Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 20, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Премьер Тайлор ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Зориг

Өнөөдрийн дугаартаа бид хувцас загварын зах зээлд тун амжилттай яваа нэгэн залуу энтрепренерийг урилаа. Тэр бол Премьер Тайлор ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Зориг юм. Тэрээр 2007 онд Сант сургуулийг төгсөж, 2012 онд АНУ-ын Миннесато мужийн Сколастика коллежийг бизнесийн менежмент, маркетингийн мэргэжлээр төгсжээ. Монголдоо ирээд MCS компанид нэг жил ажиллаад өөрийн сонирхлын дагуу хувцас загварын бизнес эхлүүлсэн нь өдгөө өөр өөр концепт бүхий 3 дэлгүүртэй, эрчүүдийн хувцаслалтын соёлыг түгээн олон олон залууст таниулж буй нэр хүндтэй компани болтлоо өргөжжээ. Т.Зориг Forbes Mongolia сэтгүүлийн шилдэг залуучуудыг тодруулдаг "30 хүртэлх 30" жагсаалтад багтаж байсан бөгөөд ажилдаа дурлан чин сэтгэлээсээ, тууштай хийвэл амжилтад хүрдгийн жишээ болсон нэгэн билээ.

Байршил: Улаанбаатар
Эрхэлж буй ажил: Премьер Тайлор ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone X Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 13'
Сошиал хуудсууд: Zorig Tumennasan (Фэйсбүүк), Zorig Tumennasan (Инстаграм)

ТА ЭХЛЭЭД КОМПАНИА ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Премьер Тайлор компаниа 2013 онд байгуулж, манайд цоо шинэ үйлчилгээ болох үйлчлүүлэгчээс биеийнх нь хэмжээг авч захиалгаар хослол хийх үйлчилгээг эхлүүлсэн. 2014 онд манайх хотын төв рүү нүүхдээ Made2Measure, BeSpoke гэгддэг биед таарсан захиалгын хослолын үйлчилгээг бүрэн утгаар нь хийж эхэлсэн юм. Манай компанийн логоны доор Sartoria гэсэн үг байдаг. Энэ нь гар аргаар хийсэн, гоёмсог хэлбэр дизайнтай хувцсыг хэлж буй концепт юм. Тэр үеэс бид компаниа Sartorial Multibrand болгон хөгжүүлж, энэ чиглэлийн тэргүүлэх брэндүүдийн бүтээгдэхүүнийг авчирч, үндсэн үйлчилгээнийхээ хажуугаар борлуулах болсон юм. Ингээд 3 жил ажиллаад тансаг зэрэглэлийн зах зээл рүү орох боломжтой гэж үзээд ямар брэнд оруулж ирэх вэ гэдэг судалгаа хийсэн. Тэр дундаа дэлхийн шилдэг урчуудын байрладаг Итали Наполи хотын брэндүүдийг судалсан юм. Тэгсэн Isaia брэнд АНУ-ын хамгийн чинээлэг давхаргынхны дунд хийсэн судалгаагаар 2014 онд бусдад хамгийн их санал болгодог брэндээр, 2016 онд хамгийн өндөр өсөлттэй брэндээр шалгарсан байсан. Isaia нь үйлчлүүлэгчдэдээ яг л эрчүүдийн клубээр үйлчлүүлж буй мэт мэдрэмжийг өгдөг, хэрэглэгчийн үйлчилгээгээрээ онцгой. Үйлчлүүлэгчид нь VIP өрөөнд чөлөөтэй уулзалт хийж болдог, баарнаас чөлөөтэй юм аваад ууж болдог гэх мэт. Тэгээд хамгийн гол нь хэдий олон улсын зах зээлд гараад 30 жил болсон ч Наполидоо гэр бүлийн бизнес хэвээрээ, гэр бүлийн гишүүд нь бизнестээ маш хайртай, идэвхтэй оролцдог нь таалагдсан юм. Ингээд бид 2016 онд албан ёсны эрхийг нь авч Isaia брэндийг Шангрилад нээсэн.

