Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 14, 2019

7 хоногийн тойм: Гайхамшигт хар нүх + Гайхалтай эргэн ирэлт + Гайхам контентуудын сураг

Ковер зургийн тайлбар: Тайгер Вүүдс эргэн ирлээ!

Дэлхий дахинд

Хүн төрөлхтөн анх удаа хар нүхний зургийг авсан нь хожим үзүүлэх нөлөө, ашигласан технологийн цар хүрээгээрээ шинжлэх ухааны ертөнцийн түүхэнд бичигдэх онцгой үйл явдал боллоо. Дэлхийгээс 53.5 сая орчим гэрлийн жилийн зайтай оршдог M87 галактикийн хар нүхний зургийг АНУ, Мексик, Чили, Испани, Франц улсын найман огторгуйн дуранг нэгтгэсэн “Event Horizon Telescope” төслийн хүрээнд авсан байна. Уг төслийг дэлхийгээс 26 мянган гэрлийн жилийн зайтай оршдог Сүүн замын төв дэх хэт хүнд масстай хоёр хар нүх (SgrA*) болон олон нийтэд зургийг нь үзүүлсэн хар нүхийг ажиглах зорилгоор хэрэгжүүлж эхэлжээ. Ажиглалтыг 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн явуулсан боловч хүлээж авсан мэдээллүүдийг боловсруулахад хоёр жилийн хугацаа шаардагджээ.

TED: Хар нүхний зургийг хэрхэн авах вэ?

Нууцын зэрэглэлтэй мэдээллийг ил болгож, хууль бус үйлдлүүдийг илчилдгээрээ зартай WikiLeaks-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Британийн цагдаагийн байгууллага баривчиллаа. Тэрээр сүүлийн 7 жилийн турш Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд "орогнож" байсан юм. Түүнийг АНУ, Их Британи, Швед зэрэг улсууд тус тусын шалтгаанаар баривчлан, шийтгэх хүсэлтэй байгаа. Түүнийг элчин сайдын яамыг "тагнуулын ажиллагаа явуулах төвөө болгосон" нь хууль сахиулагчдад хүлээлгэн өгөх гол шалтгаан болсон тухай Эквадорын ерөнхийлөгч Л.Морено мэдэгджээ.

Vox: Ассанжийн хэргийг тайлбарлах нь

Netflix 2016 оноос хойш анх удаа "хамгийн их борлуулалттай тоглоомын бус апп" гэсэн статусаа алдлаа. Болзооны апп Tinder 2019 оны 1-р улиралд 260 сая долларын орлого олсон нь Netflix-ээс 40 саяар илүү үзүүлэлт болсон байна. Харин хамгийн их татагдсан апп-ийг WhatsApp, Messenger, TikTok тэргүүлжээ.

Хятадын засгийн газар биткойн олборлолтын үйл ажиллагааг хориглох чиглэл гаргаж магадгүй байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногт биткойны үнэлгээ 5000 долларын босгыг давж, өөдрөг төсөөллийг өгч байсан крипто зах зээлийн тоглогчдод тун хүнд мэдээ болов. БНХАУ бол криптовалют олборлолт, түүнтэй холбоотой тоног төхөөрөмж үйлдвэрлэл, технологи хөгжүүлэлтийн хамгийн том талбар билээ.

Ромын пап Суданы удирдагчдад хандан энх тайвныг хүсэн, улмаар "хөлийг нь үнссэн" нь олны анхаарлын төвд оров. Католик шашны тэргүүн Суданы ерөнхийлөгч болон нэгэн үе түүний гол өрсөлдөгч явсан дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд хандан 6 жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоосон энхийн хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг хүссэн нь энэ. Тогтсон протоколыг эвдэн гэнэтийн үйлдэл гаргасныг олон нийт янз бүрээр хүлээн авч байна.

Танилц, хар нүх!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Саран дээр газардсан түүхэн дэх анхны хувийн санхүүжилттэй төсөл болох учиртай байсан Израйлын оролдлого бүтэлгүйтлээ. 2007 оноос эхлэн хөгжүүлсэн Beresheet нэртэй тус хөлөг 2-р сарын 21-нд эх дэлхийгээс хөөрсөн ч газардах үедээ ийн осолдсон байна. Израйл улс саран дээр газардсан АНУ, ОХУ, БНХАУ-ын дараах ердөө дөрөв дэх улс болох боломжтой байлаа.
Google-ийн хөгжүүлдэг Wing нэртэй стартап Австралийн Канберра хотноо дрон хүргэлтийн үйлчилгээ эхлүүлснээ зарлалаа. Сүүлийн 18 сарын хугацаанд 3000 гаруй удаа амжилттай туршилт хийсэн тэд эхний ээлжинд кофе, эм, хүнсний бүтээгдэхүүн зөөж байгаа аж.

