Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   04 сарын 15, 2019

Онцлох бизнес: Arag.mn - Хаалга тогшин танд хүрнэ

Ээлжит дугаараараа бид xэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг найдвартай үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс хэрэглэгчдийн гарт 24-72 цагийн дотор түргэн шуурхай хүргэх онлайн худалдааны цогц систем Arag.mn-ийг онцолж байна. Тус сайтын ихэнх хүргэлт 1-3 цагийн дотор хийгддэг бөгөөд бараа бүтээгдэхүүний хувьд сэтгэл ханамжийн баталгаа өгдөг буюу 72 цагийн дотор буцаалт хийх боломжийг олгодгоороо онцлогтой аж.Ингээд Arag.mn-ий үүсгэн байгуулагч Г.Батбэхтэй хийсэн ярилцлагаа хүргэе. 

Бизнесийн нэр: Arag.mn
Хаяг: Peace Tower-ийн 14-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Онлайн худалдаа, үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Г.Батбэх
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 он
Цахим хуудсууд: Arag.mn (Фэйсбүүк), @arag_official(Инстаграм), @AragMongol(Твиттер) Утас: 7555 5333

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Өнөөдөр хүн бүр л завгүй, зарим үед ажлын ширээнийхээ араас өндийх ч завгүй ажилладаг болсон байна. Нэг зав гаргаад дэлгүүр оръё гэхээр том дэлгүүрүүдийг
дагасан бөөн түгжрэл, машины зогсоолын хүрэлцээгүй байдал зэрэг олон хүндрэл гарч, дэлгүүр орох гэсэн биш баахан цаг, нерв болдог. Заримдаа бүр түгжирч түгжирч очтол хүссэн бараа бүтээгдэхүүн нь байхгүй байх тохиолдол бий.

Дэлгүүрүүдийн түрээс, борлуулалтын шимтгэл нь бас өндөр байдаг юм билээ. Хүний нөөцийн зардал, ашиглалтын зардал гэх мэт гарах зардлууд байдаг болохоор түрээс, шимтгэлээ өндөр тогтоох болдог байх. Бараа бүтээгдэхүүнүүд эцсийн хэрэглэгчид 30 орчим хувийн нэмэгдэлтэй очиж байна гэхээр энэ асуудлыг цахимжуулж, цахим худалдаа эрхлэх боломж байна гэж үзсэн учраас Arag.mn-ийг 2016 онд үүсгэн байгуулж байлаа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Arag.mn нь олон жилийн түүхтэй технологийн компанийн суурин дээр бий болсон
болохоор анхны хөрөнгө оруулалт, технологийн шийдэл зэрэг шаардлагатай зүйлсийг дотоодоосоо шийдсэн.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Олон жил надтай мөр зэрэгцэн ажилласан итгэлтэй, найдвартай баг байсан болохоор зориглоод энэ бизнесийг хийе гэж зориглосон юм. Улмаар чадварлаг борлуулалтын болон хэрэглэгчийн үйлчилгээний туршлагатай
олон залуусыг эгнээндээ нэгтгэснээр Arag.mn-ий хамт олон бүрдсэн.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Худалдааны бизнес маш өндөр түвшний үйлчилгээний соёлтой байж амжилтанд
хүрдэг тул бид үйлчилгээний чанарт түлхүү анхаарч томоохон хэмжээний
хэрэглэгчийн мэдээллийн төвийг бий болгосон. Үүгээрээ хэрэглэгчидтэйгээ
холбогдож зөвлөгөө, заавар, тусламж өгч ажилладаг.

Цахим худалдааны сайт ойлгомжтой байсан ч гэсэн хэрэглэгч нарт үргэлж
тусламж дэмжлэг хэрэг болдог. Манай хамгийн олон хүнтэй алба бол
хэрэглэгчийн үйлчилгээний алба юм.

Бараа бүтээгдэхүүнийг хамгийн шуурхай хүргэх тал дээр ихээхэн
анхаарал хандуулж ажилладаг. 1-3 цагийн дотор ихэнх бараа бүтээгдэхүүнийг хүргэдэг.
Бараа бүтээгдэхүүний хувьд сэтгэл ханамжийн баталгаа өгдөг буюу хэрэглэгч 72 цагийн
дотор буцаалт хийх бүрэн боломжтой.

Бид бас Монголын томоохон банктай хамтарч Монголд анх удаа co-branding кредит
карт үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Картыг маань аль ч банкны хэрэглэгч авах
боломжтой байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн хүргэх, эргээд хариуцлагатай байх үүднээс тухайн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг компаниудтай хамтран ажиллахыг хүсдэг. Өнөөдөр сайн үйлчилгээтэй байсан бол маргааш ч сайн хэвээрээ байх, чадвал бүр илүү сайн байх гэсэн үндсэн зарчмыг баримталдаг. Мэдээж шударга, үнэнч байх, хэлсэндээ хүрдэг байх, өдөр бүр чанартай үйлчилгээг үзүүлэхийг хичээн ажилладаг.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Яг одоо бол хэрэглэгчийн хандлага дээр дата анализ хийхэд ихэнх цаг заваа зарцуулж
байна даа. Ер нь бол дата анализ хийж үйлчилгээ, үйл ажиллагаагаа сайжруулах нь
маш чухал.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД ЮУ ВЭ?

Эерэг тал бол зөндөө байна аа. Жишээ нь хэрэглэгч болон харилцагчийн хандлагаас урам авах тохиолдлууд олон байдаг. Манайд "Шим цай" гээд бүтээгдэхүүн тавьдаг бизнес байдаг юм. Тэднийхэн манайтай гэрээлснээс хойш үйлдвэрлэлээ
гүйцэхгүй бөөн юм болж байна гээд л баярласнаа илэрхийлэх жишээтэй.

ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ТА ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Эхэлсэн зүйлдээ тууштай байгаарай л гэж хэлье.

Яг л өөрийнхөө хамгийн сайн чаддаг, бас дуртай зүйлээ л бизнес болгох хэрэгтэй.
Хэдэн жил тэсвэл өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болж, үйл ажиллагаа чинь жигдэрч, тогтворжоод ирнэ. Тэр болтол бууж өгөхгүй тууштай байгаарай.

11697   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.