Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   04 сарын 10, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн, зохиолч Ц.Оюунгэрэл

Ярилцлагын ээлжит дугаартаа бид та бүхний сайн мэдэх нэгэн хүндтэй зочныг урилаа. Тэр бол Улаанбаатар хотод тулгамдаад буй хөрсний бохирдлын асуудлыг шийдэхээр "Жорлонгоо өөрчилье" төслийг санаачилж, олон нийтийн дэмжлэгийг авч, томоохон хөдөлгөөнийг эхлүүлээд буй хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл юм. Тэрээр өнгөрөгч 11 дүгээр сард Билл Гэйтсийн сангийн урилгаар олон улсын хуралд жорлонгоо өөрчлөх асуудлаар илтгэл тавьсан нь хэдхэн цагийн өмнө интернэтэд цацагджээ. Биднийг ярилцаж байх яг тэр мөчид энэ төсөл гадаадын сангаас санхүүжилт авах болсон баярт мэдээ ирсэн юм. Тэрээр мөн багийн гишүүдийнхээ хамтаар энэ оны эхнээс "Утааг арилгая" сургалтыг хийх болсон бөгөөд хүрээлэн буй орчны энэ чухал асуудлууд дээр иргэдийн ойлголт, идэвх санаачилгыг нэмэгдүүлж, бусдыг хүлээлгүйгээр дор бүрнээ хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаа билээ. Мөн зохиолчийн хувиар "Ногоон нүдэн лам" номоо англи хэлээр Амазонд байршуулсан, "Жаран цагаан хонь" номоо хэвлүүлсэн гээд амжилт бүтээл арвинтай байгаа аж.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлж буй ажил: "Нутгийн шийдэл" ТББ-ын тэргүүн, хүний эрхийн активист, зохиолч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Твиттер, Фэйсбүүк, Инстаграм
Вэб: www.oyungerel.org

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би ажлыг цагт баригдаж биш, тухайн өдөр гараас гаргах ажлаа тодорхойлон ард нь гарахыг зорьж, өөрөөр хэлбэл үр дүнд суурилан ажилладаг. Олон нийт, байгууллагуудад яриа, сургалт хийх ажлаа яг цагтаа хоцролгүй эхлүүлдэг. Цагийг хатуу барьдаг.

Сүүлийн үед долоо хоногт дунджаар хоёр сургалт хийж байна. "Жорлонгоо өөрчилье", "Утааг арилгая" сэдвээр нэг нэг удаа. Ментор хийгээд өгөөч, аль нэг сэдвээр яриа, сургалт хийгээд өгөөч гэсэн захиалга ирвэл сургалтгүй өдөр зоодог. Иймэрхүү менторын сургалтын долоо хоногтоо бас 2-3 удаа хийж таараад байна.

Ер нь бичих, төлөвлөх ажил их хийдэг болсон байна. Сүүлийн үед хийж буй ажлуудтай холбоотойгоор маркетингийн ажилд бас цаг гаргадаг болсон. Ялангуяа ноднингоос сошиал медиа дээр их идэвхтэй байгаа шүү. Ном маань Амазонд тавигдсантай холбоотойгоор англи хэлээр номын маркетинг хийх ёстой ч тэр тал дээр жаахан хойрго л байна.

Ном бичих ажлаасаа бол түр завсарласан. Одоогийн ажлынхаа хажуугаар дараагийн номын судалгаагаа бага багаар хийж байна. Ирэх 2-3 жилдээ бол номын ажил руу орж чадахгүй байх. Ном бичээд эхэлбэл өөр зүйл давхар хийхэд хүндрэлтэй байдаг юм.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Энгийн оффисын програмуудыг ашигладаг. Янз бүрийн олон апп, програм байхгүй дээ. Сошиал медиа идэвхтэй ашиглаж байна. Твиттерт 180 мянга, Фэйсбүүкд 68 мянга дээр дагагчтай. Залуучууд их хэрэглэдэг Инстаграмд 6600 орчим дагагчтай болоод байгаа нь миний хувьд том амжилт гэж бодоод байна (инээв).

