Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 05, 2019

Викингүүд буюу тэнгисийг эрхшээсэн дайчдын түүх

Нарны чулуу хэмээх нэгэн төрлийн болрыг ашиглан одод үл харагдах үүлтэй тэнгэрт ч үл ажрах чиглүүлэгч луужинтай болсноор домогт викинг Рагнар Лодброк, түүний эхнэр Лагерта, тэдний залгамжлагч нарын түүх эхлэх ажгуу. Тэнгис далайн цаана орших, хэний ч, хэзээ ч очиж байгаагүй гэгдэх авдар бүр нь эрдэнэсээр дүүрэн, алтан ганжирт орд харш, сүм хийд сүндэрлэсэн тэрхүү алсын орныг эрхшээж, улмаар тэнд суурьших мөрөөдлөөр хөтлөгдсөн гайхалтай түүхийг History Channel дэндүү тансаг бүтээжээ.

Одоогийн Их Британийн нутаг дэвсгэр болох Вэссэкс, Мерсиа, Ийст Англиа, Нортамбриагийн хаант улсуудад хийх байлдан дагуулалтаас эхлэх түүх Франкиа буюу одоогийн Парисын ханан дахь цуст тулаанаар үргэлжилж, саяхан хөлбөмбөгийн Европ, Дэлхийн аваргаар шуугиулаад байсан Исландийн үүсэл рүү хүртэл орох цувралын зохиол хийгээд дүрүүд дэндүү баялаг. Хэрвээ би сайн үхлээр үхвэл Валхаллагийн их танхимд Один, Тортой дарс хуваан ууна хэмээн уулгалах викинг дайчдыг өнгөцхөн үзвэл энгийн мэт боловч уусаад ирэхийн цагт утгыг нь ойлгож учгийг нь тайлахын тулд бодит түүхийг нь хүртэл уншихаас аргагүй болох ямар нарийн гэж санана. Угаас ч одоогийн поп соёлд Нордик буюу викингүүдийн түүх, соёл, шашин асар их нөлөөлсөн байдагт гайхах зүйлгүй мэт.

Шулуухан хэлэхэд "Викингүүд" бол эргэлзээгүй миний хамгийн дуртай цувралуудын нэг. Бодит түүхэн мэт явж байснаа үлгэр домгийн мэт болон хувирах шилжилтүүд, тэдгээрийн уран сайхан, гоо зүй, цуст тулаан, шашинлаг, хүй нэгдлийн ч гэмээр тархи, зүрхэнд цус хуруулсан харилцаа зэргийг хооронд нь төгс зохицуулсан хийц. Жүжигчдийн аялга хүртэл өвөрмөц хийгээд наалдацтай. Дурдахгүй өнгөрч үл болох бас нэгэн зүйл бол "Викингүүд" цувралын хөгжим болой. Эмми шагналт алдарт Тревор Моррис болон нордик этник хөгжмийн Вардруна хамтлагийн энгийн мэт атлаа асар өвөрмөцөөр чихийг мялааж, зүрхийг савлуулах аялгуунууд цувралтайгаа төгс зохицох аж. Цувралыг бүтээгчид одоо гарах 6 дахь бүлгийг хамгийн сүүлийнх хэмээн зарласан нь хөнгөхөн гуниг дагуулах шиг...

Энэхүү алдарт цувралыг албан ёсны эрхтэйгээр LookTV-гээс үзэх боломжтойг дуулгахад таатай байна. Үнэгүй юм хайж суухаар албан ёсны зүйлийг мөнгийг нь төлөөд нүүр бардам, өндөр чанартай үздэг болсон цаг шүү дээ.

Викингс цувралын хөгжим (оркестра)

14992   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.