Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   04 сарын 03, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - RE/MAX Mongolia-ийн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Тэмүүлэн

Дэлхийн топ франчайз компаниудын нэг, үл хөдлөх хөрөнгө зуучлалын RE/MAX компани Монголд үйл ажиллагаагаа эхлүүлээд 4 жил болж байгаа билээ. Бид ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт тус компанийн Монгол дахь бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Тэмүүлэнг урилаа. Тэрээр тус франчайзыг Монголд нэвтрүүлэх төсөлд анхнаас нь идэвх чармайлттай ажиллаж, өдгөө 35 брокер оффис, 600 орчим агент бүхий том байгууллага болж өргөжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Г.Тэмүүлэн 2012 онд ХУИС-ийг олон улсын харилцааны мэргэжлээр, 2013 онд АНУ-ын Доминикан Юниверситиг бизнесийн удирдлагаар тус тус төгсжээ. Ингээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт гялалзаж яваа залуу захирлын ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Улаанбаатар
Эрхэлж буй ажил: RE/MAX-ийн Бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: суурин iMac, гэртээ Dell лаптоп
Сошиал хуудсууд: Temuulen Ganbold (Фэйсбүүк)

ЭХЛЭЭД ТА REMAX кОМПАНИЙГ ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ? ЯМАР ЗАРЧМААР АЖИЛЛАДАГ ВЭ?

RE/MAX-ийн франчайзыг Монгол Улсын хил дотор байгуулах эрхийг бид 2015 оны 2 дугаар сард АНУ-ын Денвер хотноо гарын үсэг зурж авсан. 2013 оноос судалгаагаа эхлүүлэн ажилласны үр дүн юм. Улс дотроо франчайз эрх олгох манай төв оффисийг бүсийн оффис гэдэг. Биднээс франчайз эрх авч нээгдсэн RE/MAX-ийн салбаруудыг брокер оффис гэдэг. Брокер оффис нь цаашаа агентуудтайгаа гэрээ байгуулж ажилладаг. Агентууд (Реалтор) нь ажилтан бус бие даасан бизнес эрхлэгч юм. Агентуудыг бид ажиллах орчин, нөү-хау, сургалт, бичиг материалаар хангаж тэд бие даан ажилладаг гэсэн үг.

Уламжлалт бизнесийн пирамидыг авч үзвэл, удирдах үе шат нь эрх мэдэл, ашиг орлого өндөртэй, ажилтнууд нь хамгийн бага өгөөж хүртдэг бол RE/MAX-ийн пирамидын доод хэсэгт буй агентууд эрх мэдлийн хувьд ч, ашиг орлогын хувьд ч хамгийн их өгөөжийг хүртдэг. Орчин цагт яг ийм л "зөв пирамид"-ын бизнес загвартай компаниуд хүчээ авч байгаа шүү дээ. Жишээ нь Uber тийм. Uber-ийн жолооч нар бие даасан бизнес эрхлэгч байдлаар ажиллаж, тус компанийн бизнесийн моделиос хангалттай өгөөжийг хүртдэг.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?

Миний үндсэн үүрэг бол RE/MAX брэндийг хөгжүүлэх, шинэ бизнесийн судалгаа хийх, франчайз борлуулалтыг хариуцан ажиллах байдаг.

Өдөр тутам аль болох төлөвлөлт сайтай ажиллахыг хичээдэг. Төлөвлөгөөгүй ажлууд их гарч ирдэг учраас хийх нь тодорхой ажлуудаа сайн төлөвлөж тухай бүрд нь хийгээд явдаг. Өдрийн ажлын 70-80 хувь нь уулзалт хийхэд зарцуулагддаг байх. Шинээр франчайз эрх сонирхож буй хүмүүс, хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд гээд уулзах хүн олон. Өглөө ирээд тухайн өдөр уулзахаар тохирсон хүмүүс рүүгээ ярьж уулзалтын цагаа бататгаад л ажилдаа орно доо.

Ажлын онцлогоос үүдэн хурдтай, уян хатан ажиллах шаардлагатай байдаг. Төв оффисийн шийдвэрүүд 600 орчим агентийн ажилд нөлөөлдөг учраас аливаа асуудлыг удаагаад байж болохгүй.