Мэдээллийг ном, судалгааны тайлангууд, интернэтийн сурвалжуудаас авна.

АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Би гэртээ оффислодог. Ажлын өрөөндөө сууж ажиллана. Ном бичихдээ харин яагаад ч юм гал тогооныхоо ширээн дээр суудаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би багаасаа л анхаарлаа сайн төвлөрүүлж сурсан. Гэрт олуулаа амьдардаг байхад чимээнд төвлөрч сурахгүй л бол хичээл номоо хийх боломжгүй байв. Ер нь яаж бага цагт их зүйл амжуулах вэ гэж бодож ажилладаг. Сайн төвлөрөөд нэг цаг суухад л их ажил амждаг шүү дээ.

Манай нөхөр намайг "Дэлхий сөнөж байна гэвэл аан гээд л ажлаа хийгээд сууж байх хүн" гэж шоолдог гээч. Оюутан байхад, өрөөний оросууд маань төрсөн өдөр тэмдэглээд дуу хуур болж байхад жишим ч үгүй номоо уншаад сууж байсан гээд их гомдсон байдаг юм (инээв).

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээр тууштай хөтөлдөг дөө. Надад зуугаад дэвтэр бий. Дэвтэр маань нэг талаас хийх ажлын жагсаалт, нөгөө талаас архив болдог.
Шинэ санаа, уулзалтын тэмдэглэл, хүмүүсийн холбоо барих хаяг гээд бүх л зүйлсийг тэмдэглэдэг. "60 цагаан хонь" номоо бичихдээ жишээ нь есөн жил хөтөлсөн дэвтрүүдээ гаргаж ирээд, номд оруулах санаа, дүрслэлүүдээ түүн компьютерын файл руу хуулж байлаа.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Маш олон төрлийн, ойлгоход төвөгтэй мэдээллийг нэгтгэн дүгнээд ямар ч хүн хялбар ойлгохуйц байдлаар энгийнчлэх, хялбарчлахдаа сайн.
Миний "Утааг арилгая" сэдвээр уншдаг лекц аравхан слайдтай. Үүнийг гаргах гэж би 600 гаруй хуудас тайлан уншсан. Утаатай холбоотой л бүх л тайлангуудыг уншиж ойлгоод "Утаа яг ийм ийм шалтгаанаас үүдэн гарч байгаа юм байна, хэдүүлээ утааг ингэж багасгаж болох юм байна, энийг нь бид хийж чадна, энийг нь бид хийж чадахгүй" гэх мэтээр ярьж тайлбарладаг. Лекцийг маань сонсоод эртхэн сонссон ч болоосой гэж хэлдэг хүмүүс олон байдаг.

Миний "Гэрт болсон яриа" гэж ном байдаг. Цэвэр анагаахын шинжлэх ухааны ойлголтуудыг мэргэжлийнх нь номуудыг уншиж байгаад гал тогоонд өрнөж буй яриа маягаар бичсэн. Тэр номыг уншсан эмч хүн "Чи бидний насан туршдаа ойлгуулах гээд чаддаггүй зүйлийг ямар амархан ойлгуулчихаа вэ" гэж хэлсэн шүү.

Бас Цагаан сар, хурим зэрэг ёслол хүндэтгэл, зан заншилтай холбоотой, олон хүний оролцоотой арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүдийг гардан зохион байгуулахдаа сайн байж магадгүй. Тиймэрхүү баяр ёслолыг нэлээн ёсорхуу, зүй зохисоор нь хийх гэж хичээдэг. Бусад үед явдаггүй ч Цагаан сарынхаа хүнсийг онцгойлон сонгож, сайн бэлддэг. Тэгээд бусдадаа ажил үүрэг хуваарилаад л командална шүү дээ (инээв).

