Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 19, 2019

Яг одоо Netflix-ээс үзэх 6 сонирхолтой цуврал

Хавар бүх л юм идэвхжиж хөдөлгөөнд ордогтой адилаар манай багийнхны контентын хэрэглээ ч жигтэйхэн нэмэгдэв. Тийм ч учраас хоёр долоо хоногийн өмнө өөрсдийн үзсэн, үзэж буй үзүүштэй 8 цувралыг санал болгосноо өнөөдөр Netflix-ийн маш сонирхолтой, сонин содон 6 цувралаар үргэлжлүүлье. Ингээд олон таван оршилгүй, Netflix and Enjoy!

Love Robot + Death

Netflix-ийн Валентины өдрийн бэлэг нь юу байсан гээч? Хайр, үхэл, бас робот. Дээр нь анимэйшн. Хачин хослол юм шиг санагдаж байгаа биз? Гэхдээ нэг л ангийг нь үзэхэд таны бодол шууд л өөрчлөгдөх болно. Анги бүрийг нь өөр хийцээр, өөр улсын, өөр уран бүтээлчид хийсэн гэхээр яах аргагүй анхаарал татна. Энэ цувралыг хоёр л сонирхолтой баримтыг онцолъё.

Эхнийх нь цувралын бүтээгч. "Fight Club", "Social Network", "The Curious Case of Benjamin Button"-ийг бүтээгч алдарт Дэвид Финчер энэ цувралын гол уураг тархи. Түүнээс гадна "Deadpool"-ээр дебютээ хийсэн Тим Миллер, "House of Cards", "Mindhunter"-ийн продюсер Жошуа Донен нар түүнтэй хамтарсан. Нөгөөх нь Netflix энэ цувралаар ангиудыг ямар нэг дараалалгүйгээр цацах туршилт хийж буй явдал юм. Хоорондоо холбоогүй, 6-17 минут үргэлжлэх ангиудыг Netflix танд санамсаргүй байдлаар хольж санал болгож байгаа гэсэн үг. Найзын тань үзсэн эхний анги танд хамгийн сүүлд ч харагдаж магад гэсэн санаа. Сонирхолтой байгаа биз? Богинохон, хурдан өрнөлтэй учир шууд л "цаг үрэх" төгс арга болно шүү.

Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан гэдгийг нь дурдахаа мартах шахлаа :)

THE OA

The OA бол яг одоо цацагдаж буй хамгийн зоригтой бөгөөд ойлгоход төвөгтэй шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Цаг хугацааны аялал, хойд нас, зэрэгцээ ертөнц гээд sci-fi киноноос эрж болох бүх л сонирхолтой элементүүд энд бий.

Киноны гол дүрийн жүжигчин Брит Марлинг энэ цувралыг санаачлан бүтээж, зохиолыг нь бичиж, бас зарим ангиуд дээр найруулагчаар оролцон тоглосон нь ихээхэн анхаарал татав. Түүний хэд хэдэн дүрийг зэрэг бүтээж байгаа нь, өөр өөр нөхцөлд үзүүлж буй сэтгэл хөдлөлүүд нь үнэхээр нандин.

Цувралын 2-р бүлэг эхнийхээсээ ч илүү сонирхолтой, өрнөлтэй, бас адармаатай болжээ. Үйл явдлын хувьд дараа дараагийн холбоосуудыг хүлээхээр, цоо шинэ ертөнцийг ч үүсгэсэн гэж хэлж болохоор хөгжиж чадсан байна. Магадгүй The OA бүх хүнд таалагдахгүй байж мэднэ, гэхдээ адал явдалд дурлагч бол туршиж заавал үзэх цуврал.

The OA бол зүгээр л нэг байдаг зөгнөлт кино биш гэдэгт итгээрэй

Our planet

Британийн медиагийн нүүр царай Сир Дэвид Аттенборо өнгөрсөн 1-р сард Давосын чуулганд оролцох үедээ Our Planet-ийг хамгийн анх зарласан юм. Нийт 4 жилийн турш, 50 улсад зураг авалт хийж, 2000 гаруй уран бүтээлчийг хамруулсны эцэст 8 ангитайгаар цацагдсан энэ баримтат кино танд өөр хаанаас ч, ямар ч киноноос олж авахгүй сэтгэл хөдлөл, мэдрэмжийг бэлэглэнэ.

