Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   04 сарын 08, 2019

Онцлох бизнес: Zero.mn - Киноны тасалбарыг хамгийн хурднаар

Энэ удаагийн дугаартаа бид Өргөө, Тэнгис, Гэгээнтэн зэрэг 6 кинотеатрын тасалбарыг нэг дороос, маш хурднаар захиалах боломжийг олгосон Zero.mn-ийг онцолж байна. Zero.mn нь Social Pay, LendMN, QPay зэрэг цахим төлбөрийн хэрэгсэл, апп-уудын цэсэнд сууж өгсөн бөгөөд танд үзэхийг хүссэн киногоо ямар ч шимтгэлгүйгээр захиалах боломжийг санал болгож, алтан цагийг тань хэмнэнэ. Ингээд өнөөгийн завгүй амьдралын хэв маягт төгс нийцсэн Zero.mn-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэжаргал, гүйцэтгэх захирал 
Г.Эрдэнэбаатар, үйл ажиллагаа хариуцсан захирал, ахлах хөгжүүлэгч Э.Баттулга нартай хийсэн ярилцлагаа хүргэе. 

Бизнесийн нэр: Zero.mn
Хаяг: Peace Tower 1404 тоот
Чиглэл: Онлайн тасалбар худалдаа
Хэзээ байгуулагдсан: 2016 он
Үүсгэн байгуулагч: Б.Эрдэнэжаргал, Г.Эрдэнэбаатар, Э.Баттулга, А.Анхбаяр
Сошиал хуудсууд: Zero.mn (Фэйсбүүк)

Зүүн гар талаас Г.Эрдэнэбаатар, Б.Эрдэнэжаргал, Э.Баттулга

Бизнесийн санаагаа хаанаас яаж олсон бэ? 

Кинотеатрын тасалбарыг онлайнаар худалдаалдаг болох юм сан гэж 5 жилийн өмнөөс бодож, төсөл бичиж, Zero.mn гэсэн домайн нэрээ авч байлаа. Тэр үед театруудын сайтыг хайж олж тус бүрт нь юу гарч байгааг мэдэх гэж их төвөгтэй байсан.Тэгээд л бодож яваад гурван жилийн өмнөөс төсөл маань бодит ажил болж эхэлсэн. Шинэ бизнес эхлүүлнэ гэдэг цаг үе нь таарч байж л амжилттай болдог юм шиг санагддаг. Цагаасаа өмнө эхэлбэл бүтэлгүйтнэ, цагтаа эхлэхгүй бол хоцорчихно. Монголд бүх салбар цахим руу шилжиж, цахим хэрэглээ сайн хөгжиж байгаа болохоор Zero.mn-ийн эрэлт хэрэгцээ их, хөгжих боломж ч бүрэн байгаа гэж бодож байна.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Зарим хүмүүс мөнгө л байвал амжилттай бизнес эхлүүлж болох юм шиг боддог. Гэтэл тийм биш тохиолдлууд олон. Гол нь хамгийн бага зардлаар шийдэх ухаалаг арга замыг олох хэрэгтэй. Бидний хувьд анхны санхүүжилтээ өөрсдөөсөө гаргасан. Үүнд ур чадвар, сэтгэл зүрх, цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд олон зүйлс багтана.

Хамтрагчдаа хэрхэн олж, сонгосон бэ?

Хамтрагч чинь чиний хоёр дахь эхнэр гэдэг үг байдаг даа. Хүн бүр бүх зүйлийг төгс хийж чадахгүйгээс хойш сайн чаддаг хамтрагчтай хамт урагшлах хэрэгтэй гэж боддог. Нэлээд цаг зарцуулж байсан сайн баг хамт олныг бүрдүүллээ. Сайн менежментийн компани, кинотеатрууд, банкууд, хэрэглээ өндөртэй апп-ууд гээд чаддаг компаниуд, хүмүүстэй нь хамтраад урагшилсаар байгаа.

танай Бизнесийн онцлог, давуу тал юу вэ?

Нийгэмд амжилттай яваа төслүүдтэй хамтарч чадсан нь манай хамгийн том давуу тал. Одоогоор Өргөө, Тэнгис, Гэгээнтэн кинотеатрууд, Social Pay, LendMN, QPay-тэй хамтарч ажиллаж байна. Бид дангаараа амжилт олох гэж зүтгэхээс илүүтэй амжилттай яваа төслүүдтэй хамтран илүү их үнэ цэнийг нэмж болох юм байна гэж үзсэн. Манай сайтаас Өргөө, Тэнгис, Гэгээнтэн дээр яг одоо гарч байгаа бүхий л үзвэрийн цагийн хуваарь, суудал сонголтыг харж, төлбөрөө онлайнаар, Qpay-ээр төлж болно. Хэрвээ Social Pay, Lend - ийн хэрэглэгч бол цахим түрийвчнээсээ гүйлгээ хийж болно гээд бүх зүйлийг энгийн, хялбар байхаар шийдэж өгсөн.

Хамгийн чухал нь орчин үеийн завгүй хүмүүст цагаа хэмнэх боломжийг олгох явдал юм. Киноны тасалбар, ундаа попкорндоо дугаарлаж өнгөрүүлдэг хоёр цагийг хэдхэн секунд болгон хэмнэж байгаагаараа онцлог.

