Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   04 сарын 02, 2019

Иогоор хичээллэгсдийн мэдвэл зохих 4 апп

Өнөөдрийн апп тоймоо бид иогоор хичээллэгсдэд зориулж байна. Хэрвээ та иог хийж эхлэх төлөвлөгөөтэй бол, эсвэл иогоор хэдийн хичээллэдэг бол эдгээр апп-ийг туршаад үзээрэй. Иогийн хичээлд байнга мөнгө төлж явах нь нэг талаар зардалтай, нөгөө талаас цаг их авдаг. Харин гэртээ, ажил дээрээ бие даагаад иог хийгээд сурчихвал бид бие эрүүл, толгой сэргэлэн, сэтгэл уужуу болох билээ.

Down dog 

Хамгийн эхэнд танилцуулах апп бол Down dog. Сонирхогчийн түвшнээс мэргэжлийн түвшин хүртэлх 12 төрлийн 30 мянга гаруй иогийн хичээл, видео, дасгалын сантай. Хэр их хугацааг зарцуулахаа тохируулбал тухайн цагт тохирсон цогц видео хичээлийг санал болгодог.

Бусад апптай харьцуулахад, зарцуулах цаг, дасгалын хүнд хөнгөн, бичлэгийн чанар, дууны өнгө, хэмнэл зэрэг олон зүйлийг өөрт тохируулан сонгож болдог нь тун догь. Дасгалын хүнд хөнгөнөөс хамаарч дэвсгэр аяын хэмнэл нь өөрчлөгддөг. Хүсвэл дасгалынхаа зургийг хараад зөвхөн аудиогоор хичээлээ сонсох боломжтой. Эрүүл мэндийн өөр апп хэрэглэдэг бол түүнтэйгээ холбон үзүүлэлтүүдээ хянаж болдог бөгөөд бусад бүх апп-ийн адил өдөрт хэчнээн цаг зарцуулж, хэр идэвхтэй хичээллэж байгааг харуулах, сануулга тавих тохиргоотой.

Татах: Andriod, iOS, Web

Yoga - Poses & classes

Yoga - Poses & Classes нь иогоор хичээллэж эхэлж буй хүмүүст илүү тохиромжтой. Апп иогийн үндсэн байрлал, хичээлүүд, коммюнити гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Апп-ийн эхний хэсэгт 100 гаруй иогийн байрлалуудыг хэрхэн зөв хийхийг харуулсан видео буюу текст зааварчилгаатай. Хоёр дахь хэсэгт дасгал бүрээр нь ангилсан 10-15 минутын 19 төрлийн хичээлийг санал болгодог. Хичээл бүр дотроо анхан, дунд, ахисан түвшнээр хуваагдсан нь тун цэгцтэй шүү.

Өмнөх апптай адил иогийн дасгалын дундуур тайлбар ба зөөлөн ая явдаг. Энэ нь иогийн дасгалаар дамжуулан бодлоо төвлөрүүлж, амьсгалаа нэгэн жигд авахад туслах зорилготой.

Апп-ийн эхний хэсэг, хичээлүүд төлбөргүй боловч зарим дасгалуудыг харахын тулд сарын 13 доллар төлөх шаардлагатай. Ингэснээр иогийн ахисан түвшний хичээлүүдийг үзэж, апп татсан хүмүүсийн группд элсэх боломж бүрддэг. Бусад аппаас ялгаатай нь уг апп албан ёсны сургалтын сертификат олгодог.

Татах: Andriod, iOS

yoga studio

Yoga Studio-ийн хамгийн том давуу тал бол 30 гаруй жилийн туршлагатай иогийн багш заадаг явдал юм. Уг апп 80 гаруй төрлийн иог, бясалгалын хичээлүүдтэй. Апп-ийн энгийн хувилбар нь үнэгүй ч сарын 2 доллар төлөөд түүнээс олон хичээлийг HD хувилбараар үзэх боломжтой.

Энгийн иогийн байрлалууд, бясалгалын аргуудаас гадна хип хоп иог, 10 минутын иог, гүнзгий төвлөрөх, бясалгах хичээлүүд нь их сонирхолтой санагдсан. Нийт 280 гаруй төрлийн иогийн хичээл, бясалгалын зөвлөмжүүдийг агуулсан уг апп маш цэвэрхэн, хэрэглэхэд хялбар. Дасгал хийж байхдаа өөрийн дууны жагсаалтыг холбож болдгийг нь мөн заавал онцлууштай.

Татах: Andriod, iOS

daily yoga

2018 оны хамгийн сайн иогийн апп бол Daily Yoga. Жингээ хасах иогийн дасгалуудад илүү төвлөрдөг ба 500 гаруй дасгал, иогийн хичээлийн 50 гаруй төлөвлөгөө, амьсгал, бодлоо хянахад чиглэсэн 200 гаруй дасгал гээд маш их мэдээллийн сантай. Бие махбодоо ч, бодол санаагаа ч эрүүл зөв байлгахад туслах зорилготой уг апп-ийн бүх хичээлийг 20 гаруй мэргэжлийн багш заадаг. Иогийн хэцүү дасгалуудыг алхам алхмаар илүү хялбар тайлбарласан гэдгээрээ онцлог.

Өглөө, өдөр, орой өөрийн хүссэн цагт 5-70 минутыг сонгон дасгалаа хийх боломжтой. Өмнө нь дурдсанчлан олон төрлийн дасгал, зааварчилгаа, бичлэгийн сантай бөгөөд хүсвэл апп-ийг япон, солонгос, испани, хятад, герман, франц хэл дээр ашиглаж болно.

Татах: Andriod, iOS

14729   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.