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би одоогийн сайн дурын буюу иргэний нийгмийн ажилдаа 100 хувь төвлөрөхийн тулд цалинтай, сонгуультай бүх ажлуудаа өгсөн. Одоогийн ажил маань ямар нэг цалин хөлсгүй, ямар нэг байдлаар мөнгө олбол түүнийг үйл ажиллагаандаа зарцуулаад явдаг. Өдөр тутмын амьдралаа номынхоо орлогоор авч явж байна.

Одоо би хэн нэгний хүсэлтээр биш, амьдралын шаардлагаар биш, яг өөрийн хүссэн, сонгосон ажлаа хийгээд явж байгаа. Өмнө нь ийм завшаан тэр болгон олддоггүй байлаа. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож нийгэмд тулгамдсан утаа, хөрсний бохирол зэрэг ярвигтай асуудлуудыг цаг алдалгүй барьж авахгүй бол болохгүй цаг үе ирсэн байна.

Карьерын хувьд хамгийн жаргалтай үедээ явж байгаа болохоор хэцүү бэрхшээлтэй зүйлс ч сонирхолтой санагддаг болсон шүү. Аль болох л олон хүний асуудлыг шийдэх юм сан гэж хүсэж байна.

2016 онд сонгуульд ялагдсаны нөгөөдрөөс нь л би "Жаран цагаан хонь" номоо бичиж эхэлсэн. Тухайн үед энэ номоо бичээгүй байсан бол ийм хэв маягаар ажиллаж чадахгүй байв. Ном борлуулалт сайтай байгаа болохоор цалин мөнгөний төлөө ажил хийх шаардлагагүй болж байгаа юм. Арван жилийн өмнө бичсэн "Ногоон нүдэн лам" ном маань бас Монголын хамгийн сайн борлуулалттай номуудын нэг байсан ч би орлогыг нь гол төлөв улс төрийн ажил, сонгуульд зарцуулаад дууссан. Харин шинэ номынхоо орлогыг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулна гэж хүүхдүүддээ амлаж, түүнийгээ биелүүлээд явж байна.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

"Жорлонгоо өөрчилье" номоо би 2017 оны хоёрдугаар сараас бичиж эхлээд наймдугаар сард гаргасан юм. Тэгээд номоо хүнд хүргэхийн тулд сургалтын төсөл боловсруулж 2017 оны 11 дүгээр сараас сургалт хийж эхэлсэн маань олон нийтэд сайн хүрч, дэмжлэг их авч байгаад баяртай байгаа. "Жорлонгоо өөрчилье" бол 10 хүний оролцоотой хийгддэг, лекц, дадлага ажлууд, тест, санал асуулга бүхий сургалт. Сургалтаа сүүлийн үед Сүхбаатар дүүргийн хороодод төвлөрөн хийж байна. Мөн саяхан болж өнгөрсөн аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцож жорлонгуудаа сурталчилсан, эхнээсээ захиалгууд орж ирж байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард би Билл Гэйтсийн сангийн жорлонг сайжруулах сэдэвт хуралд уригдан очиж үг хэлсэн. New Venture хэмээх жорлонгийн бизнесийг дэмждэг санд төслөө илгээж санхүүжилт хүссэн маань дөнгөж сая дэмжигдчихлээ. Жорлон гэдэг бол Монголд одоохондоо бизнес биш байгаа тул жорлонгийн талаарх ойлголтыг сайн нэмэгдүүлж, иргэдийг мэдээлэлтэй болгох хэрэгтэй байгаа. Одоо ийн санхүүжилт авснаар "Жорлонгоо өөрчилье" сургалтаа олон газар төлбөргүй хийх боломж бүрдэж байна.