Мөн бид апп-тай болохоор тэгж их яарсангүй. Манай үйлчилгээ хэрэглэгчид аль хэдийн хэрэглээд сурчихсан Social Pay, Lend зэрэг апп-д цэс болон сууж өгсөн нь олон стартап, олон компанид урам зориг өгөх байх гэж найдаж байна. Ихэнх кинотеатрын сайт өнгө, дизайн дээрээ голлон анхаарч, хэрэглэх хялбар байдлыг жаахан орхигдуулах хандлагатай байдаг бол Zero.mn хэрэглэхэд хялбар байдлыг ихэд чухалчилсан байгаа. Мөн кинотеатр, Сошиал Пэй, Лэнд апп-ууд, Zero.mn-ийн алинаас нь ч авсан нэмэлт шимтгэлгүй, цаасан тасалбар заавал авах шаардлагагүй гэдгээрээ давуу талтай.

Танай ойрын болон хэтийн зорилго?

Киноныхоо тасалбарыг хамгийн энгийн, хялбараар авах боломжийг хэрэглээнд нэвтрүүлчихлээ. Технологийн тал дээр тасралтгүй шинэчлэл хийгдээд явж байна. Одоо хэрэглэгчдийнхээ тоог нэмэх, тэднийг урамшуулах, сонирхлыг нь таамаглан удахгүй гарах киног санал болгох зорилгоор хөгжүүлэлт хийж байгаа.
Үзчихсэн киног нь санал болгох биш үзэх боломжтой, сонирхох зүйлийг нь тооцоолон санал болгох, киног мэдээлэл байдлаар хүргэх, амар хялбар байдлыг сонгох алгоритм бий болгох зэрэг чухал зүйлсийг хийх хүсэлтэй байгаа.

бизнесийн үнэт зүйл баримталдаг зарчим тань юу вэ?

Хэлсэндээ байх, хариуцлагатай байх, амласандаа хүрэх гэсэн гурван зарчим байдаг. Бид олон газартай хамтарсны үр дүнд төслөө бодитоор хэрэгжүүлж байна. Гурван кинотеатр, Сошиал пэй, Лэнд зэрэг олон апп-тай хамтарч ажиллахын тулд өндөр хариуцлагатай байх ёстой. Шинэ үеийн залуучуудаас компаниуд хариуцлагатай байхыг л хүсэж байна. Мөн бид хурдтай байхыг хичээж байгаа. Өнөө цагт хурд маш чухал гэдгийг хэлэх илүүц биз ээ.

одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Хүмүүс хэрэглэдэг цахим түрийвчээсээ шууд худалдан авалт хийж болж байгаа. Иймд бид хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлж, залуусыг ухаалаг утасаа зориулалтаар ашиглаж цаг заваа хэмнээсэй гэж хүсэж байна. Хэрэв нэг удаа хэрэглэж үзвэл кино театрт очиж урт дараалалд зогссоноос тэр цаг хугацаагаа өөр олон сонирхолтой зүйлд зарцуулж болно шүү дээ. Өөрөөр хэлвэл бид бүтээгдэхүүндээ нэг хүнд ч гэсэн нэмж хүргэхээр л ажиллаж байна даа.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг давуу тал, хэцүү бэрхшээлтэй тал? 

Бид олон газаруудтай хамтран, харилцан уялдаатай ажилладаг тул нэг газар нь доголдол үүсэхэд бидний ажилд шууд нөлөөлдөг. Гэхдээ энэ нь асуудал гэхээсээ илүү бидэнд илүү хариуцлагатай байхыг сануулдаг.

Сайхан зүйлсийн нэг нь хүмүүсийн магтаал, хүндлэл. Social Pay дээр оны өмнө шинэ цэс болж нэмэгдсэнээс хойш манай борлуулалт сар тутам өсөж байгаа. Манай цэс тэдний хамгийн эрэлттэй гүйлгээнд орсон гэж хэлж байсан нь их урам зориг өгсөн шүү. LendMN дээр өнгөрсөн сарын 14-нд цэс болон нэмэгдсэн. Тэднийхэн төгс програм болжээ гэж үнэлсэнд их баяртай байгаа. Дэлхий ертөнц, бусад улс орны хөгжлийг харахад бидэнд хийх зүйлс маш их байна.

ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ, ЭХЛҮҮЛСЭН ЗАЛУУЧУУДАД ХАНДАЖ ЮУ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА ВЭ?

Залуу байхад галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байдаг. Зоригтой байгаад эхлүүлээд үз гэж хэлмээр байна. Мөн сайн хамтрагч бол амжилтын гараа гэдгийг онцолъё. Хамтрагчаа зөв сонгох, өөрөө сайн хамтрагч байх нь тун чухал. Тэгвэл асар их цаг, хөрөнгийг хэмнэж, хүссэн зүйлээ хурдан бүтээж чадна. Технологийн хувьд төгс төгөлдөр зүйлийг хэрэглэгчдэд харуулах гэж удах биш, хэрэглэж болох хувилбарыг гаргаад, явц дундаа байнга сайжруулалт хийх хэрэгтэй юм билээ.

35461   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.