Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 24, 2019

7 хоногийн тойм: Тоглоомын Нетфликс + Нурсултан хот + Ухаарсан Британичууд

Ковер зургийн тайлбар: Сая гаруй иргэд Brexit-ийг эсэргүүцэн жагслаа

Онцлох

Google өдрөөс өдөрт өргөжин тэлж буй видео тоглоомын зах зээлд нэвтэрч байгаагаа зарлалаа. Тэд дэлхийн хамгийн том тоглоом хөгжүүлэгчдийн цугларалт GDC-ийн үеэр өөрсдийн шинэ платформ болох Google Stadia-ийг танилцуулсан нь ихээхэн ач холбогдолтой мэдээ байв. Stadia-г товчоор тайлбарлавал ямар нэгэн төхөөрөмж ашиглахгүйгээр дуртай тоглоомоо тоглох боломжийг олгох "видео тоглоомын нетфликс" гэсэн үг.

Одоо та тоглоом тоглож, стриминг хийхэд сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий өндөр үнэтэй компьютертэй байх шаардлагагүй болж байна. Танд зөвхөн өндөр хурдны интернэт байхад л хангалттай. Уг платформыг утас, компьютер, таблет зэрэг бүх төхөөрөмж дээр ашиглаж болно.

Онлайн шууд дамжуулалт хийдэг тоглоомчдод ч энэ төхөөрөмж "хувьсал" авчрах учиртай. Эхний ээлжинд стримерүүдэд 4K дүрсний нягтшилтайгаар 60fps-ийн стрим дамжуулах боломжийг санал болгож, цаашлаад 8K дүрсний нягтшилтайгаар 120fps-ийн стрим дамжуулах боломжийг удахгүй олгоно гэх өгүүлбэр Google ямар том үсрэлт хийснийг тодорхой харуулна. Энэ үзүүлэлт нь одоогийн өндөр чанартайд тооцогддог стримүүдийн үзүүлэлтийг хэд дахин нугалсан хэмжээ билээ.

Одоогоор Google ямар тоглоом бүтээгчид Stadia-д нэгдсэнийг зарлаагүй байгаа. Гэхдээ Assassin’s Creed: Odyssey, Doom: Eternal зэрэг хэд хэдэн тоглоомууд аль хэдийн платформ дээр нэмэгдэх нь тодорхой болоод байгаа гэнэ. Гэвч Microsoft, Nintendo, EA зэрэг салбарын гигантууд үүнийг хэрхэн хүлээн авч, бусад төхөөрөмжүүд, платформуудтай хэрхэн хавсран ажиллах нь тодорхойгүй л байна. Сонирхуулахад Amazon мөн ижил стриминг платформ дээр ажиллаж байгаа тухай зарим эх сурвалжууд мэдээлсэн байдаг.

Google Stadia-д зориулан контроллер буюу тоглоомын гар дээр ажиллаж байгаа гэнэ. Мөн уг платформ нь ухаалаг туслагч Google Assistant-тай нийцэн ажиллана. Энэ ондоо багтан хэрэглэгчдэд хүрэх Stadia-ийн үнэ одоогоор тодорхой болоогүй байна.

Polygon: Google Stadia-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс

Тоглоомын шинэ эринд тавтай морил!

Дэлхий дахинд

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарласан нь гэнэтийн мэдээ байв. ЗХУ-аас салан тусгаарласнаас хойш буюу сүүлийн 29 жилийн турш Казахстаныг удирдсан тэрээр ард иргэдийн дунд нэр хүнд өндөр, эдийн засгийн өсөлт ч хурдацтай нэмэгдэж буй үед суудлаа орхиж байна. 78 настай түүний орыг 2020 онд явагдах сонгууль хүртэл К.Токаев түр орлон гүйцэтгэх болжээ. Үүний дараагаар Токаев нийслэл хот Астанагийн нэрийг Нурсултан болгон өөрчлөх санаачилга гаргасан нь дэмжигдсэн байна.

