Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   03 сарын 25, 2019

Онцлох төсөл: DSAM - Чин сэтгэл шингээн аз жаргалыг түгээнэ

Улаанбаатар хотын өөр хаанаас ч мэдрэхээргүй сэтгэл шингэж хайр ундарсан, нууцлагдмал газрыг өнөөдөр уншигч танаа танилцуулж байна. Энэ бол Монголын Дауны Холбооны даунтай хүүхдүүд, тэдний ээжүүдийн эрхлэн ажиллуулдаг кофе шоп. Энэхүү кофе шоп нь орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихвөл дауны синдромтой иргэд ажиллаж хөдөлмөрлөж, нийгэмдээ хувь нэмэр оруулаад явах бүрэн боломжтой гэдгийг харуулж буй, тэднийг нийгэмшүүлэх, харилцааны ур чадвараа ахиулахад томоохон нөлөө үзүүлж буй нийгмийн төсөл буюу хөдөлмөр сургалтын төв юм. Нээгдсэн цагаасаа хойш “Улаанбаатарын хамгийн найрсаг” гэх тодотголтой болоод буй энэ кофе шопоор та бүхэн заавал үйлчлүүлээрэй. Тэдний таныг гэсэн үнэн сэтгэл нь, гэгээн цагаахан тэмүүлэл нь бас аз жаргалыг бэлэглэх чин хүсэл нь таны сэтгэл санаа ямар ч байсан дулаацуулж, ямарваа нэгэн зүйл хийх хүсэл, урам зоригийг тань бадраана гэдэгт итгэлтэй байна.

Үйлчилгээний нэр: Хөдөлмөр сургалтын төв/ Монголын Дауны холбоо
Үүсгэн байгуулагдсан он: 2018.09.24
Үүсгэн байгуулагч: Монголын Дауны Холбоо, төслийн зохицуулагч Ж. Баттогоо, төслийн удирдагч Б. Батцэцэг
Ажилтны тоо: 10 сурагч, 10 сургагч ээж
Байршил: Улаанбаатар зочид буудлын чанх урд байрлах Зориг Сангийн хашаанд
Сошиал хуудас: Монголын Дауны холбоо

Баттогоо эгч энэ төвийн үйл ажиллагааг хариуцдаг. Түүний охин Болороо саяхан "Нарны хүн" нэртэй богино хэмжээний бүтээлд дүр бүтээжээ. Харин хажууд нь хань болон суух залуу олон ангит кино үзэх дуртай гэнэ шүү.

КОФЕ ШОПЫН САНААГ АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Дэлхийн олон оронд оюуны ялгаатай хөгжилтэй, дауны хам шинжтэй хүмүүс үйлчилгээний салбарт ажиллах нь элбэг байдаг. Дауны синдромтой хүмүүс цэцэрлэгийн насанд болон насанд хүрэх хүртлээ нийгэмшээд явахад асуудалгүй байдаг ч сургуульд явахаа больсны дараагаар нийгэмших нь хэцүү болдог. Иймд насанд хүрсэн дауны синдромтой залуусыг нийгэмшүүлэх, тэдэнд шаардлагатай харилцааны ур чадварыг өгөх зорилгоор анх хөдөлмөр сургалтын төвийн төслийг эхлүүлсэн. Хүмүүс манайхыг кофе шоп гэж хараад байдаг, угтаа бол хөдөлмөр сургалтын төв байгаа юм.

Монголын Дауны Холбоо байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Хөдөлмөр сургалтын төвд Дауны холбоонд харьяалалтай дауны синдромтой насанд хүрсэн 10 залуусыг хөдөлмөрийн болон нийгмийн харилцааны ур чадварт сурган, мөн тэдний 10 ээжийг сургагч багшаар бэлтгэж байна. Ажиллах тохиромжтой орчинг нь бүрдүүлээд өгвөл дауны синдромтой залуус эелдэг зөөлөн, харилцах ур чадвар сайтай учир үйлчилгээний салбарт илүү амжилттай ажиллаж чаддаг. Даунтай хүмүүсийн нэг илүү хромосом нь мартаж санах, тархины удаашралд оруулдаг шинж чанартай тул нийгмийн ажил тасалдаад идэвхгүй болоход тэр нь даамжирдаг. Тиймээс харилцааны салбарт ажиллах нь илүү давуу талтай байдаг хэрэг.

Одоогоор Монголд дауны синдромтой залуусыг шууд ажлын байран дээр дадлагажуулаад ажилд авах ажлын байр байхгүй байна. Хөдөлмөр сургалтын төслийн гол зорилго нь даунтай 10 залуусыг ажлын байранд гаргаж зуучлах юм. Шангри-ла зочид буудалтай хамтын ажиллагааны хүрээнд залуусаа ажлын байран дээр дагалдуулж зуучлаад 4 дэх жилтэй золгож байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хөдөлмөр сургалтын төсөлд Мицубиши корпорац 50 сая гаруй төгрөгийг хөрөнгө оруулснаар төсөл маань хэрэгжих болсон.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД ЮУ ВЭ?