Ажил мэргэжлийн хамгийн том сүлжээ LinkedIn платформ дахь контентын тоог нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн хоорондын харилцааг идэвхжүүлэх зорилготой "хариу үйлдлийн стикер"-үүдээ шинэчиллээ. Тэд Facebook-тэй төстэй байдлаар лайк товчоо шинэчилж, "баяр хүргэх, сонирхолтой юм, мэдээлэл өгөхүйц" зэрэг стикерүүдийг танилцуулжээ.

Дэлхийн хамгийн том агаарын хөлөг анхны туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Өнгөрсөн жил таалал төгссөн Microsoft-ийн үүсгэн байгуулагч П.Аллены санаачилсан уг төсөл сансар болон агаарын ачаа тээврийг илүү хялбарчлах зорилготой юм. Stratolaunch нэртэй стартапын далавчийг нь оруулбал 117 метрийн урттай, 6 хөдөлгүүртэй уг хөлөг 590 тонн ачааг тээвэрлэх чадалтай гэнэ.

Google саяхан албан ёсоор хөгжүүлэлтийг нь зогсоосон Google+-ийг илүү байгууллагын харилцаанд чиглэсэн үйлчилгээ болгон эргэн гаргаснаа зарлалаа. Google Currents нэртэй уг шинэ үйлчилгээний тусламжтайгаар байгууллага ажилчид болон хэлтэс хоорондын харилцааг зохицуулах боломжтой бөгөөд илүү мэргэжлийн шинж чанартай нэмэлтүүдтэй болгон хөгжүүлнэ гэнэ.

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн тэргүүлэх такси дуудлагын үйлчилгээ үзүүлэгч Uber ирэх сард хийх IPO-ийн өмнөх санхүүгийн тайлангаа ил болголоо. 100 орчим тэрбум долларын үнэлгээтэйгээр 10 тэрбум доллар босгох зорилготой байгаа тэд өнгөрсөн онд 11.27 тэрбум долларын борлуулалт хийсэн ч 1.8 тэрбум долларын алдагдалтай ажилласан нь ил болсон юм. Мөн тэд жолоочгүй машин, нисдэг таксины технологийн судалгаа хөгжүүлэлтэд 457 сая доллар зарцуулсан гэнэ.

Америкийн эрчим хүчний салбарын гигант Chevron 33 тэрбум доллараар Anadarko Petroleum компанийг худалдан авлаа. АНУ-ын баруун өмнөд хэсэг болон Африк тивд дагнасан үйл ажиллагаа явуулдаг Anadarko-ийн хувьцааны үнэлгээ энэ мэдээний дараагаар 33 хувиар өссөн байна. Зах зээлд эзлэх байр сууриараа зөвхөн Exxon-ий ард бичигдэх Chevron газрын тосны нөөцөөрөө дэлхийд толгой цохидог гэгдэх Пермийн хөндийд 120 км-ийг хамарсан газрыг эзэмших болж байгаа юм.

"Африкийн Амазон" гэгддэг Jumia нэртэй стартап Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, 196 сая долларыг босгон түүхэн амжилт үзүүллээ. Энэ бол топ бирж дээр хийгдэж буй Африк руу чиглэсэн, тус тивд төвтэй хамгийн анхны IPO гэдгээрээ онцлог. 14 улсад 4 сая гаруй хэрэглэгчтэй уг онлайн худалдааны платформ 2025 он гэхэд 2.1 триллион долларт хүрэх Африкийн зах зээлийн гол тоглогч болно хэмээн хөрөнгө оруулагчид итгэж байгаа юм.

Disney удтал хүлээлгэсэн онлайн видео стриминг үйлчилгээгээ албан ёсоор танилцууллаа. Disney+ нэртэйгээр зах зээлд байрших уг платформ 11-р сарын 12-нд хэрэглэгчдэд хүрэх бөгөөд сарын 6.99 долларын үнэтэй байх гэнэ. Диснейн классик дүрүүдээс гадна Marvel, Star Wars, Pixar зэрэг алдартай брэндүүдийн оригинал контентууд энд байрлахаас гадна National Geograhipic, ESPN, Hulu-ийн контентуудыг ч санал болгохоор зэхэж байгаа аж. Энэ мэдээний дараагаар одоогийн зах зээлийн тэргүүлэгч, тэдний гол өрсөлдөгч болох учиртай Netflix-ийн үнэлгээ 8 тэрбум доллараар буурчээ.