Их Британийн улс төрийн нөхцөл байдал тун төвөгтэй байдалд байна. Тэдний Европын холбооноос гарах тов энэ долоо хоногт тохиож буй. Гэвч парламентын дэмжлэг авч чадахгүй байгаа Т.Мэй энэ хугацааг 3 сараар хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар Европын холбоо 4-р сарын 12 гэсэн шахуу хугацааг гаргаж өгөөд байгаа юм. Түүний засгийн газар хоёр хуваагдаж, улмаар Мэй огцорч, ажлаа өгөхөөс өөр аргагүй нөхцөл үүсэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ хооронд Лондон хотноо сая сая иргэд бүх нийтийн санал асуулгыг ахин хийхийг шаардаж эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Vox: Brexit-ийн эсрэг жагсаалыг 19 зургаар

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас нөлөөлсөн байж болзошгүй хэргийг шинжилж байсан тусгай ажиллагаа дуусаж тайлангаа хүлээлгэн өглөө. Холбооны Мөрдөх Товчооны даргаар ажиллаж байсан Р.Мюллер энэ ажиллагааг бараг 2 жилийн турш удирдан, 48 сая долларын төсөв зарцуулсан юм. Олон нийтийн анхаарлын төвд байсан уг тайлан бүтнээрээ ил гараагүй байгаа ч ерөнхий прокурор В.Баррын мэдээлснээр "ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын засгийн газрын хооронд ямар нэгэн холбоо сэжим байгаа гэсэн үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй" гэсэн дүгнэлт гарчээ. Үүнтэй холбоотойгоор Трампын кампанит ажилд оролцож байсан хэд хэдэн хүн мөнгө угаасан, худал мэдүүлэг өгсөн зэрэг шалтгааны улмаас ял аваад байсан юм.

Alibaba болон Tencent тэргүүтэй Хятадын топ технологийн компаниуд 1.5 тэрбум долларын үнэлгээтэй такси дуудлагын шинэ үйлчилгээ эхлүүлж байгаагаа зарлалаа. 23 тэрбумаар үнэлэгдсэн Хятадын такси дуудлагын зах зээлийн 90 хувийг Didi дангаараа эзэлдэг. Softbank, Uber-ийн гол хувьцааг нь эзэмшдэг тус компанийн ноёрхлыг унагах санаархал CCA нэртэй уг нэгдэлд байгаа юм.

Европын холбоо цахим сурталчилгаа байршуулалтын зах зээлд шударга бус өрсөлдөөн үзүүлсэн үндэслэлээр Google-ийг 1.7 тэрбум еврогоор торголоо. Энэ нь түүхэнд гуравт орох үзүүлэлт бөгөөд өмнө нь мөн л Google Андройд үйлдлийн систем болон онлайн худалдааны зах зээл дэх давуу байдлаа ашигласныхаа төлөө 4 ба 2 тэрбум еврогоор тус тус торгуулж байв.

Казахстаны ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэр олныг алмайруулав.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Apple iPad-ийн шинэ загваруудаа танилцууллаа. Тэд 2015 оноос хойш шинэчлээгүй байсан iPad Mini-ийн илүү хүчтэй, 399 доллараар зарагдах шинэ хувилбараа гаргалаа. Мөн 10.5 инчийн дэлгэцтэй, Pro-той ижил A12 чиптэй iPad Air гэсэн шинэ модель гарч байна. Уг таблет 499 долларын үнэтэйгээр борлуулагдах аж. Үүнээс гадна тэд AirPods чихэвчийнхээ шинэ хувилбарыг танилцуулсан байна. Төхөөрөмж хоорондын шилжилт хийх хурд 2 дахин нэмэгдэж, батерей нь 50 хувиар сайжирсан хэмээн онцолж буй уг утасгүй чихэвчийн үнэ 159 доллар байх гэнэ.

Instagram апп дотроо худалдан авалт хийх боломж олгох "Checkout" нэмэлтээ АНУ-ын зах зээлд нэвтрүүллээ. Adidas, Warby Parker, Kylie Cosmetics зэрэг 20 гаруй брэндтэй хамтран эхлүүлж буй уг нэмэлтийн хүрээнд хэрэглэгчид зураг дээр байршсан хувцас, хэрэгслүүд дээр даран, улмаар маш хялбар байдлаар бүтээгдэхүүнээ захиалах боломжтой болж байна. Энэ нь Instagram-д орлогын цоо шинэ нэмэлт эх үүсвэр бий болгоно хэмээн экспертүүд үнэлж байгаа юм.