Тэр үеэр бас залуучууд цуглаад хөгжилдөхөд тохиромжтой, залуулаг загваруудтай, үнийн хувьд ч боломжийн L'uomo дэлгүүрээ 2016 оны сүүлээр Оросын элчингийн баруун талд нээсэн. Ингээд одоо компани маань өөр өөр концепт бүхий 3 дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Манай багийнхан үйлчилгээний салбарт ажилладаг учраас асуудлыг дор дор нь шийдвэрлэх чадвартай байх ёстой. Тийм ч учраас би ажилтнууддаа аль болох шийдвэр гаргах эрх мэдэл өгөхийг хичээж, өөрөө компанийн өсөлт хөгжил, алсын хараатай холбоотой шийдвэрүүдийг гаргахыг илүү эрмэлзэж байна. Надаас хамаарах асуудлуудыг харин маш хурдан шийдээд явахыг хичээдэг.

Өглөө ажилдаа голдуу 9-10 цагийн хооронд ирээд орой 20 цаг хүртэл ажилладаг. Өглөө компанийнхаа ажлын явц, борлуулалттай танилцан ажлаа эхлүүлдэг. Ерөнхийдөө өөрийн цагаар ажиллана гэж үгүй. Үйлчлүүлэгчдийнхээ цагийг нэгдүгээр тавьдаг. Тэгээд үйлчлүүлэгчидтэй хийх уулзалтуудын хооронд бичиг цаас, аж ахуйн ажлуудаа хийдэг.

Бид ажлаа жилээр нь төлөвлөдөг. Гэхдээ төлөвлөгөөт ажлаа нийт ажлын 60 хувь байна гэж тооцоолдог. Учир нь төлөвлөгөөгүй ажлууд нэлээн их гарч ирдэг. Гаргасан төлөвлөгөөндөө ч бас уян хатан байж, гэнэт гарч ирэх боломжуудад бэлэн байхыг эрмэлздэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Гадаад харилцагч, түншүүдтэйгээ имэйл харилцаа сайн хийх нь чухал байдаг. Би имэйлдээ iPhone-ийн апп болон Outlook-ийг ашигладаг. Сошиал медиагаас Фэйсбүүк, Инстаграмыг хэрэглэж байна. Мэдээж банкны апп-ууд бий. Гадагшаа явах үедээ Booking, Airbnb зэрэг аяллын аппуудыг их ашигладаг. Мөн замын түгжрэлийг үр дүнтэй ашиглах зорилгоор сүүлийн үед Podcast, Audio Books апп-уудыг сайн ашиглаж байгаа шүү.

ЦАГ ХэМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би тооны гүнзгийрүүлсэн сургалттай Сант сургуулийг төгссөн. Багш нар маань тоог бодохдоо юуны түрүүнд бодож болох зүйлсээс эхэлж дараа дараагийн асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй гэж заадаг байв. Тоо бодох нь асуудлыг шийдвэрлэх л гэсэн үг. Тийм болохоор би өглөө ирээд гялс амжуулчхаж болох жижиг ажлуудаас ажлаа эхэлдэг. Ингэх нь ихээхэн цагийг хэмнэдэг юм шиг санагддаг.