Кофе шопын дотоод консепт их онцлогтой. Дауны холбоонд гишүүнчлэлтэй охины аав нь кофе шопыг тохижуулж өгсөн. Даунтай хүүхдүүдийн мөн чанар нь байгалиараа, юмыг шууд утгаар нь хүлээн авдаг буюу илэрхийлдэг, ямар нэгэн “баггүй” байдаг. Тиймээс хүүхдүүдийнхээ мөн чанарыг илэрхийлэхийн тулд дотоод тохижилтыг нь аль болох байгалийн гаралтай материалаар хийхийг зорьсон.

Манай залуус кофе шоптоо байх маш дуртай. Ажилдаа явлаа, ирлээ, харилаа гэж хэлээд л бөөн баяр явж байдаг. Сарын эцэст урамшуулал хүүхдүүддээ өгдөг юм. Тэр үед хоолонд оруулъя, дайлъя гээд л эхэлнэ. Нэг охин маань урамшууллын мөнгөө цуглуулж байгаад дүүгээ балетын сургалтад явуулах зорилготой байгаа. Хүүхдүүд маань хүнд туслах дуртай, зорилгууд нь дандаа бусдын төлөө байдаг. Хүний төлөө төрчихсөн юм шиг л байдаг шүү.

Долоо хоногийн 5 дахь өдөр бүр дотооддоо мэргэжлийн сургалтыг сургагч ээж нарт ордог буюу эргээд ээжээр нь дамжуулан хүүхдүүдээ сурдаг. Хүүхдүүд маань маш сайн, хурдан ойлгож суралцаж байна. Бид нарын төсөөлж байснаас ч илүүгээр үр дүн нь ил харагдаж байна.

Америкт амьдардаг Бямбасүрэн үргэлж л Монголд үлдсэн найзуудаа санасаар буцаж ирдэг. Ахлах сургуулиа төгсөөд ЭЕШ өгсөн, түүхийн ном унших дуртай, боулингаар хичээллэн олон улсын тэмцээнд оролцдог гээд түүнийг онцлох зүйл бишгүй

ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ? 

Манай үйл ажиллагааны гол үнэт зүйл бол гэр бүлийн оролцоо. Холбооны хийж байгаа бүх төсөл хөтөлбөрүүдийн гол цөм нь, бидний хамгийн их итгэл найдвар тавьдаг зүйл бол манай хүүхдүүд. Манай хүүхдүүд ямар нэг байдлаар хар буруу санадаггүй, өөрсдийнхөөрөө байж, хаана ч гэсэн аз жаргал түгээж байдаг. Тэд маань нийгмийн амьдралд эрх тэгш оролцож, нийгмийн хөгжилд тэгш хувь нэмрээ оруулж чадах хүмүүс.

АЛСЫН ХАРААГ ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Монголын Дауны Холбоо бол нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Монгол улсад одоогоор холбоонд бүртгэлтэй 353 гэр бүл байна. Бүх нийтэд хүртээмжтэйгээр хүрч чадахгүй байна гэж үзэж байгаа. Манай холбооны эрхэм зорилго бол даунтай иргэн бүр татвар төлөгч болох юм. Даунтай хүүхэд бүр төрсөн цагаасаа эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүртэх, суралцах, нийгэмд оролцох, хөдөлмөрлөх бүх эрхээ тэгш эдэлдэг байх ёстой.

Саяхныг хүртэл дауны синдромтой хүмүүст зориулсан асаргааны мөнгө байдаггүй байсан. Одоо харин оюуны бэрхшээл гэж тооцогдож нийгмийн хамгааллын хуулиараа мөнгөн тэтгэмж авч, эцэг эх нар нь ч асаргааны мөнгө авдаг болсон. Төрийн бус байгууллагын хувьд бидний хүчин чадал, хүний нөөц хязгаарлагдмал. Бидний олон жил голлон төвлөрч ажилласан зүйлийн нэг бол бодлогын нөлөөллийн ажил байсан. Төр солигдохоор залгамж халаа байхгүйгээс өөрчлөгддөг талтай. Одоог хүртэл хийж буй ажил төсөл бүрээрээ энэ асуудлыг төрд ойлгуулах, дуу хоолойгоо хүргэхийг хүсэж ирсэн. Одоогийн ажлууд дээрээ ч төртэй хамтран бодлогын түвшинд алслагдмал, хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдэд хүртээмжтэйгээр хүрч ажиллахыг зорьж байна.

ХИЙЖ БУЙ АЖЛЫНХАА ЭЕРЭГ САЙН БОЛООД БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛЫГ ХУВААЛЦВАЛ? 

Дауны холбоо бол эцэг эхчүүдийн байгууллага. 2018 онд хөдөлмөр сургалтын төвөө байгуулахад, мөн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал байсан. Бидний мэдэхгүй асуудлууд олон гарна. Удирдах зөвлөл шийдэх ёстой гэсэн хандлагатай эцэг эхчүүд ч байдаг. Дауны синдромтой хүүхдүүдийн эрхийг нь хамгаалж явахад гэр бүлийн оролцоо маш чухал. Асуудал гэж харахаас илүү амьдралд тулгардаг нэг асуудлыг шийдээд хувь нэмэр оруулаад, зам тавиад явж байна гэж харах нь бидний үнэт зүйл, зарчим.

