Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 18, 2019

Мэдүүштэй: Эдгээрийн хэн нь бодит хүн гэдгийг та тааж чадах уу?

Утгагүй асуулт юм шиг санагдаж байна уу? Ихэнх хүнд тийм байх. Гэхдээ хариултыг нь сонсоод та бүр алмайрч хоцрох вий.

Учир юу гэвэл дээр оруулсан зурган дээрх хүмүүсийн хэн нь ч бодит хүн биш. Энэ бол хиймэл оюуны интернэт дэх сая сая хөрөг зургаас үндэслэн бүтээсэн дүрслэлүүд. Жинхэнэ зургаас ялгарах юмгүй, сэтгэл хөдлөл илэрхийлсэн нь, нүүрний дүрслэлийг гаргасан нь яг л бодит мэт байгаа биз?

Өнгөрсөн жил Nvidia-ийн нээлттэй болгосон судалгааны датанд үндэслэн Uber-ийн инженер Филип Ванг нэгэн туршилт хийжээ. Тэрээр ThisPersonDoesNotExist.Com сайтаар дамжуулан алгоритмыг нь туршиж үзэхийг хүсэж байна. Та сайт руу орох, F5 дарах, эсвэл рефреш товчоо дарах бүрд шинэ "хуурамч" хүний зураг гарч ирэх болно. Ямар сэтгэгдэл төрж байна?

Энэ бүтээлийг хийхэд ашиглагдсан Generative Adversarial Network буюу GAN гэж нэрлэгддэг алгоритмын тусламжтайгаар эрдэмтэд зөвхөн хүний нүүр царайнаас гадна онолын дагуу бараг бүх зүйлийг шинээр хөрвүүлэн бүтээх боломжтой. Одоогоор судлаачид анимегийн дүрүүд, фонт, граффити зэрэг дээр туршилтууд хийсээр байна.

Зочлох: ThisPersonDoesNotExist.com

Эдгээр аниме дүрүүд ч гэсэн бүгд хиймэл!

NVidia-ийн нээлттэй эх байдлаар ил болгосон датаны тусламжтайгаар хийж болох зүйлсэд хязгаар гэж үгүй. Уг технологийн тусламжтайгаар эцэс төгсгөл гэж үгүй виртуал ертөнцийг бүтээж, хөгжүүлэгчид, дизайнерууд, зураачдын хувьд мөрөөдлийн гэмээр хэрэгслүүд бий болох учиртай. Шинэ төрлийн уран зургийн чиглэл ч гараад амжсан. Хиймэл оюуны тусламжтай бүтээсэн анхны хөрөг зураг ч зурагдаж, бүр дуудлага худалдаагаар арилжаалагдан эзэндээ овоо хөрөнгө авчирсан нь ч бий.

Гэхдээ нөгөө талаас сөрөг, айдас дагуулсан зүйл нь арай их ч байж мэднэ. Хуурамч мэдээний эрин үед амьдарч буй бидэнд энэ технологи бүр зогсоож үл мэдэх, таньж үл чадах хуурамч зураг, видеоны урсгалыг авчирч байна. Баталгаа, итгэлцэл гэдэг зүйлийг хэрхэн тодорхойлох ёстойг ч бид дахин ярилцах ёстой мэт. Улс төрийн зорилгоор, бусдыг хууран мэхлэх, нэр төрийг гутаах зорилгоор ашиглагдах тохиол ч санаснаас их байж мэднэ.

ThisPersonDoesNotExist.com бол ирээдүй рүү өнгийх энгийн л нэгэн цонх. Зочилж үзэн хиймэл оюуны чадварыг бахдаж, бас тэр хэрээр дагуулах нөлөөг нь эргэцүүлэн бодоорой.

Зочлох: ThisPersonDoesNotExist.com

9007   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.