Удирдах ажилтны хувьд сүүлийн үед хүмүүст чаддаг зүйлсийг нь хариуцуулах, тохирох ажлыг өгдөг байх нь цаг их хэмнэдэг дадал юм байна гэдгийг сайн ойлгож байгаа. Урьд нь би өөрөө бүх л ажилдаа орох гэдэг, тэр хэрээр цаг ашиглалт ч үр дүнтэй биш, стресс ч их байдаг байлаа. Би багийнхандаа ажил даалгахдаа эхлээд сайн тайлбарлаж, хэрхэн хийхийг нь заадаг. Тэгэхээр дараа дараагийн удаа надгүйгээр өөрсдөө хийгээд, шийдээд явчихдаг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хослол байнга өмсдөг хүн халаасандаа овортой юм хийгээд байлгүй цомхон байх хэрэгтэй байдаг. Тиймээс дэвтэр дээр гэхээсээ гар утасныхаа Notes апп дээр тэмдэглэл сайн үйлддэг. Өдөр бүр хийх ажлуудаа жагсаахын сацуу орж ирсэн санаануудаа тэмдэглээд явдаг. Сануулах ёстой зарим зүйлсийг Reminder-т оруулдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Багадаа тоондоо сайн байсан болохоор тэр юм уу аливаа юмны логикийг олж, гаргалгаа, шийдэл гаргах тал дээр дажгүй юм байна гэж өөрийгөө үнэлдэг. Хэн хэндээ ашигтай шийдэл гаргах буюу хэлэлцээр хийхдээ сайн гэж товчхон хэлж болох юм. Мөн өөрт таалагдсан, итгэж үнэмшсэн зүйлсийг зарж борлуулахдаа боломжийн сайн шүү.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манай монголчууд "Хувцсаар нь угтаж ухаанаар нь үднэ" гэж ярьдаг. Хүн чинь нийгмийн амьтан, бусдад өөрийгөө илэрхийлэх, сэтгэгдэл төрүүлэх бол хүний гол хэрэгцээнүүдийн нэг. Энэ чиглэлд ажиллаж, хүмүүст өөрийгөө итгэл дүүрэн илэрхийлэхэд нь тусалж байгаадаа баяртай байдаг. Хувцас гэдэг хүний хэлэх үг, хийх үйлдэлд нөлөөлж, эрс өөрчилдөг. Тиймээс зөв хувцаслалтын соёлыг түгээж, түүгээрээ дамжуулан нийгэмд бага ч болов эерэг өөрчлөлт гаргахыг зорьдог доо. Анхандаа манай бизнесийг ойлгохгүй байх, сайн мэдэхгүй байх явдал нэлээн их байдаг байсан бол сүүлийн үед хүмүүс харьцангуй сайн ойлголттой болж, биед таарсан хослол, чанартай загварлаг хувцас өмсөхийг эрмэлздэг хүмүүс олширсон байна.

Нөгөөтээгүүр асуудал бэрхшээлтэй зүйлс мэдээж бий. Том зургаар нь аваад үзвэл, тансаг зэрэглэлийн хувцасны зах зээл бол эдийн засгийн өсөлттэй нарийн холбоотой байдаг. Ханшийн зөрүү манай бизнест тун муугаар нөлөөлдөг. Загваруудаа 6 сараар нь захиалдаг бид 6 сарын дараа бараа ирэхэд төлөвлөснөөсөө өөр үнээр зарахаас аргагүй байдалд орох үе байна. Ер нь инфляци, ханшийн зөрүү үнийн тогтвортой бодлого барихад саад болдог. Товчхондоо манайх шиг жижиг, эдийн засаг нь их савлагаатай улсад тансаг зэрэглэлийн зах зээл дээр ажиллана гэдэг амаргүй.

Ер нь манай салбарын онцлог гэлтгүй өөрийн болоод бусдын туршлагыг ажиглаж байхад, бизнес хийхэд хэзээ ч “тогтворжино" гэж байдаггүй юм шиг. Хэсэг сайн ажиллаад бүх юм сайхан болно доо, амсхийнэ дээ гэж боддог ч нэг зорилго бүтэхэд нөгөө зорилго урган гарч ирдэг юм билээ. Нөгөө талаас нэг асуудлыг шийдэхэд өөр нэг асуудал гарч ирдэг. Ер нь тухайн салбар хурдтай хөгжиж буй үед аливаа компани байнга л өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ёстой, байнга л шинийг санаачилж давуу талуудаа хадгалах ёстойг сайн ойлгож байгаа.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манай компани байгуулагдсан цагаасаа хойш олон улсын хувцас загварын чиг хандлагыг Монголдоо таниулах, нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж ирсэн. Загварын дэлхийн чиг хандлагыг аваад үзвэл, мультибрэнд бүтик чиглэл рүү эрчимтэй хөгжиж байна. Энэ нь нэг нэрийн дэлгүүрт хэд хэдэн брэнд зарагдах концепт юм л даа. Ерөнхийдөө монобрэндээр жуулчид, мультибрэндээр тухайн хотын иргэд илүүтэй үйлчлүүлдэг. Мультибрэндийг үүсгэгч нь, эзэн нь өөрийн үзэмжээр хэд хэдэн брэндээс сонголт хийн бараагаа татах нь түгээмэл. Манай компани ийм мультибрэндийн концептийг барьж ажиллах ойрын төлөвлөгөөтэй. Энэ чиглэлд томоохон алхам хийх санаатай судалгаа, бэлтгэл ажлаа шаргуу базаагаад явж байна.