"Утааг арилгая" төслийн хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд бид багаараа уншиж судлах, бичиж боловсруулах буюу контент боловсруулах ажлаа хийлээ. Эхний 10 сургалтаа үнэгүй хийх хөрөнгөө ч босгоод байна. Одоо дараагийн өвөл ирэхээс өмнө сургалтаа идэвхтэй хийж, аль болох олон айл өрхийг утаанаас сэргийлсэн ямар нэг алхам хийлгэхийг зорих болно. Сургалтуудаа мэдээж бас захиалгаар хийж байна.

Хатагтай Ц.Оюунгэрэлийн Гэйтс Сангийн "Reinvented Toilet Expo" олон улсын арга хэмжээн дээр тавьсан илтгэлийн бичлэг саяхан цацагдаж, яг энэ цаг мөчид сошиал медиад хүмүүсийн ярианы гол сэдэв болж байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би аль нэг сэдвийг барьж аваад түүгээрээ дагнан уншдаг. Сүүлийн үед бол дандаа жорлон, утаатай холбоотой ном, тайлангуудыг л уншиж байна даа. Мөн АНУ-д саяхан хэвлэгдсэн, Батаарын тухай "Dinosaur Artist" хэмээх номыг уншиж байна. Уран зохиолыг бол голдуу онгоцонд явах үедээ юмуу хэд хоног сайхан амрах үедээ уншдаг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Поп, сонгодог, рок, уртын дуу гээд бүх төрлийн хөгжимд дуртай. Ажил хийхдээ хөгжим тавьдаг. Ажлаа хийхэд тухайн үед ямар төрлийн хөгжим хэрэгтэй байна, түүнийг тавьдаг. Ихэвчлэн зөөлөн поп, сонгодог хөгжим сонсож буй үед ажил гараас амархан гардаг. Харин маш хэцүү ажлыг хийхдээ хүчтэй дуурь, уртын дуу сонсоход зүгээр байдаг. Ойр зуур гарын үзүүрийн ажилд бол поп дуу тавьдаг. Сонирхолтой нь аль нэг хамтлаг дуучдыг туж сонсдог үе гэж байдаг. Род Стюартыг их сонсдог байсан үе бий, Брайан Адамс байна. Нэг үе Нора Жонесийг л сонсож өглөө босдог байлаа шүү дээ. Нэг хэсэг Наранг бас их сонссон юм байна.

 ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй юу, дотогшоо юу гэдгээ гарын хурууны хээгээ үзээд хэлдэг шүү дээ. Өндөгний хээ нь битүү байвал интроверт, задгай байвал экстроверт гэдэг. Би хуруунуудаа бүртгээд үзсэн чинь яг битүү хээтэй нь тав, задгай нь ч тав байсан. Тэгэхээр аль аль нь болов уу (инээв). Би ганцаараа байхдаа хэзээ ч санаа зовдоггүй, уйтгарладаггүй, олуулаа үедээ хэзээ ч уйддаггүй хүн л дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хийх юмтай үед бол орой 23, 24 цаг хүртэл сууж ажиллах нь бий. Заримдаа 22 цагт зээгээ унтуулдаг. Өдөрт дунджаар 8-9 цаг унтдаг. Амралтын өдрүүдээр бол бүр ч сайн унтана. Өглөө голдуу 8 цагийн үед босдог доо.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Намайг гэрээс маань л олж болно доо. Чөлөөт цагаараа хамгийн хийх дуртай ажил бол унтах (инээв). Унтах нь эрүүл байх, эрч хүчтэй амьдрах гол зэвсэг гэж боддог юм. Долоон цаг унтсан өдөр бол өдөр нь дугхийхийг боддог.

