Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 03, 2019

Энэ сард үзэж эхлүүлэх үзүүштэй 8 цуврал

Дөрөвдүгээр сар эхэллээ. Инээдмийн баяр, хаврын урь, дулаахан өдрүүдээс гадна юу танд бодогдож байна? Хэрвээ энэ асуултыг киноны хорхойтнуудаас асуух аваас "Game of Thrones" буюу "Хаан Ширээний Тоглоом"-ын эцсийн бүлэг хэмээн нэгэн дуугаар хариулах байх. Unread-ийнхэн бид ч хэн хаан ширээнд заларч, ялагчаар тодрох бол хэмээн тэсэж ядан хүлээсээр. 

Гэхдээ 4-р сарын 15 хүртэл цөөнгүй өдөр дутуу байгаа болохоор бид ижил зовлонг "эдэлж" буй үзэгчдээ уйдаахгүйн тулд энэ нийтлэлийг бэлдлээ. Энэ бол энэ сард үзэж эхлүүлбэл зохих, сонин содон гайхалтай түүхүүд бүхий үзүүштэй цувралуудын жагсаалт юм. Эдгээр кинонуудын зарим нь яг одоо цацагдаж буй, зарим нь дуусчихсан, зарим нь стримингд зориулсан гэдгийг төгсгөлд нь онцолъё. 

Pretty little liars

2006 онд хэвлэгдсэн даруйдаа бестселлерийн жагсаалтанд багтсан Pretty Little Liars номоос сэдэвлэн бүтээсэн цуврал одоо ч цуутай хэвээр байна. 2010 онд хамгийн анхны анги нь гарснаас хойш 7 улирлын турш 160 бүлгийг үзэгчдэд хүргэсэн уг цуврал анх харагдахдаа энгийн охидын драм мэт санагдавч нууцлаг эргэлтүүд, сэтгэл түгшээсэн мөчүүдээрээ аль хэдийн өөрийн хүрээллийг бий болгожээ.

Сонирхуулахад, уг цувралын ертөнцөд өрнөх бие даасан шинэ кино нь "The Perfectionist" нэрийн дор энэ жилээс эхлэн гарч байгаа. Номоос сэдэвлэн бүтээсэн учир дүрүүдийн хөгжил, харилцан яриа хийгээд үйл явдлын өрнөл нь тун сайн хийгдсэн хэмээн үнэлэгддэг.

ШУУД ҮЗЭХ

Алуурчныг алснаа зөвтгөж болох уу?

vikings

Vikings бол яг одоо дэлгэцээр цацагдаж буй цувралууд дундаас "Game of Thrones"-д хамгийн сайн "хариу" өгч буй бүтээл. Гол түүх нь бодит үйл явдлаас сэдэвлэгдсэн гэдгээрээ ялгардаг, тэр хэрээрээ дүрүүдийн шийдвэр гаргалтууд, бусдынх нь хариу үйлдэл ч харьцангуй бодит байж чаддаг.

Дайн тулааны хэсгүүд нь телевизийн түүхэнд бичигдэхүйц амттай, өрнөлтэй, өнцөг сайтай. Цувралын аяз, хөгжим нь үнэхээр бадрангуй, үнэнч фенүүдийнхээ бүтэн өдрийн эрч хүчийг хангадаг. Сонирхуулахад уг цуврал Look TV-д эхнээсээ тавигдаж буй учраас энэ онд гарах сүүлийн бүлгээс нь өмнө гүйцэж очих боломж байгаа шүү :)

Та VIKINGS цувралыг монгол дуу оруулгатайгаар үзэхийг хүсвэл яг одоо LookTV аппликейшнаар үзэх боломжтой. Дараах холбоосоор http://smarturl.it/LookTVmn татаж аваарай.

veep

Veep бол сүүлийн арванд гарсан хамгийн шилдэг инээдмийн цуврал кино гэдэгтэй маргах хүн тийм ч олон гарахгүй. 6 жил дараалан Эммигийн шилдэг цувралд өрсөлдөж, сүүлийн гуравт нь дараалан ялалт байгуулсан, гол дүрийн жүжигчин Жулиа Луйс-Дрэйфус бүр зургаан жил дараалан шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон гэдэг үзүүлэлтүүд нь л үүнийг хангалттай нотолно.

Тэгвэл Veep энэ жил хамгийн эцсийн буюу 7-р бүлгээ хүргэж байна. Америкийн улс төрийн амьдралыг хөгжилтэй, ёжтой байдлаар хүргэдэг тус цуврал ийн эцэслэж байгаа нь гунигтай ч ид үедээ төгсөж байгаа нь үнэхээр л ялгуусан ялалт мэт. Ж.Луйс-Дрэйфусын хувьд хөхний хорт хавдартай нь оношлогдон багахан завсарлага авснаасаа хойш эргэн ирж байгаа гэдгээрээ онцлогтой сүүлийн бүлэг сэтгэл хөдөлгөсөн мөчүүдээр дүүрэн байх шинжтэй.

Хэмилтон, 9/11 гээд бодит амьдралд тохиосон үйл явдлууд энд ч бас гарна

Once upon a time 

Мэддэг, хайрладаг, жигшдэг бүх үлгэрийн баатрууд тань бүгдээрээ нэг жижигхэн хотод хамтдаа амьдарч байна гэж төсөөлж байсан уу? Гэхдээ тэд орчин үед, сэтгэл зүйч, рестораны үйлчлэгч, шуудан зөөгч, цагдаа гэх мэт төрөл бүрийн ажил хийж байвал, хамгийн гол нь өөрсдийнхөө хэн гэдгийг, ямар түүхтэйг ч төсөөлөхгүй "бүгдийг мартчихсан" байвал яах вэ?

