Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 11, 2019

Gmail 15 нас хүрлээ: Заавал мэдэх ёстой Google-ийн шинэчлэлүүд

Хэрвээ та Gmail хэрэглэдэг бол энэ долоо хоногийн турш тэд хөдөлгөөнт тууз, шаар, лаа ашиглан бүтээгдэхүүнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж буйг анзаарсан байх. 

Өдгөөгөөс 15 жилийн өмнө, 4-р сарын 1-нд Google имэйл үйлчилгээтэй болж байгаагаа зарласан нь ихэнх хүмүүст инээдмийн баярын хууралт шиг санагдсан гэдэг. Гэхдээ энэ нь үнэхээр бодит байж, тэрбум гаруй хүний өдөр тутмын хэрэглээ болсон гайхалтай үйлчилгээ болон хувирсан билээ. 

Google энэ өдрүүдэд тэмдэглэлт өдрөө тохиолдуулан хэд хэдэн шинэчлэлийг танилцуулсныг бид өнөөдрийн "Мэдүүштэй" булангаараа онцолж байна.

Gmail-ийн нэмэлт шинэчлэлүүд

Gmail-ийн хамгийн "күүл" шинэчлэл нь имэйлээ "төлөвлөх" буюу хуваарьт оруулан илгээх боломжтой болсон явдал байлаа. Өмнө нь Boomerang зэрэг гуравдагч апп-уудын тусламжтайгаар хэрэглэгчид тодорхой хугацааны дараа нөгөө хүнд очих имэйлийг илгээдэг байсан юм.

Одоо хэрэглэгчид доорх зааврын дагуу "Send" товчийн хажууд байрлах сумыг даран илгээх цагаа тохируулснаар энэ нэмэлтийг ашиглах болж байна. Хэрэглэгчдийн цахим сайн сайхан байдалд зориулан нэвтрүүлж буй хэмээн онцолсон энэ шинэчлэл нь ажлын бус цагаар имэйл илгээх, мартахгүй заавал явуулах зүйлсээ урьдчилан бэлдэх боломжийг хэрэглэгчдэд олгож буй.

Үүнээс гадна тэд таны цагийг хөнгөвчлөх зорилготой "Smart Compose" нэмэлтийг албан ёсоор танилцуулав. Хэрэглэгчийн бичлэгийн хэв маяг, ашигладаг үгсээс суралцдаг, бичиж буй имэйлийн агуулга, утгатай дүйцүүлэн үг, өгүүлбэр болгодог нь энэ нэмэлтийн давуу тал.

Эхлүүлсэн өгүүлбэрийг дуусгах хувилбар нь танд таалагдвал "tab" товчоо дарах буюу "хажуу тийш" сумыг ашиглахад л хангалттай. Та имэйлээ "Hello" биш "Hey" гэж эхлүүлдэг бол энэ ухаалаг туслагч эхнээсээ л ийм үгийг ашиглахыг санал болгоно.

Эдгээр нэмэлтүүд G Suite-ийн хэрэглэгчдэд эхнээсээ ашиглагдаж байгаа бөгөөд андройд үйлдлийн систем дээр түрүүлж нэвтэрнэ гэнэ. Үүний дараагаар iOS болон энгийн хэрэглэгчдийн хэрэглээнд нэвтрэх аж.

Unread: Мэдүүштэй: Gmail-д хийгдсэн томоохон шинэчлэлийг танилцуулах нь

Баяртай, Inbox

Gmail бүрэн шинэчлэгдсэнээр Google-ийн туршилтаа хийдэг байсан талбар болох Inbox-ийн ирээдүй бүрхэг болоод байсан. Тэд өмнө нь мэдэгдэж байсанчлан Gmail-ийн салшгүй хэсэг болсон олон нэмэлтийн эхлэлийг тавьсан Inbox-ийг албан ёсоор хаалаа.

Бид Unread-ийг нээмэгцээ хамгийн түрүүнд онцолж, тоймыг нь бичсэн апп Inbox байсан нь санаандгүй байгаагүй юм. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон имэйлийн платформуудаас Inbox дизайн, хэрэглээ, функцүүдээр эрс ялгарч байсан билээ. Миний мэдэх олон ч хүн чухам Inbox-ийн ачаар л имэйлд татагдаж, "донтож" эхэлсэн байдаг.

Google тэрбум хэрэглэгч дээр шууд туршилт хийнэ гэдэг угаас боломжгүй байсан нь Inbox үүсэх гол шалтгаан байсан. Гэтэл тэд одоо туршсан зүйлсээ Gmail-д "жинхэлсэн" тул түүний хэрэгцээ байхгүй болсон бололтой. Цэгцтэй, ухаалаг, хэрэглэхэд эвтэй Inbox сая сая хэрэглэгчдийн хамгийн хайртай апп байлаа.

Баяртай, Inbox. Богинохон ч гэсэн таатай аялал байлаа.

Unread: Апп тойм: Inbox - Gmail-ийн дараагийн үе

Уучлаарай, Google+

Google-ийн сошиал ертөнцөд нэвтрэх гэсэн ээлжит оролдлого бүтэлгүйтэв. Тэд 4-р сарын 1-ээс эхлэн Google+ -аа хааж, аккоунтуудаа устгаж эхэлжээ. Уг нь имэйлийг нь тэрбум хүн хэрэглэдэг, бараг бүх хэрэглэгчид нь хайлтыг нь ашигладаг компанид сошиал сүлжээ үүсгэж, Facebook, Twitter-тэй өрсөлдөх амархан даалгавар мэт санагдаж байсан юм. Гэвч үгүй байжээ.

Google+-ийн нийт хандалтын 90 хувь нь таваас доош секунд үргэлжилдэг гэдэг нь үнэхээр "аймшигтай" муу үзүүлэлт. Үүний зэрэгцээ хоёр тохиолдлоор хэрэглэгчдийн дата алдсан суваг нь тус платформ байсан нь тэднийг энэ төслийг бүрэн зогсооход хангалттай шалтаг байлаа.

Бүх хэрэглэгчдийн мэдээллийг, түүний дотор зураг, видеог устгана гэдэг хэдэн сарын үйл явц болно гэдгийг Google онцолж буй. Тиймээс та Google+ ашиглаж байсан бол, зураг, бичлэг оруулж байсан бол яаралтай Google Photos руу шилжүүлэх буюу татаж аваарай.

Google Assistant: Сайн уу, Жон!

Өнгөрсөн жилийн I/O чуулганы үеэр зарласан олон танилцуулга дунд мартагдаж орхисон нэмэлтээ Google энэ үеэр нээлттэй болгоод байна. Энэ бол тэд өөрсдийн ухаалаг хөтөч Google Assitant-д супер оддын дуу хоолойг оруулсан явдал юм.

Энэ бол алдарт уран бүтээлч Жон Леженд. Одоо та "Hey Google, talk like a Legend" гэж хэлэхэд л хангалттай. Ингэснээр Жон Леженд таны туслахын дуу хоолойг түр орлон асуултуудад тань хариулан, бүр дуу дуулж өгөх болно.

Хоолой солих, ялангуяа оддын дуу хоолойг оруулах нь Google Assistant-д хамгийн түгээмэл ирдэг хүсэлт байсан гэнэ. Цаашдаа тэд бүр ч олон дуу хоолойг "зээлж", хэрэглэгчдийн санааг амраах зорилготой байгаа гэнэ шүү.

12683   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.