Мөн аялж зугаалах, кино үзэх их дуртай. Яаж аялах вэ гээд л төлөвлөж гарна. Аялах үедээ харин ажлаа бүрэн мартахыг хичээдэг. Өнгөрсөн өвөл аялсан ч ажлаа бүрэн орхиогүй болохоор ядарсан шүү. Юу ч бодож чадахгүй тархи ядарсан үед кино үзэхээр тархи амрах шиг болдог. Саяхан даа, Гэгээнтэн кинотеатрын хажуугаар "өнөөдөр яасан их ядарч байна аа" гэж бодон өнгөрч байтал "Тэнгэрээс унасан одод" гэдэг киноны сурталчилгаа байхаар нь гэртээ ирж нөхрөө дагуулж гараад очоод үзсэн. Киног кинотеатрт үзэх бүр ч гоё байдаг. Мөн сүүлийн үед комеди үздэг болоод байна. Ер нь манай гэрийнхэн дуурь, жүжиг, балет, жазз зэргийг бүгдийг нь үзэх дуртай. Сүүлд "Замын хүн", "Бүсгүйн захидал" гэсэн хоёр жүжиг үзсэн юм байна.

ГАДААД ХЭЛ СУРАХ ТУХАЙД ТА ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

Гадаад хэл сурах тухайд, гэрийн даалгавраа гэртээ хий гэж би зөвлөдөг. Зөвхөн хэл сурах гэж битгий гадаад яв. Өнөө цагт гэртээ маш хямдаар хэл сурах боломжтой болсон шүү дээ. Сургалтад сууя гэвэл дотоодынхоо сургалтад суухад болно. Англи, америк хүн гэж байдаггүй, сургалтын материал маш ховор байсан 90-ээд оны эхээр би англи хэл сурах гэж эхлээд 6 сар дан хуулан бичлэг хийж байлаа. Түүний дараа 3 сарын курсэд явахад бүх үгийг нь таньдаг тул хялбархан цээжилсэн. Тэгэхээр өөрөө эхлээд сайн бие дааж сураад, түүний дараа богино хугацааны сургалтад суувал илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Гадаад хэл сурна гэдэг боловсрол биш, боловсролтой болох гэрийн даалгавар шүү гэж хэлье.

Бас дуудлагаасаа битгий эмээ. Хүмүүс дуудлагаасаа айгаад ярьдаггүй шүү дээ. Өөрийн гэсэн дуудлагатай байх тусмаа "күүл" гээд л бодчих хэрэгтэй. Надад нэг америк хүн "Өөрийн дуудлагыг битгий гээгээрэй, битгий цэвэр америк болчихоорой" гэж хэлж байсан шүү.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хайртай хүмүүсээсээ, хамтран ажиллагсдаасаа, ном зохиолоос урам зориг авна. "Утааг арилгая" төслийн хувьд бол жаахан хүүхдүүдээс ихээхэн урам зориг авч байгаа. Улс орны ирээдүй болсон тэр жаахан хүүхдүүдийн төлөө хэрэгтэй ажил хийж байгаа шүү гэж бодохоор зориг, хүч орох шиг болдог. Хэн нэгэнд таалагдахын төлөө, сонгуульд ялахын төлөө энэ ажлыг хийгээгүй. Хүүхдүүд сонгуульд саналын эрхгүй шүү дээ.

Бас байгаль дэлхийгээсээ их эрч хүч авдаг. Хүмүүс ер нь өөрсдөө ч анзааралгүй байгалийн нөлөөг их авдаг гэж боддог. Хээр хөдөө гарахаар сэтгэл сэргээд ирдэг шүү дээ.

