Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   03 сарын 30, 2019

"Хөгжлийн тухай онолууд: Монголын хөрсөнд" номын тухай

Энэ удаа бид Дефакто институтийн ахлах судлаач А.Бат-Оргилын 2018 онд хэвлүүлсэн номыг онцолж байна. Тэрээр эдийн засаг, улс төрийн Инсайдер сэтгүүлд нийтлэлүүд бичиж байсан бөгөөд сүүлийн 10 жил тасралтгүй блог бичиж буй. Энэхүү номд хөгжил гэж юу болох, ямар онолууд байдаг тухай, хөгжлийн тухай ямар гол гол бүтээлүүд гарсан байдаг тухай системтэйгээр нэгтгэн бичиж, тэдгээр нь Монгол хөрсөнд хэрхэн буудаг тухай өгүүлжээ. Мэдээж зохиогч сүүлийн бүлэгтээ өөрийн үзэл санаа, шийдлүүдийг тусгасан байна. Энэхүү номын эдийн засаг, нийтлэлч Д.Жаргалсайхан "Хөгжлийн асуудлаар санаа зовниж байгаа бүх насны уншигчдын гарын авлага болох бүтээл" хэмээн үнэлжээ.

НОМЫН ТУХАЙ

"Хөгжлийн тухай яриа хэлэлцүүлэг, маргаан, нийтлэл олны анхаарлыг их татдаг ч өнөөдөр хөгжлийн талаар системтэй мэдлэг өгөх ном зохиол монгол хэл дээр тун ховор байна. Тиймд А.Бат-Оргилын энэ ном хөгжлийг сонирхдог олон хүнийг баярлуулах нь гарцаагүй."
Дангаасүрэнгийн Энхбат

"Залуу судлаач А.Бат-Оргил хөгжлийн тухай онолуудыг Монголын уншигчдад товч, тодорхой, системтэйгээр хүргэж байна. Энэ ном бол анхдагч гэдгээрээ тун ач холбогдолтой."
Дефакто Д.Жаргалсайхан

НОМЫН ХЭСГЭЭС

6.4 Шийдэл => Оролцоо

Энэ гурван том асуудлыг (популизм, авлига, сул төр) шийдэхэд миний бодлоор нэг л арга бий. Ерөөсөө л мэргэжилтнүүд болон иргэдийн идэвхтэй оролцоо. Өөрөөр хэлбэл салбар бүрд байгаа мэргэжилтнүүд нь өөрсдийн чиглэл бүрдээ оролцох явдал манай нийгэмд юу юунаас илүү дутагдаж байна. Энэ оролцоо гэдгээр би дөрвөн зүйлийг ойлгож байна.

Нэгт, улс төрд оролцох. Сүүлийн 28 жилд нийгэмд бий болсон нэг хүчтэй мессеж бол улс төр бол муу муухай. Тиймээс чи өөрийнхөө нэрийг цэвэр байлгахын тулд улс төрөөс хол бай гэх хандлага. Харин энэ вакумжсан орчинд хэн нь эрх мэдэлд хүрч байна вэ? Хамгийн мэдлэг, чадвар муутай бөхчүүд, дуучид, уяачид нь улс төрд буюу шийдвэр гаргах эрх мэдэлд очиж байна. Тиймээс вакум орчин бүү үүсгэ.

Хоёрт, төрийн албанд оролцох. Сингапурын эцэг буюу тэдний хөгжлийн моделийг тодорхойлогч алдарт Ли Куан Югээс Сингапурын хөгжлийн нууц юу вэ гэж асуусан чинь "Бид хамгийн чадварлаг хүнээ төрд ажиллуулсан" гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч Сингапурын төрд ажиллаж байгаа хүмүүсийн намтрыг сонирхоход тодорхой харагддаг. Төрд хамгийн чадварлаг хүмүүс ажилладаг байх нь бараг АНУ-аас бусад бүх өндөр хөгжилтэй орнуудын бичигдээгүй хууль юм. Тиймээс хамгийн мэдлэг, чадвартай мэргэжилтнүүдээ төрд ажиллуулдаг соёлыг бий болгох нэн шаардлагатай байна. Тэдгээр мэргэжилтнүүд нь ч өөрсдөө төрд ажиллахын төлөө зүтгээсэй.

Гуравт, оролцох гэдгээ би үгээ, үзэл бодлоо хэлэхийг ойлгодог. Хэрэв тухайн салбарын мэргэжилтэн л дуугарахгүй бол мэргэжлийн бус хүн тэр хоосон орон зайд нь тоглолт хийдэг. Харамсалтай нь Монголд мэргэжилтнүүд, хулчгар, аймхай байдаг. Тийм учраас илт буруу шийдвэрийг няцаах, буцаах боломжийг дандаа алддаг. Тэгээд хамгийн буруу шийдвэр нь биеллээ олж олон хүн хохироод тэр дундаа тэдгээр мэргэжилтнүүд өөрсдөө ч хохироод дуусдаг. Үүний жишээг Улаанбаатарын удирдлагуудын гаргаж байгаа дурын нэг шийдвэр дээр харж болно.

Дөрөвт, хуулийг боловсруулахад иргэд, ялангуяа мэргэжлийнх нь хүмүүс өргөнөөр оролцох хэрэгтэй байна. Хууль боловсруулж буй өнөөгийн нөхцлийг хараад байхад хүмүүс өөрсдөө тоохгүй байна шүү дээ гээд хаячихдаг тохиолдлууд их харагддаг. Тэр хуулинд хүмүүс оролцохгүй байна гэдэг бол тэр хууль одоохондоо хэрэггүй л гэсэн үг. Хууль гарсан ч хэрэгжихгүй байх магадлал өндөр. Та хөгжлийн нууцыг хууль, хууль, хууль гээд байх юм, тэр хууль чинь манайд хэрэгжихгүй байна шүү дээ гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрнандо Де Сотогоос асуухад: "Тэгэлгүй яахав. Тэр хуулиуд чинь дарга нарын гаргасан хуулиуд" гэж хариулсан байдаг.

199 дүгээр хуудас

11858   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.