Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   04 сарын 06, 2019

Unlock Podcast #56: "How to Teach Your Baby to Read" номын тухай

Жаахан хүүхэдтэй уншигчид, сонсогчид маань подкастын өмнөх дугааруудад тоймлосон хүүхдийн хүмүүжлийн номуудыг таашаан сонсож, хэрэгтэй зүйлсийг мэдэж авснаа бидэнд дуулгаж байв. Тэгвэл энэ удаагийн дугаарт хөтлөгч Дээгий АНУ-ын Денвер хотод амьдардаг Ундраа хэмээх зочны хамт хүүхдийн хүмүүжлийн алдартай бүтээлүүдийн нэг "How to Teach Your Baby to Read" буюу "Хүүхдээ уншиж сургах нь" номын тухай ярилцлаа. 

ПОДКАСТЫН ТУХАЙ

Энэхүү номыг зохиогч Гленн Доман нь 1940-өөд оны үеэс хүүхдийн тархины хөгжлийг судлах болж, 1955 онд The Institute хэмээх ашгийн төлөө бус байгууллагыг байгуулан тархины гэмтэлтэй хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн нь өндөр үр дүнд хүрчээ. Улмаар тэрхүү арга барилаараа эрүүл саруул хүүхдүүдийг сургах болж, 1962 онд
"How to Teach Your Baby to Read" номоо бичжээ. Энэ ном "The Gentle Revolution" хэмээх маш алдартай цувралын эхлэл болсон байна.

Энэхүү номд зөвхөн уншиж сургах тухай ч биш, 6 хүртэлх насны хүүхэд аливаа зүйлийг ямар хурдан сурах чадамжтай байдаг, сурах ямар их хүсэл эрмэлзэлтэй байдаг тухай өгүүлж, хүүхдийн тархи, сэтгэл зүй хэрхэн ажилладаг, тэдэнтэй яаж харилцах ёстойг ойлгуулдаг.

Хүүхдэд эрт юм заах нь зарим талаар буруу гэсэн үзэл байдгийг энэ ном үгүйсгэсэн бөгөөд хүүхдэд өөрт нь таарсан аргаар, сонирхолтой, уйдаахгүй байдлаар заавал тэд юуг ч сурах боломжтой байдаг аж. Номд уншиж сургах техникүүдийг тун тодорхой, нарийн заадаг. Тухайлбал үг цээжлүүлэх флаш карт ямар урт өргөнтэй байхыг, түүн дээр ямар өнгөөр бичихийг хүртэл нарийвчлан заадаг байна.

Энэхүү аргын бүх зүйлтэй та бүхэн санал нийлэх албагүй, магадгүй бүх үе шатыг нь ягштал дагах албагүй ч ерөнхий зүй тогтол, ерөнхий зарчмуудыг мэдэж авах нь нэн тустай. Тэдгээрт суурилан эцэг эхчүүд орчин нөхцөлдөө, хүүхдийнхээ онцлогт тохируулан өөрсдийн аргыг боловсруулан хүүхдээ уншиж сургах боломжтойг номд онцолсон буй.

Хүүхдэдээ юм заах, уншиж сургах нь эцэг эхчүүдийн үүрэг, нөгөө талаас жаргал байдаг. Энэхүү аргыг ашиглан уншиж сургах нь хүүхэдтэйгээ цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлэх, хүүхдээ хөгжүүлэх чухал алхам шүү гэдгийг онцлоод подкастаа сонсоцгооё.

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

9952   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.