Бид өөрийгөө үнэхээр азтай хүмүүс гэж боддог. Манай хэд зүгээр байхад л нуруу бариад өгье, юу уух уу, юу идэх үү, ядарч байна уу гэх зэргээр санаа тавиад халамжлаад л байна шүү дээ. Бидэн шиг ийм ажлын байрны давуу талтай, жаргалтай хүмүүс Монгол улсад лав байхгүй гэж бодож байна (инээв).

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Кофе шоп үүдээ нээсэн цагаас хойш, бид нарыг ч мэдээгүй байхад хамгийн найрсаг кофе шоп гэсэн нэршилтэй болчихсон байсан. Залуус маань бүгд сендвич, кофегоо сайн хийдэг болсон. Кофений үйл ажиллагаан дээрээ бид суралцаад сайжраад л явж байна. Үйлчлүүлэгчдийг найрсгаар угтах, үдэхийг бол төгс сайн хийдэг шүү.

Энхжин охин кофе хийж эхлээд удаагүй байгаа ч аливааг сурч мэдэх гэсэн хүслээрээ ихэд хурдан мэргэшиж чадсан гэдэг нь бидэнд зориулан нэрсэн кофены амтнаас нь л мэдэгдэж байлаа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? 

Анх хөдөлмөр сургалтын төвийн зорилго нь дауны синдромтой залуустаа шаардагдах ур чадварыг олгоод ажилд зуучлах байсан. Үйл ажиллагааны явцад манай хүүхдүүд өөрсдийн кофе шоптой болоод ажиллуулмаар байна гэсэн санааг гаргасан юм. Ийнхүү бид оюуны хөгжлийн ялгаатай залуусын ажиллуулдаг анхны кофе шопыг нээх зорилготой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэхэд ч хүртээмжтэй, бүх л талаар нээлттэй, жишиг үйлчилгээний газар нээх хүсэлтэй байна.

Ээжүүд маань 20 гаруй жилийн турш хүүхдүүдээ асраад бүх амьдралаа зориулаад явж байгаа хүмүүс. Кофе шоптой болсноор ээжүүд ч давхар ажилтай болох юм. Мэдээж бизнес эрхэлж үзээгүй хүмүүс учир менежмент хийх, санхүүгийн төлөвлөгөө гаргах, хамтын ажиллагаа хариуцах гээд олон шинэ бэрхшээл гарч ирнэ. Кофе шопын үйл ажиллагаа талаас Монголын Баристагийн Холбоо зөвлөн хамтрахаар болсон. Нийгэмд чиглэсэн (social enterprise) бизнес явуулах боломжтой гэж үзэж байгаа ч менежментийн тал дээр хамтрах баг хайж байна. Эхлүүлэх амархан ч бизнесийн орчинд яаж авч явах вэ гэдэг маш чухал шүү дээ. Одоогоор кофе шопоо нээх байршлаа олчихсон, төслөө бичих үе шатандаа явж байна. Энэ ондоо багтаад нээхээр төлөвлөж байна даа.

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?

Хамгийн их авдаг бүтээгдэхүүн гэвэл каппучино. Үйлчлүүлэгчид маань ирээд олон цагаар сууж ажлаа хийнэ, манай залуустай ч яриа өрнүүлнэ. Манайх хаачихсан шүү гэж хэлж байж явуулдаг зочидтой болсон.

Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн маань гэвэл манай залуусын "найрсаг үйлчилгээ" гэж хэлж болно.

ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨРТ 

Дэлхий нийтээр жил бүр 3-р сарын 21-ний өдрийг Дауны өдөр болгон тэмдэглэдэг билээ. Хүний 21 дүгээр хос хромосом гурамсан хромосом байх тохиолдолд дауны синдром үүсдэг байна. Ийм учраас 21-ны өдрийг дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг таниулах, дэмжих зорилгоор тэмдэглэдэг.

Ташрамд дуулгахад, энэ сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо оюуны хөгжлийн ялгаатай хүмүүсийн тусгай олимпын зуны наадам болж өнгөрсөн бөгөөд энэхүү наадамд монгол тамирчид маань тун амжилттай оролцсон билээ.

Даунтай хүмүүс бол өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой, амьдрах арга барилтай л болохоос бүх хүнтэй адил хөдөлмөрлөх, амьдрах, хайр мэдрэх эрхтэй билээ. Тийм ч учраас даунтай иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэхээс илүү “ялгаатай хөгжилтэй” гэж хүлээн авч, ялгарвалгүй харилцаж, энэ нэршлийг ашиглаж байгаарай хэмээн уншигчдадаа уриалж байна. Та бүхэн энэхүү кофе шопоор байнга үйлчлүүлж, нийгэмд ээлтэй энэ бизнесийг дэмжээрэй.

28080   2


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Б. Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.