Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 31, 2019

7 хоногийн тойм: Apple-ийн шоу + Lyft-ийн тэсрэлт + Раднаагийн ялалт

Ковер зургийн тайлбар: Apple айсуй

Онцлох: Apple

Энэ долоо хоногийн бизнес, технологийн ертөнцийн хамгийн онцлох үйл явдал нь Apple-ийн зохион байгуулсан "Show Time" арга хэмжээ байлаа. Уг арга хэмжээгээрээ дамжуулан тэд хэд хэдэн шинэ үйлчилгээнүүдээ танилцуулсан юм. Экспертүүд шинэ бүтээгдэхүүнүүд нь тэднийг зөвхөн үйлдвэрлэгчээс үйлчилгээний компани болох шилжилтээ түргэсгэж байгаагийн илэрхийлэл боллоо хэмээн дүгнэж байна.

Энэ өдрийн хамгийн анхаарал татсан үйл явдал нь Apple TV+ байлаа. Apple О.Винпри, С.Спилберг, Р.Уитерспүүн зэрэг оддыг танилцуулгадаа ашиглаж, тэдэнтэй хамтран нийлээд 2 тэрбум долларын төсөвтэй оригинал контент бүтээж байгаагаа зарласан юм. Apple TV-ийн тусламжтайгаар хэрэглэгчдэд хүрэх уг үйлчилгээ нь намар гарах боловч Netflix, Prime зэргийн адилаар хуучин кинонууд байх эсэх, бусад контент бүтээгчдийн бүтээл байрших эсэх, эсвэл үнэхээр үнэ төлбөргүй байх уу зэрэг анхаарал татсан асуултад хариулт өгсөнгүй. Мөн тэд эгнээндээ HBO, CBS, Showtime зэрэг телевизүүдийг багтаасан Apple TV Channels үйлчилгээгээ танилцуулжээ.

Өөр нэг анхаарал татсан танилцуулга нь 300 гаруй уламжлалт болон дижитал медиа, сэтгүүлүүдийг багтаасан Apple News+ байлаа. Хэрэглэгчид сарын 9,99 доллар төлөн уг үйлчилгээнд нэвтрэх бөгөөд илүү интерактив байдлаар унших, сэтгүүлээ татаж аван оффлайн хэлбэрээр хэрэглэх, өмнөх дугааруудаас хайлт хийх зэрэг давуу талыг эдлэх аж. Энэ үйлчилгээнд Wall Street Journal, Los Angeles Times зэрэг нэр хүндтэй редакцууд аль хэдийн нэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Google өөрсдийн тоглоомын платформоо зарласны дараа Apple ч ижил танилцуулга хийсэн нь санамсаргүй хэрэг биш байлаа. Apple Arcade-ийн тусламжтайгаар хэрэглэгчид сарын тогтмол төлбөр төлөн iOS, Mac, Apple TV дээрээ App Store дээрх бүх тоглоомуудыг тоглох боломжтой болно гэсэн үг. Тэд зөвхөн Arcade-д зориулсан тоглоомуудыг ч бусад түншүүдтэйгээ хамтран гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ өөрсдийн төлбөртэй тоглоомоосоо хангалттай ашиг олдог тоглоом бүтээгчид үүнийг хэрхэн хүлээн авах нь анхаарал татаж байна. Одоогоор уг үйлчилгээний үнэ, гарах хугацаа зэрэг нь тодорхойгүй байгаа юм.

Үүнээс гадна Apple дэлхийн банкны салбарын гигант Goldman Sachs-тай хамтран Apple Card нэртэй кредит картыг гаргаж байна. 3 хувийн буцаан олголттой, Wallet апп-аар дамжуулан дурын төхөөрөмжөөс хянах боломжтой, Apple-ийн экосистемд бүрэн нийцэн ажиллах уг картыг танилцуулснаараа тэд iPhone-оос хамааралгүй, илүү "үйлчилгээнд суурилсан" компани болох бэлтгэлээ хангаж байна хэмээн экспертүүд үзэж байна.

Мөрөөдлийн баг бүрдүүлсэн Apple TV+-д тавтай морил!

Дэлхий дахинд

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Brexit-тэй холбоотой гурав дахь санал хураалтдаа ялагдал хүлээлээ. Тэрээр улсаа Европын холбооноос гарах тухай асуудалтай холбоотой гэрээний шинэчлэгдсэн хувилбарыг дахин хэлэлцүүлсэн ч 286:344-ийн харьцаатайгаар ялагдсан байна. Мэй саналыг нь хүлээж авбал ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгөхөө амласан нь ч үр дүнд хүрсэнгүй. Одоо түүнд 4-р сарын 12-нд ямар ч гэрээгүй гарах нэг сонголт бий. Гэхдээ үүнээс өмнө амжиж, гарах хугацааг хойшлуулах, шинэ заалтууд нэмэх зэргээр эрчимтэй ажиллах шаардлага тулгараад байна.