Uber Арабын хойг дахь гол өрсөлдөгч Careem-ийг 3.1 тэрбумаар үнэлэн худалдан авч байна. Дубайд төвтэй Careem 2012 онд байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлийн хөрөнгө оруулалтынхаа дараагаар 2 тэрбум доллараар үнэлэгдээд байсан юм.

Норвегийн нийслэл Осло хот гол замууд дээрээ вайрлес буюу утасгүй цэнэглэгчид байршуулах болсноо зарлалаа. 2023 он гэхэд бүх автомашинаа цахилгаан болгох зорилго тавьсан тус хот бүх таксигаа цахилгаан болгож эхэлсэн бөгөөд тусгай хүлээн авагчийн тусламжтайгаар замд явахдаа цэнэглэх боломжоор хангах аж. Их Британи, Франц улсууд ижил зорилгод 2040 он гэхэд хүрнэ гэдгээ мөн мэдэгдээд байгаа билээ.

Facebook мессенжерт харьцаж буй хүмүүсийнхээ бичсэнийг эшлэн хариу бичдэг нэмэлтийг туршиж байна. Энэ нь олон хүн орсон групп чатуудад их хэрэг болдог нэмэлт бөгөөд илүү цэгцтэй харилцан яриа өрнүүлэхэд хэрэг болно хэмээн найдаж байгаа юм.

Илүү цэгцтэй мессенжердэх үү?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

1853 онд үүсгэн байгуулагдсан жинсний зах зээлийн хамгийн алдартай брэнд Levi's нээлттэй компани боллоо. 6.7 тэрбум долларын үнэлгээтэйгээр 677 сая долларыг босгож буй тус компанийн хувьцааны үнэлгээ эхний өдрөө 30 хувиар өссөн байна. Тэд босгосон хөрөнгөөрөө Хятад, Бразил зэрэг хөгжиж буй зах зээл рүү нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Германы хамгийн том банкууд болох Deutsche Bank, Commerzbank нэгдэх хэлэлцээрээ албан ёсоор эхлүүллээ. Гэрээний үр дүнд 150 мянган ажилтантай, 1.9 триллион еврогийн хөрөнгөтэй аварга санхүүгийн институт үүсэх учиртай. Дэлхийн санхүүгийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхийн тулд хэмээн тайлбарлаж буй энэхүү хэлэлцээрийн дараагаар 2 банкны хувьцааны үнэлгээ мэдэгдэхүйц өсөж эхэлсэн байна.

Америкийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт хийгдэж, FIS Wordpay-ийг 43 тэрбум доллараар өөрийн болголоо. Цахим шилжүүлэг, дижитал төлбөр тооцооны шийдлийн технологиор дагнасан энэхүү нэгдэл жилд 12 тэрбум долларын борлуулалттай, дэлхийн санхүүгийн зах зээлийн топ тоглогч болон өргөжиж байгаа нь энэ.

Америкийн хөрөнгийн зах зээл технологийн компаниудын нөлөөгөөр тун завгүй байна. Энэ долоо хоногт такси дуудлагын зах зээлийн топ тоглогчдын нэг Lyft IPO-ийн арилжаагаа эхлүүлж байгаа. Өнгөрсөн жил 2.2 тэрбум долларын борлуулалт хийсэн тус стартап 23 тэрбум долларын үнэлгээтэйгээр 2 тэрбум доллар босгож байна. Тэдний гол өрсөлдөгч Uber 4-р сарын эхээр нээлттэй компани болохоор төлөвлөж байгаа билээ.

265 сая хэрэглэгчтэй сошиал медиа стартап Pinterest NYSE-д 4-р сарын эхнээс арилжаалагдаж эхлэх IPO-ийн өмнө санхүүгийн тайлангаа гаргалаа. Өнгөрсөн онд орлогоо бараг 2 дахин өсгөж 755 саяд хүргэсэн Pinterest 12.3 тэрбум доллараар үнэлэгдэж, 1.5 тэрбум доллар босгоно. Тэгвэл видео дуудлагын апп Zoom мөн нэмэх үзүүлэлттэй тайлангаа гаргаж, ирэх сард хийх IPO-ийн танилцуулгаа эхлүүллээ. 2011 онд байгуулагдсан Zoom-ийг Fortune 500-ийн компаниудын 50 хувь нь ашигладаг гэнэ.

