Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   04 сарын 01, 2019

Онцлох бизнес: Smoky City - Хамтдаа гулгая, сүнгэнэн хурдалъя

Улаанбаатарчуудын чөлөөт цагаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх газрын тоог нэгээр нэмсэн Smoky City Ulaanbaatar төвийг танилцуулж байна. Монголын анхны дөрвөн дугуйт тэшүүрийн энэ төвийг хосууд, найзууд, гэр бүлүүд, баг хамт олон баяртайгаар зорьдог. Дөрвөн дугуйт тэшүүр нь хөлд эвтэйхэн, унаж сурахад хялбар бөгөөд та бүхнийг өнгөлөг тухтай орчин угтах болно. Ингээд Smoky City-ийн үүсгэн байгуулагч Г.Булгантамиртай хийсэн ярилцлагаа хүргэе.

Бизнесийн нэр: Smoky City
Хаяг: E-Mart-ийн Сансар салбарын 6-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: 4 дугуйт тэшүүрийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 2018 он
Үүсгэн байгуулагч: Г.Булгантамир
Ажилтны тоо:
7
Сошиал хуудас:
Roller Skates Ulaanbaatar (Фэйсбүүк)
@rollerskates.ulaanbaatar(Инстаграм)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Хэдэн сарын өмнө би найзаасаа "Чиний эрхэлдэг бизнес мөнгө олдог уу?" гэж асуусан юм. Харин найз маань "Мөнгө олж яах юм" гэж хэлэхэд би их гайхсан. Үнэндээ дуртай, хүссэн зүйлээ хийхэд мөнгө олох эсэх нь тийм ч чухал биш гэсэн санааг хэлсэн хэрэг. Түүнээс үүдээд хийхийг хүссэн, дуртай зүйлээ эхлүүлсэн нь Smoky City.

Гадаадын зураг, бичлэг, дууны клип дээр 4 дугуйт тэшүүртэй (roller skate) хүмүүс их гардаг даа. Монголд нээгдэх болов уу гэж удаан хүлээгээд гарч ирээгүй тул зургаадугаар сард өөрөө хийе гэж шийдсэн. Зах зээлийн судалгаа хийж эрсдэлүүдээ тооцож үзээд санаагаа зураг төсөл болгож, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Инстаграм, Фэйсбүүк хуудсаа аль хэдийн ажиллуулаад эхэлчихсэн байсан болохоор хүлээлт ихтэй байсан шүү.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хөрөнгө оруулалт олох хамгийн хэцүү байсан. Өмнө нь бизнес эрхэлж байгаагүй болохоор банкнаас зээл олгохгүй, хөрөнгө оруулалт татах гэхээр нөхцөл нь хатуу санагдаад гэр бүл, найзуудаасаа гуйж, хувийн хадгаламжаа нэмэрлэж, ёстой олон зүйлсээс хамж шимсээр санхүүжилтээ шийдсэн шүү.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Санаагаа танилцуулах, хөрөнгө оруулалт татахад хэрэгтэй гэж үзээд хамгийн түрүүнд зураг төслөө гаргасан. График дизайн, интерьер дизайнер хийх хоёр хүнийхээ бүх тоног төхөөрөмжийг гэртээ авчирч байгаад ярилцаад зургаа гаргаж байлаа.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Монголын анхны дөрвөн дугуйт тэшүүрийн газар гэдгээрээ онцлог. Өмнө нь скэйт болон цуваа тэшүүр байсан ч яг дөрвөн дугуйт тэшүүрийн газар байгаагүй.

Анх би өөртөө нэг тэшүүр захиад туршиж үзсэн ч өөр хүмүүст ямар санагдахыг мэдэхгүй байв. Тиймээс дахиад 5 тэшүүр захиж хүмүүст сурахыг санал болгосон. Хүмүүсийн саналыг сонсоход хөлд эвтэйхэн, сурахад хялбар, өнгө, үзэмж сайтай байна гэсэн эерэг хариу өгч байсан тулд дөрвөн дугуйт тэшүүр сонгосон юм.

Манайд залуучууд, сурагчид, гэр бүлүүд чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэхээр их ирдэг. 32 размерийн гутал өмсдөг хүүхдүүд манай тэшүүрийг унахад асуудалгүй.