Мөн компанийнхаа дотоод соёлд анхаарч, ажилтнуудаа идэвхжүүлэн, илүү мэргэжлийн болгох тал дээр бодсон санасан зүйлс их байна. 10 гаруй хүнтэй болоод ирэхээр яахын аргагүй хүний нөөцийн асуудалд их анхаардаг болдог юм байна.

Ирэх 7 хоногт Италийн Наполигоос манай мастер тайлор ирж үйлчлүүлэгчдээс биеийн хэмжээ авах юм. Үүнтэй холбоотойгоор Isaia-ийн баг бэлтгэлээ базаагаад тун завгүй ажиллаж байна. Премьер Тайлор дэлгүүрийн хувьд, энэ жил бид захиалгын хослолоо Италид Наполид хийлгэх шинэ үйлчилгээг гаргахаар бэлтгэж байна. Үйлчлүүлэгчдэдээ Солонгост хийлгэх үү, Италид хийлгэх үү гэх мэтээр хэд хэдэн сонголт өгдөг болох юм.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би өөрт хэрэгтэй мэдээллүүдээ ихэвчлэн Google-дээд л олоод авчихдаг. Хамгийн өндөр нотолгоотой мэдээлэл, судалгаан дээр суурилан ажилладаг эмч аав ээжтэй болохоор багаасаа л хэрэгцээтэй баталгаат мэдээллийг шүүн олж сурсан.

Номыг хэвлэмлээр уншихаас илүүтэй аудио номуудыг машиндаа сонсож байна. Яг одоо бол The Happiness Advantage гэх номыг сонсож байгаа. Ажилтнуудын аз жаргалтай байдал компанийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг хөндсөн ном болохоор их сонирхолтой санагдаж байгаа. Номын Unlock подкастыг сонсох дуртай. Шинэхэн аав болоод байгаа тул хүүхдийн номуудыг сонирхон үзэж байгаа. "Франц хүмүүжлийн нууц: 'bébé өсгөхүй' " номыг уншиж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжмийг нэг их зорьж сонсдоггүй юм байна. Оюутан байхад гайгүй сонсдог байсан, сүүлийн үед бүр багассан. Харин подкаст сонсох дуртай. "Hidden Brain", "Tiny Leaps, Big Changes" гэсэн хоёр подкастыг онцолъё. Hidden Brain нь хүний зан төлөвийг удирдаг хэв маяг, дадлууд болон бидний сонголт хийхэд нөлөөлдөг үзэл хандлагууд, хүчин зүйлсийн талаар өгүүлдэг подкаст. Tiny Leaps, Big Changes нь ерөнхийдөө амьдралдаа өөрчлөлт гаргах арга зам, хувь хүний хөгжлийн арга техникийн талаар өгүүлдэг подкаст байгаа юм.

ТА ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ?

Тун нээлттэй хүн. Аав ээж минь хүүхдийн эмч гэдэгтэй холбоотой байх. Багаасаа л бүх юмаа аав ээжтэйгээ ярьж зөвлөлдөж өссөн. Ийм нээлттэй байдал үйлчилгээний салбарт ажиллаж буй хүнд мэдээж эергээр нөлөөлнө. Ажил маань надаас нээлттэй, нөхөрсөг байдлыг шаарддаг. Гэхдээ би хүмүүстэй тулж ярихдаа, цөөн хүнтэй уулзахдаа илэн далангүй, яриа боловч олон хүний дунд бол тийм биш. Ер нь олон нийтийн арга хэмжээнд очих сонирхол багатай хүн.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар шөнө 12-01 цагийн хооронд унтаад өглөө 7-8 цагийн үед босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

2013 онд компаниа байгуулсан үеэс хойш саяхныг хүртэл ёстой зав чөлөөгүй ажилласан даа. Ажил маань давхар миний хобби байлаа. Одоо харин гэр бүл зохион хүүхэдтэй болсон тул гэр бүлдээ цаг зарцуулах ёстой. Амьдралын хэв маягт өөрчлөлт гарч, амралтын өдрүүдээр аль болох амрахыг боддог болсон.

