Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 11, 2019

2030: Өдөр бүрийн амгалан, мянган жаргалын үүд

“Тогтвортой хөгжил 2030” цахим товхимлынхоо гурав дахь дугаарыг бид 4 сарын 7-нд тохиосон Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Их найрагч Д.Нацагдоржийн “Энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний доторх чухам жаргалан” хэмээн өргөмжилсөн “Эрүүл мэнд”-ийн сэдэвт зориулсан юм. 
Тогтвортой хөгжлийн гуравдугаар зорилгыг “Эрүүл мэнд ба сайн сайхан аж байдлыг дэмжих” хэмээн тодорхойлсон байдаг . Эрүүл иргэд бол тогтвортой хөгжлийн нэг гол үзүүлэлт, нөгөө талаас тогтвортой хөгжлийн нэг үр дүн билээ. Ингээд бүгдээрээ эрүүл мэндийн салбар дахь “гэрийн даалгавар”-тайгаа танилцаж, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг ойлгож, нийгмийн оролцогч талууд юу юу хийх ёстойг мэдэж авцгаая!

Хүмүүн бидний хамгийн гол “өмч хөрөнгө” бол эрүүл бие махбод. Хүн чухам эрүүл саруул л бол юуг ч хийж бүтээж чадах билээ. Олон мянган жил эрүүл амьдрах арга ухаан, нөү-хауг хуримтлуулсаар ирсэн хүн төрөлхтөн сүүлийн хэдэн арван жилд эрүүл мэндийн салбарт олон нээлт хийж, өмнө нь анагааж чаддаггүй байсан олон өвчний нууцад нэвтрэв. Үүний ачаар дэлхийн дахинд хүмүүсийн дундаж наслалт уртсаж, эх нялхсын эндэгдэл буурч, ДОХ/БЗХӨ-ий халдвар саарч, олон хөнөөлт өвчний тархалт хумигджээ. Гэсэн хэдий ч анагаах ухааны хариултыг нь олоогүй асуудлууд байсан хэвээр, шинэ өвчин эмгэгүүд гарч ирсээр, хүмүүс урьдчилан сэргийлж болох өвчин эмгэг болоод осол аваар гэх мэт бусад хүчин зүйлсийн улмаас зуурдаар амь насаа алдсаар байна.

Өнөөдөр дэлхий дээр 400 сая гаруй хүн эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авч чадахгүй байгаа бол дэлхийн хүн амын 40 хувьд эрүүл мэндийн даатгал дутагдалтай байна. Хоёр секунд тутам 30-70 настай хэн нэгэн зүрх судас, амьсгалын замын өвчин, чихрийн шижин, хорт хавдрын улмаас зуурдаар нас нөгчиж, жил бүр 7 сая хүн агаарын бохирдлын нөлөөгөөр хорвоогоос буцаж байна.

Ийм нөхцөлд дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн гурав дахь зорилгыг “Эрүүл мэнд ба сайн сайхан аж байдлыг дэмжих” хэмээн тодорхойлж, эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал, хүн амын өсөлт, хотжилт, уур амьсгал, байгаль орчны өөрчлөлттэй холбоотойгоор үүдэн гарч буй эрүүл мэндийн эрсдэлүүд, шинэ өвчин эмгэгүүдтэй тэмцэхээр зорьж байгаа юм.

Харамсалтай нь тогтвортой хөгжлийн эрүүл мэндтэй холбоотой зорилтуудыг биелүүлэх үйл явц улс орнуудын хооронд, түүнчлэн аливаа улсын дотоодод эрс ялгаатай түвшинд байгаа нь санаа зовоож буй нэг асуудал. Дундаж наслалтаар хамгийн бага ба хамгийн өндөр үзүүлэлттэй хоёр улсын зөрүү 31 жил байгаа нь энэхүү ялгаа ямар хол байгааг илтгэнэ. Түүнчлэн улс орны эрүүл мэндийн дундаж үзүүлэлтүүд сайн байж болох ч зарим муж хотууд, нийгмийн зарим бүлгүүд эрүүл мэндийн хувьд хол хоцорсон байдалтай байгааг бид мартаж болохгүй.