Хүмүүсийн урмын үг мэдээж илүү сайн ажиллах, илүүг бүтээх сэдлийг өгдөг. "Та их хэрэгтэй ажил хийж байгаа шүү", "Үүнийг бид бодоод л байсан боловч хийж чадахгүй байсан юм" зэрэг хүмүүсийн төрөл бүрийн сайшаалд урамшаад л явчихдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав маань "Ажлыг гоё хий" гэж захидаг байсан. Өөрөөр хэлбэл ажлыг уран сэтгэмжтэй, бүтээлчээр, сэтгэл гаргаж хий гэж байгаа нь тэр. Үүнийг би байнга санаж, хэрэгжүүлэх гэж хичээж явдаг. Ер нь хүн ажлыг халтуурдъя гэж бодох үед их ядардаг юм шиг санагддаг. Ажлыг урнаар, сонирхолтой болгож хийвэл ядардаггүй. Жишээ нь 600 хуудас тайлан уншина гэдэг бол төвөгтэй ажил. Энийг яаж уншвал илүү сонирхолтой, илүү хялбар хийх вэ гэж бодно. Тэгэхээр нь энийг яаж хүнд ойлгомжтойгоор, сонирхол татахуйц байдлаар хэлэх ёстой вэ гээд уншихаар, эсвэл би эндээс заавал "сувд" шүүрдэнэ гэж зорьж уншихаар хялбар болоод ирдэг. Биеийн хүчний ажлыг ч ингэж бодож хийхээр сонирхолтой байдаг. Жишээ нь энэ ажлыг яаж хүнд аюулгүй байхаар хийх вэ гэж бодно шүү дээ.

1996 оны үед нэг удаа шүүмжлэл хүртсэн маань сэтгэлд бат шингэж үлджээ. Нэг удаа би нэг төрийн албаны хүний асуултад "Мэдэхгүй байна" гээд хэд давтан хариулахгүй юу. Тэгсэн "Хүнд хэрэггүй юм бол чи яах гэж энд сууж байгаа юм бэ" гэж зэмлэсэн юм. Түүнээс хойш хийх ажил бүрээ заавал хүнд хэрэгтэй байлгах ёстой байна, хүнд л хэрэгтэй зүйл хийх ёстой юм байна гэж бодох болсон доо.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Би залуучуудад "Үргэлж суралц, яарах хэрэггүй, шударгаар амжилтад хүр" гэж зөвлөдөг. Хүүдээ ч хэлдэг. Нэг удаа хүүгийнхээ илтгэлийг сонсон чинь "Нийгмийн даатгалаа төлөөрэй" хэмээн презентацаа эхлүүлж байна лээ. Зөвлөгөөг маань авч л байгаа юм байна гэж баярласан шүү.

Аливаа ажлыг яаж хүртээмжтэй болгох вэ гэж бодож байгаарай. Би бичиг үсэгт тайлагдсан ямар ч хүн ойлгох хэмжээнд бичихийг эрмэлздэг. Эцсийн бүтээгдэхүүн маань хүнд очихдоо нарийн төвөгтэй байдлаар хүрвэл ажлаа дутуу хийжээ гэж боддог. Харин хүнд маш энгийн, хялбар байдлаар хүрсэн боловч түүнийг хийх, хүргэх явц нь хэцүү төвөгтэй байсан бол тэр төгс ажил болжээ гэж боддог.

1999, 2000 оны үед би Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуульд "Эдийн засгийн сэтгэлгээний түүх" гэдэг хичээл заасан юм. Тэр хичээл нь ганц орчуулгын хэцүү номтой, тэр хичээлийг оюутнууд сайн ойлгодоггүй байж. Би өөрөө сэдвээ ойлгохын тулд дэлхийн түүх, дэлхийн эдийн засгийн түүх, цаашлаад тухайн үеийн улс орнуудын ерөнхий сайдуудын бодлого сэлтийг уншаад, хичээлээ үлгэр ярьж байгаа шиг энгийнээр заадаг болсон. Тэгсэн зуугаад оюутан суудаг танхимд багтахааргүй олон оюутан ирж суудаг болчихдог байгаа. Учрыг нь асуувал хичээл маань их сонирхолтой байсан тул тухайн хичээлийг сонгоогүй оюутнууд хүртэл ирдэг болсон юм билээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Хоёр хамтрагчаа санал болгоё. МҮОНРТ-ийн захирал асан Ц.Оюундарь болон кино зохиолч А.Амарсайхан нар. Маш бүтээлч, хөдөлмөрч хүмүүс шүү.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

22100   9

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.