрын эзэн зэрэг нь зиндаа өндөр хүмүүс юм. Зиндаа өндөр хүмүүс гэдэг нь мэдээж хэрэг, эдээр баялаг, тэднийг доор буй хүмүүсийн нүдээр харвал санаанд багтамгүй, гэвч уг язгуурыг эргэцүүлбээс учир шалтгаан ердөө ганц.

Тэр бол зөвхөн уг хүнд эрдэм чадал байна уу, үгүй юу гэдгээс хамааран шийдэгдсэн зүйл бөгөөд энэ нь тэнгэр бурханы шийдэж тогтоосон гэрээт зүйл биш ээ.

"Тэнгэр бурхан баялгийг хүнд нь хайрлаагүй, харин хөдөлмөрт нь хайрласан юм" гэсэн цэцэн үг бий. Энэ нь бурхан хүний зүтгэл, хөдөлмөрийн үр дүнг харж байж эд баялгийг өгдөг гэсэн үг юм.

Дээр өгүүлсэнчлэн хүмүүнд зэрэг зиндаа, баян хоосны ялгал гэж үгүй. Юу гэвэл, эрдэмд шамдаж, түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн болбоос мундаг агаад эдээр баян, харин үл суралцагч хүн ядуу бөгөөд дорд мунхаг болох юм гэсэн үг билээ.