Vox: Brexit-ийн сүүлийн өдрүүдийн үйл явдлыг тайлбарлах нь

Финлянд улс хоригдлуудыг ашиглан хиймэл оюун хөгжүүлж сургах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа зарлалаа. Тэд Vainu нэртэй стартаптай хамтран шоронд компьютерийн лаборатори байгуулж, улмаар хоригдлуудыг дата ялгах болон дата үүсгэх зэрэг AI хөгжүүлэхэд нэн шаардлагатай хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж байгаа гэнэ. Уг хөтөлбөр одоогоор гурван шоронд туршилтын журмаар хэрэгжиж байгаа юм. Тус улс зөвхөн биеийн хүчний ажлаар хязгаарлагддаг байсан "шоронгийн хөдөлмөр" гэдэг ойлголтыг технологийн тусламжтайгаар өөрчлөхийг хүсэж байгаа нь энэ аж.

Европын холбоо 2021 оноос эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг бүрэн хориглолоо. Орлуулах бүтээгдэхүүн нь хэрэглээнд аль хэдийн нэвтэрсэн гэсэн шаардлагыг хангасан нэг удаагийн хуванцар гал тогооны хэрэгсэл, чих цэвэрлэх хөвөн, соруул, шингэн хутгагч зэрэг бүтээгдэхүүн уг хоригт багтсан байна.

Тагнуул, нууцлал зэрэг төвөгтэй асуудлуудтай орооцолдож, барууны орнуудад нэр хүнд нь багагүй сэвтээд буй Huawei түүхэн дэх хамгийн өндөр амжилттай тайлангаа танилцууллаа. Тэд өнгөрсөн жил 105.2 тэрбум долларын борлуулалт хийсэн нь Google, Microsoft зэрэг томчуудтай дүйцэхүйц үзүүлэлт бөгөөд Alibaba, Tencent зэрэг нутаг нэгт технологийн гигантуудаас давсан амжилт юм. Үүнээс цэвэр ашгийн хэмжээ 8,84 тэрбум доллар буюу 59.3 тэрбум юаньд хүрч, 25.1 хувийн өсөлт үзүүлжээ. Үүнээс гадна тэд өнгөрөгч долоо хоногт компанийн гол нүүр царай болсон “P30” болон “P30 Pro” шинэ ухаалаг гар утсаа танилцуулжээ. Илүү хүчирхэг, үзүүлэлт болон загвар сайтай хэмээн үнэлэгдсэн “Huawei P30” ухаалаг утас нь 40, 20 болон 8 мегапикселийн нягтралтай үндсэн гурван камер, дөрвөн камерын мэдрэгчтэй гэнэ.

Монгол Улсын парламент хожим 2016-2020 оны УИХ-ын хийсэн ажлын үр дүн гэж яригдаж мэдэх "хурц" шийдвэр гаргав. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын саналаар яаралтай горимоор хэлэлцүүлсэн "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль", "Прокурорын тухай хууль", "Авилгын эсрэг хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг нийт гишүүдийн олонх дэмжсэн нь "гэнэтийн" үйл явдал байлаа. Ингэснээр шат бүрийн шүүгчдийг мөн Прокурор, АТГ-ын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах эрх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд бий болов. Шүүхийн хараат бус байдал, хууль эрх зүйн тогтолцооны тэнцвэртэй байдлыг "тодорхойгүй" нөхцөл байдалд оруулсан уг шийдвэрийн дараагаар ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын ерөнхий прокурор болон ерөнхий прокурорын орлогч, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.

Foreign Policy: Их үнээр олдсон ардчиллаа Монгол улс бага багаар алдсаар байна уу?
UB.Life: Шүүгчтэй холбоотой урт нэртэй хуулийн талаар залуусын үзэл бодол

Улс төрийн нөхцөл байдал улам бүр хурцадсаар...

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Хамгийн нууцлал сайтай чат апп гэгддэг Telegram хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалд дэвшил авчрах зорилго бүхий "бүгдийг устгах" цэсээ танилцууллаа. Энэ нэмэлтийн тусламжтайгаар тухайн хэрэглэгч илгээсэн, харилцсан мессежүүдээ "бүрмөсөн" арилгах буюу нөгөө харилцагч талын төхөөрөмжид хадгалагдсан архивыг ч устгах боломжтой болж байгаа гэнэ. Бусад апп-уудад чат түүхээ устгах сонголт байдаг ч зөвхөн өөрийнх нь утас, аккоунтаар л хязгаарлагддаг байсан билээ.