Манайх төв оффисд 8 хүн ажилладаг. Ер нь RE/MAX-ийн олон улсын загвар нь цөөн хүнтэй цомхон багаар үр дүнтэй ажиллахыг дэмждэг. Бизнес хөгжлийн зарим ажилдаа аутсорс авна. Дэлхий дээр 140 гаруй улсад 7000 гаруй оффис, 125,000 агент байдаг ч бид олон улсын RE/MAX-ийг чиглүүлж явдаг 10 гаруй хүнтэй холбогдон ажилладаг даа. Ажиллах зарчим нь ийм энгийн, ойлгомжтой байдаг нь биднийг ажлыг хөнгөвчилдөг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Манай ажлынхан харилцаа холбоогоо Workplace дээр явуулдаг. Мөн RE/MAX-чууд үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн програмтай. Бид Канадын мэдээллийн технологийн компаниас аутсорс үйлчилгээ авч энэхүү програмыг нэвтрүүлсэн юм. Уг програм дээр тухайн бүсийн үл хөдлөх хөрөнгийн бүх л гүйлгээ, оролт, гаралт бүртгэгдэж дата бааз үүсээд явж байдаг. Мэргэжлийн програмтай болохоор тоо баримт, датанд суурилан хурдтай ажиллах нөхцөл бүрддэг.

Би имэйлдээ OWA-г ашигладаг. Мөн Calendar, Reminders аппуудыг сайн ашигладаг. Юм сканддаг Adobe Scanning, слайд мэтийн зургийг зөв форматад оруулдаг Office Lens гэсэн аппуудыг бас үе үе ашигладаг юм байна. Гадагшаа явах үедээ аяллын аппууд, онлайн худалдааны аппуудыг хэрэглэчихнэ. Харин сошиал медиаг тийм ч их ашигладаггүй. Сошиал медиа дээр нэгэнт л олон хүнтэй найзууд, танилууд болсон бол энэ нь зөвхөн тухайн хүний орон зай биш болчихож байгаа юм. Тиймээс хувийн амьдралын нарийн ширийн мэдээлэл, зургуудаа оруулахаас татгалздаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлаа төлөвлөж, чухал ажлуудаа хамгийн түрүүнд хийх л цаг хэмнэх хамгийн сонгодог арга байх даа. Гэнэтийн ажлууд их гардаг гэж хэлсэн. Тэгэхээр чухал ажлуудаа хурдан хийхээс өөр аргагүй байдаг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх ажлын жагсаалтаа Notes, Reminders дээр хөтлөөд явдаг. Харин уулзалт хийх үедээ шаардлагатай мэдээллийг дэвтэр дээр тэмдэглэж авдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би RE/MAX-ийн төсөлд эхнээс нь оролцож, баг ахалж ажилласан. Монголд ямар ч ажил, төслийг шууд том багтай эхлэх боломжгүй байдаг шүү дээ. Тийм болохоор эхэн үедээ ёстой төрөл бүрийн л ажил хийж байсан даа. Тийм ч учраас өөрийгөө дажгүй хөрвөх чадвартай болсон байх гэж боддог юм. Хэлэлцээр хийх чадвараа гайгүй ахиулсан гэж боддог. Байнга сургалт хийдэг учраас ярьж илтгэх, санаагаа ойлгуулах, контент боловсруулах чадвараа ч сайн хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Ажлын онцлогоос болдог байх хамт олон маань намайг сайн зөвлөгч гэдэг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар их онцлогтой л доо. Өмч хувьчлал явагдаж 1990-ээд оны хоёр дахь хагасаас иргэд хувьдаа үл хөдлөх хөрөнгөтэй болж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас барилга барих тал дээр л бодлого гаргадаг, хөхиүлэн дэмждэг байснаас биш тэр барьсан барилгыг хэн хөдөлгөх, яаж зарж борлуулах тал дээр санаа тавиагүйгээс үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар нэлээд орхигдсон байдаг. Ер нь барилга угсралтын салбарыг дагасан бусад салбарууд орхигдсон байдаг талтай. Салбарын хууль эрхзүйн орчин хангалтгүй байдаг нь бизнес эрхлэхэд томоохон эрсдэлийг үүсгэдэг ч зуучлалын хэрэгцээ маш их.