Vox: Disney+-ийн талаар мэдэх ёстой 5 зүйл

Даатгалын технологийн стартап Lemonade нийт 300 сая долларын санхүүжилтийг SoftBank тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас татлаа. Өнгөрсөн жил 57 сая долларын борлуулалт хийсэн гэх уг стартап Европын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд AI ботын тусламжтайгаар даатгалын үйлчилгээ авах явцыг илүү хямд, хөнгөн болгон шинэчилж байгаа юм.

Netflix тулаанд бэлэн үү?

Спорт, Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Их спортын түүхэнд хамгийн гайхалтайгаар эргэн ирсэн явдал өнгөрөгч шөнө тохиож, Тайгер Вүүдс 15 дахь их дуулгын цомоо хүртлээ. Гольфийн ертөнцийн нүүр царай Т.Вүүдс хамгийн сүүлд 2008 онд их дуулгад түрүүлж, түүнээс хойш 5 ч удаа хүнд хагалгаанд орсноор бараг зодог тайлах нь хэмээгдэж байсан ч хамгийн хүнд гэгдэх Мастерсийн тэмцээний ялагч боллоо. Өнгөрсөн жил дэлхийн чансаанд 1199-р байрт бичигдэж байсан тэр 43 насандаа ийн ялалт байгуулж, 5 дахь удаагаа Мастерсийн аварга болжээ. Гольфийн спортын бараг бүх дээд амжилтыг эзэмшигч Т.Вүүдсэд одоо 18 удаа их дуулгад түрүүлсэн Ж.Никлаусын рекордыг эвдэх л үлдээд байна.

Дэлхийн энтертэйнмент ертөнцийн топ шоунуудын нэг Coachella эхэллээ. 4-р сарын 21 хүртэл үргэлжлэх уг фестивальд А.Гранде, Б.Айлиш, Ч.Гамбино тэргүүтэй супер одод уран бүтээлээ хүргэх юм. Гэхдээ эхний өдрүүдийн гол дүр нь Солонгосын охидын хамтлаг Blackpink байв. Тэдний хамгийн сүүлд гаргасан "Kill This Love" нь эхний 24 цагт Youtube дээр 55.7 сая хандалт авч, A.Грандегийн рекордыг эвдээд зогсохгүй 100 сая үзэлтэнд хамгийн хурдан хүрсэн видео болжээ.

2019 оны хамгийн өндөр хүлээлттэй киноны нэгт тооцогдож буй Оддын дайны шинэ кино эхний трэйлэрээ цацаж, нэрээ албан ёсоор зарлалаа. "Rise of Skywalker" нэртэй уг цуврал нь 2005 оноос эхэлсэн гурамсан түүхийн төгсгөл болж байгаагаараа онцлогтой. 12-р сард нээлтээ хийх уг киноны дараа "Оддын дайн"-ы цуврал түр завсарлах бөгөөд илүү телевизийн контентод төвлөрнө гэдгээ Дисней мэдэгджээ.

Хойд Америкийн коллежийн спортын хамгийн оргилд тооцогдох сагсан бөмбөгийн тэмцээний ялагч тодорлоо. Нийт 68 баг өрсөлдөж, АНУ-ын муж, хотууд тэг чигээрээ өөрсдийн багийг дэмждэг тул энэ тэмцээнийг "Гуравдугаар сарын галзуурал" гэж нэрлэдэг юм. Энэ жилийн ялагчаар Виржиниагийн их сургуулийн баг тодорч, түүхэндээ анх удаа аваргын цомыг хүртлээ. Тэмцээний шилдгээр тус багийн К.Гэй тодорчээ.

Энэ долоо хоногт нээлтээ хийж байгаа "Хаан ширээний тоглоом" цувралын сүүлийн бүлгээс сэдэвлэсэн хөгжмийн цомог 4-р сарын 26-нд гарах гэж байна. Columbia Records-оос эрхлэн гаргаж буй уг цомгийн нэр "For The Throne" байх бөгөөд The Nationals, The Weeknd, Mumford & Sons, Muse-ийн М.Беллами нарын уран бүтээл багтжээ.

Алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Google Cloud Next 2019-өөс онцлох 6 мэдээ
CNN: А.Винтур яагаад дандаа нүдний шил зүүдэг вэ?
CNA: Л.Хэмилтон Ф1-ийн 1000 дахь уралдаанд аваргаллаа
The Verge: HQ-ийн нүүр царай компаниа орхилоо
Vox: Яагаад харшил улам бүр хүндэрсээр байгаа вэ?
Variety: Shazam! бокс оффисийг ахин тэргүүллээ
QZ: В.Путины хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцаарай
BBC: Энэ долоо хоногт хүлээх дөрвөн зүйл
Wired: "Хаан ширээний тоглоом"-ын шинэ бүлгээс бид юу хүсэж байна вэ?
Bloomberg: Н.Моди үнэхээр Энэтхэгийг өөрчилсөн үү?

8646   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.