Unread: Аль чат апп-ыг ямар үед хэрэглэх вэ?

2009 онд байгуулагдсан Lightning нэртэй стартап хамгийн анхны бүрэн цахилгаан мотоциклоо танилцууллаа. 7-р сараас зах зээлд борлуулагдаж эхлэх Strike нэртэй уг унаа нь нэг цэнэглэлтээр 160 км замыг туулах чадалтай бөгөөд 13 мянган долларын үнэтэй байх гэнэ. Үүний өмнөхөн Zero нэртэй өөр нэг стартап өөрсдийн шинэ загварын мотоциклийг 4-р сард багтаан гаргахаа мэдэгдээд байсан билээ.

Apple 2017 онд танилцуулсан ч худалдаанд гаргалгүй хойшлуулсаар байсан утасгүй цэнэглэгч AirPower-ийн төслийг цуцалж, үйлдвэрлэлийг зогсоож байгаагаа зарлалаа. Тэд iPhone X-ийг анх танилцуулахдаа 2018 онд гарна хэмээн зарлаж байсан уг төхөөрөмж нь компанийн "стандартыг хангаагүй" нь энэ шийдвэрийн гол шалтгаан болсон хэмээн тайлбарлажээ.

Canon хамгийн анхны зургаа шууд хэвлэдэг камераа танилцууллаа. Cliq+ нэртэй уг камер нь 8 мегапикселийн камертай байх бөгөөд 160 долларын үнэтэйгээр худалдаалагдана гэнэ. Сүүлийн үед залуучуудын дунд ихээхэн эрэлттэй байх болсон шууд хэвлэдэг камерын зах зээлд Fujifilm хамгийн нөлөөтэй тоглогчид тооцогдох болсон билээ.

Instagram үзэж буй видеогоо гүйлгэж, өөрсдийн дураар удирдах боломжийг туршиж байна. Хэрэглэгчид одоо видеогоо хүссэнээрээ удирдаж, алгасаж эсвэл шинээр эхлүүлж болно гэсэн үг. Тэд тогтмол шинэчлэгдсээр буй IG TV-ээр дамжуулан видео контентийн зах зээлд байр сууриа эзлэхийг оролдож буй билээ.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Такси дуудлагын стартап Lyft хүлээлт өндөртэй байсан IPO-оо амжилттай хийж, нээлттэй компани боллоо. 2012 онд үүсгэн байгуулагдсан Lyft 23 тэрбум долларын үнэлгээтэйгээр 2,3 тэрбум долларыг амжилттай босгосон бөгөөд нэгж хувьцааны үнэлгээ нь эхний өдрөө 9 хувийн өсөлттэй байжээ.

Түргэн хоолны сүлжээ ресторан McDonald's түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийж, Dynamic Yield нэртэй машин оюуны стартапыг 300 сая доллараар өөрийн болгосон байна. McDonald's тэдний тусламжтайгаар хэрэглэгчдийн датан дээр суурилан худалдан авалтыг илүү боловсронгуй болгох, дуртай багцуудыг нь урьдчилан санал болгох, машинтайгаа үйлчлүүлэх хугацааг хурдасгах зэрэг дэвшлүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

1888 онд байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн санхүү, бизнесийн чиглэлийн хамгийн нөлөөтэй медиад тооцогдсоор ирсэн Financial Times Азийн зах зээлд нэвтэрч байна. Тэд Азид дижитал орчинд хамгийн олон уншигчтайгаас гадна бизнесийн хүрээнийхэнд зориулсан эвент, арга хэмжээгээрээ алдаршсан Deal Street Asia-г худалдаж авч байгаагаа зарлалаа. 2015 онд Японы Nikkei-д 1,3 тэрбумаар зарагдсан FT үүнээс өмнө Европын технологийн чиглэлийн тэргүүлэгч медиа стартап The Next Web-ийг мөн өөртөө нэгтгээд байсан билээ.

AR технологид суурилсан нүдний шил, төхөөрөмж хөгжүүлэгч Израйль стартап InfinityAR-ийг худалдаж авч байгаагаа Alibaba зарлалаа. Энэ нь Alibaba-ийн төхөөрөмж үйлдвэрлэл, тэр дундаа AR болон VR технологи хөгжүүлэлтийн салбарт өрсөлдөх амбицын илэрхийлэл болж байна. Тэд энэ салбарт 2036 он гэхэд 100 сая ажлын байр үүсгэх зорилгоор DAMO Academy-ийг үүсгэн байгуулж, зөвхөн судалгаа хөгжүүлэлтэд 15 тэрбум доллар зарцуулна хэмээн мэдэгдээд байгаа юм. Сонирхуулахад, Alibaba энэ долоо хоногт Trello, Asana-ийн Хятад өрсөлдөгч Teambition-ийг худалдаж авчээ.