Уг нь энэ салбарыг анхаарснаар үл хөдлөх хөрөнгийн татварыг төгөлдөржүүлэх гэх мэт олон дагалдах үр дүнг гаргаж болно. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйн кодтой байгууллага ажиллах нь олон давуу талыг үүсгэж байна. Үйлчилгээ авч сурсан хүмүүс их баяртай байгаа бол, зарим нь үйлчилгээ авч сурч байна. Зуучлалын ач холбогдлыг таниулахад манай байгууллага даацтай нөлөө үзүүлж байна. 2015 оны үед барилгын компаниуд зуучлалын компаниудтай гэрээ байгуулж ажилладах нь тун ховор байлаа. Одоо манайх томоохон барилгын компаниудын 50-60 хувьтай нь гэрээ байгуулаад ажиллаж байна гэдэг том дэвшил юм. Барилгын компаниуд аутсорс хийлгэхийн ач холбогдлыг мэддэг болсон байна.

Одоо энэ зах зээл дээрх борлуулалтын 90 орчим хувь нь гараас гарт дамжин явагдаж байна гэхээр бидэнд энэ салбарыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх боломж бололцоо, хийх ажил маш их байгаа юм. Тэр хэрээр ажил маань сонирхолтой, сорилттой.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Нэлээд хэдэн төсөл явж байгаа. Гэхдээ хараахан олон нийтэд мэдээлэл хүргэх болоогүй байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар бол том салбар. Одоо бид брокерын бизнес эрхэлж байгаа бол үүний дараа үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежмент, барилга угсралт зэрэг олон салбар руу орж ажиллах боломжтой. Бидний хувьд эдгээр салбарууд руу үе шаттайгаар орж ажиллах хэтийн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ хамгийн гол нь технологийн сайн шийдэлтэйгээр орж ажиллах хэрэгтэй. Миний хувьд Лас Вегаст болдог R4 арга хэмжээнд сүүлийн хоёр жил яваад ойлгосон зүйл гэвэл, орчин цагт технологи болоод технологийг эзэмшиж хэрэглэх явдал салбар бүрд нэн чухал болсон байна. Яаж тухайн салбарт, хэрэглэгчдэд нэмүү үнэ цэн өгөх вэ, яаж хялбар байдлыг бий болгох вэ гэдэг дээр сайн эрэлхийлж ажиллах шаардлагатай.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би нэг сонирхолтой нийтлэл, сэдэв бариад авчихвал холбоотой бүх л зүйлсийг нь олж мэдэхийг хүсдэг зантай. Одоо "The Personal MBA" гэх номыг бага багаар уншиж байна. Заавал их сургуульд их мөнгө төлж MBA-д сурахгүйгээр хувиараа бизнесийн удирдлагын гол ойлголтуудыг сурах боломжтой гэсэн санаа бүхий ном юм. Бизнесийн чухал ойлголтуудыг энгийнээр тайлбарласан байна лээ.

Мөн Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын номуудыг унших дуртай шүү. Саяхан хүүхэдтэй болсон тул ном барьж тухалж суух цаггүй л болчихоод байна. Нэг Kindle Fire авах төлөвлөгөөтэй л байна даа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Одоо бол хөгжмөөс нэлээн холдчихжээ. Уг нь ахлах ангидаа амьд хөгжмийн хамтлагтай байсан. Альтернатив рок хөгжимд дуртай. Нисванисийн фестиваль, Playtime наадмуудыг алгасдаггүй байлаа.

Сүүлийн үед ажлаа хийхдээ Youtube дээр Alpha Wave аяуудыг тавьдаг болсон. Үндсэндээ сонгодог хөгжим юм билээ. Төвлөрөхөд их нэмэртэй санагдсан.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Аль аль чанарыг нь өөртөө агуулдаг болов уу. Нэг талаас 600 хүнтэй тайзан дээр гараад сургалт хийхэд, төрөл бүрийн хүмүүстэй уулзахад асуудалгүй байдаг ч хувийн амьдралаа олонд дэлгэх сонирхолгүй, бас олон нийтийн арга хэмжээнд нэг их очоод байдаггүй талтай.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Сүүлийн үед 23 цагийн үед унтаад өглөө 7 цагт босож байна. Шөнөдөө хүүхдээ авах гэж хэд хэд сэрнэ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Охин маань гарснаас хойш амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөөд байгаа. Одоо бол ажиллаагүй үед охиндоо л цаг гаргана даа.