Энэхүү том зорилтыг биелүүлэхэд нийтийг хамарсан хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох нь нэн чухал юм. Монгол Улс, Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, урьдчилан сэргийлэх, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, тандалт, эрт илрүүлэлтийн тогтолцоо, лавлагаа лабораторийг бэхжүүлж, хүн амын дундаж наслалтыг 2030 он гэхэд 78-д хүргэнэ” гэсэн зорилт тавиад буй. Манай улсын дундаж наслалт 2017 онд 69.89 болсон бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.44, эрэгтэйчүүдийнх 65.88 байна. Дэлхийд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 4 жил байдаг бол манайд 9.56 байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болоод байгааг илтгэж байна.

 ОНЦЛОХ СЭДЭВ: ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД

Тогтвортой хөгжлийн гуравдугаар зорилгын гол дэд зорилтууд бол эхийн эндэгдлийг 100,000 төрөлтөд 70-аас бууруулах, нярайн эндэгдлийг 1000 төрөлтөд 12 хүртэл бууруулах, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 тохиолдол тутамд 25 хүртэл бууруулах явдал юм.

Манай улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшнээс бараг 4.6 дахин буурч, энэ үзүүлэлтээрээ дунд зэрэгтэй орны түвшинд хүрээд байгаа аж. 2017 онд 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 26.9 болсон нь 70-аас доош байлгах дэлхийн зорилттой харьцуулахад тун сайн үзүүлэлт юм.

Нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийг эндэгдлийг бууруулах тал дээр ч ахиц сайтай байна. Тухайлбал, 2017 онд нялхсын эндэгдэл 1000 төрөлтөд 13.6 болж хамгийн бага түвшиндээ хүрчээ. Тэгвэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2017 оны байдлаар 1000 амьд төрөлтөд 16.7 болсон нь 1000 тохиолдол тутамд 25 хүртэл бууруулах дэлхийн зорилтоос бага байгааг тэмдэглүүштэй.

Цаашлаад 2030 он гэхэд эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эхийн эндэгдлийн түвшинг 100,000 амьд төрөлтөд 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 төрөлтөд 9, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 төрөлтөд 8 болгож бууруулах зорилт дэвшүүлсэн байна.

ЭШЛЭЛ

 ЧИГ ХАНДЛАГА

Эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарахын хэрээр анагаахын салбарынхан хүнийг өвчин туссан хойно нь эмчилдэг биш, аль болох эрт оношлох, урьдчилан сэргийлэх чиг хандлага руу тэмүүлж байна. Иргэд төрөл бүрийн төхөөрөмжийн тусламжтайгаар эрүүл мэндээ цаг мөч тутам хянах, улмаар эрсдэлд орохгүй байх нөхцөл бүрдэж байгааг онцлууштай. Эрдэмтэд, судлаачид, медтек стартапууд эрүүл мэндийн салбарыг эгнэгт өөрчлөх олон технологи дээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн дундаас өнөөдөр Билл Гэйтсийн онцолсон хорт хавдрын эсрэг вакциныг танилцуулъя:

Тус эмчилгээ нь өвөрмөц мутацид орсон хавдрын эсүүдийг илрүүлж бие организмд түүний эсрэг хамгаалалт үүсгэх байдлаар явагдана. Эрдэмтэд хорт хавдрын анхны вакциныг нээхэд тун ойрхон байгаа аж. Хэрвээ энэ бүхэн биеллээ олбол өвөрмөц мутацид орж хавдар үүсгэж буй эсийн асуудлыг шийдэж, цаашлаад олон өвчнийг эмчлэх аргыг олно хэмээн найдаж байна. Энэхүү вакцин нь хүний биеийн төрөлхийн дархлааг дэмжиж хавдрын эсийг устгах байдлаар ажиллана. Одоогийн хэрэглэж буй химийн эмчилгээ үр дүнгээ өгдөг ч хүний биеийн эрүүл эсүүдийг ихээр гэмтээдэг тул сонгомол арга гэхэд хүндрэлтэй.