Л.Ди Каприо, 50 Cents зэрэг алдартнуудын хөрөнгө оруулсан стартап Casper 100 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татснаар 1,1 тэрбум долларын үнэлгээтэй боллоо. "Хамгийн тухтай гудас үйлдвэрлэгч" хэмээн тодорхойлогдсон Casper өнгөрсөн жил 373 сая долларын борлуулалт хийжээ. 2014 онд байгуулагдсан тус стартап ирэх жилд багтаан IPO хийхээр зэхэж байгаа бололтой.

Lyft-ийн амжилт араасаа Uber, Slack, Airbnb-г дагуулах учиртай

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дэлхий даяар 120 сая хувь борлуулагдсан Harry Potter-ийн цувралын маш ховор эхний хэвлэл дуудлага худалдаанд 90 мянган долларын үнэ хүрлээ. 1998 онд хэвлэгдсэн эхний ботийн уг хувилбар ердөө 500 хувь л гарч байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь уг хэвлэлийн хамгийн арын хуудсан дахь шидтэний зургийг дизайнер өөрийн төсөөллөөр зурсан гэгддэг бөгөөд дахин хэзээ ч ашиглагдаагүй аж.

Алдарт реппер Drake, Yahoo-ийн экс CEO М.Майер нар цахим спортын стартап Player's Lounge-д 3 сая долларын хөрөнгө оруулж байгаагаа зарлалаа. Уг стартап нь мэргэжлийн тоглоомчдыг хоорондоо тоглох, тулаан үүсгэх, тэмцээн зохиох боломжоор хангахын сацуу бооцоо тавих нэмэлтийг санал болгодог гэнэ.

1941 онд анх бүтээгдсэн цагаасаа хойш Disney-н хамгийн алдартай, хайр татсан дүрд тооцогдсоор ирсэн Dumbo-ийн шинэ кино бокс оффисийг 43 сая долларын борлуулалттайгаар тэргүүллээ. Алдарт Т.Бюртоны найруулсан уг кино 170 сая долларын төсвөөр хийгджээ. Өнгөрсөн долоо хоногийн лидер "Us" 38 сая долларын орлогоор 2-р байр луу уналаа. Гуравт бичигдсэн "Captain Marvel" энэ долоо хоногт дэлхий даяар 1 тэрбум долларын борлуулалтын босгыг давах төлөвтэй байна.

Холимог тулааны спортын нүүр царай, супер од Конор Мкгрегор зодог тайлж байгаагаа зарлалаа. 5 сарын өмнө Оросын тулаанч Х.Нурмагомедовт ялагдснаасаа хойш рингнээ гараагүй байсан тэрээр өдгөө 30 настай бөгөөд карьертаа 21 ялж, 4 ялагдан, UFC-г дэлхийн хэмжээний спорт болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. Эх сурвалжууд түүнийг UFC-ээс хувь эзэмших нөхцөлтэйгөөр эргэн ирэх тохироо хийхийг оролдсон ч бүтэлгүйтсэн хэмээн мэдээлж байна.

Монголын тамирчин Ц.Раднаа хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д үнэмлэхүй амжилт үзүүлж, дэлхийн дээд амжилтыг тогтоон алтан медаль хүртжээ. Өдгөө 85 настай тэрээр өөрийн насны ангилалд 400 метрийн зайд уралдан 1:20,65 секундын амжилт үзүүлж түрүүлсэн нь энэ юм. Польшийн Торун хотноо явагдаж буй мастеруудын ДАШТ-ээс Монголын багийн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн байна.

Урам зоригоор тэтгэж, сэтгэл огшоох гайхалтай ялалт!

алдалгүй унших арван мэдээ

The Verge: Microsoft 4-р сарын 1-ий хошигнолыг хориглохыг уриалж байна
Rolling Stones: "Хаан ширээний тоглоом"-той цуг өссөн нь
CNN: Украйны ерөнхийлөгчийн сонгуулийг комедиан тэргүүлж байна
Mashable: NASA дан эмэгтэйчүүдээс бүрдсэн задгай сансрын ажиллагааг цуцлав
The Hollywood Reporter: А.Жоли Марвелын супер баатар болох уу?
WSJ: Nintendo энэ онд багтаан 2 шинэ төрлийн Switch гаргана
Gogo: Эрүүдэн шүүсэн хэргийг гар зургаар
Guardian: Словак улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
Techcrunch: Ангараг дээр хөөрөх нисдэг тэргийг туршжээ
Variety: Matrix-ийн 20 жилийн ойд

10747   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.