Уур амьсгалын өөрчлөлт, хүйн холбоотой экосистем, дэндүү тансаг амьтны аймгийн гайхамшгаар хийх аялал танд нэг байтугайг бодогдуулах вий. Урьд нь анзаарч байгаагүй, тогтож үзэж байгаагүй дүрслэлүүд, яаж авсан юм бол доо, үнэхээр бодит юм гэж үү хэмээн уулга алдуулмаар үйл явдлууд энд бий.

Эх дэлхийтэйгээ танилцах аялалд бэлэн үү?

THE UMBRELLA ACADEMY

Супер баатруудад дуртай юу? Гэхдээ Marvel, DC-ийнхнээс өөр зүйл туршиж үзмээр байна уу? Тэгвэл The Umbrella Academy-г санал болгоё.

Трэйлэрийг нь үзээд байдаг л нэг "өсвөр насныхны түүх" юм шиг санагдсаныг нуух юун. Гэхдээ Холливудын хурдтай өсөж яваа одод болох X-Men-ий Э.Пэйж, GoT-ийн Т.Хоппер нарын тэргүүлсэн өвөрмөц, хачирхалтай гэмээр бүрэлдэхүүн урам хугалсангүй. Түүх нь ч уламжлалт биш, баатруудын чадвар нь ч байдаг л нэг биш байсан нь таамаглашгүй нөхцөл үүсгэж, анхаарал татав.

Өөрсдөө стриминг эхлүүлж буй Disney-тэй харилцаагаа тасалж буй хүнд үедээ Netflix энэ цувралд ихээхэн найдлага тавьж байгаа нь киноны төсөв, хийц, идэвхжүүлэлт зэргээс шууд харагдана. Эцсийн эцэст бид бүгдээрээ л супер баатарт дуртай. Гэтэл супер баатаргүй видео платформ гэж юу байх билээ дээ...

Нэг өдөр төрсөн, өөр өөр чадвартай баатрууд дэлхийг аварч чадах уу?

KINGDOM

- Солонгос кинонд дуртай л биз дээ?
- Мэдээж.
- Зомбинд ч гэсэн?
- Тийм.
- Солонгос, зомбитой кино байвал үзэх үү?
- Ойлгомжтой, юу ярина вэ?

Зомбитой, солонгос, тэгснээ бүр түүхэн үеийг өгүүлэх Netflix-ийн кино гэхээр боломжгүй мэт сонсогдож байна уу? Боломжгүй биш бодит болохыг Kingdom-оос үзээрэй. Уг цувралын тухай хэт ихийг өгүүлж амт шимтийг нь бууруулах гээд байгаа тул нэг баримт л дурдаад дуусгая: Энэ бол Netflix-ийн хамгийн анхны оригинал солонгос цуврал кино.

Солонгосчууд зомбитой киноны төрлийг дахин шинээр тодорхойлсоор

Black Summer

Netflix-ийн өөр нэг зомбитой кино Black Summer танд яг л PUBG тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Амьд үлдэхийн төлөөх шандас сорьсон тэмцэлд хэн ялагчаар үлдэж, ямар адал явдлыг даван туулахыг таамаглах аргагүй. Энэ киноны хамгийн онцлох зүйл нь шууд үргэлжилсэн, гэнэтийн гэмээр өнцгүүдийг хамруулсан зураг авалт. Дүрүүдийн огтлолцол, үйл явдлын холбоосууд ч сонирхол татна. Нэг л зүйл баттай, таны өмнө үзэж байсан зомби кинонуудаас огт өөр сэтгэгдэл төрүүлнэ шүү.

"Хар зун"-д та бэлэн үү?

Сонирхуулахад, өнгөрсөн оны 11-р сард бүрэн шинэчлэгдсэн Mobicom-ийн дата багцууд дунд Netflix-ийг 30 хоног үнэгүй үзэх эрхтэй Video багц байдаг юм байна. Тэгэхээр та Netflix-т нэвтрэх эрхтэй бол энэ багцыг 15 мянган төгрөгөөр идэвхжүүлээд 30 хоногийн турш хүссэн контентоо хаанаас ч үзэж болох нь ээ.

Дараа төлбөрт буюу "Миний Моби" багцын хэрэглэгчдэд нээлттэй энэхүү багцаас гадна тоглоомын фанатуудад зориулсан, сошиал хэрэглээнд зориулсан, хөгжмийн хорхойтнуудад зориулсан багцууд тус тус бий болсныг далимд онцолъё.

10064   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.