Яг энэ төсөөллийг Once Upon A Time танд өгөх болно. Сайн, муу, адтай, одтой бүх баатрууд хамтдаа адал явдалд орооцолдон тэмцэлдэнэ. "Амар сайхандаа жаргажээ" гээд дуусдаг үлгэрийн төгсгөлийн дараа юу болсон бол гэж бодогддог бол түүнд хариулт өгөх тун сонирхолтой өнцгийг үзээрэй. Бас уг цуврал өнгөрсөн жил бүрэн дууссан учир хүлээнэ гэж зовох шаардлагагүй :)

motherfatherson

Домогт Ричард Гир энэ кинонд тоглож байгаа тул өөр олон юм ярих илүүц биз. 1976 оноос хойш анх удаа телевизийн цувралд дүр бүтээсэн Гир энэ удаад медиа могул буюу улсынхаа хамгийн нөлөөтэй эрхмийн дүрийг амилуулжээ.

BBC-ийн цувралууд үргэлж л дутуу үнэлэгддэг хэрнээ агуулга, хийц хэв маягаараа ялгардаг. MotherFatherSon улс төрийн "гашуун" амьдрал, гэр бүлийн "төвөгтэй" харилцааг тун сонирхолтой өнцгөөс хөндөж, нийгмийн үнэт зүйлсийн талаар дахин нэг эргэцүүлэх боломжийг олгосноороо анхаарал татаж буй.

Анги болгоны дараа цуврал яаж дуусах бол гэдэг нь улам анхаарал татсаар

American horror story

Аймшгийн кинонд дуртай юу? Тэгвэл танд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн өндөр амжилттай цуврал American Horror Story-г санал болгоё. Энд ялгаварлан гадуурхалт, аймшигт аллагууд, сүнс зэтгэр, гаж донтнууд, шашинд автагчид, ад чөтгөр, бурангуй үзэлтнүүд гээд байж болох бүх л дүр шингэсэн.

Гэхдээ нэг улиралд нэг үйл явдалд төвлөрдөг гэдгээрээ бусдаас ялгардаг. Гол дүрийн жүжигчид нь улирал бүрд өөр өөр дүрд тоглож хувирдаг, өөр нэрээр өөр үүрэгтэйгээр гарч ирдгээрээ онцлогтой. Багахан будилуулдаг ч жүжигчдийн хөгжил-хувирал нь уг киног улам онцгой болгодог гэлтэй. Зарим улирал нь хэтрүүлсэн ч юм шиг, зарим нь бүр дэндүү аймшгийн гэмээр сэтгэгдэл төрүүлэх вий.

ШУУД ҮЗЭХ

Шөнө, ганцаараа, нүдээ анихгүй, дууг нь суллахгүй энэ цувралыг үзэж чадах уу? :)

Bates motel

А.Хичкокийн сонгодог бүтээл "Psycho"-г үзэж амжаагүй байгаа юм биш биз? Үзсэн бол "Bates Motel" цуврал манай баатрыг хувь хүн талаас нь огт өөр өнцгөөс нээсэн, дүрийн хөгжлийг "зөвтгөсөн" төгс үргэлжлэл болохыг та ойлгох болно. Үзээгүй байлаа ч, 20-р зууны хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгийг хэзээ нэгэн цагт үзэх хамгийн төгс бэлтгэл. Товчоор бол энэ цуврал "Psycho"-ийн өмнөтгөл бүтээл юм.

Норман Бэйтсийн цуврал дөрвөн улирлын дараагаар бүрэн дууссан хэдий ч Look TV-д монгол хадмалтайгаар тавигдсан байсныг хараад их баярлав. Нэгдүгээр ангиасаа л таныг соронзон мэт татах, үйл явдлын өрнөлөөрөө бүр түгшээж гүйцээх энэ киног алдалгүй үзэхийг санал болгоё. Бүлэг өнгөрөх тусам улам чанаржих цөөн бүтээлүүдийн нэг.

Нора, Норманы хослол телевизийн түүхэн дэх хамгийн "зэвүүн" ээж-хүүгийн дүр байх

True detective

HBO-ийнхэн бараг бүрэн хэмжээний киноны төсөвтэй хийгддэг True Detective-ээр жинхэнэ бяр чадлаа зарлан тунхагласан гэж хэлж болно. Учир нь киноны уран бүтээлчид улирал бүрдээ А зэрэглэлийн топ оддыг урьж авчран бүтээлээ улам үнэ цэнтэй болгодог. Бүлэг болгонд нэг нэгнээсээ хамааралгүй гэмт хэргүүд, өрнөлүүдийг хөнддөг учир үзэгчдэд хэзээ ч гэсэн нэгдэх боломжийг олгодог.

Цувралын үйл явдлын бүтэц анх харахад их энгийн. Жижигхэн тосгон, хотод гарсан аллага, гэмт хэргийг мөрдөж буй шериф, цагдаа нар. Тэдний эргэн тойронд өрнөх нууцлаг өрнөлүүд, хэргийн сэжүүрээс атгах тусам тодрох ул мөрүүд, дүрүүдийн хооронд өрнөх харилцан яриа. Гэхдээ таны бодсоноос ч илүү адармаатай, төсөөлөөгүй тайллууд байгаад эргэлзэх хэрэггүй.

HBO-оор саяхан 3-р бүлэг нь гарч дууссан. Гэхдээ Look TV-ээс бүр эхнээс нь амжиж үзээрэй :)

19164   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.