NYSE зөвхөн Levi's-д зориулан жинстэйгээр индэр дээр гарахыг зөвшөөрсөн гэнэ шүү :P

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

"Get Out" бүтээлээрээ Оскарын шагнал хүртсэн найруулагч Ж.Пийлийн 2 дахь кино "Us" нээлтийн долоо хоногтоо бокс оффисыг тэргүүллээ. 70 сая долларыг зөвхөн Америкийн зах зээлээс олсон нь шинжээчдийн таамгаас хавьгүй давсан амжилт болсон бөгөөд "Captain Marvel"-ийг 2-р байр луу унагав. Гэхдээ Марвелийн хамгийн хүчирхэг баатруудын нэгийн түүх одоогоор дэлхийгээс 900 гаруй сая долларыг цуглуулаад байгаа юм. 3-р байрт "Wonder Park" оржээ. Сонирхуулахад, 20 сая долларын төсвөөр бүтсэн "Us" хамгийн амжилттай дебют хийсэн аймшгийн кино болж, "A Quiet Place"-ийг давжээ.

2013 оноос хойш Warner Bros-ийн CEO-оор ажиллаж байсан Кевин Цужихара үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Хэдий энэ шийдвэр AT&T болон WarnerMedia-ийн нэгдлийн хүрээнд явагдаж буй мэт боловч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өөр үндэслэлтэй гэнэ. К.Цужихара өөрийн эрх мэдлийг ашиглан дотно харилцаатай байсан жүжигчин Ш.Киркд дүр олгодог байсан тухай баримт өнгөрсөн сард ил болсон билээ.

Netflix зарим зах зээлд зориулан зөвхөн гар утсаар үзэхэд зориулсан хямд үнэтэй гишүүнчлэлийг туршиж байна. Тэд Энэтхэгт сарын 3 долларын үнэтэй үйлчилгээгээ гаргасан нь үндсэн үнээс нь яг 2 дахин хямд юм. Netflix стриминг зах зээлийн өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд хөгжиж буй орнуудын зах зээлийг онилон, дэвшилтэт саналуудыг туршсаар байгаа билээ.

Мэргэжлийн сумогийн 3-р сарын башёд их аварга Хакухо нэг ч унаагүйгээр түрүүлж 42 дэх удаа цом гардлаа. 34 настай ёкозүна сүүлийн өдөр нутаг нэгт Какүрюү М.Анандыг давсан юм. М.Даваажаргал 15 дахь удаагаа нэг ч унаагүй төгс барилдааныг харуулан түрүүлж байгаа нь энэ. Түүнтэй өөр нэг Монгол бөх Ичиножо хүчтэй өрсөлдөөн үзүүлж, 14 даваа 1 унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Дэлхийн хамгийн том хөгжмийн студиудын нэг Warner аяз зохиодог хиймэл оюунтай албан ёсны гэрээ байгууллаа. Eden нэртэй уг апп нь хэрэглэгчдийн хүсэлтээр мэдрэмж, сэтгэл санааны байдалд нь тааруулсан хөгжим зохиож өгдөг технологи юм. Тэгвэл Warner уг технологийг нийтэд зориулсан хөгжим бүтээхэд ашиглан, энэ жилдээ 20 цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ж.Пийлийн ээлжит сенсац: US!

алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Apple-ийн эвентээс юу хүлээх вэ?
Variety: Жон Сноу aka Kит Харрингтоны аялал
The Verge: Microsoft-ийн шинэчлэгдсэн броузер Edge-ийг туршвал...
Vox: Youtube хэрхэн тоглоомын талаарх ойлголтыг өөрчилж байна вэ?
CNN: Норвегийн хөлөг онгоцыг аврах ажиллагаа явагдлаа
NYTimes: В.Путин хэр хүчтэй вэ?
Recode: Facebook ахиад л дата асуудалд орооцолдсон уу?
BBC: 500 сая жилийн настай олдвор олджээ
Reuters: Итали Хятадын "Шинэ Торгоны зам" төсөлд нэгдлээ
Atlantic: Яагаад миллениалууд Uniqlo-д дуртай байдаг вэ?

11439   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.