Уг вакцины судалгаа 2008 оноос эхэлсэн бөгөөд 2017 оноос илт эрчимжиж "BioNTech" компани биотекийн гигант "Genentech"-тэй хамтран томоохон туршилтуудыг хийж эхэлсэн байна. Тэд энэхүү төслөөрөө дамжуулан энэ төрлийн 10 гаруй өвчний эсрэг эмчилгээг гаргаж авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ далимд дурдахад, "2030" товхимлын хамтрагч ХААН Банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд улс орны эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмрээ оруулж ирсэн юм. Ялангуяа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч, Монгол хүний нас баралтын 1 ба 2 дугаар шалтгаант өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг иргэдэд олгох үндсэн зорилго бүхий “Хавдрын эсрэг үндэсний аян”, ”Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-уудыг өрнүүлэн дорвитой ажлууд хийж байв.

Нийтийн эрүүл мэндийг сайжруулахад тун чухал үүрэгтэй зүйл бол эрүүл мэндийн боловсрол билээ. Та бүхэн эрүүл мэндийн наад захын мэдлэгтэй байж, дараах энгийн алхмуудыг тогтмол хэрэгжүүлдэг байвал аливаа өвчин эмгэгээс сэргийлж, урт наслах бүрэн боломжтой юм.

Эрүүл амьдрах энгийн дүрмүүд:

  • Шаардлагатай амин дэм бүхий хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэх
  • Өдөрт дор хаяж 7 цаг унтаж амардаг байх
  • Ус сайн уух
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Чихэр, давс, өөх тосыг зохистой хэмжээнд хэрэглэх
  • Гараа, шүдээ тогтмол сайн угаадаг байх
  • Сайн сайхан зүйл бодож, сэтгэл санаагаа өөдрөг байлгах
  • Согтууруулах ундаа бага хэрэглэх, тамхинаас татгалзах
  • Суудлын бүсээ байнга зүүх

онцлох мэдээ

~НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлсэн эх нялхсын теле эмнэлгийн төсөл 2017 онд "Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, шинэлэг байдлаар хүргэсэн" хэмээн НҮБ-ын нэр хүндтэй шагналыг хүртжээ. Энэ төслөөр алслагдмал бүс нутагт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд гурав дахь шатлалын эмнэлгийн эмч нараас эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжоор хангагдсан юм.

~Жил бүр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг угтан ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн тав тухтай байдлыг хангахад зориулж, нийслэлийн “Өргөө” амаржих газарт кесар мэс заслын 10 иж бүрдэл багажийг хандивлажээ.

~Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүрэгт баригдаж буй “Япон-Монгол Сургалтын эмнэлэг” энэ сард ашиглалтад орлоо. Япон менежментээр 1042 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Монголын анхны сургалтын энэ эмнэлэг зургаадугаар сараас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлэх бөгөөд АШУҮИС-ийн хөгжил болоод Монголын анагаах ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

санал болгох

Үзэх: Анагаах ухааны салбарт итгэмээргүй ахиц дэвшлүүд гарсаар буй. Анагаахын салбарын ирээдүй ямар байхыг та дараах TEDTalk-уудаас олж мэдээрэй.
TEDTalks: Future of medicine

Унших: Төрийн шагналт, ардын эмч, хөдөлмөрийн баатар, академич, доктор, профессор Ж.Хайрулла агсны 2017 онд өгсөн ярилцлагыг санал болгоё. Тэрээр 1966 онд Монголд анх удаа тархины мэс засал хийж, мэдрэлийн мэс заслыг эх орондоо нутагшуулсан гавьяат нэгэн билээ.
Ярилцлага: Эмч хүн эх хүн шиг л байгаасай

Очих: Эрүүл амьдрах хамгийн энгийн дасгал бол гүйх. Тиймээс та бүхэн өөрийгөө сорьж 5-р сарын 18-нд болох “Улаанбаатар Марафон 2019”-д бүртгүүлээрэй. Манай багийнхан аль хэдийн бэлтгэлдээ гарсныг энэ далимд дуулгая :)
Улаанбаатар марафон - 2019 заавар

5822   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.