Миний жинхэнэ хобби гэвэл аялал байх. "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэж би хэлэх дуртай. Аль болох олон газар үзэж нүд тайлбал хүний харах өнцөг үнэхээр өргөснө гэж боддог юм. Илүү олон монголчууд хэдэн зуун жилээр суурьшмал соёлтой байж ирсэн Европ, одоо маш хурдтай хөгжиж буй Азийн орнуудтай танилцвал нийгэмд байгаа энэ олон асуудал шийдвэрлэгдэхэд их нэмэртэй байна байх даа гэж боддог.

Аялж явахдаа миний анзаарсан нэг зүйл бол, гадныхан дандаа л эерэг сайхан юмнуудаа ярих хандлагатай байдаг юм байна. Харин бид дандаа болох бүтэхгүй зүйлсээ ярих юм. Эерэг, сайн сайхан зүйлсийг бид бага ярьж байна гэж боддог болохоор өөрийн хийж буй зүйлсээр бага ч болов үр нөлөө үзүүлэхийг хичээдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Мэдээж гэр бүл, хийж буй ажил маань намайг урагшлуулж, тасралтгүй үргэлжлүүлэх, байнга өсөж хөгжсөөр байх хүчийг надад өгдөг. Компани маань өргөжиж, хүсэж мөрөөдөж байсан зүйлс маань өдрөөс өдөрт бага багаар биелж байгаа нь маш сайхан байдаг. Нэг зорилгын төлөө нэгдсэн багийнхан, хамтран зүтгэгчдээсээ байнга урам авдаг.

Түүнчлэн эрч хүчтэйгээр гарч ирж буй, шинийг санаачлан ихийг бүтээж буй үеийн залуучуудаасаа урам зориг авдаг юм байна. Жишээ нь спортын холбоодыг харахад дандаа л шижигнэсэн залуучууд удирддаг болчихож. Бүгд тус бүрнээ томоохон компанийг удирддаг буюу өөрсдийн бизнестэй боловч хобби сонирхолдоо цаг заваа зориулан спортыг хөгжүүлэх үйлсэд зүтгэж байгаа нь үнэхээр магтууштай. Зарим залуучууд Монголдоо олон улсын стандартад дөхсөн буюу тэнцэх зүйлсийг хийж бүтээчих юм сан гэж зүтгэж байна. Олон улсын хэмжээний контент бүтээж байна, соён гэгээрүүлэх ажлуудыг хийж нийгэмд эерэг хандлагыг авчирч байна. Зүгээр л санаанд орж буй өөр нэг жишээ: Холимог тулааны нэг тамирчин залуу саяхан тэмцээндээ ялаад шагналын мөнгөө хандивын үйлсэд зориулсан байна лээ. Энэ мэт жишээнүүдээс, залуучуудын эерэг үйлдлүүдээс их урам зориг авдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Их сургуулийн багш маань "Асуудлын ард боломж байдаг. Том асуудал байвал түүний ард том боломж байгаа гэсэн үг" гэж хэлж байсныг байнга санаж явдаг. Бизнесээ эхлүүлж байхад нэг ах маань бизнес хийхтэй холбоотой хуулиудаа нэг уншчих хэрэгтэй гэж захисан нь эргээд бодоход тун чухал зөвлөгөө юм даа гэж бодогддог юм. Тоглоомын дүрмээ эртхэн ойлго оо гэсэн санаа байх. Ер нь бизнес бол дүрмийн дагуу тоглох тоглоом гэж боддог. Тоглоом гэж бодвол илүү ч хөгжилтэй.

ХУВЦАСЛАЛТЫН ТАЛ ДЭЭР МАНАЙ УНШИГЧДАД ОНЦОЛЖ ХЭЛЭХ ЗҮЙЛ БИЙ ЮУ?