Хобби гэвэл олон юм сонирхдог. Бокс, байлдааны самбо сонирхдог, бага сага хичээллэдэг байсан. Нэг хэсэг фитнесст сайн явсан. Экстрим спорт, мото спортод дуртай. Нэг мотоциклтой гэж байгаа. Би нэг зүйлд хэтэрхий авталгүй юм юмыг хийж үзэх хүсэлтэй байдаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Эхнэр, охин хоёр маань надад асар их эрч хүч бэлэглэдэг.

Хийж буй ажил, ажлынхаа амжилтаас өдөр бүр цэнэглэгдэж байдаг. Миний хийж буй ажил хүмүүст амьдралаа өөрчлөх боломжийг олгодог нь маш сайхан. Олон хүний амьдрал нүдэн дээр дэвжээд, карьер нь ахиад явдаг.
Ажил дээрээ мөн ерөнхий захирлаасаа ихийг сурч, үлгэр дууриал, урам зориг авдаг. Бүхнийг тэгээс нь эхэлж амжилтад хүрсэн мундаг хүн байдаг юм.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын дэлхийн од хэд хэдэн хүн байдаг. Даррен Харди, Мэл Роббинс зэрэг тэдгээр хүмүүсийн сургалт, арга барилд суралцаж, мэдээллийг нь Монголын хөрсөндөө буулган ашиглахыг зорьдог. Ер нь би өөрийгөө хурцлах, идэвхжүүлэхдээ боломжийн сайн шүү. Сэтгэлээр нэг их унаад байхгүй. Урам зориг гаднаас хайж хүлээж суух нь ч бага.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Олон хэрэгтэй зөвлөгөө сонсож, уншиж байсан. Тэр дундаас тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж чадсан, хэрэгжүүлэхийг зорьдог хоёр зүйлийг хуваалцъя.

Eat the frog буюу өглөө босоод хамгийн том, хамгийн чухал асуудалтайгаа нүүр тулгарч, ямар нэг юм хийх тухай ойлголт байдаг. Хүн тэр асуудлаасаа эмээж, хойшлуулах нь их байдаг юм байна л даа. Мэлхийг нэгэнт л идэх ёстой бол түүнийг удаан харж суух нь сөрөг нөлөөтэй. Энэ хичээлийг сонссоноос хойш би өглөө хамгийн түрүүнд гол, чухал ажлаа барьж авахыг хичээдэг болсон. Үр өгөөжийг нь ч хүртэж байгаа.

Мөн түрүүнд дурдсан Мэл Роббинсийн лекцэнд сууснаас хойш "5 секундийн дүрэм"-ийг хэрэгжүүлэх гэж хичээдэг болсон юм байна. Хүн ямар нэг шийдвэр гаргах ёстой үед 5 секундийн дотор тархиа ажиллуулж ямар нэг арга хэмжээ авах ёстой гэсэн дүрэм юм. Жишээ нь өглөө сэрүүлэг дуугарлаа гэхэд Snooze дээр даралгүй, шууд босох гэж хичээх жишээний. Тархиа ажиллуулснаар хүн ямар нэг үйлдэл хийнэ, үйлдэл нь үр дүнд хүргэдэг гэж үздэг. Харин 5 секундэд, цаашлаад удаан хугацаанд үйлдэл хийхгүй бол хүний эргэлзээ улам л нэмэгддэг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Миний хувьд бусдад зөвлөгөө өгөх хэмжээнд хараахан очоогүй байна. Тэгэхээр 18 настай өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг өнцгөөр яръя. Өнөөдөр залуучууд зоригтой, том зорилготой байх хэрэгтэй гэж боддог. Лаптоптой, интернэт холболттой л бол ямар ч залуу хүн өөрийн чадлаар Монголд байтугай дэлхийд тодрох нөхцөл боломж бүрдээд байгаа шүү дээ. Өнөөдөр хүн бүхэн харьцангуй ижил мэдээлэл авдаг болсон. Мэдээж технологитой ойр байж, технологийг сайн хэрэглэж сурах нь өнөө цагт зайлшгүй. Тиймээс залуу хүмүүс өөрийгөө Монголоороо бүү хязгаарлаасай, том сэтгээсэй. Мэдээж залуу байхад өөрийгөө байнга хөгжүүлж, их ажиллаж таарна. Гэхдээ тэр явцдаа их ажиллахад бус ухаалаг ажиллахад сайн суралцаасай гэж боддог доо.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

iTools компанийн гүйцэтгэх захирал Б.Тамирыг болгоё. Их сонирхолтой ярилцлага болно гэж бодож байна.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

30797   19

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.