Дөрвөн дугуйт тэшүүрийн төрлөөр ганцаарчилсан, багийн төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог. Мөсний хоккей шиг тэшүүртэй хоккей бас бий. Энэ төрөл манайд цоо шинэ болохоор хүмүүст таалагдана гэж бодож байна.

Мөн дотоод заслаа өнгөлөг, үйлчлүүлэхэд сэтгэл ханамжтай байхаар шийдэхийг хичээсэн. Суугаад амрах газар, зургаа авахуулах өнгөлөг хэсгүүдтэй. Анхны зураг төслөөс бараг 80 хувь өөрчлөгдсөн ч сэтгэлд маань яв цав нийцэж байгаа.

БИЗНЕСИЙН ойрын болон хэтийн зорилгоо юу гэж тодорхойлсон бэ? 

Ойрын хугацаанд зах зээлд танигдах маркетингийн ажлууд төлөвлөж байна. Бидний тооцоолсноор боломжит хэрэглэгчдийн дөнгөж 20 хувьд нь л хүрч ажиллаж байгаа болохоор хийх ажил их байна. Энэ хүрээнд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудтай хамтран багц санал болгохоор ажиллаж байна.

Энэ төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ганцаарчилан болон багийн тэмцээнүүдэд зохион байгуулагддаг. Хэтийн зорилго бол дөрвөн дугуйт тэшүүрийн спортыг Монголд хөгжүүлж тамирчид бэлдэх явдал.

Цаашид залуучуудын чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрөөх олон сонирхолтой газруудыг бий болгохоор төлөвлөөд байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Үйлчилгээний бизнес учраас хэрэглэгчийг нэгдүгээр тавьж, үйлчилгээний чанар, стандартаа барьж ажиллахыг урьтал болгодог. Мөн мэдээж ажилтнуудаа сэтгэл хангалуун байх, сайн ажиллах нөхцөл боломжоор хангахыг эрмэлзэж, ажлын цагийг хоёроос илүүгүй ээлжтэй байхаар зохицуулдаг.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Яг долоо хоногийн өмнө дотоод заслын ажил дууссан. Энэ долоо хоногоос дараагийн салбарын ажилдаа орно. Судалгаа, зураг төсөл бэлэн болчихсон болохоор хөрөнгө босголт, байршил олох зэрэг чухал ажлууд үлдсэн байгаа. Бүтээн босголтын ажил эхэлбэл маш завгүй болдог доо.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Ганцаараа шийдвэр гаргадаг болохоор ажил их хурдан явдаг. Алдсан ч миний шийдвэр болохоор хамгийн зөв замыг сонгоод л урагшлахыг хичээж байна. Сонирхдог зүйлээрээ бизнес эрхэлж байгаа болохоор хэцүү бэрхшээлтэй гэх зүйлс гайгүй дээ.

Хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар манайх хүмүүсийн хүлээлтэд хүрсэн гэсэн үр дүн гарсан. Тогтмол гулгадаг үйлчлүүлэгчидтэй болж бага багаар танигдаж байгаадаа тун баяртай байгаа шүү. Нээгдсэнээс хойш 2 сар тогтмол ирсэн хүн одоо маш сайн гулгадаг болсон байх жишээтэй.

ӨӨРИЙН БИЗНЕСИЙГ ЭХЛҮҮЛЭЭД ЯВАХАД ЯМАР СУРГАМЖТЭЙ ЗҮЙЛС ТОХИОЛДОЖ БАЙНА ВЭ?

Сайтар бодож, төлөвлөж, судалгаа хийхгүй бол маш эрсдэлтэй юм байна. Хэр их боломж байгаа вэ, өрсөлдөгчид байгаа юу, яавал илүү үнэ цэн нэмж болох вэ гээд олон талаас нь судалгаа хийж, тооцож үзэх нь чухал санагдсан. Үйл ажиллагаагаа эхлүүлэх үед 20 гаруй хүн яг энэ санааг олон жил бодож явсан гэж хэлсэн шүү. Тэгэхэд нь би тоглоомооор "Санаагаа хэрэгжүүлэхийг чинь олон жил хүлээсэн шүү" гэдэг юм. Үнэндээ бидэнд өдөр бүр олон санаа төрдөг. Одоо ч гэсэн хийхийг хүсэж буй олон зүйл жагсаалтад минь байна. Тэгэхээр сайн судалгаа хийгээд, эрсдэлээ тооцоод, хүссэн зүйлээ зоригтой эхлүүлэх ёстой болов уу.

19876   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.