Хувцас хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг гэдгийг харуулдаг судалгаанууд бий. Хүүхдүүд супер баатруудын хувцас өмсөхөөрөө яг л тийм баатар болчихсон мэт аягладаг, насанд хүрэгчдэд эмнэлгийн хувцас өмсүүлмэгц хийж буй ажилдаа маш нухацтай болоод ирдэг. Өөрөөр хэлбэл хувцас хүнийг шууд ямар нэгэн дүрд оруулж чаддаг. Барак Обама хүртэл Уолл Стрийтийн санхүүчидтэй уулзахдаа хамгийн сайн хослол, хамгийн сайхан зангиагаа зүүдэг гэдэг. Хувцсаар дамжуулан хүн бусадтай өөрийгөө адилтгаж, илүү ойртож, илүү ойлголцож чаддаг. Тэгэхээр үнэхээр ажил хэрэгч болъё гэвэл хослол өмсөх, эсвэл эрүүл хооллоё гэвэл биеийн тамирын хувцас өмсөх гэх мэтээр зорилгодоо хувцсыг ашиглаж болно. Хувцаслах зорилгоо мэдэж байвал яг хувцас сонгоод өмсөх нь бол тийм ч хэцүү зүйл биш.

Дэлхий дээр санхүү, үл хөдлөх, хуулийнхан салбарынхан хамгийн чанартай, хамгийн тансаг хослолыг өмсдөг. Яагаад гэхээр энэ салбарынхан хүний амьдралын хамгийн чухал шийдвэр гаргалтууд дээр өмнөөс нь ажиллах хүмүүс байдаг. Надад итгэж болно гэдгийг харуулахын тулд тэд хувцаслалтандаа маш их анхаардаг хэрэг л дээ.

Тэгэхээр бизнесийнхэн ч гэлтгүй улсаа төлөөлөн гадаадад айлчлал хийдэг төрийн албаныхан ч бас чанартай хослол өмсөх хэрэгтэй гэж боддог. Энэ ач холбогдлыг ойлгодог төрийн албан тушаалтнууд ч сүүлийн үед нэмэгдэж байгаа нь сайн мэдээ. Тэгэхээр та бүхэн бусдыг итгэлийг олъё гэвэл, хамгийн чухал нь өөртөө итгэлтэй болъё гэвэл сайхан хослол өмсдөг болоорой, чанартай хослолыг үнэлдэг болоорой гэж хэлэхийг хүсэж байна.

Түүнчлэн бид зүгээр л өмсөж буй хувцсаараа нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж болно гэдгийг санууштай. Нийгмийн хариуцлагатай, хаягдал бага гаргадаг хувцасны брэндийг сонгох бол нэг л жишээ. Хувцасны салбар нь хог хаягдал гаргадгаараа дэлхийд гуравт орох салбар гэгддэг. Сонголт таны гарт байгаа. Сонголтоосоо таашаал авч амьдрах нь чухал гэж боддог доо.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Би хааяа завшаан гарсан үед байнга л хэлдэг юм: Анхнаасаа л олон улсын стандартад нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахыг зориорой гэж. Ингэвэл анхнаасаа өөртөө өндөр шаардлага тавьж, тэр хэрээр өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоно. Өрсөлдөх чадвар сайн байна. Тухайн байгаа газар орныхоо стандартаар бизнес хийвэл нэг л өдөр гадаадын том компани, франчайз салбар орж ирэхэд бүх юм дуусах магадлалтай.

Хувь хүн тал дээр гэвэл, миний ярианд олон дурдагдаад буй эерэг хандлагыг дахин онцолмоор байна. Хандлага гэдэг л хамгийн чухал шүү дээ. Саяхан Д.Энхтүвшин шарк хэлсэн байна лээ, бизнес гэдэг бол харилцаа гэж. Анхнаасаа хүн эерэг зөв хандлагатай байж бусадтай зөв харилцаж эхэлбэл дараа дараагийн боломжуудыг алдалгүй барьж авах болов уу.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

GMobile-ийн ерөнхий захирал Г.Дашнямыг санал болгоё. Зөвхөн их сургуулиа биш дунд сургуулиа гадаадад төгссөн, томоохон үүрэн холбооны операторыг удирддаг, Монголын Туялзуур Сэлэмний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж яваа, Ulaanbaatar City FC хөлбөмбөгийн клубийн эзэн гээд ярих юм ихтэй, сонирхолтой өнцгүүдийг гаргах залуу гэж бодож байна.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

67110   5

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.